Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2018/ШЦТ/09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин

Улсын яллагч Л.О

Хохирогчийн өмгөөлөгч Х.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б

Шүүгдэгч Д.Т, П.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б, Д.Т нарт холбогдох эрүүгийн 1725000000215 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: 1.Монгол Улсын иргэн,

Өөлд овгийн Пүрэвдоржийн

Шүүгдэгч П.Б, Д.Т нарыг бүлэглэн, 2017 оны 11 сарын 18-наас 19- нд шилжих шөнө 02 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Лофт баарны гадна Ц.Хийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал: 2017 оны 11 сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Лофт бааранд П.Б, Д.Т нар орж архи уусан ба тэнд мөн хохирогч Ц.Х найз нарын хамт архи ууж байсан. 02 цаг өнгөрч байхад П.Б, Д.Т нар гарахаар явах замдаа тэнд байсан Ц.Хийн найз залуустай маргалдахад нь Ц.Х ирж “гаръяа” гээд П.Б, Ц.Х, Д.Т нар гадаа гарсан ба үүд хэсэгт нь ярилцаж байгаад цааш очиж П.Б, Ц.Х нар харилцан зодолдож эхэлсэн.Зодолдох үед дэргэд нь Д.Т, Э.Эрдэнэбаяр нар дагаж явж байсан ба Д.Т салгахаар зууралдан Ц.Хийг салгаж татаж ирснээ цохиж улмаар газар унагаж өшиглөн зодоонд оролцож,хоёулаа 2 талаас нь цохиж, өшиглөн зодож Ц.Хийн биед баруун зүүн ухархайн дотор хананы хугарал, тархи доргилт, зовхинд шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун дээд зовхи, хүзүү, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйл баримтын талаархи нотлох баримтаар: -Лофт баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, камерын бичлэг /хх-ийн 13-16-р хуудас,CD / -Хохирогч Ц.Хийн. . . “2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-ны өдрийн шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад би өөрийн найз Наранбаатар, Дашхүү, Батхуяг нарын хамт “Лофт” баар руу орсон. Тухайн үед Б гэх залуу “Лофт” баарны текний хэсэгт манай найз нартай маргалдаж эхэлсэн харагдаж байсан. Тэгээд би очоод Б гэх залуутай дотор талд шуугаантай байсан учраас юу яриад байгаа нь сонсогдохгүй байхаар нь “гаръя” гээд баарнаас үүд рүү гарсан. Гадаа гарсаны дараа Б зодолдоё гээд бид хоёр зууралдаад машины зогсоол дээр зууралдсан чигээрээ очоод зодолдоод байсан. Тэр үед нэг өндөр залуу хажуу талаас орж ирээд миний барун талын шанаа руу нэг удаа цохисон. Тэр үед би нөгөө эхлэж зодолдсон залуутайгаа зууралдсан хэвээрээ байсан. Тэр үед би өөрөө дотроо нийлж намайг зодох нь гэж бодоод зугтах гэхэд нөгөө Б гэх залуутай зууралдсан байсан учир зугтаж чадаагүй. Тэр нөгөө өндөр залуу дахиж нүүр рүү цохисон. Дахиад нэг цохих үед нь би газар унасан. Тухайн үед яаж газар унасанаа мэдэхгүй байгаа.Тэгээд би өөрийгөө хамгаалаад доошоо хараад толгойгоо тэврээд дөрвөн хөллөөд унахад толгой руу өшиглөж байсан. 5-6 удаа өшиглөсөн. Өшиглөж зодохоо болиод явсан тэр үед нь би босож ирэхэд манай найз нар гараад ирсэн юу болсон талаар асууж байсан. Манай найз нарыг гараад ирэхэд гадаа нэг таксины жолооч эмэгтэй байж байгаад танай найзыг 2 хүн нийлж зодож байгаад яваад өглөө гэж хэлж байсан... Би 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Орбита эмнэлэгт хэвтэж хагалгаа хийлгэн эмчлүүлсэн. Эмчилгээтэй холбоотой хохирол 3,923,100 төгрөг болсон. Эмчилгээ 11 сарын 19-ний өдрөөс эхлэн үргэлжилж байгаа. Мөн эмчилгээний хугацаанд би өөрөө үйл ажиллагаа явуулдаг байрны түрээсийн мөнгө 3,250,000 төгрөг, үйлчлүүлэгчтэй харилцах утасны төлбөр 250,000 төгрөг, цахилгааны төлбөр 14347 төгрөг, угаалга ариутгал 470,850 төгрөг, сувилагчийн цалин 780,000 төгрөг, цэвэрлэгээ 100,000 төгрөг, өөрийн цалин 1,000,000 төгрөг нэхэмжилнэ. Энэ бүгдийг яагаад нэхэмжилж байна гэхээр зодуулсан үеэс эхлэн би үйл ажиллагааг явуулж чадаагүй, ажил хөдөлмөрөө алдсан учраас нэхэмжилж байна. Нийт 9,886,897 төгрөг нэхэмжилж байна. Би өөрөө Сонрасис ХХК-ны захирал Ш.Батцэцэгтэй хамтран ажиллах гэрээгээр хамтран Интернейшнл Медикал центер ХХК-ны байрыг түрээсийн гэрээгээр түрээслэн эмнэлгийн үйл ажиллагаа явуулж байгаа. Сарын түрээсийг хувааж төлдөг... гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-20-р хуудас/ -Гэрч Ш.Шижирбатын . . . “Би 2017 оны 11 дүгээр сарын 19-ний шөнө хүн буулгаад “Лофт” баарны гадаа очсон. Тэгээд гэрэл тусгаад баарны гадаа очиход машины гэрэлд 2 залуу зодолдож байгаа харагдсан. Тэгээд болих болов уу гээд хэсэг харсан, гэтэл нөгөө хоёр зодолдож байсан залуугийн хажуу талаас нэг залуу очоод өндөр махлаг залууг цохиод авсан. Тэр өндөр махлаг залууг газар унасны дараа нүүр рүү нь 2 удаа гэдэс рүү нь 1 удаа өшиглөж байсан. Газар унасан залуу сүүлд ирсэн залуутай дахин зууралдаж авсан. Гэтэл эхлэж зодоо хийсэн залуу дахин ирээд толгой руу нь цохиод байсан. Би тэд нарыг арай гэж салгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/ -Гэрч Н.Халиунаагийн .....”2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бааран дотор хүний хөдөлгөөн бага байхаар нь би ажлаа дуусгаад гарсан. Тэр үед цаг 02 цаг 10 минут болж байсан. тэгээд баарны гадаа гарахад манай ах Шижирбат цагаан өнгийн соната 7 машинтайгаа ирсэн байсан. Тэгээд би ахтайгаа ярилцаж байгаад ахынхаа машинд суухад ах маань эндээс нэг хүн авах ёстой гээд буусан. Ахыг хэсэг алга болчихоор нь машинаас буугаад харахад ах зодоон хийгээд байгаа хүмүүсийг салгаж байсан. Би баар руугаа эргэж ороод гадаа хүн зодолдоод байна гэж хэлээд хамгаалагч нарыг гаргасан. Тэгээд би ахын машин дотор ороод суухад ах орж ирээд хүнийг ингэж зодож болохгүй арай л аймаар зодсон байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/ -Гэрч А.Билэгтийн .....”би машиндаа сууж байгаад өндийгөөд эргээд харахад миний машины ард хүмүүс зодолдож байсан. Нилээд удаан зодоон хийсэн байдалтай байсан. Махлагдуу ганцаараа байсан залуугийн нүүр ам нь нилээд цус болсон зодуулсан байдалтай байсан. Тэгээд харж байхад цагаан саарал өнгийн тамирын өмдтэй нүцгэн залуу нь нөгөө махлаг зодуулсан ахыг хавсарч унагаагаад элэг рүү нь нэг удаа өшиглөөд өөрөө яваад өгсөн. Тэр үед өмнө нь зууралдаж байсан өндөр туранхай залуу нь унасан залуугийн нүүрэн дээр халз эгц дээрээс дэвссэн. Тэгээд манай цагаан соната -7 машинтай ах очиж салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/ -Гэрч Э.Эрдэнэбаярын.....Б хохирогч гээд байгаа залуу хоёр баарны гадаа авто машины зогсоолын талбай дээр зодолдож эхэлсэн. Тэгээд би салгах гэхээр салгаж чадахгүй байсан. Яагаад гэхээр би баруун гарынхаа сарвууны хэсгээр гараа гэмтээсэн байсан учраас салгаж дийлэхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/ -Хохирогч Ц.Хийн “Орбита” нүдний эмнэлэгт эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 88-101-р хуудас/ -Хохирогч Ц.Хийн өмгөөлөгч Х.Оюунбатын шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэл,хохиролын баримтууд /хх-ийн 102-138-р хуудас/ -Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 14518 дугаартай: 1. Ц.Хийн биед баруун зүүн ухархайн дотор хананы хугарал, тархи доргилт, зовхинд шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун дээд зовхи хүзүү, цээжинд зулгаралт бүхий гэмтэл тогтоогджээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/, -Шүүхийн шинжилгээний албаны нэмэлт шинжээчийн 39 дугаартай: Ц.Хийн биед баруун зүүн ухархайн дотор хананы хугарал, тархи доргилт, зовхинд шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун дээд зовхи хүзүү, цээжинд зулгаралт бүхий гэмтэл тогтоогджээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Орбита эмнэлэгт эмчлэгдээд гарах үед хохирогч Ц.Хийн баруун нүдний хараа 0,4 байсан бөгөөд шинжээчийн №14518 дүгнэлтийн үзлэг хэсэгт нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун нүдний хараа 0,4 байгаа нь тусгагдсан байна. Баруун нүдний дотор хана, зүүн нүдний ухархайн дотор болон доод хананы хугарал тархи доргилт зэрэг нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун дээд зовхи, хүзүү, цээжний зулгаралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно.” гэх дүгнэлт /хх-ийн 30-р хуудас/, -Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 49-72-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч П.