Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ЦТ/939

 

2022        06         20                                   2022/ЦТ/939

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

Улсын яллагч Н.Ганчимэг /томилолт/,

Хохирогч Г.Хатанболд, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Мянган нарыг оролцуулан тус шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2006 03946 2077 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймаг Цагаанчулуут суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хороо Толгойт 102 дугаар гудамжны 8 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******

 

Холбогдсон хэргийн талаар:

******* нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Г.Хатанболдын эзэмшлийн 45-37 УБН улсын дугаартай 2015 онд үйлдвэрлэгдсэн Ланд 200 маркийн тээврийн хэрэгслийг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы 1 дүгээр хэсэг 823 тоот хашаанаас авч бусдад зарж борлуулан 99.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон яллах, цагаатгах талын хүсэлтээр шүүхэд танилцуулсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судална.

           Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Мөрдөн шалгах ажиллагааны үед бүх зүйлээ үнэн мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

            Хохирогч Г.Хатанболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөнхдорж дөнгөж сая таныг машин аваад ир гэсэн гэж хэлээд аваад явчихлаа гээд 2-3 минутын дараа надад хэлсэн. Энэ машиныг зарах гэж байгаа талаар надад огт хэлээгүй. Би араас нь сураг тавьж, хаана байгаа талаар нь асууж мессеж бичиж, залгаж байсан. Тэгээд арай зарчихгүй байх гэсэн бодолтой байсан. Зарсан гэдгийг зар дээрээс харж мэдсэн. Бид 2-ын дунд 70.000.000 төгрөгийн асуудал, өр төлбөр гэх зүйл байхгүй. Машинд хийсэн тоноглол, сэлбэгүүдийг баримтаар өгсөн. ББСБ дээр Ланд 200, Приус маркийн 2 авто машин барьцаалсан асуудал байхгүй. Тэр приус 20 хуучин ББСБ дээр барьцаатай байсан. Тэр ББСБ нь би Говь-Алтай аймгийн паспорттой байсан учраас Зоригтбаатарын приус загварын тээврийн хэрэгсэлтэй нэгтгээд нэг гэрээ болгоё гэж яриад миний хажууд гэрээгээ нэгтгэсэн. Ланд 200 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 45.000.000 төгрөг хүрэхгүй гэсэн асуудал байгаагүй. Зээлийн хугацаа хэтэрсэн асуудал байгаагүй. ******* Ланд 200 машиныг авч явдаг өдөр буюу 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зээл графиктаа орчихсон, графикийн дагуу зээлээ төлөөд явж байсан. Тухайн үед сарын төлөлтөө хийсэн байсан. Нийт 46.587.500 төгрөг нэхэмжилж байна. Би уг автомашинд 8.587.500 төгрөгийн засвар, тоноглол хийлгэсэн” гэх мэдүүлэг,

Улсын яллагч хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Г.Хатанболдын “Би 2020 оны 08 дугаар сард нутгийн ах Амгаланбаатараас 2015 онд үйлдвэрлэсэн Монгол улсад 2015 онд орж ирсэн Ланд 200 маркийн машиныг 98.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Намайг энэ машиныг авахад 42.570.400 төгрөгийн үлдэгдэлтэй банк бустай байсан. Энэ зээлийг нь би суллаад “БСБ финанс” ББСБ-д Зоригтбаатарын нэр дээр 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тавьж 45.000.000 төгрөг авсан. Тэгээд энэ машиныг би унаж зээлийн төлбөрийг нь төлөөд явж байсан, тэгтэл 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы 823 тоотод байх манай ажлын хашаан дотроос Зоригтбаатар унаж яваад одоо болтол алга болчихоод байна  ... Миний эргэн төлөлтийн хуваарь 4 биш 12 удаагийн төлөлт байсан. Эхний гурав нь хүүнд яваад би 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үндсэн төлбөр рүү орох байсан. 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 2.100.000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 1.696.931 төгрөг төлсөн, тэгэхдээ би үнэнийг хэлэхэд тухайн үед хэд хоног хэтрүүлсэн зүйл байсан тэгээд 2020 оны 09 дүгээр сарын 01-ний төлбөрийг хийж чадаагүй яагаад гэвэл Зоригтбаатар 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр миний машиныг аваад явсан мөн тэр үедээ банк бус санхүүгийн байгууллагад 45.000.000 төгрөг төлөөд миний машиныг чөлөөлсөн байсан. Зоригтбаатараас бэлэн 15.000.000 төгрөг, мөн машиныг БСБ финанс ББСБ-д 45.000.000 төгрөгөөр тавиад ингээд 60.000.000 төгрөг *******ын оролцоотой гарсан мөнгө, үүнийг 98.000.000 төгрөгөөс хасахаар нийт 38.000.000 төгрөг мөн машинд засвар үйлчилгээ болон, даатгал, татвар, торгууль, тоноглол мөн банк бусад төлсөн хоёр сарын хүү зэрэг нь нийлээд баримтаар 8.587.500 төгрөг болсон, нэмээд нийт 46.587.500 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 28-30, 31-33, 35-37, 39-40 дэх тал/,

Гэрч Э.Мөнхдоржийн “Намайг гэртээ байж байхад Зоригоо гэх залуу ороод ирсэн байсан. Тэгэхээр нь би гэрээс гараад очиход Зоригоо гэх залуу надаас Хатанболд хаачсан юм, хайгаад олохгүй байна, залгаад утсаа авахгүй байна гэж хэлэхээр нь би хөлөө хугалчихсан гэртээ байгаа, гэрт нь очоод уулз гэж хэлсэн. Тэгээд нэг харсан чинь Зоригоо гэх залуу Хатанболд ахын Ланд-200 маркийн автомашин дотор орж суугаад машиныг нь асаахаар нь би наад машинаа яах гэж байгаа юм гэж хэлсэн чинь авч явах гэж байгаа юм гэж хариулсан. Тэгэхээр нь би за байж байгаарай Хатанболд ах руу яриад асуугаад хэлье, тэгэхгүй бол машин өгөөд явуулчихлаа гээд уурлана гээд хэлтэл Зоригоо гэх залуу намайг чамд хамаагүй, бид хоёрын асуудал, би одоо шууд гэрт нь очоод уулзчихна гэж уурлаад машиныг унаад яваад өгсөн. Үүний дараа би Хатанболд ах руу залгаж Зоригоо гэх залуу машиныг чинь унаад явчихлаа гэж хэлсэн чинь юу яриад байгаа юм бэ, наадах чинь машин авч явах ёсгүй шүү дээ гэж хэлсэн. Надад үүнээс өөрөөр мэдэх зүйл байхгүй. Зоригоо гэх залуу Хатанболд ахтай манай хашаанд 2-3 удаа ирж байсан. Би тийм болохоор зүс таньж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

Гэрч О.Амгаланбаатарын “Г.Хатанболд нь надаас 45-37 УБН улсын дугаартай Тоёота Ланд-200 маркийн авто машиныг худалдаж авсан. Би тухайн машиныг банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан авсан байсан. Авто машиныг Г.Хатанболдод худалдан борлуулахад ******* гэдэг хүн оролцоогүй. Би ******* гэдэг хүнийг таньж мэдэхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 49-52 дахь тал/,

Гэрч П.Одбилэгийн “Би энэ машиныг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зараар хараад машиныг тухайн үед 2013 оны Монголд орж ирсэн Порд ренжер машиныг 30.000.000 саяд бодоод бэлэн 60.000.000 саяыг өгсөн. Тэгэхдээ энэ мөнгөнөөс 38.000.000 саяар нь 45.37 УБН дугаартай машиныг банк бусаас чөлөөлж нийт 90.000.000 сая төгрөгөөр бодож авсан, одоо надад машин зарсан хүнийг санахгүй байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дахь тал/,

“Дамно” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн БЗД3-21-21 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар зах зээлийн үнэлгээгээр нийт 99.000.000 төгрөгөөр үнэлэв” гэсэн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 104-105 дахь тал/,

