| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2022/0971/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/998 |
| Огноо | 2022-06-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/998
2022 06 29 2022/ШЦТ/998
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
улсын яллагч М.Ариунцэцэг,
Өсвөр насны шүүгдэгч *******, хууль ёсны төлөөлөгч С.Наранцэцэг, тэдний өмгөөлөгч Ц.Даваажаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны яллагдагч *******д холбогдох эрүүгийн 2206 00000 1706 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2004 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймаг Хэрлэн суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд бус боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн 92 дугаар дунд сургуулийн 12а ангийн сурагч, ам бүл 4, эмээ, өвөө, эгч нарын хамт Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо Эмнэлэг 9 дүгээр гудамжны 401 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *******
Холбогдсон хэргийн талаар:
******* нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүрэг 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гурван булаг амралтын газарт насанд хүрээгүй хохирогч Э.Мын нуруун тус газарт хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, тайлбар болон яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхэд танилцуулсан нотлох баримтуудыг шинжлэн судална.
Өсвөр насны шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Наранцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би *******г 4 дүгээр ангид байхад нь авч үлдсэн. Би хүүхдээ гэрээс гаргах дургүй. Хичээл сургууль хоёрын хооронд машинаар зөөдөг. Тухайн үед би эмнэлэгт хэвтсэн байсан. Тэр байдлыг ашигласан байсан. Би найз нөхөд нь төрсөн өдрөө тэмдэглэе гэхээр нь явуулдаггүй байсан. Хохирогч хүүгийн бие сайн байгаа. Хохирогч хүүгийн ээж нь өнгөрсөн. Тэгээд 3 өнчин хүүхэд үлдсэн. Мөн хэрэг болох үед өвөө нь бас Бор-Өндөр явсан байсан. ******* гадуур явж хонодоггүй. Найз охинтой болсон талаар мэдээгүй. Сая энэ хэрэг болсны дараа л мэдлээ. Би цаашид хүүдээ маш сайн анхаарал халамж тавина” гэв.
Улсын яллагч хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримт, эд мөрийн баримт зэргийг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:
Өсвөр насны яллагдагч *******гийн “Би Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ю.Батсүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2206 00000 1706 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Прокурорын тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82-83 дахь тал/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-13 дахь тал/,
Насанд хүрээгүй хохирогчийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 15-21 дэх тал/,
Насанд хүрээгүй хохирогч Э.Мын “Би өөрийн үеэл ах болох Төрхүү, найз Оргилдалай, Мөнх-Оргил нарын хамт 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гацууртад байх Гурван булаг амралтын газар Төрөө ахын найз гэх Амин-Эрдэний төрсөн тэмдэглэхээр очсон. Бид нарыг очсоны дараа араас Амин-Эрдэнэ, Аагий нар танихгүй 5-6 хүүхдийн хамт ирсэн. Тэгээд бид нар хоол унд хийж идээд, сагс тоглоод авч очсон пивоо уугаад орой болсон. Орой гэгээ тасраад гэртээ ороод тоглож наргицгаасан. Бид нарыг байж байхад Суугий /Сумъяабазар/ гэх хүүхэд араас ирсэн. Тэр Суугий гэх хүүхэд нь Төрхүү ахын найз охин Амин-Эрдэнэтэй чатладаг гээд Төрхүү ах Суугийтай маргалдаад босоод дарахад нь би Төрхүү ахыг салгах гэж байгаад гарт байсан жижиг хутганд нуруугаа зүсүүлсэн. Тэгээд Суугий ганцаараа яваад өгсөн. Тэрнээс хойш удалгүй эмнэлэг ирэхээр нь бид нар нуугаад явуулсан. Дараа нь цагдаа нар ирээд бид нарыг шалгаад миний далан дээрх шархыг мэдээд эмнэлэгт үзүүлэн цагдаа нар ирээд авч ирсэн. Миний биед учирсан гэмтлийг манай үеэл ах Төрхүү учруулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
Гэрч Ц.Сумъяабазарын “Би Амин-Эрдэнэтэй хар багаас тоглож өссөн найзууд. 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Амин-Эрдэнэ надад маргааш найз залуу болон найзуудтайгаа амралтад явж төрсөн өдрөө урьдчилан тэмдэглэнэ гэж ярьсан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр би гар утасныхаа Zenly программаар Амин-Эрдэний хаана байгаа газрыг мэдээд очсон. Намайг очиход Амин-Эрдэнэ болон найзууд гэх хүүхдүүд байсан. Тэгээд хоол унд идээд найзуудтай нь танилцаад 2 лааз пиво уусан. Тэгтэл Амин-Эрдэний найз залуу гэх Төрөө надтай маргалдаж байгаад над руу дайрахад Мандахаа гэх хүүхэд урдуур нь орж салгасан. Тухайн үед Төрөө нь жижиг ногоог цэнхэр өнгийн зүйл гартаа барьсан байсан ба түүгээрээ Мандахаа гэх хүүхдийн нуруу руу цохисон. Тэгтэл Мандахаа гэх хүүхдийн нуруунаас цус гараад жаахан ангайсан байхаар айгаад ганцаараа хот руу явсан. Би явах замдаа 103 луу залгаад Гацууртын эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
