Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж, 

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

     Улсын яллагч С.Болорчулуун

     Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг

     Хохирогчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг

     Хохирогч Б.Мягмарсүрэн

     Шинжээч эмч П.Гаваасүрэн

     Шинжээч Ж.Явуухулан

     Шүүгдэгч Ц.Зоригтбаатар нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдсэнийг баталж ирүүлсэн Боржигон овогт Цэнд-Очирын Зоригтбаатарт холбогдох эрүүгийн 201610010182  дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой галт тэрэгний найруулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг, Орентал хотхоны 1-4 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт Цэнд-Очирын Зоригтбаатар /РД: МБ90112518/

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд авагдснаар/

Шүүгдэгч Ц.Зоригтбаатар нь 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 18 цагийн орчимд Замын-Үүд сумын 1-р багт байрлах хилийн шалган нэвтрүүлэх импортын зам дээр жолооч Ц.Зоригтбаатар нь өөрийн эзэмшлийн “TIANMA” маркийн 06-85 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас иргэн Б.Мягмарсүрэнг мөргөж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:                                          

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ц.Зоригтбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрийн 06-85 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй БНХАУ-ын Эрээн хотоос 4 иргэнийг суулгаж ачаа ачиж явах үед хятадын Эрээн хотод машины тоормос гишгэх үед доод хэсэгт нэг зүйл чахарч дуугараад байсан ба тэр үед Шинтун гэх хашааны ойролцоо зогсож машины доогуур тонгойж харахад ил мэдэгдэх зүйл ажиглагдаагүй тооромс гишгэх үед зүгээр барьж байсан дуу гараад байсан тэгээд Монгол улсын хилээр машинтайгаа орж ирсэн 4 зорчигчоо буулгаж штампыг нь дарахуулахаар гаалийн хяналт шалгатын байр руу оруулсан. Би өөрийн нарийн хуудас, хорио цээрийн бичгээ Мягаатай уулзаж аваад аль гэж хэлээд явуулсан тэгээд би өөрийн хил нэвтрэх штамба даруулчихаад машинаа асааж гаалийн талбайд орж зогсох санаатай ганцаараа машинаа барьж хөдөлсөн намайг хөдлөх үед Мягаагийн хадам аав машины урдуур явах үед тоормос гишгэхэд тооромс хэвийн ажиллаж байсан цаашаа хөдөлгөөнөө үргэлжүүлэх үед баруун гар талаас нэг машин орж ирэхээр нь тэр машины урдуур огцом хааз гишгэж машины урдуур орж араагаа салгаад тооромс гишигсэн боловч тооромс бариагүй ба ямар нэг дуут дохио өгч амжаагүй ба урд зогсож байсан жолооч Мягаа буюу Мягмарсүрэнг хойноос нь мөргөж түүнийг машинтай нь хавсарч мөргөн унагасан тэгээд би сандарч бууж түүнийг харж, тооромсоо нэг харчихаад дахин машинаа асааж хойшоо ухарч зогссон тэгээд түүнийг эмнэлэгт үзүүлж харуулсан юм гэв.