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хэсэг залуучууд маргаж байсан. Гэтэл Х нь мөрөн дээр цохиод гарч яръяа гэсэн. Гараад эр хүн шиг зодолдъёо гэсэн. Намайг андуурсан шиг байгаа юм. Зодолдсон. Миний цус гарч хамаг хувцас урагдсан тул биеэ барьж дийлээгүй. Хажууд хэн байгааг харах сөхөө байгаагүй. Цамцыг минь толгой дээгүүр нөмөргөж татаад хувцас урсан. Толгой өвдөж хамраас цус гарсан байсан. Хэн хэн байсныг мэдэхгүй байгаа. Гэм буруугаа хүлээж байна. Уучлалт гуйя. Муухай хэрэг хийлээ гэжээ. Шүүгдэгч Д.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Бид 3 гарсан чинь Х нь зодолдъёо гээд зодоон эхэлсэн. Б ах нэлээд зодуулаад эхлэхээр нь би салгаад явах гэсэн чинь Х араас юм хэлээд байхаар нь 1 цохиж 1 өшиглөсөн. Тэгээд салсан. Шанаа хавьд нь цохиж өшиглөсөн. 2-уулаа бүлэглэж зодоогүй. Цагаан пүүзтэй нь би юм. Бид 3-ын хооронд л болсон. Гэмшиж байна гэжээ. Шүүгдэгч П.Б, Д.Т нар нь 2017 оны 11 сарын 19-ний шөнө 02 цаг өнгөрч байхад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лофт” баарны гадаа хохирогч Ц.Хийг бүлэглэн зодож биед нь баруун зүүн ухархайн дотор хананы хугарал, тархи доргилт, зовхинд шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун дээд зовхи хүзүү, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч П.Б, Д.Т нарын үйлдлийн улмаас Ц.Хийн биед гэмтэл учирчээ. Шүүгдэгч П.Б, Д.Т нарын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т “бүлэглэж зодоогүй” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч “Т нь энэ 2-ыг салсаны дараа хохирогчийг унагаж өшиглөсөн байдаг. Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинж байхгүй. Үйлдэл нь тусдаа” гэж тайлбарлаж мэтгэлцсэн нь үндэслэлгүй. Камерын бичлэг, гэрчүүдийн мэдүүлгээр шүүгдэгч нар нэг цаг хугацаанд, үйлдлээрээ санаатай нэгдэж хохирогчийг зодсон болох нь нотлогдож тогтоогдсон тул хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ. Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээсэн, хохиролын зарим хэсгийг төлсөн байдал, шүүгдэгч нарын хувийн байдал болон хэрэг гарсан нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулсан болно. Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Ц.Х нь 9,886,897 төгрөг нэхэмжилсэнээс үзлэг шинжилгээ, эмчилгээ болон эм тариа, замын зардалын 4,021,700 төгрөг хангагдах үндэслэлтэй байна. Үүнээс шүүгдэгч нарын төлсөн 3,500,000 төгрөгийг хасаж үлдэх 521,700 төгрөгийг шүүгдэгч нараас хуваан гаргуулахаар шийдвэрлэв. Харин, Ц.Х нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ноос хойш хэдий хүртэл өөрөө ажлаа хийгээгүй болох, эмнэлэг нь ажилласан эсэх сувилагч, ариутгал, цахилгаан/ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, түрээсийн зардал хэдийгээс хэдий хугацааг хамарч байгаа зэрэг нь тодорхойгүй тул нэхэмжлэлээс 5,865,197 төгрөгний хэсгийг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн энэ хэсгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсан болно. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий CD-г хэрэгт хавсаргав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Ө овгийн Пийн Б, Б овгийн Дийн Т нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч П.Б, Д.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг тус тус 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б, Д.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21,5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий СД-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б, Д.Т нараас тус бүр 260,850 төгрөг гаргуулан Ц.Хөд олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Хийн нэхэмжлэлээс 5,865,197 төгрөгний хэсгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