Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2529

 

 

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2017/02529

 

 

 ЭАЭК  ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2017/02663 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ЭАЭК  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НӨ ХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 20 222 610 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 13 766 500 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр НӨ ХК-тай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яамны цахим архивын гараашийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн.

Тухайн үед НӨ ХК-ийн захирал н.Ганзориг шалтгаантай байсны улмаас гэрээнд тамга дарагдаагүй, хугацаа алдаж 11 дүгээр сарын 01-24-ний хооронд ажил хийгдсэн. Ажил гүйцэтгэх хугацаанд тус компанийн ерөнхий инженер н.Дэлгэрцогт нь нэмэлтээр довжооны 2 751 000 төгрөгийн, теплицний 4 000 000 төгрөгийн, пандус, хаяавчны 7 044 840 төгрөгийн ажлыг хийлгэсэн. Үүнээс 2 751 000 төгрөгийг НӨ ХК төлсөн.

 Цаг агаарын байдлаас болж уг гараашийн ажил дээр нэмэлтээр теплиц хийх, цутгалт хийсний дараа үлээгүүр тавьж бетоныг хатаах арга хэмжээ авах шаардлагатай болсон. Мөн гараашийн хэмжээ 280 м.кв байсан боловч зураг төсөл өөрчлөгдөж 324 м.кв болж үнийн дүн дээр зөрүү гарсан.

Гэрээнд ажлын хөлсийг 21 000 000 төгрөгөөр тохирсон боловч зөрүүний үнийн дүнг гэрээнд тусгаагүй үлдээсэн байгаа. Ингээд гараашийн ажлын 21 000 000 төгрөг, нэмэлтээр хийсэн теплиц 4 000 000 төгрөг, пандус, хаяавч гүйцэтгэлийн 7 044 840 төгрөгийн ажлын хөлснөөс 8 844 840 төгрөг, үлээгүүрийн түрээсийн хөлс 4 200 000 төгрөг, хэв хашмал худалдан авсан, сапудны түрээсийн төлбөрт 15 493 270 төгрөг төлөхөөс 7 177 770 төгрөг нийт 20 222 610 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлээр 13 766 500 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь яамны архивын барилгын довжоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гардаг зам дээр гүйцэтгэсэн ажлын хөлсийг хариуцагчаас нэхэмжлээгүй. НӨ ХХК-ийн нягтлан Л.Сэлэнгэ нь ажлын хөлснөөс 13 766 500 төгрөгийг илүү төлсөн, энэ үйлдэлд сахилгын арга хэмжээ авч ажлаас халсан нь тухайн байгууллагын дотоод асуудал.

Тухайн үед эрх бүхий албан тушаалтнуудын тооцоо нийлсэн акт нь хүчин төгөлдөр байна. Ажлын гүйцэтгэлийн урьдчилгаанд 3 000 000 төгрөг, довжооны ажлын 2 751 000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр манайд шилжүүлсэн байна. Энэ нь довжооны ажлыг та нар хий гэснийг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг.

Ажлын үр дүн гарсан түүний дагуу хөлсөө төлөх ёстой. Пандус, хаяавчны ажлыг 7 044 840 төгрөгөөр хийнэ гэж гэрээ байгуулсан, үүний хөлсөнд 8 000 000 төгрөг, нэмэлтээр теплицийг 4 000 000 төгрөгөөр хийсэн, ажлын хөлс 4 300 000 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч эдгээр ажлыг нэмэлт ажил гэж үзсэн бол Иргэний хуулийн 345.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээг дуусгавар болгох саналаа хэлэх байсан. Харин ч хүлээн  зөвшөөрч мөнгө шилжүүлсэн.

Хэв хашмал, сапудыг 11 322 270 төгрөгөөр “Хэв хашмал” ХХК-иас түрээслье гэхэд хүлээн зөвшөөрч 995 500 төгрөг шилжүүлсэн. Мөн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр халаагуур үлээгүүрийг н.Билэгсайханаас түрээсэлсэн. Үүний урьдчилгаа 500 000 төгрөг төлсөн.

Зөвхөн хийж гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг тооцоо нийлсэн актын дагуу нэхэмжилсэн. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НӨ ХК-тай 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яамны архивын барилгын ерөнхий ажил гүйцэтгэгч нь НӨ ХК бөгөөд ажил гүйцэтгэхдээ туслан гүйцэтгэгчээр “Эм Ар Эйч констракшн “ХХК-ийг ажиллуулсан.

Туслан гүйцэтгэгчийн гүйцэтгэх ажил нь хүзүүвч, гараашийн угсралт, гадна тохижилт, довжооны цутгалт зэрэг ажлыг 1 м.кв-ыг 75 000 төгрөгөөр 280 м.кв талбай бүхий ажлыг 21 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон.