-Хохирогч Б.Мягмарсүрэнгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгт: 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 17 цаг 40 минутын орчим Монголын хил дээр машинтай ирж зогссон. Машинаасаа бууж штамба даруулаад хорио цээрийн мэргэжлийн хяналтын талбай дээр зогсож машинаасаа бууж ард талын багажаа онгойлгоод зогсож байтал хойноос 06-85 ДГО улсын дугаартай авто машин ирээд миний машинтай хавсарч намайг мөргөсөн. Тэгээд би явж чадахгүй, босч чадахгүй байтал эмнэлэг ирж намайг авч явсан, эмнэлэг дээр очоод зүүн өвдөгөнд 1 оёдол, баруун хөлөндөө 3 оёдол тавиулсан. Би яаралтай Улаанбаатар хот руу явж Мөнгөн гүүр эмнэлэг дээр зураг авахуулсан. Ослын улмаас баруун хөлөнд зүүн урд талын чагтан холбоос тасарсан. Дотор жийргэвч мөгөөрсний хойд эвэр өөрчлөлттэй, өвдөгний үеэнд цус хурсан гэсэн. Зүүн өвдөг их хэмжээний нэвчдэстэй, өвдөгний чагтан холбоос тасрал шаантны толгойн хугарал зэрэг гэмтэл учирсан гэсэн. Зоригтбаатар надад нийт эмчилгээ болон бусад зардалд 2.800.000 орчим мянган төгрөгийг төлж барагдуулсан. Баруун хөлийн чагтан холбоос тасарсан учир зүүн хөлөө эдгэхээр дахин хагалгаанд орох шаардлагатай гэсэн зүүн хөлөнд гаргасан зардал болох 2.400.000 орчим мянган төгрөг гарах байх энэ зардлаа мөн БНХАУ болон Замын-Үүд сумын хооронд хүн тээвэр хийдэг бөгөөд энэ нэг өдрийн орлого хүн амын орлогын албан татвараар тооцоход өдрийн 100.000 төгрөгийн орлогтой байсан. Үүнийг тооцож үзэхэд осол гаргасан өдрөөс хойш 3.900.000 төгрөг нэхэмжилж байна. Нийт түүнээс одоогийн байдлаар 6.947.500 төгрөгийг нэхэмжилнэ. Цаашид гарах зардлаа нэхэмжилнэ гэжээ. /хх-ийн 16-19/

-Хохирогч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Зоригтбаатарын буруутай үйлдлээс болж би 2 хөлний өвдгөндөө хагалгаа хийлгэсэн. Зоригтбаатараас эмчилгээний зардалд нийт 3.030.000 төгрөгийг цувуулж авсан. 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс хойш би машин барьж чадахгүй байгаа учир өнөөдрийн байдлаар нийт 81 хоногийн орлого 8.100.000 төгрөгийг нэхэмжилж байна. Өдөр болгон урагшаа гарч хүн тээвэр, ачаа тээвэр хийдэг байсан өдөрт 100.000 төгрөгийг олдог байсан. Иймд Зоригтбаатараас 8.100.000 төгрөгийг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлнэ гэв 

-Гэрч Д.Дагвадоржийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгт: 2016 оны 08 дугаар сарын 16-ны орой би 17 цагийн үед байх БНХАУ-ын Эрээн хотоос орж ирээд Монголын хил дээр сууж ирсэн машинаасаа буугаад хил нэвтрэх штамба даруулах санаатай буугаад замаар явах үед 06-85 ДГО улсын дугаартай Зоригоо гэх залуу миний хажуугаар дайрчих шахаад өнгөрсөн би өөрөө холдож байж хажуугаар өнгөрсөн хүн дайрахвий дээ гэж тухайн үед бодсон нэлээд ширүүн хурдтай 30-40 миллийн хурдтай өнгөрсөн ба цаашаа 100 орчим метр газар машин юм мөргөх түс гэх чимээ гарсан ба Зоригоо хүн дайрчихлаа гэж бодсон хүн орилох хашигарах чимээ гарсан тэгээд зорчигчийн штамба даруулах байранд орохоос өмнө машины зүг харахад Зоригоогийн машин манай хүргэн болох Мягмарсүрэнгийн машины хойноос мөргөчихсөн байсан намайг очиход манай хүргэн хоёр машины дунд газар уначихсан байсан ба би Зоригоод хандаж чи ямар мэдрэлгүй явдаг хүн бэ гэж хэлээд хүргэн дээрээ очиж үзэж харсан, гэтэл тэр орилоод байсан ба хөл өвдөж байна гээд орилж байсан. Тэнд байсан жолооч нараас Цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагад хандаж хүмүүс ирж үзлэг шалгалт хийж, эмнэлэгт хүргэгдсэн юм. Манай хүргэн Б.Мягмарсүрэн хорио цээрийн байцаагчид бараагаа үзүүлэх гээд өөрийн 34-71 ДГО улсын дугаартай машины багаажаа онгойлгож зогсож байх үед нь түүний хойноос Зоригтбаатар машинаараа мөргөж хоёр машины хооронд хөл хэсгээр хавчуулагдсан юм шиг байна лээ гэжээ. /хх-ийн 20/