Яллагдагч *******ын “Яллагдагчаар татсан тогтоолыг үндэслэлгүй гэж бодож байна. Би Хатанболдтой цуг 2020 оны 05 дугаар сард банк бусын нэр дээр байсан Тоёота Ланд 200 маркийн тээврийн хэрэгслийг 42 сая төгрөгөөр худалдан аваад, Хатанболд тухайн үед өөрөө ямар нэгэн машин авах боломжгүй байсан. Надад энэ Тоёота Ланд 200 маркийн машиныг аваад өгөөч, би дараа нь мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Тэгээд би уг тээврийн хэрэгслийг банк бус санхүүгийн байгууллагаас өөрийн нэр дээр шилжүүлэн аваад, өөрийн таньдаг БСБ финанс ББСБ-д Тоёота Ланд 200 маркийн машиныг өөрийн Хатанболд нь надад Тоёота приус 30 маркийн машинтай цуг 45 сая төгрөгийн барьцаанд тавьж мөнгө авсан. 2020 оны 05 дугаар сард уг машиныг худалдан авах гэж байхад 15 сая төгрөгийг чинь сарын 4 хувийн хүүтэйгээр төлж барагдуулна. 42 сая төгрөгийг болохоор 2020 оны 09 дүгээр сард барагдуулж өгнө гэж хэлээд надаас 60 сая төгрөг гаргуулж авсан. Тухайн хугацаанд Хатанболд нь мөнгөө өгөөгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 146-147 дахь тал/ зэрэг яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан баримтууд,

 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Мянган хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Г.Хатанболдоос 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гараар бичсэн өргөдлөөс “авто машиныг 98.000.000 төгрөгөөр авахаар тохирч наймаа хийсэн юм гэх бичвэр дэх үнийн дүнг 88.000.000 төгрөг” гэж харандаагаар зассан хэсэг /1 дүгээр хавтаст хэргийн 15-17 дахь тал/,

Г.Хатанболдоос 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гарсан компьютерт бичсэн өргөдлөөс “Амгаланбаатар ахтай ярилцаад 30.000.000 төгрөгийг шингээж түүний нэр дээр байсан 45-37 УБН улсын дугаартай Ланд 200 маркийн авто машиныг 88.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон” гэх хэсэг /1 дүгээр хавтаст хэргийн 18-21 дэх тал/,

Хохирогч Г.Хатанболдын “Би 2020 оны 08 дугаар сард нутгийн ах Амгаланбаатараас 2015 онд үйлдвэрлэсэн Монгол улсад 2015 онд орж ирсэн Ланд 200 маркийн машиныг 98.000.000 төгрөгөөр /харандаагаар 88 болгож зассан/ худалдаж авсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 28-30 дахь тал/,

Хохирогч Г.Хатанболдын “Ланд 200 маркийн машиныг Амгаланбаатараас худалдаж авахдаа урьдчилгаа 15 сая төгрөг өгсөн. Энэ мөнгийг Зоригтбаатараас түр зээлж авсан. Энэ машин нь Зоригтбаатарын нэр дээр ББСБ-д барьцаанд тавьсан миний машин байгаа юм, тэгтэл Зоригтбаатар миний машиныг дур мэдэн авч явсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 31-33 дахь тал/,

Хохирогч Г.Хатанболдын “Би өөрийн найз Амгаланбаатараас Ланд 200 маркийн машиныг 98 сая төгрөгөөр бодож авсан. Төлбөрийг төлөхдөө бэлэн 15 сая төгрөг өгсөн, харин 42.570.400 төгрөгийг болохоор тухайн үед зээл чөлөөлдөг хүнээс зээлж, чөлөөлсөн, үлдэгдэл 40 сая төгрөгийг Амгаланбаатар надад өмнө нь 20 сая төгрөгийн өртэй байсан болохоор суутгаад үлдэгдэл 20 саяыг дараа өгөхөөр тохиролцсон. Тухайн үед би 98 сая төгрөгөөр худалдан авч байгаа талаар Зоригтбаатарт хэлээгүй, машин авахад 55 сая төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн. БСБ финанс ББСБ-д Зоригтбаатарын приус 30 маркийн машин барьцаанд байсан түүнээс биш Ланд 200 маркийн машинтай хамт барьцаанд тавьсан зүйл байхгүй. Миний ойлгосноор Зоригтбаатар энэ машины гэрээг нэгтгэсэн байх, тэгээд Зоригтбаатар бид 2 банк бусаас 45 сая төгрөг аваад шууд өмнө зээл чөлөөлсөн хүнд өгсөн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 35-37 дахь тал/,

