Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/921

 

 

 

2022        06         17                                  2022/ШЦТ/921

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Д.Хорлоо /томилолт/,

хохирогч Г.Билгүүн,

иргэний хариуцагч Г.Алтанзаяа,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 2206 01118 1568 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1960 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мод боловсруулах технологийн инженер мэргэжилтэй, Үлэмж ХХК-нд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер ажилтай, ам бүл 2, эхнэрийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Саруул хотхон 120 дугаар байрны 124 тоотод оршин суух хаягтай, урьд Сүхбаатар районы ардын шүүхийн 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 96 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, *******

Холбогдсон хэргийн талаар:

          ******* нь “Үлэмж” ХХК-ий хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер албан тушаалд ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэгт “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэж заасныг зөрчиж, аюулгүй ажиллагааны сургалтад хамраагдаагүй, зааварчилгаа аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 8.1.7, 8.2.13, 8.3.2 хэсэг, “Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага MNS-5079:2001” стандартын 3.3 дахь хэсэгт заасан шаардлагуудыг хангуулах, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгааг өгөөгүйн улмаас 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн орчимд, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энканто-3” барилгын талбайд үйл ажиллагаа явуулж байсан “Үлэмж” ХХК-д туслах ажилтнаар ажиллаж байсан Г.Билгүүн нэг бүр нь 162 кг жинтэй 3 шилийг тэргэнцэр дээр түрээд зөөх явцад барилгын үл мэдэгдэх нүх рүү тэргэнцрийн нь зүүн урд талын дугуй нь шигдэн орж, уг тэргэнцэр дээр ачсан байсан 3 шил бие хэсэг дээр нь дарж унан, биед нь бүсэлхийн 3,4-р нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн далд хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******аттулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Билгүүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би Үлэмж ХХК-д 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ажилласан. Тус бүр 162 кг-тай 3 шилийг зориулалтын тэргэнцэр дээр түрээд явж байтал нүх рүү зүүн талын дугуй ороод би шилэнд дарагдсан. Надтай хамт байсан 3 хүн шилийг босгосон. Дараа нь түргэний эмнэлэг ирж үзэхэд миний мөр мултарсан байсан. Миний мөр мултарсныг эмчлээд гэмтлийн эмнэлэг рүү яв гэсэн. Менежер Тэмүүлэн, инженер Бат-Эрдэнэ 2 гэмтлийн эмнэлэг рүү дагуулж яваад үзүүлсэн. Эмнэлэгт очоод зураг авхуулахад хөндлөн 3-4 сэртэн хугаралтай байна. Хагалгаанд орох шаардлагагүй гэртээ эмчилгээ хийлгээд хэвтрийн дэглэм бариарай гэсэн. Тухайн үед эм, тариаг Үлэмж ХХК гаргаж өгсөн. Менежер Тэмүүлэн ахын дүү чиний ажилгүй байх хугацааны нөхөн олговрыг манай кампаниас өгнө гэж хэлсэн болохоор цагдаад мэдэгдээгүй гэтэл нөхөн олговор өгөхгүй болохоор цагдаад гомдол гаргасан. Одоо нөхөн төлбөрөө авсан. Гомдол, саналгүй” гэх мэдүүлэг,

Иргэний хариуцагч Г.Алтанзаяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Хохирогчтой харилцан тохиролцсоны үндсэн дээр 3.000.000 төгрөгийг хохирол, төлбөрт өгсөн. Мөн эмчилгээний зардалд 900.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Яллагдагч Г.Баттулгын “Манай байгууллагын зүгээс 990.000 төгрөгийн эмчилгээ үйлчилгээний тусламж үзүүлсэн. Би тухайн өдөр А тэргэнцэр дээр ачиж явахдаа аюулгүй ажиллагааг хангаж ингэнэ тэгнэ гэсэн зааварчилга бол өгөөгүй байна. Өдөр тутамд хяналт тавих үүрэгтэй хүн нь би байгаа юм. Өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76 дахь тал/,

