Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/917

 

 

 

2022         06          17                                 2022/ШЦТ/917

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Ц.Сайнхүү,

хохирогч М.Мандуул,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2206 01149 1386  дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1962 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймаг Буянт суманд төрсөн, 60 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, нөхрийн хамт Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо Цэргийн хотхон карьер гудамжны 451 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******

Холбогдсон хэргийн талаар:

******* нь 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны 8-451 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч М.Мандуулын нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь дээд үүдэн шүдний булгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Хохирогч М.Мандуулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн үед хүүхдүүдтэйгээ уулзах гээд очтол Долгорсүрэн архи уучихсан хажууд нь хүү Мөнхмандах архины шилээр тоглоод сууж байсан. Нөхцөл байдал надад сайхан санагдаагүй. Энэ үйл явдал өмнө нь болж байсан. Би хүүхдүүдээ авч явна гэж хэлтэл өгч явуулахгүй гээд маргаан үүссэн. Дараа нь цагдаад дуудлага өгөх гээд зогсож байтал хойноос гарч ирээд миний араас цохиж эхэлсэн. Би зүгээр байгаараа гэж хэлэх гээд эргээд хартал миний үүдэн шүд рүү цохисон мөн хацар луу хоёр удаа цохисон. Шүүх эмнэлэгт үзүүлсний дараа мэргэжлийн эмчид үзүүлэхэд үүдэн шүдээ авхуулах шаардлагатай, шинээр шүд хийлгэх хэрэгтэй гэсэн. Цаашид шүд хийлгэх эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Би гомдолгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс

Хохирогч М.Мандуулын “Би Л.Золзаяа гэх эмэгтэй 2013 онд танилцаж гэр бүл болж дундаасаа 2 хүүхэдтэй болоод амьдарч байгаад гэр бүлийн асуудлаас бид хоёр 2021 оноос эхлэн тус тусдаа амьдарч эхэлсэн. Л.Золзаяагаас салсан шалтгаан нь Л.Золзаяа нь өглөө гарч яваад ардаас нь гар утсаар залгаж бараг хэрүүл хийж байж гэртээ авчирдаг байсан мөн гэрт хадгалдаг байсан бэлэн мөнгийг аваад явчихна, миний цалингийн картыг авч гараад дэлгүүрт уншуулж бэлэн мөнгө авдаг, хүүхдүүдээ огт хардаггүй гэх мэт шалтгаануудаас болж бид хоёр тус тусдаа амьдардаг болсон. 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр цагийн ажил хийж байгаад мөнгөтэй болоод Сансарын ойролцоо байдаг гар утас зардаг лангуунаас Нокиа маркийн гар утас худалдаж аваад, мөн дэлгүүрээс бага зэргийн идэж, уух юм аваад хүүхдүүд рүүгээ буюу хадам аав, ээжийн гэр рүү яваад очсон чинь хашааны хаалга онгорхой байхаар нь шууд гэр рүү яваад орсон чинь хадам аав, ээж 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай сууж байсан, мөн хадам ээжийн дүү эмэгтэй нь надтай зөрөөд гарсан, манай том охин цаад талын том өрөөнд, бага хүү маань үүдний хэсэгт архины шил өшиглөөд тоглож байсан. Тэгээд над дээр хүүхдүүд маань ирээд би хүүхдүүдээ үнсчхээд хадам ээжид хандан та 2 хүүхэд харж байгаа нэртэй архи уугаад байж болохгүй гэсэн чинь хадам ээж Долгорсүрэн би хэнтэй хаана, юу хийхээ чамаар заалгахгүй гэж уурлаж эхэлсэн, тэгсэн чинь цаад талын өрөөнөөс хадам аав нэлээн согтсон байдалтай гарч ирээд чи миний бөгсийг ухдаг гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан ба бид гурвын дунд бага зэргийн хэрүүл, маргаан үүсэж эхлэхээр нь би хүүхдүүдээ аваад явчихъя, та 2 хүүхдүүдийг маань харж чадахгүй юм байна гэж хэлсэн чинь тэр 2 бүр дайрч, хэл амаар доромжилж, цагдаагийн байгууллагадаа өгөөрэй гэх мэтээр хэлээд байхаар нь та нар өөрсдөө мэдээрэй гэж хэлчхээд гараад хашааны үүдэнд зогсож байгаад 108 руу яг дуудлага өгч байсан чинь ардаас хадам ээж Долгорсүрэн гарч ирээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгч байгаа юм уу гэж хэлээд миний нуруу хэсэг рүү гараа атгаж байгаад цохиод байсан, тэгэхээр нь та зүгээр байгаарай гэж хэлээд эргээд харсан чинь хадам ээж Долгорсүрэн миний дээд талын уруул хэсэг рүү гараараа 1 нэг удаа цохисон, тэгээд би бага зэргийн зайгаа аваад холдоод явсан чинь ардаас ирээд дахиад миний зүүн талын хацар руу гараа атгаж байгаад 2 удаа цохисон, тэр үед хашааны үүдэнд дагавар хүү Хүслэн хараад зогсож байсан, тэгээд цаашаа эмээгээ аваад гэр рүүгээ орсон. Тэр үед аманд цус амтагдаад эхлэхээр нь би гайхаад үзсэн чинь үүдэн шүд буйлнаас бага зэргийн цус гарсан, мөн шүд маань хөдөлчихсөн байсан. Улмаар Цагдаагийн байгууллагад хандсан. Миний биед бол хадам ээж Долгорсүрэн халдаж зодож, цохисон. Харин гэрт хадам аав Лхагвасүрэн цохих гэж далайсан. Тэрнээс цохиж, зодсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