 Хохирогч Г.Хатанболдын “Би машиныг Амгаланбаатараас 98 саяар бодож аваад Зоригтбаатараас бэлэн 15 сая төгрөг, мөн машиныг БСБ финанс ББСБ-д 45 саяар тавьсан ингээд 60 сая төгрөг Зоригтбаатарын оролцоотой гарсан. Зоригтбаатар энэ мөнгөө машиныг зарж өөрөө олж авсан, харин үлдэгдэл зөрүү 38 сая, машинд засвар үйлчилгээ хийлсэн 8.587.500, нийт 46.587.500 төгрөгийг Зоригтбаатараас нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

*******ын гэрчээр өгсөн “Г.Хатанболд манай хойд эцгийн ахынх нь хүүхэд, би Хатанболдтой 2020 оны хавраас эхлээд хамтран ажиллана гэж тохирсон боловч ажил сайн бүтээгүй учир хамтран ажиллаагүй. 2020 оны 05 дугаар сарын дундуур Хатанболд таньдаг хүнээсээ 45-37 УБН улсын дугаартай хар саарал өнгийн Ланд-200 маркийн машиныг 55 сая төгрөгөөр авах гэсэн чинь мөнгө байхгүй байна, банк бус дээр тавиад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрөөсөө 15 сая төгрөгийн урьдчилгаа өгөөд уг машиныг авч өгөхөөр болсон. Ингэхдээ би Хатанболдод хандаж хамгийн гол нь эргэн төлөлтөө сайн хийгээрэй гэж хэлээд уг машиныг БСБ финанс ББСБ-ын нэр дээр тавих гэтэл уг машины үнэ 45 сая төгрөг хүрээгүй,  тэгэхээр нь би уг ББСБ-ын нэр дээр байсан өөрийн эзэмшлийн 95-48 УНӨ  дугаартай Приус 30 машинаа хамтад нь тавьж байгаад 45 сая төгрөгийг 1 жилийн хугацаатай авч өгсөн. Тэгээд зээл гарснаас хойш Хатанболд 4 удаа зээлийн эргэн төлөлт хийх ёстой байтал 2 удаад нь хийсэн, ингэж хийхдээ сар сараар хугацаа алдаж хийсэн. БСБ финанс ББСБ-аас над руу удаа дараа залгаж эргэн төлөлтөө хий гэж шаардаж байсан. Энэ тухай бүрт нь би Хатанболд руу залгаад хэлж байсан, мэдэгдэх хуудас 1 удаа ирснийг Хатанболдын хаяг руу чатаар явуулсан. Мөн банк бусаас 2 удаа уг автомашиныг ачих гээд очиход эхний удаа байхгүй байсан ба дараагийн удаа ачиж болохгүйгээр тавьсан байна гэж хэлсэн. БСБ финанс ББСБ-с хуулийн зөвлөх над руу залгаад та манай өмчид байгаа автомашиныг өөр хүнд унуулах эрх байхгүй, цаашид ийм байдал үүсэх юм бол таныг шүүхэд өгнө гэж хэлсэн. Тэгээд Хатанболд 2 удаа төлөлт хийсэн боловч хугацаанд нь хийгээгүй, бас уулзах гээд зөндөө явсан боловч хариу өгөөгүй алга болсон тэхээр нь би аргагүйн эрхэнд машиныг нь олж аваад явсан. Надад өөр сонголт байгаагүй. Ланд 200 маркийн машиныг би 2020 оны 09 дүгээр сарын сүүлээр Да хүрээ зах дээр байдаг машины ченжид 70.000.000 төгрөгөөр зарсан. Хатанболд намайг залгахаар утсаа авахгүй, бас мессеж чат бичээд хариу өгөхгүй болохоор би машиныг нь аваад явсан. Энэ машины урьдчилгаа 15.000.000 төгрөгийг би бас ББСБ-аас зээлж авч өгсөн тэрний хүүг Хатанболд төлөх талаар тохирсон боловч нэг ч удаа төлөөгүй, 2 удаа хүүг нь хугацаа хэтрүүлэн төлсөн, 45-37 УБН улсын дугаартай саарал өнгийн Ланд 200 маркийн машин бол миний машин, Хатанболд ямар ч мөнгө гаргаагүй учраас миний машин гэж ойлгож болно. Хатанболдын хүссэнээр би мөнгө төлж авч өгсөн машин байгаа” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41-43 дахь тал/,