            Хохирогч Г.Билгүүний “Би 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үлэмж ХХК-д барилгын туслах ажилтнаар ажилд орсон. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нэг бүр нь 162 кг жинтэй 3 шилийг тэргэнцэр дээр түрээд зөөж байсан ба зөөх явцад барилгын үл мэдэгдэх нүх рүү миний түрч байсан тэргэнцрийн зүүн урд талын дугуй нь шигдэж ороод тэргэнцэр дээр ачсан байсан 3 шил миний бие дээр ханарч унасан. Тухайн үед хамт ажиллаж байсан Төгөлдөр, ахлах Түвшинбаяр, инженер Бат-Эрдэнэ нар байсан. Тэр 3 хүн намайг даруулсны дараа шилийг нь өргөж байгаа би доороос нь мөлхөж гарч ирсэн. Би босох гэсэн чинь хөдлөх боломжгүй болчихсон, зүүн гарын мөр мултарсан, нуруу хатгаж өвдөөд байсан. Би Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Сэндүра” гэх нэртэй хувийн эмнэлэгт 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 19-ний өдрийг хүртэлх хугацаанд эмчилгээний зардал мөнгө төгрөгийг байгууллагаас гаргасан. Байгууллагын буруутай үйлдлийн улмаас биедээ гэмтэл авсан ба ажилд гарахад ямар нэгэн зааварчилга өгөөгүй, мөн барилгын талбайн инженер зааварчилга өгөөгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

 Гэрч Х.Түвшинбаярын “2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн орчимд, 4 дугуйтай тэргэнцэр дээр 3 ширхэг пасадны шилийг түрээд явж байсан. Тэгээд тэргэнцрийн зүүн урд талын дугуй нь цөмрөөд шаантны нүх рүү орсон. Тэгсэн Билгүүний тал руу ачиж явсан шил ханарч унасны улмаас Билгүүний биеийн хэсэг шилэнд дарагдсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-38 дахь тал/,

Гэрч Э.Тэмүлүний “Би хүнтэй уулзах гээд барилгын талбайгаас гараад явчихсан байсан. Гараад удалгүй 20 орчим минутын дараа Бат-Эрдэнэ над руу залгаж Билгүүн шилэнд даруулчихсан гэж гэж хэлсэн. Намайг очиход Билгүүн гэх залуу дээшээ харчихсан газар хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-42 дахь тал/,

Гэрч Б.Бат-Эрдэний “Тэргэнцрийг түрээд явж байх явцад барилга хоорондын заагд хөөс чихчихсэн дээгүүр нь цас дарчихсан байсныг бид нар харалгүй явж байгаад Билгүүний талын дугуй нь нүх рүү явж ороод шилнүүд нь Билгүүн рүү ханарч унасан. Манай компаний ХАБЭХА-н инженер *******  гэж хүн байдаг. Намайг ажиллаж байх хугацаанд аюулгүй байдлыг хангах талаар сургалт орж байсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-46 дахь тал/,

Гэрч М.Төгөлдөрийн “Тэргэнцэр дээр шил түрээд явж байсан чинь барилгын зааг руу тэрэгний зүүн урд талын дугуй ороод шилнүүд нь Билгүүний хэсэг рүү ханарч Билгүүнийг дарж унасан. Нүхийг нь хөөсөнцрөөр бөглөчихсөн, дээрээс нь цас ороод мэдэгдэх боломжгүй болчихсон байсан. Мөн нүх байгаа талаар ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ ерөөсөө байгаагүй. Билгүүнд бид хоёрт ямар нэгэн аюулгүй ажиллагааны зааварчилга өгч байгаагүй. Харин хувцсаар бол хангасан. Билгүүн бид хоёр ямар нэгэн аюулгүй ажиллагааны талаарх сургалтад сууж байгаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-50 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2868 дугаартай “Г.Билгүүний биед бүсэлхийн 3, 4-р нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн далд хугарал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломжгүй. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийг зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2022 оны 04 дүгээр 26-ны өдрийн ХАБ-07/22 дугаартай “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энканто-3” барилгын талбайд үйл ажиллагаа явуулж байсан “Үлэмж” ХХК-ийн хамаарал бүхий ажлын байр, орчинд осол гарсан байна. “Үлэмж” ХХК-ний захирал Г.Алтанзаяа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер албан тушаалд *******тай хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллуулж байгаа тул аюулгүй ажиллагааг хариуцсан албан тушаалтан мөн болно. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Г.Билгүүн болон нэр бүхий ажилчдад аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгааг “Үлэмж” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер ******* өгөөгүй, өгсөн хүний гарын үсэг зурагдаагүй байна.  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер ******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэгт “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэж заасныг зөрчиж, аюулгүй ажиллагааны сургалтад хамраагдаагүй, зааварчилгаа аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн I хэсэг. Ерөнхий шаардлага БНбД 12-03-04-ийн 8.1.7, 8.2.13, 8.3.2, “Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага MNS-5079:2001” стандартын 3.3 дахь хэсэгт заасан шаардлагуудыг хангуулах, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, мөн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2 дахь хэсэгт “Ажилтны үүрэг, Ажлын байрны тодорхойлолтын 3 дахь хэсэгт заасан ажлын байрны үндсэн чиг үүрэгт заасан ажилтнуудыг эрүүл аюулгүй орчинд ажиллах бүх нөхцөлийг хангах, хөдөлмөр хамгааллын дүрэм, заавар, журмын чанд сахина” гэж заасан үүргээ биелүүлээгүй байна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 60-64 дэх тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******, иргэний хариуцагч Г.Алтанзаяа нараас шинээр гаргаж өгсөн бэлэн мөнгөний зарлагын баримт, хохирогч Г.Билгүүний гаргаж өгсөн хохирол барагдуулсан тухай баримт, 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх шалгах хуудас /хавтаст хэргийн 79 дэх тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 81 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 80 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 83 дахь тал/, урьд ял шийтгүүлсэн тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 86-89 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

