Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/931

 

2022         06         20                                 2022/ШЦТ/931

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч Н.Ганчимэг,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2206 00000 1484 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Тайгер стийл ХХК-д менежер ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо Зүүн Алтан-Өлгий 4 дүгээр гудамжны 70 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* /РД:УУ91062728/.

 Холбогдсон хэргийн талаар:

    ******* нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг DS караокед хохирогч Т.Хулангийн биед халдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс

Хохирогч Т.Хулангийн “2022 оны 03 дугаар сарын 18-ны 21 цагийн орчимд Шархадны эцэст байх караокен зааланд сууж байхад ... нөхөр Өсөхбаяр, найз Баярсайхан, түүний эхнэр Шигтгээ бид дөрвийн эсрэг талд сууж байсан цагаан куртиктэй эмэгтэй ширээ болгон дээр очоод заалны гол хэсгээр алхаад байсан тул тэр эмэгтэйд чи яасан дээрэлхүү юм бэ гэж хэлсэн. Тэгээд бага зэрэг маргалдсан. Тухайн үедээ архи согтууруулах ундаа их хэрэглэсэн байсан тул юу гэж хэлснээ санахгүй байна. Тэгээд байж байтал цагаан хувцастай эмэгтэй нь миний зүүн талын орчимд нэг удаа цохисон. Шигтгээ бид хоёрыг салгасан. Би тухайн эмэгтэйг цохиж зодсон зүйл байхгүй ... миний зүүн талын хацар орчимд” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

Гэрч Т.Шигтгээгийн “... бид нар согтолт ихтэй байсан ... юунаас болж маргалдсан гэдгийг мэдэхгүй. Нэг мэдэхэд л хажуу ширээн дээр сууж байсан 2 эмэгтэйн нэгтэй Хулан муудалцаад байсан ... Хуланг салгаад гадаа гарч ирээд харахад Хулангийн нүүрний зүүн талын шанаа хэсэгт хавдсан байсан. Хулантай маргалдаад байсан махлаг цагаан цамцтай эмэгтэй цохисон байх өөр хүнтэй муудалцаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны  03 дугаар сарын 24-ний өдрийн 4587 дугаартай “Т.Хулангийн биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, зүүн хацар шанаа, зүүн мөр, баруун бугалганд цус хуралт, хамар нурууны зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

Эд мөрийн баримтаар тооцон дүрс бичлэг бүхий CD, түүнд үзлэг хийсэн “... ******* нь Т.Хулан дээр очоод баруун гараараа түүний нүүрэн хэсэг газарт цохиж ... баруун гараараа дахин цохиж, мөн дахин 2 удаа цохиж байгаа дүрс, *******ыг салгаж байгаа дүрс бичигдсэн байна” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 31-35 дахь тал/,

Шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 53 дахь тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 49 дэх тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 50 дахь тал/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн ажлын газрын тодорхойлолт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

          1.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

            Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг DS кароакед үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж хохирогч Т.Хулангийн нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, зүүн хацар шанаа, зүүн мөр, баруун бугалгад цус хуралт, хамар нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Т.Хулан, гэрч Т.Шигтгээ, яллагдагч, шүүгдэгч ******* нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, CD, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

            Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч Т.Хулан, шүүгдэгч ******* нар олон газарт үйлчлүүлж байсан, хохирогч Т.Хулан согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан, үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэсэн, улмаар ******* нь Т.Хулангийн биед хүч хэрэглэн халдсаны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр атлаа хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учрахад зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч *******ын хохирогч руу чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Хохирогч Т.Хулан нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй, тус мэдүүлэг нь давхар шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэгээр тогтоогдсон, хохирогч Т.Хулангийн  мэдүүлэгт авагдсан *******ын үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон эрүүл мэндийн хохиролтой шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд олон нийтийн газарт согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал, хохирогчийн зүй бус үйлдэл зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ. 

Хохирогч Т.Хулан нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирлын талаар баримт гаргаж өгөөгүй, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

          Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4 дэх заалтад заасан “Хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой гэх хувийн байдал, олон нийтийн газарт үл ялих зүйлээр шалтаглан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хөнгөн хохирол учирсан, хор уршиг тогтоогдоогүй шинж байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******ын цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ер /90/ хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

   5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.

  6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Т.Хулан нь хохирол нэхэмжлээгүй, цаашид нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн зэргийг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.ХАТАНЦЭЦЭГ