Гэрч О.Амгаланбаатарын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өгсөн “Г.Хатанболд нь 45-37 УБН улсын дугаартай Тоёота Ланд 200 маркийн авто машиныг худалдан авсан. Би тухайн машиныг банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан авсан байсан. Тухайн авто машиныг 100.000.000 төгрөгөөр бодож худалдсан. Г.Хатанболд надад бэлэн 40 сая төгрөг өгсөн, банк бус санхүүгийн байгууллагад 40 сая төгрөгийн тооцоог төлж барагдуулахаар одоо надад 20 сая төгрөг өгөхөөр байгаа. Зоригтбаатар гэдэг хүнийг танихгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 49-52 дахь тал/,

“О.Амгаланбаатар миний бие 2020 оны 05 дугаар сард 45-37 УБН улсын дугаартай Ланд 200 маркийн авто машиныг Г.Хатанболдын 98.000.000 төгрөгт бодож өгсөн. Ингэхдээ миний нэр дээр Саран финанс ББСБ-д 42.5 саяд байсан зээлийг Хатанболд чөлөөлж 15.000.000 төгрөг бэлнээр авч ирж өгсөн. Би 30.000.000 төгрөг Хатанболдод өгөх байсан өрөө суутгаж үлдэгдэл 10.500.000 төгрөгийг дараа авахаар тохиролцож өгсөн. Одоогоор үлдэгдлээ мөнгөө аваагүй. Машинаа хүнд алдчихсан гээд өгөөгүй байгаа нь үнэн болно, 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр” гэсэн хохирогч Г.Хатанболдоос гаргаж өгсөн баримт /1 дүгээр хавтаст хэргийн 91 дэх тал/,

БСБ Финанс ББСБ ХХК болон ******* нарын хооронд 45 сая төгрөг зээлэх, зээлүүлэхээр тохиролцсон, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан, 1/0380 дугаартай Зээлийн гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 98-100 дахь тал/,

БСБ Финанс ББСБ ХХК болон ******* нарын хооронд 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Land Criuser 200 маркийн 45-37 УБН улсын дугаартай, Toyota prius маркийн 95-48 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн 45.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан тухай “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 101 дэх тал/,

Авто тээврийн үндэсний “45-37 УБН улсын дугаартай Тоyota Land Cruiser 200 маркийн тээврийн хэрэгсэл 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Саран финанс ББСБ-ын, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр *******ын, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл БСБ финанс ББСБ-ын, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс П.Одбилэгийн эзэмшилд тус тус шилжсэн” талаарх лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 121 дэх тал/,

Г.Хатанболд, ******* нарын хоорондоо бичсэн мессеж “Г.Хатанболд: 1-р эмнэлэг дээр 5.30-д нөгөө хүн үзнэ гэсэн шүү, гэрт хүрээд ир, утсаа авахгүй юм уу, би чамайг хайх уу, *******: Би таныг зөндөө хүлээсэн, миний байдал ямар байгааг та мэдэж байгаа биз дээ, Г.Хатанболд: 78 саяд өгөх гээд ярьчихсан байгаа шүү, би бас хариулт хэдэн төгрөг авмаар байна /2020 оны 08 дугаар сарын 31/ ... Г.Хатанболд: Машин зарахгүй шүү чи, *******: Авахгүй бол зарахаас өөр яахын, би сар болгон банкны хүү төлж чадахгүй /2020 оны 09 дүгээр сарын 10/ ... Г.Хатанболд: Би машинаа 85 саяар үнэлнэ, чамд машины 64 саяыг өгнө, 21 сая төгрөгийн зөрүү надад өг ..., *******: Та одоо миний машиныг надад зарах гээд байх юм. Энэ машины мөнгийг би 100 хувь төлсөн байхаа, Г.Хатанболд: Тэр нь тийм, тэгэхдээ 55 саяд ийм машин байх уу /2020 оны 09 дүгээр сарын 13/” /1 дүгээр хавтаст хэргийн 122-128 дахь тал/

*******ын нэр дээрх зээлийн дансны хуулга, БСБ финанс ББСБ-ын мэдэгдэх хуудас, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын хөрөнгө орлогын мэдүүлэг, *******ын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 197-234 дэх тал/,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ДШМ/420 дугаартай магадлал /2 дугаар хавтаст хэргийн 55-57 дахь тал/ зэрэг болно.

