Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/922

 

 

 

 

 

2022        06         17                                  2022/ШЦТ/922

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

 улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

 хохирогч Б.Сүнжидмаа,

 гэрч Б.Нямхүү,

 шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2206 00000 1473 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1970 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо Нью таун 43б байрны 709 тоот хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо Кинг таун хотхон 107 дугаар байрны 1 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *******

  Холбогдсон хэргийн талаар:

            ******* нь 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүрэг 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Холбоо толгой 44 дүгээр гудамжны 1018 тоотод байхдаа интернэт банк ашиглан хохирогч Б.Сүнжидмаагийн шилжүүлсэн алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхээс хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхэд танилцуулсан нотлох баримтуудыг шинжлэн судална.

шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Шүүгдэгч *******ы “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч  Б.Сүнжидмаагийн “Тухайн өдөр ээж над руу залгаад мөнгө зээлээч гэсэн. Би андуураад Чинчулууны данс руу 450.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь мөнгө андуурч шилжүүлснээ мэдээд энэ хүнд мэдэгдсэн боловч буцааж явуулаагүй. Миний хохирлыг барагдуулбал би гомдол, саналгүй” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Нямхүүгийн тухайн өдөр охин луугаа Санжидын данс руу 450.000 төгрөг шилжүүлээрэй гээд мессеж бичсэн. Тэгсэн охин андуураад Чинчулууны данс руу 450.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь Санжид залгаад мөнгө ороогүй байна гэж хэлэхээр нь шалгаж үзтэл Чинчулуун руу андуураад явуулан байсан. Мэдсэнийхээ дараа  эхнэрийнх нь 89110291 дугаар луу залгаж ярихад банк татаад авчихсан. Ирэх долоо хоногоос өгнө, өвчтэй байгаа болохоор мөнгөний боломжгүй байна маргааш өгнө гэх зэрэг юм яриад одоо болтол өгөөгүй” гэв.

Хавтаст хэргээс

Яллагдагч *******ы “Би 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Шархадны Да хүрээ авто машины зах дээр Тундра машины 2 ширхэг нумыг үл таних эмэгтэйд 1 ширхгийг 350.000 төгрөгөөр худалдахаар болоод байж байтал тухайн эмэгтэй надад бэлнээр 100.000 төгрөгийг өгөөд миний 5750627043 дугаарын данс руу 150.000 төгрөг шилжүүлээд үлдэгдэл мөнгийг нь хийнэ гэж ойлгоод байж байтал маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр миний данс руу 450.000 төгрөг шилжүүлэхээр нь би тухайн эмэгтэйг мөнгөө хийчихлээ гэж бодоод байж байтал удалгүй над руу залгаад андуураад мөнгө шилжүүлсэн байна мөнгөө авъя гэхээр нь би юун мөнгө вэ би зарсан нумынхаа мөнгийг л авсан гээд би утсаа тасалчихсан. Би тухайн үедээ нум авсан эмэгтэйг зарсан бараагаа буцаах гэж байгаа юм байна, одоо зарсан бараагаа буцаахгүй гэж бодоод холбоо бариагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

Хохирогч Б.Сүнжидмаагийн “Би 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр холбоо толгойн 44-1018 тоот гэртээ байж байсан. Ээж Нямхүү намайг Хаан банкны интернэт банкаар хүний данс руу 450.000 төгрөгийг шилжүүлээд өгөөч гэж хэлсэн. Надад хэлэхдээ сүүлд шилжүүлж байсан данс руу шилжүүлээрэй авто машины сэлбэгийн мөнгө гэж хэлсэн. Би утасны мессежинд ирсэн байсан Хаан банкны 57506627043 тоот данс руу 450.000 төгрөгийг 20 цаг 33 минутад шилжүүлсэн. Маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 22-ы өдөр буруу данс руу мөнгө хийснээ мэдээд шилжүүлсэн дансны эзэмшигч ******* гэх хүнтэй 89104729 дугаарын утсаар холбогдоход мөнгө орж ирснийг мэдсэн. Уг мөнгийг хэрэглэсэн 2-3 хоногоос буцаагаад өгье гэж хэлсэн. Харин түүний дараа дахиж залгахад би сайн мэдэхгүй энэ дугаар дээр Чинчулуун гэх хүн байхгүй гэдэг юм яриад байсан. Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Холбоо толгой 44-1018 тоот гэртээ байхдаа утасныхаа интернэт банк ашиглан шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

