Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/103

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж,
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгч: У.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.М нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овгийн Угийн *******т холбогдох эрүүгийн 200000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
    
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эмэгтэй, 50 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Архангай аймгийн ******* сумын ******* багийн ******* баг Хужирт хорооллын 7-11 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, О овгийн Угийн ******* /РД:А0000000000/ 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч У.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******”  нэртэй хүнсний дэлгүүр дотор хохирогч С.*******ийн нүүрийг шалтгаангүйгээр маажиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
    
    Мөрдөн байцаалтын үед:

    Хохирогч С.*******ийн мэдүүлсэн: ...Би ******* сумын “*******” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагч хийдэг юм. 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 21 цагийн орчим ******* сумын хүнсний дэлгүүрүүдийн хамт олон “*******” хүнсний дэлгүүрийн хамтын хуримтлалын талаар ярилцаж байсан юм. Тэгээд би дэлгүүрийн эзнээ хүлээгээд ******* хүнсний дэлгүүрт лангууг нь тулаад бараа хараад зогсож байтал араас нэг хүн миний хоёр нүдийг дараад авахаар нь эргээд хартал ******* гэх эмэгтэй миний нүүрийг маажаад авсан. Би та яаж байгаа юм гэхэд “би Ганзоригт өс санаж явсан юм, тэрийгээ чамаас авчихлаа больж больж” гэж хэлсэн. Би яаж ийм нүүртэй гэртээ харих юм гэхэд юун сүртэй юм, би маргааш соривны тос аваад өгнө гэж хэлсэн, тэгээд би ч тухайн үед маргалдаж хэрэлдээгүй. Тухайн үед ******* гэх эмэгтэй надаас уучлалт гуйж байсан ч зүгээр байсан миний нүүрийг хумсаараа урж, гүн сорви үлдээсэнд би гайхаж гомдолтой байна. Баруун талын хацарт хумсаараа урсан сорви, хоёр нүдний гол хэсэгт гүнзгий сорви байна. Тухайн үед хоёр нүдний зовхи хүрэн өнгөтэй болчихсон байсан. ******* гараараа хоёр нүдийг дараад авахаар нь хэн бэ гээд эргээд харах үед хүчтэй дараад хумсаараа урсан, дараа нь хацар руу хумсаараа маажсан. Би гар хүрээгүй, тухайн үед гайхаад л үлдсэн. Хэрэлдэж маргалдаагүй, бид хоёрын дунд ямар нэгэн асуудал байхгүй байхад ямар шалтгаанаар миний нүүрийг урсан учрыг олуулмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 хуу/

    ...Маргааш нь надтай уулзаж уучлалт гуйхдаа би яагаад чамайг урснаа мэдэхгүй байна, миний хумс хугарсан байна, би яагаад ингэснээ мэдэхгүй байна гэж хэлж байсан. ******* эгч машиныхаа түлхүүрийг олохгүй байна гээд ******* нь эмэгтэй хүний цүнх уудлахгүй гээд намайг үзээд өг гэхээр нь би дэлгүүрийн коридорт очиж цүнхийг нь үзээд, түлхүүр байхгүй байна гэж хэлээд дэлгүүрт орж ирсэн. ******* намайг “*******” нэртэй хүнсний дэлгүүр дотор маажиж гэмтээсэн. Намайг маажиж байх үед дэлгүүр дотор ******* байсан, мөн энэ үед ******* лангууны арын өрөөнөөс орж ирсэн байсан. Тэгээд нэг харахад *******, ******* нар орж ирсэн байсан. Миний бие муу өвчтэй байгаа, Архангай аймагт ойрын хугацаанд очиж чадахгүй, ямар нэгэн гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 39-42 хуу/

