Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
Хэргийн индекс | 105/2022/1019/Э |
Дугаар | 022/ШЦТ/1057 |
Огноо | 2022-07-05 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | Н.Ган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 022/ШЦТ/1057
2022 07 05 2022/ШЦТ/1057
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,
улсын яллагч Н.Ганчимэг,
хохирогч Б.Бямбаа,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Онолтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******эд холбогдох эрүүгийн 2206 00203 1726 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Увс аймаг Улаангом суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо Чулуут 10 дугаар гудамжны 217 тоот хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол 51б байрны 53 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******
Холбогдсон хэргийн талаар:
******* нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Миний Их Уул хүнсний дэлгүүрт бараа хулгайллаа гэх шалтгаанаар хохирогч Б.Бямбаагийн нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, тайлбар болон яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхэд танилцуулсан нотлох баримтуудыг шинжлэн судална.
Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Бямбаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн өдөр би дэлгүүрт ороод 2 өндөг зээлчих гэж гуйсан чинь үгүй гэсэн. Тэгээд би найз мөнгө шилжүүлснийг санаад цайны идээ авахаар дэлгүүрийн нөгөө тал руу явсан. Тэгтэл Амармэнд гарч ирээд намайг авсан юмаа буцааж тавь гээд нүүрний баруун тал руу гараараа нэг удаа цохиход би шууд хойшоо тохойгоороо унасан. Би ямар нэг зүйл хулгайлаагүй. Намайг гар гэхэд нь би шууд гараад явсан. Намайг цохих үед би тохойгоороо унаад миний судас дарагдсан байсан. Дараа нь миний гар салгалаад байхаар би гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Намайг хагалгаанд орох хэрэгтэй гэсэн тул гарны хагалгаанд орсон. Надад 500.000 төгрөг өгсөн. Би 500.000 төгрөг аваад салъя гэж яриагүй. Миний биеийн байдал муу байна надад одоо хамрын хагалгаанд орох мөнгө байхгүй. Би 6-7 сар ажил хийгээгүй. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэх мэдүүлэг.
Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Онолтуяа нар хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:
Яллагдагч *******ийн “Амралтын өрөөнд байдаг хяналтын камер харахад Бямбаа лангуун дээрээс давс, шопрот зэрэг зүйлийг халаасандаа хийсэн. Манай худалдагч дүү авсан юмаа гаргаад наанаа тавь гэхэд ах нь дараа мөнгийг нь өгнө гэсэн. Би арын өрөөнөөс гарч ирээд та наад юмаа буцаагаад тавь гэхэд гаргаж тавихгүй болохоор нь би Бямбааг гараараа нэг удаа нүүрэн тус газар нь цохисон. Бямбаа хойшоо шалан дээр унасан. Удалгүй босоод халааснаасаа авсан юмнуудаа гаргаж тавиад дэлгүүрээс гараад явсан. Би Бямбааг таньдаг, нэг гудамжны хүмүүс ... тэр үед хулгай хийж таарсан. Тэгэхээр нь цохисон. Би гараараа нэг удаа нүүрэн тус газарт цохисон. Би 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 500.000 төгрөг шилжүүлсэн ... өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Бямбаа ахаас би уучлалт гуйсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/,
Иргэн Б.Бямбаагаас 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11 цаг 40 минутад гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,
Хохирогч Б.Бямбаагийн “Би 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэртээ 0.5 литрийн архины талыг уусан. Гэрийн ойролцоо байдаг Миний их уул хүнсний дэлгүүр орж 2 өндөг зээлээр өгчих, маргааш мөнгийг нь өгье гэж хэлээд дэлгүүр дотор нь цайны идээ хайгаад лангуун дундуур явж байтал худалдагч залуу хүрч ирээд миний баруун нүд болон хамрыг дайруулан шууд цохиод авсан. Би түүнд цохиулан шалан дээр савж унасан ба хэсэг хугацаанд хэвтэж байгаад босож ирээд гэр рүүгээ явсан. Би худалдагч залуугаас ямар шалтгаанаар ахыгаа цохиж байгаа юм гэхэд зайл, зайлахгүй бол дахиад нөгөө нүдийг чинь цохино гээд байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
Гэрч Б.Ууганбаярын “Бямбаа дэлгүүрийн лангууны араар явж байснаа 1 хайрцагтай дүрдэг цай, шилтэй цуу аваад халаасандаа хийсэн. Тэгэхэд нь манай нөхөр дэлгүүрийн заал руу гарсан. ******* нь Бямбаа ахаас авсан зүйлээ буцаагаад тавьчих гээд ... Бямбаагийн нүүрэнд гараараа нэг удаа цохиод шалан дээр унагасан. Тэгээд халааснаас нь хулгайлсан эд зүйлсийг гаргаж ирж лангуун дээр тавьсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
Гэрч Ц.Амарзаяагийн “Миний их уул хүнсний дэлгүүрт худалдагчаар ажилладаг. 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дэлгүүрт байж байхад заримдаа манайд согтуу орж ирж зээл авах гээд байдаг ах согтуу орж ирсэн. Над дээр ирээд өндөг бас бус зүйл зээлье гэхээр нь би таныг танихгүй, зээл өгөхгүй гэхэд ... лангуун дээрээс юм аваад халаасандаа хийгээд байсан. Энэ үед дэлгүүрийн эзэн ******* камераар хараад гарч ирээд та авсан зүйлээ буцаагаад тавьчих гэж хэлсэн боловч тэр ах гаргаж өгөхгүй байсан тул ******* уурлаж нүүрэнд нь гараараа цохиж унагасан. Тэгээд халааснаас нь дүрдэг цай, шилтэй цуу зэрэг зүйлс гаргаж буцаан лангуун дээр тавьсан ... нөгөө ах босож ирээд гарсан ... зүүн талын хацар нь бага зэрэг улайсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар тал/,
Миний их уул хүнсний дэлгүүрийн 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “... хохирогч Б.Бямбаа цагаан саравчтай малгай өмссөн орж ирж байв ... 50 дахь секундэд хохирогч Б.Бямбаа дэлгүүрийн баруун урд талын булан хэсэгт очиж байна. Б.Бямбаа лангуу руу хараад зогсож байхад арын өрөөнөөс бичлэгийн 01 минут 20 дахь секундэд ******* гарч ирэн Б.Бямбаа дээр очоод лангуу руу заагаад юм ярьж байснаа хохирогчийн нүүрэнд бичлэгийн 01 минут 35 дахь секундэд гараараа нэг удаа цохиж унагаж байв” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 27 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 973 дугаартай “Б.Бямбаагийн биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гайморийн хөндийн гадна дээд, дотор хана, зүүн гайморийн хөндийн дотор ханын хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
Шинжээч эмч Г.Энхбаатарын “Баруун нүд хөхөрсөн, баруун хацар хавдсан баруун гайморийн хөндий хана хугарсан гэмтэл нь нэг удаагийн цохих үйлдлээр үүсэх боломжтой. Хамар ясны хугарал цуг үүсэх боломжтой. Харин зүүн талын гайморийн хөндийн хугарал нь тусдаа үйлчлэлээр буюу зүүн хацар орчимд цохиход үүснэ. Иргэн Бямбаагийн биед үзлэг хийх үед баруун хацар хавдсан, зүүн талын хацар зүгээр байсан. Хапи веритас эмнэлгийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн КТГ-н хариуд уг хугарлууд шинэ хуучин эсэхийг ялгаж бичээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Хулгайлах зөрчлийг шалгуулахаар шилжүүлсэн тухай албан тоот,
Хохирогч Б.Бямбаагийн эрүүл мэндийн хохиролд 500.000 төгрөг төлсөн талаарх баримт,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 57 дахь тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 58 дахь тал/
*******ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээг 60 хувиар тогтоосон Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хавтаст хэргийн 67-71 дэх тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн
Шүүгдэгч *******ийн 1 сартайгаар 11 настай 3 охины төрсний гэрчилгээний хуулбар,
Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,
Хаан банкны барьцааны гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.
******* нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Миний Их Уул хүнсний дэлгүүрт бараа хулгайллаа гэх шалтгаанаар хохирогч Б.Бямбаагийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гайморын хөндийн гадна дээд, дотор хана, зүүн гайморын хөндийн дотор ханын хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч Б.Бямбаа, гэрч Б.Ууганбаяр, Ц.Амарзаяа, яллагдагч ******* нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, шинжээчийг байцаасан тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Гэмт хэрэг гарсан газар буюу дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийж, гэрэл зургаар бэхжүүлэн тэмдэглэл үйлдсэн атлаа уг бичлэгийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргаагүй зөрчил гаргасныг хяналтаар илрүүлээгүйг зориуд цохон тэмдэглэвэл зохино.
Гэвч уг баримттай хэргийн оролцогч талуудын хэн аль нь маргаагүй, хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирсон байх тул шүүх тэмдэглэл, түүнд тусгагдсан гэрэл зургийн үзүүлэлтийг нотлох баримтаар үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.
Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч Б.Бямаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэрийн ойролцоох хүнсний дэлгүүрт орсон, зээлээр хүнсний зүйл өгөхийн гуйсан боловч зөвшөөрөөгүй тул хүнсний зүйлсийг халаасандаа хийсэн, *******ийн зүгээс дэлгүүрээс зөвшөөрөлгүй авах гэж байсан хүнсний зүйлсээ буцааж тавихыг шаардсан, хохирогч Б.Бямбаа биелүүлээгүй тул түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон, уг цохилтын улмаас хохирогч Б.Бямбаагийн биед хүндэвтэр зэргийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдлоо.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгчийн зүгээс үйлдэл, гэм буруу, хэргийн зүйлчлэл, хохирлыг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч *******ийн хохирогч Б.Бямбаа руу чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр хохирол тогтоогдсон байх бөгөөд энэ үйлдлээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.
Хохирогч, гэрч нар мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй ба уг мэдүүлгүүд давхар шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдсон, шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй, *******ийн үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохиролтой шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэлээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байна.
Иймд *******ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд хохирогчийн зүгээс согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал, олон нийтийн газарт биеэ зохисгүй авч явж зөрчлийн шинжтэй үйлдэл хийсэн байдал зэрэг нь дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.Бямбаа нь эрүүл мэндийн хохиролтой холбоотой 122.700 төгрөгийн баримт гаргаж өгсөн, шүүгдэгч ******* нь хохиролд 500.000 төгрөг төлсөн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогчоос гарын тохойны үе гэмтсэн, хагалгаа хийлгэсэн талаар мэдүүлэгтээ дурдсан боловч шинжээчийн дүгнэлтээр тус газарт гэмтэл тогтоогдоогүй, цохиулаад унасан үйлдлээс гаран тус газарт гэмтэл учирсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар эмчилгээний баримт ирүүлээгүй тул үүнийг хэлэлцэхгүй орхиж, харин цаашид хамрын хагалгаанд орох шаардлагатай, энэ зардлаа нэхэмжилнэ гэснийг шүүх хүлээн авав.
Хохирогч Б.Бямбаа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу *******ээс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бол, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Б.Онолтуяагаас торгох ял оногдуулах санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан ба уг гэмт хэрэг нь сонгох ялын төрөлтэй, хөнгөн гэмт хэрэгт хамаарна.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Шүүгдэгч *******ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирол төлсөн”, 1.5 дахь заалтад заасан “Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүхээс *******ийн эрүүл мэндийн шалтгааны улмаас 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, эхнэр нялх биетэй, бага насны 3 хүүхэдтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, олон нийтийн газар буюу дэлгүүрт согтуугаар үйлчлүүлж байсан, үйлдлээ хянах чадваргүй хүний биед хүч хэрэглэн халдаж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хор уршиг тогтоогдоогүй гэх шинж чанар, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан
*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******ийн цалин хөлстэй байдлыг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******эд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******эд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ер /90/ хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******эд мэдэгдсүгэй.
5. Хохирогч Б.Бямбаа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар *******ээс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