Гэрч Б.Нямхүүгийн “2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Да хүрээ зах дээр нум авах уу гээд явж байсан. Би авъя гэсэн. 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө 10 цагийн орчимд нумаа аваад ирсэн. Нумыг нь үзэхэд 2 боодолтой нум байсан. 1 дүгээр нум нь Тундра машиных, 2 дугаар нум нь өөр машины нум солиод боосон байсан. Тиймээс би 250.000 төгрөгөөр авъя гэсэн. Тэгээд би бэлэн 100.000 төгрөг өгөөд, охиныхоо данснаас 150.000 төгрөгийг Чинчулууны данс руу шилжүүлүүлсэн. Тухайн орой нь миний зүс таних 2 залуу МАЗ нум авчирч өгсөн тул охиныхоо 89409194 дугаар луу Санжидын данс руу 450.000 төгрөг шилжүүлээрэй гээд мессеж бичсэн. Тэгсэн охин Сүнжидмаа маань андуураад Чинчулууны данс руу 450.000 төгрөг шилжүүлсэн ... Энэ Чинчулууны дугаар биш гэж хэлсэн гэсэн. Харин би эхнэрийнх нь 89110291 дугаар луу залгаж ярихад банк татаад авчихсан. Ирэх долоо хоногоос өгнө гэх зэрэг юм яриад одоо болтол өгөөгүй байгаа тул манай охин Сүнжидмаа цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

Хохирогч Б.Сүнжидмаагийн эзэмшлийн Хаан банкны ... дансны хуулга /хавтаст хэргийн 14 дэх тал/,

Яллагдагч *******ы эзэмшлийн Хаан банкны ... дансны хуулга /хавтаст хэргийн 24 дэх тал/,

            *******ы хувийн байдалтай холбоотой Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 31 дэх тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 32 дахь тал/ зэрэг болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч *******ы зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хүлээн зөвшөөрсөн, байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

            Шүүгдэгч .Чинчулуун нь 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүрэг 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Холбоо толгой 44 дүгээр гудамжны 1018 тоотод байхдаа интернэт банк ашиглан хохирогч Б.Сүнжидмаагийн шилжүүлсэн алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Сүнжидмаа, гэрч Б.Нямхүү, яллагдагч, шүүгдэгч ******* нарын мэдүүлэг, Б.Сүнжидмаа, ******* нарын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар *******, Б.Нямхүү нар авто машины “нум” гэх эд ангийг худалдах, худалдан авах харилцаа үүсгэсэн, Б.Нямхүүгээс нумны төлбөрийг хийхдээ бэлнээр 100.000 төгрөг, дансаар 150.000 төгрөгийн охин Б.Сүнжидмаагийн дансаар дамжуулан шилжүүлсэн, Б.Нямхүү нь дахин өөр хүнээс нум худалдан авахаар тохирч 450.000 төгрөгийн төлбөрийг охин Б.Сүнжидмаагийн дансаар шилжүүлэхдээ андуурч *******ы данс руу шилжүүлсэн, андуурсан гүйлгээ хийгдсэнээс хойш 2 хоногийн дараа энэ талаар *******д хэлсэн, мэдэгдсэн, мэдсэн даруй буцаан өгөх боломжтой байсан ч уг мөнгийг өөртөө зарцуулсан, буцааж өгөөгүй гэх үйл баримт тогтоогдлоо.

Бусдын эд хөрөнгийг авах үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хүсэж үйлдсэн, уг үйлдлээрээ хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул *******ы үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

Бусдын өмчийг өөртөө олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байх завших гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангажээ.

******* нь алдаатай, андуурсан гүйлгээ хийгдсэнийг мэдсээр байж, шунахайн сэдэлтээр өөртөө захиран зарцуулсан үйлдлийн улмаас хохирогчид 450.000 төгрөгийн бодит хохирол учирсан бөгөөд уг үйлдэл, хохирол 2 хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдал, үйл баримттай тохирсон байх тул *******ыг “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь мөнгөн гүйлгээг цахимаар хийхдээ сайн нягтлаагүй, шалгаагүй байдал, нөгөө талаас андуурагдсан гүйлгээг лавтай сайн мэдсээр байж мэдэн будилсан харилцаа хандлага гаргасан байдал, шунахайн сэдэлт зэрэг нь нөлөөлжээ.

Энэ гэмт хэргийн улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дэх заалтад заасан бага хэмжээнээс буюу гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш 450.000 төгрөгийн хохирол тогтоогдож, уг хохирол төлөгдөөгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар *******аас 450.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Сүнжидмаад олгох нь зүйтэй.

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах зэрэг сонгох ялтай, хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

  Шүүгдэгч *******ы хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс *******ы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 52 настай, хөдөлмөрийн чадварын 80 хувийн алдалттай гэх хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас завших гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан, хор уршиг учраагүй гэх шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал зэргийг харгалзан 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Мөнх-Оч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар *******аас 450.000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Сүнжидмаад олгосугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ХАТАНЦЭЦЭГ