Хохирогч Г.Хатанболдын өмгөөлөгч Д.Батбаяраас шүүхийн хэлэлцүүлэгт тусгайлан шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэснийг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

   Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, тайлбар, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж яллах, хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгож *******ыг цагаатгах байр суурь тус тус илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

******* нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Г.Хатанболдын эзэмшлийн 45-37 УБН улсын дугаартай 2015 онд үйлдвэрлэгдсэн Ланд 200 маркийн тээврийн хэрэгслийг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы 1 дүгээр хэсэг 823 тоот хашаанаас авч бусдад зарж борлуулан 99.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Г.Хатанболд, гэрч Э.Мөнхдорж, О.Амгаланбаатар, П.Одбилэг, яллагдагч ******* нарын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтаар тогтоогдсон гэж улсын яллагч дүгнэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалж шүүхэд танилцуулсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Г.Хатанболд, гэрч О.Амгаланбаатар нар нэг нутгийн гэдгээрээ танилын харилцаатай бөгөөд О.Амгаланбаатар нь 2020 оны 05 дугаар сард өөрийн эзэмшлийн Саран финанс ББСБ-д 42.570.400 төгрөгийн зээлийн барьцаанд байгаа Toyota Land Cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийг Г.Хатанболдод худалдсан, ингэхдээ 15 сая төгрөгийг бэлнээр авч, дээрх үнийн дүнгээр зээлээс чөлөөлж, барьцаа эд хөрөнгийг авахыг зөвшөөрсөн,

- Хохирогч Г.Хатанболд, ******* нар төрөл садны болон ажил төрлийн холбоотой бөгөөд Г.Хатанболд нь *******аас Toyota Land Cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авахад мөнгө хэрэгтэй байгаагаа илэрхийлсэн,

- Г.Хатанболд нь 15 сая төгрөгийг *******аас зээлж О.Амгаланбаатарт өгсөн, О.Амгаланбаатарын Саран финанс ББСБ дахь зээлийг бусдаас мөнгө зээлэн төлж, барьцаа хөрөнгө тээврийн хэрэгслийг чөлөөлж авсан,

- Г.Хатанболд нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр уг тээврийн хэрэгслийн эзэмшлийг *******ын эзэмшилд шилжүүлэн, уг тээврийн хэрэгслийг БСБ финанс ББСБ-д барьцаалан *******ын нэр дээр 45 сая төгрөгийн зээл гаргуулан авч, өмнөх зээлээ төлж, Toyota Land Cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийг өөртөө биетээр авсан,

- Г.Хатанболд нь машины татварт 340.500 төгрөг, торгуульд 165.000 төгрөг, даатгалд 1.000.000 төгрөг, хөгжим авахад 450.000 төгрөг, 2 ширхэг дугуйны пүрш авахад 760.000 төгрөг, бүрээс хийлгэхэд 380.000 төгрөг, руль засахад 100.000 төгрөг, кузов засвар хийлгэхэд 650.000 төгрөг, нийт 3.845.500 төгрөгийг зардал гаргасан,

-   Зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 01-ний өдөр хийхээр тохирсон бөгөөд Г.Хатанболд нь зээлийн эргэнэ төлөлтөд 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 2.189.589 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1.696.931 төгрөг тус тус шилжүүлсэн,

- БСБ финанс ББСБ-аас *******т 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр зээл болон зээлийн хүүгийн төлбөрөө цаг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй талаарх мэдэгдэх хуудас ирсэн,

- Г.Хатанболд нь *******аас зээлсэн 15 сая төгрөгөө өгөөгүй төдийгүй, утсаа авахгүй, хариу өгөхгүй зэргээр зайлсхийсэн,  

- ******* нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Toyota Land Cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийг Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрхан 1 дүгээр хэсгийн  823 тоот хашаанаас Г.Хатанболдод хэлэхгүйгээр авч явсан,

-  Үүнээс хойш Г.Хатанболд, ******* нар мессежээр харилцсан, Г.Хатанболд машин авчирч өгөхийг шаардсан эсхүл машиныг зараад олох байсан ашгийг  өгөхийг шаардсан, ******* машиныг буцааж өгөөгүй,

- 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр БСБ финанс ББСБ дахь *******ын нэр дээрх зээл хаагдаж, 45-37 УБН улсын дугаартай Тоyota Land Cruiser 200 маркийн тээврийн хэрэгсэл иргэн П.Одбилэгийн эзэмшилд шилжсэн.

