Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1053

 

 

2022         07         05                                2022/ШЦТ/1053

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2206 00000 2140 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Да хүрээ зах дээр засварын газар ажиллуулдаг, ам бүл 1, Сэлэнгэ аймаг Шаамар сум 3 дугаар баг Дулаанхаан Бумцэнд гудамж 1-8 тоот хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Баганат-Өргөө хотхон 408 дугаар байрны 12 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******

Холбогдсон хэргийн талаар:

        ******* нь согтуугаар 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүрэг 28 дугаар хороо Хужир булангийн 1 дүгээр хэсэг 3308 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас салсан эхнэр Б.Хандсүрэнг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дагзны зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн шуу, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт, зүүн гарын сарвуунуудын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс

Хохирогч Б.Хандсүрэнгийн “2022 оны 05 дугаар сарын 21-ний өглөө гэртээ байхад 9 цагийн үед Шинэбаяр ирсэн. Тэгээд намайг хэнтэйгээ байсан юм гээд хэл амаар доромжлоод ... дээд давхрын өрөөний түлхүүр асуухаар нь гаргаж өгөөгүй, тэгэхэд заазуур аваад 2 давхар руу гараад цоожийг нь эвдээд орсон. Тэгээд 2 давхраас бууж ирээд намайг зодсон. Намайг урьд өмнө цохиж байсан. 2021 оны 11 дүгээр сараас эхлэн нэг гэрт амьдрахаа больсон. Шинэбаяр нь миний нүүр рүү гараараа нэг удаа, толгой руу гараараа 2-3 удаа цохисон. Хэвлий хэсэг рүү хөлөөрөө нэлээн олон удаа өшиглөсөн. Толгой дээр хөлөөрөө дэвсээд байсан”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,

Гэрч Б.Мөнхжаргалын “13 цагийн үед ажлаа тараад Хандсүрэн эгчийн гэрт ирэхэд зодуулчихсан байсан. Шинэбаяр 9 цаг гэж ирээд намайг зодчихлоо гэж хэлсэн. Гэрт нь ороход нүд нь хөхөрсөн, гар хөхөрсөн, нэг гар нь хөдлөхгүй байсан. Гэдсээ барьчихсан миний дээрээс дэвссэн гээд сууж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны  05 дугаар сарын 25-ны өдрийн 7495 дугаартай “Б.Хандсүрэнгийн биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дагзны зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн шуу, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт, зүүн гарын сарвуунуудын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

            Яллагдагч *******ын “Би 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо 1-3308 тоотод салсан эхнэр Хандсүрэнгийн гэрт очиж өөрийн 4 хүүхдээ агаарт гаргах зорилгоор очсон. Очиход манай том охин Маралжингоо, хүү Мандахнар байсан. Хаалгаа дотроосоо цоожилсон байсан. Манай хүү Мандахнар хаалгаа онгойлгож чадахгүй байсан болохоор цонхоороо надад гэрийн түлхүүр өгсөн, б* гаднаас нь онгойлгож орсон. Гэрт ороход охин Урангоо, хүү Мандахнар, бага хүү Мөнхнар байсан. Дүү нь яасан юм бэ? Гэж асуухад ээж дүүг уйлна гээд ажил руугаа аваад явсан гэж Мандах нар хэлсэн. Тэгтэл манай салсан эхнэр Хандсүрэн байшингийн 2 давхраас бараг нүцгэн шахуу миний бага охин Маралжингоог тэврээд буугаад ирсэн. Хүүхдүүдээ агаарт авч гармаар байна гэхэд над руу Хандсүрэн яах гэж ирсэн гээд хэл амаар доромжлоод эхэлсэн. Би тэгвэл наад залуутай чинь уулзая гээд 2 давхар луу гарахад хаалга нь цоожтой байсан. Хаалгаа онгойлго гэхэд онгойлохгүй байхаар нь доошоо бууж заазуур аваад хаалгыг хөшиж онгойлгосон Хаалгаар ороход нэг залуу 2 давхрын цонхоор үсрээд буугаад зугтаасан. Тэгээд би гэрээс гараад араас нь хэсэг хөөж гүйсэн. Би гэрт буцаж орж ирээд Хандсүрэнд уурлаад хоёр охиныг хүчиндүүлэх гээ юу чи гээд гараараа толгой руу нилээн цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

Шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2592 дугаартай шийтгэврээр *******т Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан /хавтаст хэргийн 33 дахь тал/,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ/2022/00325 дугаартай шийдвэрээр *******ыг 4 хүүхдүүдээ тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 29 дэх тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 49 дэх тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 30 дахь тал/, цагдаагийн АСП сангийн лавлагаа /хавтаст хэргийн 34-49 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

            Шүүгдэгч ******* нь согтуугаар 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүрэг 28 дугаар хороо Хужир булангийн 1 дүгээр хэсэг 3308 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас салсан эхнэр Б.Хандсүрэнг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дагзны зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн шуу, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт, зүүн гарын сарвуунуудын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Хандсүрэн, гэрч Б.Мөнхжаргал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн яллагдагч, шүүгдэгч ******* нарын мэдүүлэг, эрүүл мэндийн хөнгөн хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

            Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч Б.Хандсүрэн, шүүгдэгч ******* нар гэрлэлтээ батлуулаагүй ч гэр бүлийн харилцаатай, дундаасаа 4 хүүхэдтэй бөгөөд таарамжгүй харилцааны улмаас салж иргэний журмаар хүүхдийн тэтгэмж тогтоолгож тусдаа амьдарч байсан, ******* нь хүүхдүүдтэйгээ уулзахаар очсон, гэрт нь өөр эрэгтэй хүн байсан, хүүхдээ авч явна, явуулахгүй гэснээс болж харилцан маргалдсан, улмаар Б.Хандсүрэнгийн биед хүч хэрэглэн халдаж зодсон, уг үйлдлээс болж хөнгөн зэргийн гэмтэл учирсан, цагдаагийн байгууллагад нөхөр согтуу ирээд охиныг машинд суулгаад авч явсан утгатай дуудлага өгсөн, *******ыг эрүүлжүүлсэн гэх үйл баримт тогтоогдлоо.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр атлаа хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учрахад зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хуулийн үйлчлэлд хамаарахаар хуульчилсан.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсхүл хамтын амьдралтай байсан ойрын төрөл, садан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг тодорхойлсон.

Шүүгдэгч ******* нь салсан эхнэрийн биед хүч хэрэглэн халдсан идэвхтэй санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

Хохирогч Б.Хандсүрэн нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй, тус мэдүүлэг нь давхар гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон, хохирогч *******ын үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон эрүүл мэндийн хохиролтой шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, үл ойлголцсон харилцаа хандлага, хувийн таарамжгүй харилцаа зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ. 

Хохирогч Б.Хандсүрэн нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирлын талаар баримт гаргаж өгөөгүй, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хохирогчтой уулзуулахгүй байх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

          Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой гэх хувийн байдал, согтуугаар, ахуйн хүрээнд салсан эхнэртэйгээ маргалдан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хор уршиг тогтоогдоогүй гэх шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан

*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, үүн дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар торгох ял эдэлж дуусах хүртэл хугацаанд Б.Хандсүрэнгийн гэрт орох, очих, түүнтэй биечлэн уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******ын цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй эсхүл хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг зөрчсөн бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэн шинжтэй үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар *******т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ер /90/ хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар *******т шүүхээс оногдуулсан торгох ялыг эдэлж дуусах хүртэл хугацаанд хохирогч Б.Хандсүрэнгийн гэрт орох, очих, түүнтэй биечлэн уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Шинэбаяр нь шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалт зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүхээс оногдуулсан торгох ялыг хорих ялаар солихыг тайлбарласугай.

   7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Хандсүрэн нь баримтаар эрүүл мэндийн хохирол нэхэмжлээгүй, цаашид нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн зэргийг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.ХАТАНЦЭЦЭГ