    Гэрч О.*******гийн мэдүүлсэн: ...2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр бүлгийн даргын асуудал хэлэлцэхээр 18 цагт манай “*******” нэртэй хүнсний дэлгүүр дээр уулзахаар болоод цугларсаар байгаад 20 цаг өнгөрч байхад *******, *******, Э, М, Ө, *******, *******, Э, нар цугларсан. Би зарим хүний нэрийг санахгүй байж магадгүй. Тэгээд хуралдаад ийг бүлгийн даргаар сонгоод байхгүй байсан болохоор эхнэр т нэг шил 0.75 литрийн “Болор” нэртэй архи хадагтай өгч хүндэтгэл үзүүлсэн. Энэ архийг бүгдээрээ дэлгүүр дотор хуралдаж зогсож байгаад тойруулж уугаад дуусгасан. Ингээд хэсэг ярилцаж байгаад Мягмарсүрэн, , нар түрүүлээд гэртээ ажилтай гээд явсан. Тэгээд нэг удалгүй *******, *******, ******* нар явлаа гээд гарсан. Тэгснээ эргээд *******, ******* хоёр маргалдаад орж ирсэн бөгөөд дэлгүүр дотор орж ирээд ******* *******ийг тэврээд авсан. Тэгснээ ******* ******* миний нүүрийг урчихлаа гээд толинд нүүрээ хараад уйлаад байсан. Би та хоёр чинь юу болов, яагаад хэрүүл маргаан хийв гэхэд ******* ******* эгч түлхүүрээ олохгүй байхаар нь хамт хайгаад цүнх рүү нь гараа хийхэд уурлаад маргалдлаа, яахаараа миний цүнхийг уудалдаг юм гээд уурласан гэсэн. Тэгэхэд ******* би яагаад чиний нүүрийг урчихваа гээд гайхаад байсан. ...Миний бодлоор *******ийг ******* тэвэрч аваад нүүрийг дарах шиг болсон бөгөөд энэ үед л би нүүрийг нь маажиж урсан гэж бодож байна. Тэгээд толинд нүүрээ хараад уйлаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 хуу/

    Гэрч О.гийн мэдүүлсэн: ... Намайг байхад ямар нэгэн хэрүүл маргаан, зодоон болоогүй. Би энэ өдрөөс 2-3 хоногийн дараа *******ийн нүүрийг ******* маажсан гэнээ гэж сонссон. Намайг байхад бол ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 хуу/


    Гэрч Б.ийн мэдүүлсэн: ... Би гэртээ нөхрөө ачтайгаа үлдээсэн байсан болохоор гэр рүүгээ яараад түрүүлээд явсан. Дараа нь сонсоход *******ийн нүүрийг ******* маажиж гэмтээсэн гэсэн. Би энэ талаар сайн мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 хуу/

    Гэрч Х.ийн мэдүүлсэн: ...Би эхнэрийгээ *******ийг маажсан тухай сонсоод *******тэй уулзахад би зүгээр байсан, цүнхнээс түлхүүр авах гэхэд чи миний цүнхийг уудаллаа гээд хэрэлдсэн гэсэн утгатай юм хэлж байсан. Би үүнийг одоо сайн санахгүй байна. ******* бид хоёр 1998 онд гэр бүл болсон, одоогоор гэр бүл болоод 29 жил болж байна. Бид 2 хоёр хүүхэд төрүүлж, 1 хүүхэд үрчилж аваад, 3 хүүхдийнхээ хамт амьдардаг. Манай эхнэр залуудаа Дархан хотын гурил тэжээлийн үйлдвэрт ажиллаж байгаад Архангай аймгийн ******* суманд гэр бүлээрээ хувиараа хөдөлмөр эрхлэх болсон. Манай эхнэр архи, тамхи хэрэглэдэггүй, төлөв томоотой, бусадтай нийтэч, сайн харьцаатай, гэр бүл, үр хүүхдэдээ халамжтай сайн хань. Яагаад *******ийн нүүрийг маажсаныг мэдэхгүй байна. Хүний нүүрийг маажихаар хүн биш л гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 хуу/

    Гэрч Ч.*******ын мэдүүлсэн: ... Тэгээд сууж байтал эмэгтэй хүн орилох дуу гарахаар нь хартал *******ийг ******* ар талаас нь маажсан байсан бөгөөд *******ийн нүүрнээс цус ихээр гарч ******* хажуу талд нь байсан. Би тэр хоёрын дундуур орж болиулаад гэр, гэр рүү нь явуулж тараасан. Өөр зүйл болоогүй. Би *******, ******* хоёрыг яагаад маргалдах болсныг мэдэхгүй. Хүмүүстэй юм яриад байж байхад гэнэт л ******* орилоод эхэлсэн, би ******* рүү хартал ******* нүүрийг нь маажаад цус гаргасан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 хуу/

