| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0004/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/17 |
| Огноо | 2018-05-01 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2018/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа
Улсын яллагч Л.Оюунтуяа
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Баянзул
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав
Шүүгдэгч С.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.От холбогдох эрүүгийн 1725003950209 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч С.Оыг 2017 оны 11 сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг ПДУ гэх газар эхнэр Ж.Хыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, 2009 оноос хойш гэр бүлийн хамаарал бүхий хүн Ж.Хыг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн 2009 оноос хойш гэр бүлийн хамаарал бүхий 9 настай хүүхэд Х.Тыг байнга зодсон гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: С.О нь 2017 оны 11 сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг ПДУ гэх газар гудамжинд эхнэр Ж.Хыг “гэр орондоо харьсангүй” гэж хэлээд зодож биед нь баруун гуянд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан байна. Мөн гэр бүлийн хамаарал бүхий хүн Ж.Хыг 2013 оноос байнга зодсон, 9 настай хүүхэд Х.Тыг “зүв зүгээр байхад энэ муу тэнэг чи дүүгээсээ долоон дор охин зантай гэж, дүү чинь загнахаар зүгээр байна, харин чи гэрээсээ гараад явдаг хэн бэ гээд зодох, цээжин дээр гишгэх, заамдаж унагаах, толгой руу нь гараараа цохих, хуванцар сандал шидэх, мөн өргөж байгаад газар шидэх зэрэг аргаар байнга зодож дарамтлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргийн нотлох баримтаар: -Хохирогч Ж.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2009 оноос хойш С.О архи уух нь ихсэж намайг зодож эхэлсэн, эхлээд би тэвчээд согтуудаа мэдэхгүй гар хүрлээ гэх мэтээр бодож зүгээр өнгөрөөдөг байсан. Энэ байдал цаашаагаа үргэлжлэн 2013 оноос сардаа 2-4 удаа зоддог болсон. 2015 онд О сүхээр миний толгойг хагалж, нүүрийг маань хүн харах аргагүй болтол зодож тэгшилж байсан.Тэр болгон би аав ээждээ хэлэхгүй зарим нэгийг нь нуудаг байсан. 2016 онд О намайг газар унагаагаад хөлөөрөө дэвсэж зодсон. Тэр үед миний баруун 3 хавирга хугарсан, тэрнээс гадна 30 гаруй удаа зодож жижиг гэмтэл учруулдаг байсан. 2017 онд О архи ууж ирээд сардаа 5-8 удаа зоддог болсон. Би аргаа бараад аав ээжийнхээ хашаанд 2017 оны 10 дугаар сарын сүүлээр гэр бариад хүүхдийнхээ хамт амьдарч байсан. 2017 оны 11 дүгээр сарын 14-ний орой би ажлаа тараад ганцаараа гэртээ харих гээд явж байтал Баянцагаан багийн Хангай дэлгүүрт ороход О байсан. О надаар тамхи авахуулсан. Би дэлгүүрээс гараад гэртээ харих гээд явж байхад О намайг гэр орондоо харьсангүй, хоол ундгүй өлсөөд байна, гэртээ харь утсаа надад өг гээд байхаар нь үгүй гэж хэлэхэд миний нүүр хэсэг рүү гарынхаа араар 1 удаа цохисон. Тэгээд гараа атгаж байгаад нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. Мөн хөлөөрөө миний хоёр хөл рүү өшиглөсөн. Тэр үед Баянцагаан багт байдаг Болдоо таарч салгаад замаараа Мондорийн гэрт орж цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/ -Насанд хүрээгүй хохирогч Х.Тын... “Аав архи уугаад зүгээр байхад ээж бид хоёрыг зодоод байдаг. Ээж аавыг унтаач гэхээр бүр шөнө унтдаг. Аав ээжийн толгой руу сүхээр цохиод, алгадаад, унагаагаад баахан цохиж зоддог. Өдөр аав ээж хоёрыг хэрэлдээд байхаар нь би гэрээсээ гараад явдаг. Одоо би аавтайгаа хамт баймааргүй байгаа. Ягаад гэхээр аав намайг айлгаад байдаг. Аав намайг загнаад дээрээс гишгээд байдаг. Аавыг загнахаар би орныхоо араар юм уу, хөнжил дотроо орж нуугддаг. Аавыг цагдаа дуудаад өгөхөөр гарч ирээд чи намайг цагдаад барьж өглөө гээд ээжийг дандаа зоддог. Аав намайг цохиж зоддог. Намайг зүв зүгээр байхад энэ муу тэнэг чи дүүгээсээ долоон дор охин зантай гээд зодоод байдаг. Дүү чинь загнахаар зүгээр байна. харин чи гэрээсээ гараад явдаг хэн бэ гээд зоддог. Намайг зодохдоо цээжин дээр гишгэдэг, заамдаж унагаадаг, эсвэл толгой руу гараараа цохино, хуванцар сандал шиднэ, мөн өргөж байгаад газар шиддэг. Аавд зодуулсны дараа миний энд тэнд хөхөрсөн байдаг. Аав намайг эрүүл байхдаа ч согтуу байхдаа ч зоддог. Аав дүүг зодож байгаагүй. Харин ээжийн толгой руу цохиод гэдэс рүү жийгээд дээрээс нь цохиж өшиглөөд байдаг. Нэг удаа ээжийн толгой руу сүхний ар талаар цохиж байсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р хуудас/ -Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн № 966 дугаартай:“...Ж.Хын биед баруун гуянд зөөлөн эдийн няцрал үүсчээ. Тус гэмтэл нь хатуу зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдэнэ байхаар байна. Гэмтлийн зэргийн заврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 34-р хуудас / -Гэрч С.Гантуяагийн ...Тусдаа гарснаас хойш О миний охин Хыг зодож эхэлсэн...байнга зоддог. Архи уух болгондоо зоддог. 2015 онд зодож байсан. Цагдаад байнга дуудлага өгч байсан. 2016 онд зодож хоолойг нь боочихсон байхад нь би салгах гэхэд намайг өшиглөж газар унагаж байсан. Хоолойг нь боомилж ухаан алдуулж байсан. 2017 оны 4 сард намайг хот явахад Х хүүхдүүдийнхээ хамт манай гэрт үлдсэн. Гэтэл О согтуу очоод зодоод гэрийн үүдний унийг хугалсан байсан. Ер нь бол 7 хоногт 4-5 удаа зоддог. Х тусдаа гарлаа гэж яваад 2 ч хонохгүй эргээд ирдэг. Маргааш нь О “уучлаарай” гээд аваад явдаг. О нь Хыг байнга шалтгаан гаргаж зоддог. Өөрөө ажил хийдэггүй мөртөө “тамхи авчирсангүй” гэж хүртэл зодож байсан. Хүүхдийн баяраар архи уучихаад хүүхэд Х нарыг зодож байсан. Том хүү Тыг өөрийхөө хүү биш юм шиг гадуур үзэж зоддог. Хоолойг нь хүртэл боомилж байсан гэсэн. Байнга зодож дарамталдаг болохоор заримыг нь мартчихаад байна гэсэн мэдүүлэг /хх 23-р хуудаст/ -Гэрч Ч.Жигмэдийн...О эхнэр бид 2-г удахгүй үхнэ тэгэхээр чамайг яахыг чинь харна гэх мэтээр дарамталдаг. Цагдаад дуудлага өгөхөөр гаргаад явуулчихдаг. Тэрэнд нь О урам орж та нар намайг яагаад ч дийлэхгүй гээд дарамталдаг.Оыг архи уусан үед 2 хүүхэд нь нуугдах боломжтой бүх газарт нуугддаг...гэх мэдүүлэг /хх24-р хуудаст/ -Гэрч Ж.Энхзулын...О миний эгчтэй нийлсэн цагаасаа байнга л архидан согтуурч гэр орондоо агсам согтуу тавьж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байдаг. Энэ үйлдэл олон жил үргэлжилж байна. 2 жилийн өмнө аав ээжийг хот явсан хойгуур Х эгч зодуулаад нүүр ам нь хавдсан нуруу нь гэмтсэн байсан...гэх мэдүүлэг /хх27-р хуудас/ -Гэрч Ч.Баттогтохын ...2017 оны 10 дугаар сард би ангийнхаа хүүхдүүдээс гэр бүлийн хүчирхийллийн судалгаа авч байхад Х.Т “манай аав согтуу ирэхээрээ намайг цохиж зоддог, цээжин дээр дэвсдэг гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх28-р хуудаст/ -Гэрч М.Гэрэлтуяагийн ...Ж.Х манай цехийн ажилтан байгаа юм...Би Хын нөхрийг танихгүй. Миний мэдэж байгаагаар энэ О гэдэг хүн эхнэрийгээ 2 удаа ажилдаа ирж чадахгүй болтол нь зодож байсан. Өнгөрсөн жил Х ажилдаа ирэхгүй болохоор нь асууж сураглатал нөхөртөө зодуулаад хавирга нь хугарч гэмтсэн байсан....Энэ намар саяхан мөн зодсон байсан. Ажлаа тараад гэртээ харих гээд явж байхад нь замд нь зодсон гэж байсан...гэх мэдүүлэг /хх 32-р хуудас/ -Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 45-51-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч С.О нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гэр бүлийн маргаан байдаг. Хаа нэг цохих юм байдаг. Сүхээр цохисон гэж худал. Эхнэртээ гар хүрэх нь хүрч байсан. Хүүхдээ загнаж алгадаж байсан. Мөн шалчигнуур гэж хэлж байсан. Гэм буруугаа хүлээж байна гэжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч С.О нь 2017 оны 11 сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг ПДУ гэх газар эхнэр Ж.Хыг зодож биед нь баруун гуянд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан, 2013 оноос хойш гэр бүлийн хамаарал бүхий хүн Ж.Хыг байнга зодож, 9 настай хүүхэд Х.Тыг “зүв зүгээр байхад энэ муу тэнэг чи дүүгээсээ долоон дор охин зантай гэж, дүү чинь загнахаар зүгээр байна, харин чи гэрээсээ гараад явдаг хэн бэ гээд зодох, цээжин дээр гишгэх, заамдаж унагаах, толгой руу нь гараараа цохих, хуванцар сандал шидэх, мөн өргөж байгаад газар шидэх зэрэг аргаар байнга дарамтлан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч С.Оын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.7 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байх тул түүнийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, энэ гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгчид насанд хүрээгүй хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулж заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв. Харин түүнд тодорхой хугацаанд хохирогч нарын амьдарч, ажиллаж байгаа газар очих, харилцахыг хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно. Хохирогч нар шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд хохирол төлбөр нэхэмжлээгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч С овогт Сийн Оыг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон, энэ гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч С.Оыг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.От Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаан/ сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 / нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаан / сарын хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Оын эдлэх 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.От оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хохирогч Ж.Х, Х.Т нарын амьдарч, ажиллаж байгаа газар очих, харилцахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хязгаарласугай.
6.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О шүүхээс оногдуулсан хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1,189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн тэнсэнгийн болон эрх хязгаарласан хугацаанд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шйидвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
10.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