Насанд хүрээгүй гэрч Т.Амин-Эрдэний “2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр би төрсөн өдрөө урьдчилан тэмдэглэхээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гурван булаг амралтын газар 16 цагийн үед очсон. Бид нар хоол унд хийж идээд байж байхад манай найз Сумъяа ирсэн. Би Сумъяатай багаасаа нэг гудамжинд тоглож өссөн болохоор дуудсан. Тэгтэл манай найз банди Төрхүү нь Сумъяатай муудалдаад ширээн дээр байсан хутгыг аваад Сумъяа руу дайрахад Төрхүүгийн дүү Мандахаа салгаж байгаад нуруундаа хутгалуулсан. Тэгээд Сумъяа яваад өгсөн. Удалгүй цагдаа болон эмнэлэг ирэхэд бид нар нуугаад өнгөрөөсөн. Тэгээд дахиад цагдаа нар ирээд Мандахааг нуруундаа хутгалуулсан болохыг мэдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-51 дэх тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 6305 дугаартай “Э.Мын зүүн бугалга, нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 57-58 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, 23 см урттай, ногоон эрээн өнгийн бариултай хутга 1 ширхэг,
Өсвөр насны шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Ц.Даваажаргалаас дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:
Гэрч Б.Мөнгөнзулын “Би 12а ангийг 2022 оны 04 дүгээр сард хүлээн авсан. *******гийн хувьд хичээл таслаад байдаггүй. Анги хамт олондоо нэр хүндтэй, бусадтай таарамжтай харилцаатай, багш нарын тавьсан шаардлагыг сайн биелүүлдэг, анги хамт олны ажилд идэвх зүтгэлтэй оролцдог, найрсаг зантай хүүхэд байгаа юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дахь тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 66 дахь тал/,
Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 67 дахь тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 68 дахь тал/,
Нийслэлийн Ерөнхий боловсролын 92 дугаар сургуулийн тодорхойлолт /хавтаст хэргийн 69 дүгээр тал/,
Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн Гуравдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Лувсандугарын “Насанд хүрээгүй гэрч ******* нь хэрэг гарсан өдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 17 нас 6 сар 25 хоногтой байсан” гэх нас тоолсон тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 72 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг хамруулан, яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, тайлбар, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.
Өсвөр насны хүнд холбогдох хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нэр төрийг хүндэтгэх харьцах, зайлшгүй өмгөөлөгчтэй оролцуулах, шүүх хуралдааныг шуурхай, богино хугацаанд хаалттай явуулах, түүний хүмүүжих алдаагаа засах боломж олгоход анхаарах зэрэг нийтлэг шаардлагыг баримтлан, уг ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт заасан тусгай журмыг удирдлага болгон хэрэгжүүлсэн болно.
Гэм буруугийн шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал нарын зүгээс өөрийн үйлдэл, гэм буруу, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирлыг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.
Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүрэг 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гурван булаг амралтын газарт насанд хүрээгүй хохирогч Э.Мын нуруун тус газарт хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан насанд хүрээгүй хохирогч Э.М, гэрч Ц.Сумъяабазар, насанд хүрээгүй гэрч Т.Амин-Эрдэнэ нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн гэмтэл, хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогчийн биед үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Насанд хүрээгүй хүүхдүүд төрсөн өдөр тэмдэглэхээр амралтын газарт очсон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, найз охинтой чатладаг гэх хувийн таарамжгүй харилцаанаас маргалдсан, улмаар хутга барьж дайрсан, энэ үйлдлийг таслан зогсоох гэсэн хүүхдийн нуруун тус газарт хатгагдсан гэх үйл баримт тогтоогдлоо.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Өсвөр насны шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Гэм буруугийн санаатай хэлбэрийг гэмт этгээдийн өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас учрах хор уршигт хэрхэн харьцаж байгаа оюун санааны болон хүсэл зоригийн шинж хэрхэн илэрч байгаагаас шалтгаалан гэм буруугийн шууд ба шууд бус санаа гэсэн 2 төрөлд ангилдаг.
*******гийн үйлдлийн хувьд насанд хүрээгүй хохирогч Э.М руу биш гэрч Ц.Сумъяабазар руу хутга барьж дайрсан, хохирогч Э.Мт урьдаас хохирол, хор уршиг учруулахыг хүсээгүй, түүн рүү чиглээгүй боловч тэр хор уршигт өөрийн үйлдлээр хүргэсэн, үйлдэлдээ санаатай хандсан учраас гэм буруугийн шууд бус санаатай үйлдэл гэж ойлгоно.