Эдгээр ажлыг 2014 оны 11 дүгээр сард гүйцэтгээд дууссан. Нэхэмжлэгч ажлын доголдол, үнийн дүн дээр маргаагүй байна. Ажлын үед 2 тал тооцоо нийлж явсан. Манайх 34 000 000 гаруй төгрөг төлсөн, үүнд 21 000 000 төгрөг төлөгдсөн байгаа. Гэрээний 3.4-т зааснаар нэмэлт ажил хийгдэх бол 2 тал акт үйлдэж баталгаажуулна, гэрээнд өөрчлөлт оруулахаар бол зөвшилцөж, бичгээр оруулна гэж тохирсон. Гэрээгээр нэмэлт ажил хийхээр тохироогүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

ЭАЭК  ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10/49 тоот албан бичигт “...ажлаа хийж гүйцэтгэсэн гэдгийг илэрхийлээд НӨ ХК-тай төлбөр тооцоо дууссан” гэдгийг зөвшөөрдөг.

Одоо яригдаад байгаа 20 483 610 төгрөгний ажил нь нэмэлт теплицний хөлс, нэмэлт теплицийг өвлийн улиралд хийж гүйцэтгэсэнтэй холбоотойгоор пум, сапуд, үлээгүүр зэрэг барилгын материал түрээслэсэн гэсэн 2 асуудал яригддаг. Үүнийг НӨ ХК хариуцах үндэсгүй байна.

Гэрээний үнийн дүн 21 000 000 төгрөг байсан. Гэтэл үүнээс 13 766 500 төгрөгийг туслан гүйцэтгэгчид шилжүүлсэн байна. Энэ нь албан тоотод дурьдсан шиг захиалагч яамны инженер н.Алтанцэцэг, н.Мөнхзул нарын зүгээс санхүүжилт орно, энэ болтол асуудлаа шийдэж бай гэсэн хүсэлтийн дагуу бусдын өмнөөс мөнгө төлсөн зүйл болсон.

НӨ ХХК-ийн нягтлан бодогч Л.Сэлэнгэ нь акт баримтгүйгээр туслан гүйцэтгэгчид мөнгө шилжүүлсэн бөгөөд сахилгын зөрчил гаргасан асуудлаар ажлаасаа халагдсан. Гэрээнд хамааралгүй мөнгө шилжүүлсэн нь ЭАЭК  ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн. Иймд Иргэний хуулийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар 13 766 500 төгрөгийг нэхэмжлэгчээс нэхэмжилж байна гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан НӨ ХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 20 222 610 төгрөг гаргуулахыг хүссэн ЭАЭК  ХХК-ийн нэхэмжлэл, ЭАЭК  ХХК-иас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 13 766 500 төгрөг гаргуулахыг хүссэн НӨ ХХК-ний сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 000 төгрөг, хариуцагчаас төлсөн 226 783 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

"Эм Ар Эйч констракшн" ХХК, "Нийслэл өргөө" ХК-ийн хооронд 2014 оны 10 угаар сарын 24-ний өдөр байгуулагдсан "Барилгын ажил гүйцэтгэх гэрээ"-ний 6.2, 6.3 дахь заалтын тухайд тухайн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах боломж байгаагүй. Учир нь "Нийслэл өргөө" ХК-ийн ерөнхий захирал Б.Ганзориг нь гэрээ байгуулсанаас cap гарны дараа буюу тухай оны 11 сард шүүхийн шийдвэрээр ял эдлэх болсон гэдэг. Тиймээс тухайн үед "Нийслэл өргөө" ХК-ийн тамга, тэмдэг байхгүй гэдэг үндэслэлээр "Барилгын ажил гүйцэтгэх гэрээ"-ний 2.3.4-т заасны дагуу хоёр талаас шинээр хийгдэх ажил бүрт Хүн ам хөгжил, Нийгмийн хамгаалалын яамыг төлөөлөн Б.Алтанцэцэг, "Нийслэл өргөө" ХК-ийг төлөөлөн барилгын инженер Д.Нямбаяр, Б.Хулан нар, "Эм Ар Эйч констрашкн" ХХК-ийг төлөөлж барилгын даамал Б.Батсан нар акт, үйлдэн ажил гүйцэтгэж байсан нь хэрэгт авагдсан 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн цутгамал бетон, төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэсэн 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр үйлдсэн 6 актын дугаар 1,5,21 үүдээр нотлогдож байгааг шүүхээс үнэлж тогтоогоогүй байна.

Мөн "Нийслэл өргөө" ХК нь гэрээний 2.3.4-т заасан үндэслэлээр манай компанид нэмэлт ажил даалган гүйцэтгүүлж байсан нь хэрэгт авагдсан хоёр талын тооцоо нийлсэн актаар буюу "Нийслэл өргөө" ХК-ийн нягтлан Л.Сэлэнгийн гаргасан тооцоо нийлсэн актаар нотлогдож байдаг юм.

