Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1016

 

 

2022         06         30                                 2022/ШЦТ/1016

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал

улсын яллагч Х.Эрдэнэтуяа /томилолтоор/,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2206 00000 0842 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 25 дугаар хороо Хайрхан 5 дугаар гудамжны 8 тоотод оршин суух хаягтай,

урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, *******

Холбогдсон хэргийн талаар:

******* нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 203 дугаар байрны орчим таксинаас буу гэснээр шалтаглан хохирогч С.Орогдолын зүүн гарыг өчиж эрүүл мэндэд нь зүүн мөрний үеийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс

Яллагдагч *******ын “2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 16 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс такси барьсан. Ингээд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Кино үйлдвэрийн орчимд бууна гэж хэлсэн санаж байна. Би таксины жолоочтой юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Тухайн гэмтлийг С.Орогдол гэх хүнд би учруулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Учруулсан хохирлоо төлж барагдуулна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-26 дахь тал/,

Хохирогч С.Орогдолын “Би машинаасаа буугаад хойд хаалгаа нээгээд тухайн залууг буу гээд буулгасан. Тэгтэл тэр залуу гэнэт намайг заамдаж түлхээд дайраад байхаар нь би цааш түлхэхэд тэр залуу миний гарыг барьж аваад мушгисан. Тэгээд би газар унаад босож ирэхэд миний зүүн гар мэдээ алдаж дийлэхгүй байсан. Миний зүүн мөр мултарсан. Өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Надад учирсан бодит хохирлын баримт байхгүй. Би 2 сар ажил хийгээгүй ба ажлын хөлс 1.500.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-10 дахь тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны  02 дугаар сарын 08-ны өдрийн 2494 дугаартай “С.Орогдолын биед зүүн мөрний үеийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

Шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой баримтууд:

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 30 дахь тал/,

- Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 29 дэх тал/,

- Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 33 дахь тал/,

- Цагдаагийн АСП сангийн лавлагаа, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 488 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн, 15 удаа эрүүлжүүлэгдсэн /хавтаст хэргийн 42-50 дахь тал/,  

- Шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 61-64 дэх тал/,

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 10-1/595 дугаартай “******* нь хохироос өөр төрлийн ял эдэлсэн талаарх мэдээлэл манай бүртгэлийн санд бүртгэлгүй байна” гэх албан бичиг /хавтаст хэргийн 60 дахь тал/  зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

            Шүүгдэгч ******* нь согтуугаар 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 203 дугаар байрны орчим таксинаас буу гэснээр шалтаглан хохирогч С.Орогдолын зүүн гарыг өчиж эрүүл мэндэд нь зүүн мөрний үеийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч С.Орогдол, яллагдагч, шүүгдэгч ******* нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

            Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт  “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр атлаа хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учрахад зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч *******ын хохирогч руу чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Хохирогч ******* нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй, тус мэдүүлэг нь давхар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч С.Орогдолын мэдүүлэгт авагдсан *******ын үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон эрүүл мэндийн хохиролтой шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул *******өнх-Алдрыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ. 

Хохирогч С.Орогдол нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй бөгөөд үүнтэй холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар *******аас нэхэмжлэх эрхтэй тэмдэглэвэл зохино.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар тусад нь эдлүүлэх санал гаргасныг дурдах нь зүйтэй.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоол биелэгдээгүй, ******* шүүх, прокурорын дуудсан цагт хүрэлцэн ирэх үүргээ биелүүлдэггүй нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ тогтоолоор гэм буруутайд тооцогдсон хэрэг нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, өмнөх шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн хэрэг нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр буюу хоорондоо 8 хоногийн зайтай үйлдэгдсэн, ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон байгаагаас үзэхэд нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлэх боломжтой байжээ.

******* нь эрх зүйн мэддэг дутмаг байдлаасаа болж өөрийн эрх зүйн байдлаа дордуулсан байгааг шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.     

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан ба уг гэмт хэрэг нь сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Шүүгдэгч *******ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөхөө илэрхийлсэн гэх хувийн байдал, олон нийтийн газарт үл ялих зүйлээр шалтаглан согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хөнгөн хохирол учирсан, хор уршиг тогтоогдоогүй шинж чанар зэргийг харгалзан *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалтад зааснаар *******т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 төгрөгөөр торгох ялыг эдлүүлэхээр тогтоолоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******ын цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 хэсэгт зааснаар *******т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулж, эдлээгүй байгаа 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 төгрөгөөр торгох ял эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т шүүхээс оногдуулсан 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ер /90/ хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Хохирогч С.Орогдол нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар *******аас нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

  7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч баримтаар нэхэмжилсэн хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ХАТАНЦЭЦЭГ