            Шүүгдэгч ******* нь Үлэмж ХХК-нд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер албан тушаалд ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэгт “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэж заасныг зөрчиж, аюулгүй ажиллагааны сургалтад хамраагдаагүй, зааварчилгаа аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 8.1.7, 8.2.13, 8.3.2, “Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага MNS-5079:2001” стандартын 3.3 дахь хэсэгт заасан шаардлагуудыг хангуулах, хяналт тавих үүргээ биелүүлээгүйн улмаас 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энканто-3” барилгын талбайд үйл ажиллагаа явуулж байсан “Үлэмж” ХХК-нд туслах ажилтнаар ажиллаж байсан Г.Билгүүн нэг бүр нь 162 кг жинтэй 3 шилийг тэргэнцэр дээр түрээд зөөх явцад ачаа болон тэргэнцэрт дарагдан эрүүл мэндэд  бүсэлхийн 3, 4 дүгээр нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Г.Билгүүн, гэрч Х.Түвшинбаяр, Э.Тэмүлүн, Б.Бат-Эрдэнэ, М.Төгөлдөр, яллагдагч ******* нарын мэдүүлэг,  Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн гэмтэл, хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Баттулгын зүгээс өөрийн эс үйлдэхүй, гэм буруу, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол зэргийг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага MNS-5079:2001 стандарт зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт”-д хамаарна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.

Холбогдох хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчигдсөн, ажил олгогч хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд үл биелүүлэх эс үйлдэхүй, хохирол 2 хоорондоо шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******аттулгын үүргээ үл биелүүлсэн эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирогч Г.Билгүүний биед хүндэвтэр хохирол учруулсан байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учирсан гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Хохирогч мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй ба уг мэдүүлгүүд давхар гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдсон, шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон тул Г.Баттулгыг “Хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд удирдлагын зүгээс үйл ажиллагаанд зайлшгүй дагаж мөрдвөл зохих хууль, дүрэм, журам, стандарт зэргийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаа эсэхийг шалгаж хянадаггүй, даамжирсан байдал нөлөөлжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

           Иргэний хариуцагч Үлэмж ХХК-иас хохирогч Г.Билгүүний эмчилгээний зардалд 990.000 төгрөг, шүүхийн шатанд 3.000.000 төгрөгийг төлсөн байх бөгөөд хохирогчоос цаашид хохирол нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн тул иргэний хариуцагч “Үлэмж” ХХК-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгч ******* нь торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******аттулгын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан ба уг гэмт хэрэг нь сонгох ялын төрөлтэй, хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

  Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэв.

Шүүхээс *******аттулгын хувьд 61 настай, эрхэлсэн тодорхой ажил, орлоготой, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тогтоогдсон, хор уршиг учраагүй гэх шинж чанар, учруулсан хохирол төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******аттулгын оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ер /90/ хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******д мэдэгдсүгэй.

   5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний хариуцагч Үлэмж ХХК нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

  6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.ХАТАНЦЭЦЭГ