Өсвөр насны шүүгдэгч *******гийн хутга барьж дайрсан идэвхтэй үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол тогтоогдсон байх бөгөөд үүгээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангажээ.
Насанд хүрээгүй хохирогч мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй ба уг мэдүүлгүүд давхар гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдсон, шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй, *******гийн гэм буруугийн шууд бус санаатай үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэлээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон тул өсвөр насны шүүгдэгч *******г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд нэг талаас хүүхдэд тавих хараа хяналт сул байдал, нөгөө талаас насанд хүрээгүй хүүхдүүдийг амралтын газарт хүлээн авч согтууруулах ундааны зүйл хэрэглэх нөхцөлийг бүрдүүлсэн үйлчилгээний газрын хариуцлагагүй байдал зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ.
Насанд хүрээгүй хохирогч Э.М, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Эрдэнэхүүгийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирлын талаар баримт гаргаж өгөөгүй, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.
Өсвөр насны шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, гэмт хэрэг үйлдэхдээ 14 насанд хүрсэн буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж заасан зорилгын хүрээнд
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргасан бол, Өсвөр насны шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Ц.Даваажаргалаас зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, уг ялаас чөлөөлж өгнө үү гэсэн санал гаргасныг тус тус дурдах нь зүйтэй.
*******гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
НҮБ-ын 1990 оны "Насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зарчмууд" /Риядын заавар/[1]-д “Бусдад ноцтой хор хохирол учруулаагүй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх, ял оногдуулахаас аль болох зайлсхийх, хүүхдийг гэмт хэрэгтэн, хууль зөрчигч хэмээн нэрлэж цоллохоос зайлсхийх, нийгмийн амьдралд оруулахад сайтар бэлтгэх, хувийн зан чанарыг хөгжүүлэхэд анхаарах, боловсрол олгох, мэргэжлээ сонгох, хөдөлмөр эрхлэх, мэргэших боломжийн талаар зөвлөгөө өгөх, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, дарамт учруулахгүй байх, сахилгын чанга хатуу арга хэмжээ хэрэглэхгүй байх” гэж заажээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өсвөр нас гэдгийг “хүүхэд ахуй нас болон орь залуу насны хооронд орших үе шат бөгөөд 10-19 насныхан” гэж тодорхойлсон байна. Өсвөр нас гэдэг нь бага наснаас хойш, насанд хүрэхээс өмнөх амьдралын хугацаа, хүүхэд нас болон насанд хүрэгчдийн хоорондох завсрын, шилжилтийн үе бөгөөд энэ үед бие махбод, өсөлт бойжилт, сэтгэл зүй, оюун санааны хувьд насанд хүрэхэд чиглэсэн олон өөрчлөлт гардаг,
Өсвөр насны хүүхдийн хувьд үйлдсэн хэргийнхээ нийгмийн хор аюулын шинж чанарыг ойлгож ухамсарлаагүй, өөрийнхөө үйлдлийг хянах чадвар бүрдэж амжаагүй, бүрэн төлөвшөөгүй сэтгэхүйгээрээ гэмт хэрэг үйлддэг онцлогтой бөгөөд өсвөр насны хүүхдийг нийгмээс тусгаарлахгүйгээр, нийгмийн амьдрал дунд нь хүмүүжүүлэх, ухамсарлуулах, алдаагаа засах боломж олгох, өөрийг нь биш үйлдсэн гэмт хэргийг шүүмжлэх нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.
Өсвөр насны шүүгдэгч *******гийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй зан төлөв, хандлага, гэм буруугаа ухамсарлаж буй байдал, эмээ, өвөөгийн гар дээр хүмүүжиж байгаа, ерөнхий боловсролын сургуульд төгссөн даруй гадаадад байгаа эх рүү явуулах гэж байгаа гэх хувийн байдал,
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэнэт үүссэн шууд бус санаагаар хутга ашиглан согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,
Гэмт хэргийн улмаас дүүгийнх нь эрүүл мэндэд хөнгөн хохирол тогтоогдсон, хор уршиг учраагүй гэх шинж чанар,
Анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******д 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 23 см урттай ногоон өнгийн бариултай эвхдэг тонгорог 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын даалгаж байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Өсвөр насны шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, уг ялаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар 23 см урттай ногоон өнгийн бариултай эвхдэг тонгорог 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь баримтаар нэхэмжилсэн хохиролгүй, цаашид хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн зэргийг дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл өсвөр насны шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд насанд хүрээгүй хохирогч, өсвөр насны шүүгдэгч, тэдгээрийн түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ
[1] НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1990 оны 45/112 дугаартай тогтоолоор баталсан.