    Гэрч М.ын мэдүүлсэн: ...Архангай аймгийн ******* сумын төвд үйл ажиллагаагаа явуулдаг хүнсний дэлгүүрүүдийн эздүүд нийт 20 хүн ярилцаж байгаад 2011 оны 11 сараас хойш зохион байгуулалтад орж сар бүр 5000 төгрөг хурааж хуримтлал үүсгэхээр болсон юм. Тухайн үед би зохион байгуулж мөнгийг нь хурааж 2017 оны 01 сар хүртэл явсан бөгөөд 2017 оны 01 сард би дэлгүүрээ зарж хөдөө гараад, өөрийн ажлыг хүлээлгэж өгсөн юм. Тэр үед л ******* *******ийг маажиж нүүрнээс нь цус гаргасан байсан. Би маажиж байх үед нь гэр рүүгээ явчихсан байсан болохоор тухайн зүйлийг хараагүй, бусдын амнаас энэ тухай сонсож мэдсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 хуу/

У.*******ийн яллагдагчаар мэдүүлсэн: ...2017 он 01 сарын 11-ний өдөр ******* сумын төвд бизнес эрхэлдэг хүмүүс уулзаж ******* хүнсний дэлгүүр дотор ярилцаж байгаад нэг хундага архи уусан юм. Тэгээд би дэлгүүр дотор байсан *******ийг хумсаараа 2 удаа урчихсан байсан. Би өөрөө яагаад *******ийг урах болсноо мэдэхгүй юм, нэг мэдсэн л урчихсан байсан. Би *******ээс уучлалт гуйж гомдол саналгүй болгосон. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний хэргийг хурдан шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Би яагаад *******ийг урах болсноо мэдэхгүй байгаа юм, тэр хэсэгхэн хугацаанд ухаан балартсан юм шиг байна лээ. ...Нэг ухаан ортол би *******ийн маажсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 хуу/
  
    Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 58 дугаартай дүгнэлт:
    1. С.*******ийн биед баруун шанаа, хацар нуруу, зүүн шанаанд зулгарсан гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэсэг газрын шүргэх, нидрэгдэх, цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13 хуу/
    Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 79 хуу/
    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 85-86 хуу/
    Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 84 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч У.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

    Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч У.******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******”  нэртэй хүнсний дэлгүүр дотор С.*******ийн нүүрийг маажсан нөхцөл байдал тогтоогдлоо.

    Шүүгдэгч У.******* нь хохирогчийн нүүрийг маажсан үйлдэл болон гэм буруугийн хувьд маргаагүй бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч С.*******, гэрч О.*******, гэрч Х., гэрч Ч.*******, гэрч О. нарын мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 58 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байна гэж үзлээ.


    Шүүгдэгч У.******* нь хохирогч С.*******ийн нүүрийг маажсан үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.  


Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ. 


Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй хууль гэдэгт гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, эрүүгийн хариуцлагын төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил хамаарна гэж үзэв.


Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт / бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах/ заасан гэмт хэрэг  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасны дагуу хөнгөн ангиллын гэмт хэрэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт / хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/ заасан  гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хөнгөн ангиллын гэмт хэрэгт тус тус хамаарч байна.


Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэж заажээ.


Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хөнгөн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нэг жил байхаар заасан байна.
2002 он, 2015 оны Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны байдлаас дүгнэхэд шүүгдэгч У.*******т 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул энэ хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. 


Иймд Архангай аймгийн Прокурорын газраас У.*******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг /бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах/ болгон  өөрчлөх нь зүйтэй байна.


 У.*******ийг  2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр үйлдсэн гэмт хэрэгт нь холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр буюу гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сарын дараа түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх тул У.*******т холбогдох хэргийг Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан гэсэн үндэслэлээр  хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 
       
Шүүгдэгч У.******* нь  энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдав. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон      

                                       
                                                                 ТОГТООХ нь:


1. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.*******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч О овгийн Угийн *******ийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан гэсэн үндэслэлээр У.*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Шүүгдэгч У.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Э.ОДХҮҮ