******* нь 45-37 УБН улсын дугаартай Тоyota Land Cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авахад хөрөнгө оруулсан, өөрийн нэр дээр зээлийн барьцаанд байгаа байдлыг далимдуулан Г.Хатанболдын эзэмшлийнх болохыг мэдсээр байж түүний зөвшөөрөлгүйгээр авч яван бусдад худалдан захиран зарцуулжээ.

           Улсын яллагчаас *******ыг хохирогч Г.Хатанболдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар залилан авч бусдад худалдсаны улмаас 99.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж хохирлын хэмжээг тогтоосон бол хохирогч Г.Хатанболдоос уг тээврийн хэрэгслийн татвар, даатгал, торгууль, засвар үйлчилгээ, тоноглол хийлгэсэн зардал, зээлийн эрэн төлөлт болон худалдан авахад зарцуулсан мөнгө зэрэг нийт 46.587.500 төгрөгөөр хохирсон болохоо илэрхийлсэн нь хэргийн бодит байдалтай тохироогүй.

           Хэрэгт авагдсан Г.Хатанболдын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, хохирогчоор өгсөн мэдүүлэг, *******тай бичсэн мессеж, гэрч О.Амгаланбаатарын мэдүүлэг, бичгээр гаргасан баримт, хөрөнгө орлогын мэдүүлэг зэрэг нотлох баримтаас үзэхэд Тоyota Land Cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийг О.Амгаланбаатараас Г.Хатанболдод худалдсан мөнгөн дүнгийн хэмжээ зөрүүтэй, О.Амгаланбаатар, Г.Хатанболд нарын хооронд урьдын өр авлага байсан эсэх нь тодорхойгүй зэргээр эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдлоо.

Нэг талаас ******* нь уг тээврийн хэрэгслийг худалдан авахад бодитойгоор зарцуулсан 60 сая төгрөгийг гаргасан, тээврийн хэрэгсэл эзэмших эрх түүний нэр дээр шилжсэн боловч уг тээврийн хэрэгслийг эзэмшээгүй атлаа тухайн тээврийн хэрэгслээс үүдэн гарах эд хөрөнгийн хариуцлагыг хүлээж, өөрийн эзэмшлийн Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг зээлийн барьцаанд давхар тавьсан учир үүргийн гүйцэтгэлд алдаж, хариуцагчаар татагдаж болзошгүй зэрэг эрсдэлтэй нөхцөл байдал орсон бол,       

Нөгөө талаас Г.Хатанболд нь тээврийн хэрэгслийн татвар, торгууль, даатгал зэргийг төлж, тоног төхөөрөмж, засвар үйлчилгээг хийлгэж, уг тээврийн хэрэгслийг барьцаалсан зээлийн төлөлтийг хариуцаж, унаж эдэлж бодитоор эзэмшиж байсан атлаа *******аас зээлсэн 15 сая төгрөгөө өгөөгүйн дээр түүний нэр дээр авсан зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлэх, уулзаж харьцахаас зайлсхийх зэргээр  итгэлийг алдсан байна. 

Энэ нөхцөлд байдалд хийсэн *******ын үйлдлээр Г.Хатанболдын эзэмшлийн тээврийн хэрэгсэл, түүнийг эзэмших эрхийг залилсан гэх гэмт хэргийн шинжийг хангахгүй гэж шүүх дүгнэв.

Иймд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцсэн боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд болон яллах талын цуглуулсан нотлох баримтын талаар эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмыг шүүх удирдлага болгон хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ. 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 03946 2077 дугаартай *******т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ыг цагаатгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт хохирогч тогтоогдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.

Г.Хатанболд нь 45-37 УБН улсын дугаартай Тоyota Land Cruiser 200 маркийн тээврийн хэрэгсэлд тодорхой хэмжээний мөнгө хөрөнгө зарцуулсан баримт хэрэгт авагдсан боловч үүнийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэхгүй, иймд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх боломжтой юм.

Цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, уг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.9, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, *******ыг цагаатгасугай. 

            2. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

3. Энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

            4. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                          

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ХАТАНЦЭЦЭГ