Гэрч О.Энхсувдын “2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ээж Оргилбулаг бид 2 золголт хийхээр Лхагвасүрэн ахынд ирсэн. Би урд талын байшинд Золзаяа эгчийн хүүхдийг харж байгаад орой 20 цагийн үед Лхагвасүрэн ах, Долгорсүрэн эгч, ээж Оргилбулаг нарын байсан байшин руу эхлээд ганцаараа орсон чинь Лхагвасүрэн ах, ээж 2 унтаж байсан, харин Долгорсүрэн эгч унтаагүй байсан, архи уугаад дуусчихсан байхаар нь би дүү нарыгаа урд талын байшингаас оруулж ирээд унтуулах гээд байж байсан чинь Мандуул ах ганцаараа орж ирээд 2 хүүхэдтэйгээ уулзсан. Тэгээд хүүхдүүдээ авч явна гээд Долгорсүрэн эгчтэй маргалдаж байгаад Мандуул ах гараад явчихсан, араас нь удалгүй Долгорсүрэн эгч, зээ дүү Хүслэн нар бие засахаар гарчихаад 5 минутын дараа орж ирээд хаалгаа цоожилсон, тэгээд гэрт байсан хүмүүс унтаад би ганцаараа сэрүүн байсан. Тэгсэн чинь хашааны хаалга хүчтэй балбаад, тэр үед Долгорсүрэн эгч сэрээд би хашааны хаалга онгойлгосон чинь Мандуул ах 2 цагдаагийн албан хаагчтай орж ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,

Гэрч Н.Балжиннямын “Би 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ажил дээрээ 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан ба 20 цаг 22 минутад иргэн Мандуулаас “Хадам ээж, аав 2 согтуу хүүхэд хараад байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн ... хадам ээж гарч ирээд намайг зодоод улмаар миний шүд хөдөлчихлөө гэж харуулж байсан ... Дуудлага, мэдээллийн дагуу тус тоотод очиход хадам аав, ээж нь гэх хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, яг юу гэж хэлээд байгаа нь ойлгогдохгүй, хэл амаар доромжилж, орилж байсан. Мөн дахиад нэг оюутан гэх охин байсан санагдаж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3681 дугаартай М.Мандуулын биед дээд үүдэн баруун 1-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна, Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Дээд үүдэн баруун 1-р шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

Шүүгдэгч *******гийн хувийн байдалтай холбоотой Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 45 дахь тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 43 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

            Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны 8-451 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч М.Мандуулын нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь дээд үүдэн шүдний булгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч М.Мандуул, гэрч О.Энхсувд, Н.Балжинням нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

            Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар М.Мандуул нь  *******гийн охины салсан нөхөр бөгөөд хүүхдүүдтэйгээ уулзахаар тэдний гэрт очсон, хадам эх, хадам эцэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, хамаатны охин О.Энхсувд болон 3 хүүхэд байсан, хувийн таарамжгүй харьцаа буюу хүүхдийн дэргэд архи уулаа, хүүхдүүдээ авч явна гэх асуудлаас болж маргалдсан, урьд ийм асуудлаар М.Мандуулаас цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан ба ******* нь М.Мандуулыг дахин цагдаа дуудах гэхэд биед нь хүч хэрэглэн халдаж нураа болон нүүрэн тус газарт нь хэд хэдэн удаа гараараа цохисон гэх үйл баримт тогтоогдлоо.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр атлаа хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учрахад зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч *******гийн хохирогч руу чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Хохирогч М.Мандуул нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй, тус мэдүүлэг нь давхар гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон, хохирогчийн мэдүүлэгт авагдсан *******гийн үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохиролтой шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул *******г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд ахуйн хүрээнд архидан согтуурч, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал, хувийн таарамжгүй харилцаа хандлага зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ. 

Хохирогч М.Мандуул нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй бөгөөд үүнтэй холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар *******гээс нэхэмжлэх эрхтэй тэмдэглэвэл зохино.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгч ******* нь торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

  Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

          Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

          Шүүхээс *******гийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа харилцаа хандлага, 60 настай өндөр насны тэтгэвэрт байдаг гэх хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хөнгөн хохирол учирсан, хор уршиг арилаагүй гэх шинж байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******гийн цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ер /90/ хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хохирогч М.Мандуул нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар *******гээс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Мандуулаас баримтаар нэхэмжилсэн хохиролгүй зэргийг тус тус дурдсугай.

  7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ХАТАНЦЭЦЭГ