Хэргийн 11-13 дахь талд авагдсан "Тооцоо нийлсэн акт"-ын хувьд тухайн үед "Нийслэл өргөө" ХХК-ийн нягтлан Л.Сэлэнгэ гаргасан акт бөгөөд уг акт нь НХмаягт Т-3 маягтаар үйлдэгдээгүй нь албан хэрэг хөтлөлтийн хувьд стандартад нийцээгүй боловч тухайн үеийн үйл баримтыг нотлох баримт бичгийн хувьд нотлох баримтын шаардлага хангахуйц бичмэл баримт юм. Иймээс шүүхээс дээрх баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй байгаа нь хууль зүйн хувьд үндэсгүй гэж үзэж байна. Мөн тухайн баримт албан хэрэг хөтлөлтийн стандартад нийцэхгүй байгаа нь манай компани нь ямарваа хариуцлага, хохирол хүлээх үндэсгүй юм.

"Эм Ар Эйч констрашкн" ХХК-иас "Нийслэл өргөө" ХК-д 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 16/49 тоот албан бичигт "...яам нь хувийн хэвшлийн байгууллага болон хувь хүнээс түрээсийн бараа материал авч гэрээ хийж, тамга тэмдэг дарж болохгүй учраас танайх компани дээрээ гэрээ хийж дараах бараа материалуудыг зээлээр авч ажлаа дуусга, санхүүжилт орохоор түрээсийн төлбөрийг төлнө, яам түрээсийн төлбөрийг бага багаар өгч байсан..." гэснээс дүгнэвэл нэмэлт ажил гүйцэтгэхдээ бараа, тоног төхөөрөмж худалдан авах, түрээслэх хэлцэлийг гуравдагч этгээдтэй тохирсон гэж үзэхээр байна гэжээ.

Тухайн албан бичгийн хувьд "Нийслэл өргөө" ХК-ийн захирал ял эдэлж байсан гэдэг, компанийнх нь тамга тэмдэг байхгүй байсан тул манай компанийн тамга тэмдэг ашиглагдаж байсан үе байдаг. Энэ нь хэрэгт авагдсан 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2015/664 дугаар барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын актаар Ерөнхий гүйцэтгэгч "Нийслэл өргөө" ХК-ийн хэсэгт компанийн тамга дарагдаагүй байгаагаар харагддаг. Өөрөөр хэлбэл энэ үед "Нийслэл өргөө" ХК нь ямарваа гэрээ хэлцэл хийх боломжгүй байсан үе юм.

Мөн "Нийслэл өргөө" ХК нь нэмэлт ажлын хөлсөнд НХХЯ-аас нийт 450 000 000 гаргуулж авсан нь НХХЯ-с Манай компанид өгсөн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 4/2063 тоот хэрэгт авагдсан албан бичгээр харагддаг. Өөрөөр хэлбэл маргалдаж буй нэмэлт ажлын хөлс ашгийн хамт "Нийслэл өргөө" ХК-ийн дансанд орсон байдаг. Хэрэв шүүхээс дүгнэснээр дээрхи нэмэлт ажил нь НХХЯ, манай компани хоёрын хоорондын асуудал байсан бол "Нийслэл өгрөө" ХК нь НХХЯ-с нэмэлт ажлын хөлс 450 000 000 төгрөгийг гаргуулах үндэсгүй юм.

Шүүхээс хэргийг шийдэхдээ дээрхи нотлох баримтуудыг дутуу үнэлэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу "Эм Ар Эйч констрашкн" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсэгт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

Хариуцагч "Эм Ар Эйч констракшн" ХХК нь 13 766 500 төгрөгийг "Нийслэл Өргөө" ХК-иас авсан талаар маргаагүй, "Нийслэл Өргөө" ХК-ийн шилжүүлсэн 13 766 500 төгрөгийн хувьд талуудын хооронд үүргийн харилцаа үүсээгүй болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар бүрэн тогтоогдож байгаа.