-Гэрч Ө.Тогоохүүгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгт: 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр би Замын-Үүд дэх хилийн импортын суудлын тэрэгний хяналтын талбай дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан юм. Улмаар намайг ажилтай байхад 18 цагийн орчимд байх суудлын цаг дөхсөн байсан энэ үеэр жолооч нар хүмүүсийг суудалд суулгах гээд яарсан байдаг ба энэ үеэр ачаалал ихэссэн байсан юм. Миний ажил үүргийн хуваарь тээврийн хэрэгслийн ачаа бараа болон тээврийн хэрэгслийг үзэж шалгадаг юм. Намайг зогсож байхад Б.Мягмарсүрэн гэх жолооч ачаа бараагаа таниар шалгуулах болсон тань дээр томилогдсон байна гэж хэлээд машинаа тээврийн нэвтрэх талбайн 1 дүгээр зам дээр байрлуулсан байсан. Би ачаагаа задалж бай гэж хэлээд зогсож байх үед мөн нэг старикс машин таниар шалгуулахаар болсон та үзээд өгөөч гэж надтай ярилцаж байхад Мягмарсүрэнг хойноос нь 06-85 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирж түүнийг машинтай нь хавсарч мөргөж машинтай нь урагш бага зэрэг хөдөлгөсөн, нэлээд дуу чимээ гарсан юм. Тэгээд юу болсон талаар харахад мөргөсөн машинаас Зоригтбаатар гэх жолооч бууж ирсэн ба мөргүүлсэн Мягмарсүрэн баруун хөлөө өргөөд газар уначихсан байсан ба чи сигналдахгүй яасан юм гээд орилоод байсан. Тэнд байсан хүмүүс Цагдаа болон эмнэлгийн байгууллагад хандсан юм. Өөр надад мэдэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 21/             

-Шинжээч эмч П.Гаваасүрэнгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгт: 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 375 тоот нэмэлт дүгнэлтээр Б.Мягмарсүрэнгийн биед учирсан гэмтлийг тогтоохоор дүгнэлт гаргасан дүгнэлт гаргахдаа Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, соронзон үелзүүр томографийн 2016.08.18, 2016.09.13-ны өдрийн оношилгоо, БХХСАХНЭ-ийн гэмтлийн тасгийн эрхлэгчийн тодорхойлолт зэргийг үндэслэн Б.Мягмарсүрэнгийн зүүн өвдөгний чагтан холбоосны тасрал бүхий шаантны толгойн хугарал, баруун өвдөгний өмнөд чагтан холбоосны тасрал, зүүн өвдөгний мөгөөрсөн жийргэвчний дагуу чиглэлийн урагдалт, баруун хонгоны доор шарх, зүүн гуяны дотор талд шарх, 2 өвдөг орчим зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдсон. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар чөмөгт ясны ил хугарал /атгаал, дунд чөмөг, шилбэний шаант яс/- ын үед гэмтлийн хүнд зэрэгт хамааруулан үздэг. Эдгээр гэмтлүүдээс харахад өвдөгний үеийг үүсгэх ил хугарал учраагүй учир гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-ийг үндэслэн гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамааруулан үзсэн болно гэжээ. /хх-ийн 22/

- Шинжээчийн 2016 оны 09 дүгээр 01-ний өдрийн 10 дугаартай дүгнэлт: 1. 06-85 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Цэнд-Очир овогтой Зоригтбаатар нь МУ-ын ЗХД-ийн 2.1.Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: a/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.3.Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах. Тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Мөн 9.1.Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 2.Явган зорчигч Бат-Өлзий овогтой Мягмарсүрэн нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна. 3.06-85 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Цэнд-Очир овогтой Зоригтбаатар нь МУ-ын ЗХД-ийн 9.1 заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. /хх-ийн 24/

- Шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 262 дугаартай дүгнэлт: 1.Б.Мягмарсүрэнгийн биед зүүн шаант ясны хугарал, чагтан холбоосны тасрал, жийргэвчийн урагдал, баруун өгзөг, зүүн гуяны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 26/

-  Шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 375 дугаартай нэмэлт дүгнэлт: 1.Б.Мягмарсүрэнгийн биед зүүн өвдөгний чагтан холбоосны тасрал бүхий шаантны толгойн хугарал, баруун өвдөгний өмнөд чагтан холбоосны тасрал, зүүн өвдөгний мөгөөрсөн жийргэвчний дагуу чиглэлийн урагдал, баруун хонгоны дор шарх, зүүн гуяны дотор талд шарх, 2 өвдөг орчмын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2.Учирсан гэмтлүүд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна. /хх-ийн 28/

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 01/

- Гэмт хэрэгийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

-Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 6/

- Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9/

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 72-73/

-Шүүгдэгчийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас / хх-ийн 78/

            -Шүүгдэгчийн оршин суух хаягийн тодорхойлолт / хх-ийн 74/

            -Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 75/

            -Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 79-82/

            -Шүүгдэгчийн жолооны үнэмлэхний мэдээлэл /хх-ийн 103/

            -06-85 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 77/

            -Татварын орлогоын жагсаалт /хх-ийн 46-48/

            -Хохирогчийн Ниймгийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 49-50/

            -Хохирогчийн зээлийн гэрээ, дансны хуулга /хх-ийн 51-63/

            -Хохирлын баримтууд /хх-ийн 83-93/

            - Хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 105-106/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Шүүгдэгч Боржигон овогт Цэнд-Очирын Зоригтбаатар нь 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 18 цагийн орчимд Замын-Үүд сумын 1-р багт байрлах хилийн шалган нэвтрүүлэх импортын зам дээр өөрийн эзэмшлийн “TIANMA” маркийн 06-85 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох үедээ МУ-ын ЗХД-ийн 9.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Б.Мягмарсүрэнг мөргөж бие махбодид зүүн өвдөгний чагтан холбоосны тасрал бүхий шаантны толгойн хугарал, баруун өвдөгний өмнөд чагтан холбоосны тасрал, зүүн өвдөгний мөгөөрсөн жийргэвчний дагуу чиглэлийн урагдал, баруун хонгоны дор шарх, зүүн гуяны дотор талд шарх, 2 өвдөг орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Мягмарсүрэнгийн “...Машинаасаа бууж штамба даруулаад хорио цээрийн мэргэжлийн хяналтын талбай дээр зогсож машинаасаа бууж ард талын багажаа онгойлгоод зогсож байтал хойноос 06-85 ДГО улсын дугаартай автомашин ирээд миний машинтай хавсарч намайг мөргөсөн.” гэх мэдүүлэг, гэрч Д.Дагвадоржийн “...06-85 ДГО улсын дугаартай Зоригоо гэх залуу миний хажуугаар дайрчих шахаад өнгөрсөн би өөрөө холдож байж хажуугаар өнгөрсөн хүн дайрахвий дээ гэж тухайн үед бодсон нэлээд ширүүн хурдтай 30-40 миллийн хурдтай өнгөрсөн ба цаашаа 100 орчим метр газар машин юм мөргөх түс гэх чимээ гарсан ба Зоригоо хүн дайрчихлаа гэж бодсон хүн орилох хашигарах чимээ гарсан тэгээд зорчигчийн штамба даруулах байранд орохоос өмнө машины зүг харахад Зоригоогийн машин манай хүргэн болох Мягмарсүрэнгийн машины хойноос мөргөчихсөн байсан” гэх мэдүүлэг, гэрч Ө.Тогоохүүгийн “...Мягмарсүрэнг хойноос нь 06-85 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирж түүнийг машинтай нь хавсарч мөргөж машинтай нь урагш бага зэрэг хөдөлгөсөн нэлээд дуу чимээ гарсан юм. Тэгээд юу болсон талаар харахад мөргөсөн машинаас Зоригтбаатар гэх жолооч бууж ирсэн ба мөргүүлсэн Мягмарсүрэн баруун хөлөө өргөөд газар уначихсан байсан ба чи сигналдахгүй яасан юм гээд орилоод байсан.” гэх мэдүүлэг, шинжээчийн 10 тоот “...явган зорчигч Бат-Өлзий овогтой Мягмарсүрэн нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна. 3.06-85 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Цэнд-Очир овогтой Зоригтбаатар нь МУ-ын ЗХД-ийн 9.1 заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 24/ болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн 262, 375 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байна. 

Шүүгдэгчийн энэ үйлдэлд улсын яллагч Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллагдана гэж үзсэн нь хэргийн нөхцөл байдалд тохирч байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т зааснаар ялгүйд болох хугацаа өнгөрсөн тул түүнийг анх удаа хүндэвтэр хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Зоригтбаатар нь эмчилгээний зардалд нийт 3.030.000 төгрөгийг төлсөн нь хохирогчийн тайлбар болон хх-ийн 83-101, 159-165, 175-р хуудсан дахь баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эмчилгээний зардлыг хавтаст хэргийн хүрээнд төлсөн зэргийг харгалзан болно.

Хохирогч болон түүний өмгөөлөгч нар нь өдөр болгон Замын-Үүд Эрээний хооронд хүн болон ачаа тээвэр эрхэлдэг байсан, өдрийн орлого багадаа 100.000 төгрөг олдог байсан тул 2016 оны 08 дугаар сарын 16-наас 2016 оны 11 дүгээр сарын 07-ныг хүртэл нийт 81 хоног ажил хийгээгүй гэж 8.100.000 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хх-ийн 121-126-р хуудсан дахь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар Дорноговь аймаг дахь газрын 13/496 дугаартай албан тоот, тоотын хавсралтаар хохирогч Б.Мягмарсүрэн нь 2016 оны 04 сараас 08 сарын 17-ныг хүртэл Замын-Үүд автозамын боомтоор улсын хил нэвтэрсэн нь тогтоогдож байна. Харин улсын хил нэвтрэх болгондоо буюу өдөр болгон 100.000 төгрөгийн орлого олдог байсан нь дээрхи нотлох баримт болон хх-ийн 49-71 дэх хуудсан дахь баримтуудаар тогтоогдож чадахгүй байна. Хх-ийн 46-47-р хуудсан дахь Татварын орлогын жагсаалтаас хохирогч Б.Мягмарсүрэн нь улсын хилээр нэвтрэх болгондоо орлогын татвар төлдөггүй өөрөөр хэлбэл сард дунджаар 10 хоногт нь 2015 онд орлогыг нь тодорхойлох боломжгүй иргэдийн орлого, 2016 онд аж ахуй эрхэлсэний орлого нэрийн дор 10.000 төгрөгийг тушаадаг байсан нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ц.Зоригтбаатараас 2016 оны 08 сарын 16-наас хойш 2016 оны 11 сарын 07-ны байдлаар нийт 3.600.000 төгрөгийг /36 хоног х 100.000 төгрөг/ гаргуулж хохирогчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.        

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бөгөөд энэ хэрэгт эд мөрийн баримт болон  иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Цэнд-Очирын Зоригтбаатарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Цэнд-Очирын Зоригтбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Зоригтбаатар нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дүгээр зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Ц.Зоригтбаатараас 3.600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мягмарсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

6. Хохирогч Б.Мягмарсүрэн нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Зоригтбаатарын урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Э.БОЛОРМАА