Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2024/0205

 

“А-Ү” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н

Нэхэмжлэлийн шаардлага: нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/624 дугаартай захирамж хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 965 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, өмгөөлөгч Ш.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 128/2023/0749/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “А-Ү” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/624 дугаартай захирамж хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 965 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А-Ү” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/624 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            “А-Ү” ХХК-д 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/152-123 дугаар Бетонон зуурмаг, эдлэлийн барилга барих Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдан. Уг даалгаврын дагуу болон газрын гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглах үүргээ биелүүлээгүй болох нь газрын үзлэг болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байхад анхан шатны шүүх “хариуцагч нь маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгч нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний 6.4-т заасан зориулалтын дагуу газраа эзэмшээгүй “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг азар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэсэн заалтыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 965 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч “А-Ү” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/624 дүгээр захирамж хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.2. Анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 338 дугаар захирамжаар “А-Ү” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт аж ахуйн зориулалтаар 30 000 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж, нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/222 дугаар захирамжаар нэхэмжлэгч компанийн 30 000 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар үйлдвэрлэл, аж ахуйн зориулалтаар газар эзэмших эрхийг баталгаажуулсан бөгөөд нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/102 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаагаар сунгасан байна.

2.3. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/624 дүгээр захирамжаар эзэмшил газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “А-Ү” ХХК-ийн үйлдвэрлэл, аж ахуйн зориулалттай 30 000 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

2.4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалттай бөгөөд газраа зориулалтын дагуу ашиглаагүй байх, ийнхүү ашиглаагүй хугацаа нь дараалсан 2 жил байх, ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй тохиолдолд уг зохицуулалт хэрэглэгдэх учиртай. Энэхүү маргааны үйл баримтын тухайд дээрх үндэслэл бүрдсэн гэж үзэхээргүй байна.

2.5. Учир нь Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газар нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.

Өөрөөр хэлбэл, уг газарт цэвэрлэх байгууламжийн лагийг их хэмжээгээр төвлөрүүлсний улмаас буюу нэхэмжлэгч компани нь өөрөөс үл хамаарах шалтгаанаар эзэмшлийн газраа үйлдвэрлэл, аж ахуйн зориулалтаар ашиглаж чадаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, анхан шатны шүүхийн маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зураг болон хэрэгт авагдсан Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 02/1752, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1/2670 дугаар албан бичгүүдээр тогтоогдож байхад хариуцагчаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших дуусгавар болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална”, 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцэхгүй байна.

Нөгөөтээгүүр нэхэмжлэгч хуулийн этгээдээс тухайн газарт тодорхой хөрөнгө оруулалт хийж, газар тэгшлэх, индүүдэх, нуруу дарж, бетонон суурьтай хашаа бариулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 965 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                            Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                            О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН