Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2018/ШЦТ/15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгч М.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мод холбогдох эрүүгийн 1725004640261 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:Монгол улсын иргэн

 Шүүгдэгч М.Мыг 2017 оны 12 дугаар сарын 10-ны шөнө Орхон аймгийн БаянӨндөр сумын Их-Залуу багийн нутагт Г.Г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: М.М нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багийн нутагт байрлах Баянзүрх хүнсний дэлгүүрийн арын гудамжинд машинтай явж байгаад зам дээр бусадтай маргалдан зогсож байсан Г.Г “тойроод гарахгүй юу” гэж хэлснээс шалтгаалан “зам тавьж өгсөнгүй” гэж зодож биед нь дээд уруулд язарсан шарх, дээд эрүүнд зулгаралт, цээж, олон уулзах хэсэгт 2 тооны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргийн нотлох баримтаар: Хохирогч Г.Гантулгын ....”2017 оны 12 дугаар сарын 10-ны шөнө 00 цагийн үед найз Санжааг гэр рүү нь дөхүүлж өгөх гээд Энхболдын хамт явж байсан юм. Үүнээс өмнө 21 цагийн үед Санжаагийн гурван найзтай Хүлэг бааранд 0,75 литрийн архи уусан байсан. Тэгээд ИхЗалуу багийн нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх хүнсний дэлгүүрийн арын гудамжаар ороод явж байсан чинь араас Соната-6 маркийн машин ирээд замаас зайлаач пизда минь гэсэн. Тэгээд миний хажууд явсан Энхболд зугтаагаад яваад өгсөн. Би эргээд харсан чинь намайг цохиод унагаачихсан. Тэгээд би хэд хэд цохиулаад босож ирээд та нар зүгээр явж байгаа хүнийг яагаад цохиж байгаа юм бэ цагдаа дуудна гэсэн чинь 10-94 ОРО гэсэн дугаар өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 5-8-р хуудас/ Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 44 дугаартай: Г.Гантулгын биед дээд урууланд язарсан шарх, дээд эрүүнд зулгаралт, цээж олон уулзах хэсэгт зөөлөн эдэд 2 тооны цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Зөөлөн эдийн цус хуралтууд нь нийлээд гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /ххийн 10-р хуудас/ Гэрч Б.Санжсүрэнгийн .....”Тухайн үед Энхболдын гэрт очих гээд явж байсан юм. Тэгээд Баянзүрх хүнсний дэлгүүрийн ар талын гудамжаар ороод Энхболдын гэрт орчихоод буцаж гараад явж байтал Энхболд Гантулга хоёр хоорондоо маргалдаад явсан. Тэгээд явж байснаа Энхболд Г нүүр рүү нь цохиод хамраас нь цус гаргачихсан. Тэгээд би дундуур нь ороод салгаж байсан чинь гудамжаар машин гэрлээ тусгаад орж ирсэн. Тэгээд замаас холдооч гэх шиг болсон хариуд нь Гантулга тойроод гарахгүй юу гэсэн чинь машинаас 2 залуу бууж ирээд Гантулгын хаашаа нь цохисныг сайн хараагүй. Ямар хүн цохисныг нь бас харж чадаагүй би газарт уначихсан байсан учраас намайг дахиж цохиогүй.” гэх мэдүүлэг /15-р хуудас/ Гэрч Н.Энхболдын....”Гантулгатай маргалдаад зогсож байхад баруун талаас машинтай залуучууд ирээд замаас холд пизда нар минь гээд байсан. Тэгээд өөдөөс нь Гантулга тойроод гарахгүй юу гэж байсан. Бие биентэйгээ буруу харьцаж маргаан үүссэн. Тэр хооронд би өөрөө архи пиво уусан байсан учир маргаанд оролцоод хэрэггүй байх гэж бодоод цаашаагаа зугтаад миний ард юу болсныг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/ Гэрч О.Батжаргалын...”Их залуу багийн нутагт байрлах нэг дэлгүүрийн арын гудамжаар ороод зүүн тийш явж байхад гудамжинд 3 залуу хоорондоо маргалдаад зогсоод байсан. Ойртож очоод М сигнал дарсан. Тэгсэн нэг нь тойроод гарахгүй юу пизда минь гэсэн. М машинаас гараад тэр залууг нь мөргөж унагаасан юм. Тэгээд босоод ирэхэд нь өшиглөж байгаа харагдсан. Яг хаашаа нь өшиглөж байгааг хараагүй. Бие рүү нь өшиглөж байсан. Би очиж салгахдаа нэгийг нь цааш нь түлхэж холдуусан юм. Тэр залуу газарт уначих шиг болсон. Тэгээд салцгаасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хуудас/ -Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 21-28-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна. Шүүгдэгч М.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээж байгаа, маргаангүй. Зайлаач гэхээр нь буугаад цохисон гэжээ. Хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй болно. Шүүгдэгч М.М 2017 оны 12 дугаар сарын 10-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багийн нутагт байрлах Баянзүрх хүнсний дэлгүүрийн арын гудамжинд Г.Г “зам тавьж өгсөнгүй” гэсэн шалтгаанаар зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч М.Мын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээсэн тул яллагчийн саналыг харгалзан торгох ял оногдуулсан болно. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч М овгийн Мын Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