Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2017/ШЦТ/118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Дгээр хөтлүүлж
Улсын яллагч: Н.Ц
Шүүгдэгч: Д.******* нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овгийн Дын *******д холбогдох эрүүгийн 1712001420037 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
    
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ******* аймгийн Цэцэг суманд төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ******* сумын Цагаан давааны 0000 тоот хаягт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй,  Д овгийн Дын ******* /РД:А0000/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.******* нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны орой Архангай аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 0000 тоотод өөрийн эхнэр Б.*******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
    
    Мөрдөн байцаалтын үед:

    Хохирогч Б.*******ийн... 2017 оны 09 дүгээр сарын 08-ны орой 21-22 цагийн орчимд Архангай аймгийн ******* сумын 1 дүгээр Цагаан давааны 0000 тоотод байх гэртээ бага насны жаахан хүүхдүүдтэйгээ байж байтал манай нөхөр Д.******* нь гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд надад хандаж чи дандаа уурладаг, чи явахгүй яасан юм гэх мэт зүйл яриад намайг сандлаар цохих гэснээ болиод гараараа миний толгойн ар дагз хэсэг рүү нэг удаа цохичихоод ус буцалгагчаар мөн миний ар дагз руу нэг удаа цохисон. Тэгээд би эмнэлгийн байгууллагад дуудлага өгөөд цагдаа дуудсан юм. Д.******* бид хоёр 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө гэр бүлийн асуудлаар хэрүүл маргаан үүсгэсэн. Үүнээс л болж намайг цохиж зодсон гэж бодож байна. Д.******* намайг байнга дарамталж зоддоггүй. 2017 оны 09 дүгээр сарын 08-нд л согтуу байхдаа нэг удаа зодож цохисон. Манай хүүхдүүд бага насны хүүхдүүд учраас тухайн асуудал болох үеэр унтчихсан байсан юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг /хх-ийн 5-9 хуу/

    Гэрч Т.*******гийн: ... Миний сонссоноор 2017 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө 21-22 цагийн үед Архангай аймгийн ******* сумын 1 дүгээр баг Цагаан давааны 39а-17 тоотод байх гэртээ хэрүүл маргаан хийж ******* нь *******ийг зодсон гэсэн. Ус буцалгагч болон гараараа цохисон гэсэн. Би хажууд нь байгаагүй учраас нарийн сайн мэдэхгүй байна. Анх удаа л ийм зүйл болж байна. Урьд өмнө нь ******* нь *******ийг зодож цохиж хүчирхийлж байсан зүйл байхгүй. Надад тийм зүйл анзаарагдаж байгаагүй. Уг нь тийм зүйл болсон бол би болон бусад хамаатангууд нь мэдэх ёстой юм. Надад өөр нэмж хэлэх зүйл байгүй. ...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/

        Д.*******ы яллагдагчаар мэдүүлсэн: ... Би 2017 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө 21-22 цагийн орчимд Архангай аймгийн ******* сумын 1 дүгээр баг Цагаан давааны 0000 тоотод байх өөрийн гэртээ эхнэр *******тэй гэр бүлийн дотоод асуудал буюу хувийн шинжтэй асуудлаас болж маргалдсан. Үүний улмаас би түүний ар дагз хэсэгрүү нь 1 удаа гараараа, мөн толгойных ар дагз руу ус буцалгагчаар 1 удаа цохисон. өөрөөр цохиж зодоогүй. Тэгээд ******* эмнэлэг болон цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.  Би тухайн үед бага хэмжээний архи уучихсан, халамцуу байсан. Би урьд өмнө нь *******ийг зодож цохиж янз бүрийн байдлаар эрхшээлдээ оруулж дарамталж байсан зүйл байхгүй. Ус буцалгагч өмнө гэмтэлтэй байсан ба заримдаа асаад заримдаа асахаа байчихдаг байсан. Тэгээд гаргаад хог дээр хаячихсан байсан. Сүүлд нь хогийн машин ирээд хогтой хамт ачаад явсан байна лээ. Хэрэг болох үед манай гэрт ******* болон манай 8 настай нэг хүүхэд, 9 настай нэг хүүхэд 11 настай нэг хүүхэд бид нар байсан. Манай хүүхдүүд тухайн үед унтацгаасан байсан. Уг хэрэг нь манай гал тогооны өрөөнд л болсон. Одоо ч манай хүүхдүүд дээрх асуудал гарсан талаар мэдэхгүй байгаа. Би ийм хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Би дахин гэмт хэрэг захиргааны зөрчил үйлдэхгүй. ******* бид хоёр сайн дураараа эвлэрсэн байгаа. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 хуу/

    Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний 402 дугаар дүгнэлт:
1.        Б.*******ийн биед толгойн дагз хэсэгт язарсан, шарх гэмтэл тогтоогдлоо. 
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.    Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт /хх-ийн 17 хуу/
        
    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 35-36 хуу/
    Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.


    Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.******* нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 22 цагийн орчим Архангай аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 000 тоотод өөрийн эхнэр Б.*******тэй маргалдан түүний толгойн дагз хэсэгт гараараа болон ус буцалгагчаар цохьсон нөхцөл байдал тогтоогдлоо.


    Шүүгдэгч Д.******* нь хохирогчийг цохьсон үйлдэл болон гэм буруугийн хувьд маргаагүй бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Б.*******, гэрч Т.******* нарын мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний 402 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байна гэж үзлээ.


    Шүүгдэгч Д.******* нь хохирогч Б.*******ийн толгой, дагз хэсэгт гар болон ус буцалгагчаар цохьсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.


    Аймгийн прокурорын газраас Д.*******ы үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.


    Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн эсэх, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг хянахад дээрх нөхцөл байдлууд тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.


    Иймд шүүгдэгч Д.*******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 


Д.*******ыг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна.


Хохирогч Б.******* нь шүүгдэгч Д.*******аас гомдол болон нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.


    Шүүгдэгч Д.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
                                              
                                                     ТОГТООХ нь:


1. Шүүгдэгч Д овгийн Дын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Д.******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ сарын дотор хэсэгчлэн төлж болохыг дурдсугай.

4. Д.******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