"Эм Ар Эйч констракшн" ХХК нь үндэслэлгүйгээр 13 766 500 төгрөгийг авсан тул “Нийслэл Өргөө" ХХК нь үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээдээс буцаан шаардах эрхтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч ЭАЭК  ХХК нь хариуцагч НӨ ХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 20 222 610 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 13 766 500 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

            Талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан, гэрээний зүйл нь Чингэлтэй дүүргийн цахим архивын барилгын хүзүүвчний цутгалт, гараашийн угсралт, довжооны цутгалт, гадна тохижилтын ажил, нэхэмжлэгч ЭАЭК  ХХК гүйцэтгэгч тал, хариуцагч НӨ ХК-ийн захиалагч тал, ажлын хөлсийг 1 м.кв-ыг 75 000 төгрөгөөр тооцож 21 000 000 төгрөг төлөх үүргийг НӨ ХК хүлээсэн үйл баримтын талаар талууд маргаагүй. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Ажил гүйцэтгэгч буюу ЭАЭК  ХХК нь гэрээгээр тохирсон болон нэмэлт ажил хийж нийт 54 989 110 төгрөгийн ажлыг 2014 оны 11 сард хийж гүйцэтгэсэн ба захиалагч буюу НӨ ХК нь ажлын хөлс 34 766 500 төгрөгийг төлж бусад гүйцэтгэсэн ажлын хөлс, барилгын материалын түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон бол хариуцагч НӨ ХХК нь ажлын хөлс 21 000 000 төгрөг төлсөн талаар маргаагүй, харин 13 766 500 төгрөг илүү төлсөн тул нэхэмжлэгч ЭАЭК  ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй тул ажлын хөлс, материалын үнийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

            Талууд гэрээний 6.3 дахь хэсэгт зааснаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах бол бичгээр саналаа хүргүүлэхээр тохиролцсон байх ба уг гэрээнд нэмэлт өөрчлөлтийг гэрээнд заасан журмаар оруулсан талаар баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч ЭАЭК  ХХК тодорхой хэмжээний ажлыг гүйцэтгэсэн, уг гүйцэтгэсэн ажлыг хариуцагч хүлээн авч улмаар ерөнхий гүйцэтгэгчийн хувиар улсын комисст ажлыг хүлээлгэж өгсөн байна.

 

Нэхэмжлэгч ЭАЭК  ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ тодорхой бус хэдий байгаа ч хариуцагч НӨ ХК нь бодитоор 13 766 500 төгрөгийг ажлын хөлсөнд шилжүүлсэн тул энэ хэмжээгээр ажил гүйцэтгэх гэрээний зүйл, үнэ тодорхойлогдоно гэж дүгнэхээр байна.

 

Иймд ажлын гүйцэтгэл 54 989 110 төгрөг байснаас төлөгдсөн 34 766 500 төгрөгийг хасч тооцвол ажлын хөлсөнд 20 222 610 төгрөгийг хариуцагч нь төлөх үүрэгтэй гэдгийг нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

 

Түүнчлэн хариуцагч нь гэрээнд нэмэлт өөрчлөлтийг бичгээр оруулаагүй нь нэмэлт ажлыг нэхэмжлэгч хийгээгүй гэж үгүйсгээгүй тул нэхэмжлэгчийг 13 766 500 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэхээргүй байх тул сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч хуулийн нарийвчилсан зохицуулалт болох Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг зөв хэрэглээгүй алдаа гаргасныг залруулах боломжтой гэж үзэв.

 

Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаагүй нь буруу гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

НӨ ХК-ийн нягтлан бодогч Л.Сэлэнгийн гаргасан тооцоо гэх баримтыг анхан шатны шүүх үнэлээгүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ. Учир нь уг баримт /хх 11-13 дахь тал/-ад тооцоо гаргасан Л.Сэлэнгэ гэж гарын үсэг зурагдсан боловч гэрээний 2 талын эрх бүхий албан тушаалтнууд баталгаажуулаагүй, тамга тэмдэг дарагдаагүйгээс гадна Л.Сэлэнгэ нь хариуцагч байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлж тооцоо хийх албан тушаалтан болох талаар баримтгүй тул уг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн, зөв, эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй.

 

Мөн талууд 2014 оны 12 дугаар сарын 18, 28-ны өдрүүдэд ажил хүлээлцсэн 6 актыг үйлдсэн боловч уг актын зүйл, заалтад нэмэлтээр хийсэн ажлын хэмжээг гаргах боломжгүйгээс гадна, нэхэмжлэгчийн тодорхойлсон үнээр ажлын хөлсийг тооцох боломжгүй байна.

 

Иймд эдгээр баримтыг үнэлээгүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ. Түүнчлэн анхан шатны шүүх зохигчийн оноосон нэрийг буруу бичснийг шийдвэрийн удиртгал болон тогтоох хэсэгт залруулах боломжтой гэж дүгнэлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2017/02663 дугаар шийдвэрийн удиртгал хэсэгт НӨ ХХК гэснийг НӨ ХК гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй тул НӨ ХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 20 222 610 төгрөг гаргуулах тухай ЭАЭК  ХХК-ийн нэхэмжлэл, ЭАЭК  ХХК-иас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 13 766 500 төгрөг буцаан гаргуулах тухай НӨ ХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ЭАЭК  ХХК-иас төлсөн 261 000 төгрөг, хариуцагч НӨ ХХК-иас төлсөн 226 783 төгрөг төлснийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД                                              Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА