Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2021/0136

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

            Гомдол гаргагч: “М” ХХК

Хариуцагч: СБД-н улсын байцаагч Д.А, Б.

Гомдлын шаардлага: “СБД-н улсын байцаагч Д.А, Б.  нарын 2018 оны 029...дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан 8......төгрөгийн нөхөн татвар, 2,514,577.50 төгрөгийн торгууль, 1,676,385.00 төгрөгийн алданги нийт 12.......төгрөгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д*******, С.Ц*******, Г.Э*******, хариуцагч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

       ТОДОРХОЙЛОХ нь:

“М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “СБД-ийн улсын байцаагч Д.А., Б.Бнар  029...тоот шийтгэлийн хуудас, 25 029...дугаар тэмдэглэлийг үйлдсэн. Уг тэмдэглэлийн 3-т 2016 онд 9..... төгрөгийн, 2017 онд 74......төгрөгийн нийт 83.....төгрөгийн үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцсон зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д “Үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор орлуулсан буюу худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэн,  029...дугаар шийтгэлийн хуудас үйлдсэн.

Манай компанийн автомашинууд нь олон жил ашиглагдсан хуучны автомашинууд байдаг учраас сэлбэг хэрэгслийн зардал өндөртэй байдаг хэдий ч тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Энэ хуулийн 12.1.6-д заасан албан татвар ногдох орлогоос хасч тооцох зардал нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үлдэгдэл өртгийн 2 хувь, бусад хөрөнгийн хувьд үлдэгдэл өртгийн 5 хувиас хэтрэхээргүй байх бөгөөд үүнээс хэтэрсэн урсгал засварын зардлыг их засварын зардалд тооцно” гэж заасны дагуу 5 хүртэл хувийг нь  зардалд тооцож, үлдэх дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг хасч, үндсэн хөрөнгийн үнийн дүнд нэмж бүртгэн капиталжуулж ирсэн.

Мөн дээрх байдлын талаар 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Б.Ц.... 03/1163 дугаартай албан тоотод “...Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д түүхий эд, үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, уур, ус, эрчим хүч, түлш, шатахуун, сэлбэг хэрэгсэл, сав, баглаа боодлын зэрэг бүх төрлийн материалын зардал” гэж заасан байх тул ачааны автомашины дугуйны зардал дээрх хуулийн заалтаар бүртгэгдэх бөгөөд мөн өөрийн дансанд бүртгэлтэй ачааны авто машиндаа их засвар хийхэд ашигласан сэлбэгийн нэмэгдсэн өртгийн албан татвар нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д заасны дагуу буцаан олгогдохоор үйлчлэгдсэн байна...” гэсний дагуу  бүртгэлийг хөтөлж ирсэн.

Гэвч улсын байцаагч хуулийг буруу тайлбарлаж, сэлбэг материалын зардлын нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтыг хийхгүй үндсэн хөрөнгөд бүртгэх ёстой гэсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай / 2015 оны /  хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д “Үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй” гэсэн заалтыг үндэслэн торгууль ногдуулсан нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа үйлдэл юм. Өөрөөр хэлбэл улсын байцаагчийн үйлдэл нь аливаа засвар үйлчилгээ хийхэд 5 хувийг зардалд тооц, үлдсэн хэсэгт нь нэмэгдсэн өртгийн албан татварт тооцож, тухайн хөрөнгийн үлдэх хөрөнгийг улам бүр нэмэгдүүл гэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай / 2006 оны / хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасан заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Иймд дээрх зөрчилд ногдуулсан 12.......төгрөгийн хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:: Улсын байцаагч хоёр асуудлыг хольж ярьсан. Ижил төстэй хоёр компанийн хоёр асуудал яригдсан. Манай гаргасан нэхэмжлэл бол автомашины моторт ээлж хийхдээ засвар, сэлбэг хэрэгсэл худалдаж авсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д заасан заалт нь үндсэн хөрөнгө худалдаж авахад төлсөн албан татварыг хасахгүй гэсэн байгаа. Бид нарт шийтгэл оногдуулахдаа Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйл, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, Аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэл үнэн зөв,  анхан шатны баримтад дээр үндэслэгдэх ёстой гэсэн зүйл, заалтыг зөрчсөн гэсэн байдаг.  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн үндсэн хөрөнгийн капиталжих хэсэг, манайх анх худалдаж авахдаа сэлбэг хэрэгсэл худалдаж авсан гэдгээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.13, 14.1.14-т зааснаар анхан шатны баримтаар үнэн зөв бүртгэсэн бөгөөд ард талд нь задаргаа байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд “сэлбэг хэрэгсэл нь үл хөдлөх хөрөнгийн 5 хувь нь урсгал зардалд орж болно. Түүнээс хэтэрснийг капиталжуулна” гэж заасан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зөвхөн үндсэн хөрөнгө худалдаж авахад зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татварын хасаж болохгүй.

Сэлбэг хэрэгслийг анхан шатны баримтаар байцаагчид нотолж өгсөн. Үндсэн хөрөнгийн товчоо тайланг харж, энэ хөрөнгө нэмэгдсэн нь үнэн үү гэдгийг харсан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуучин хуульд заасан хязгаарлалтыг мөрдсөн. Манай автомашинууд хуучин учраас өртөг өндөр байдаг. Автомашины сэлбэг хэрэгсэл нь үл хөдлөх хөрөнгийн 5 хувь нь урсгал зардалд орж, үлдсэнийг капиталжуулж, дараагийн ашиглагдах жилдээ ногдуулж, элэгдлийн зардлаар хасаж явдаг. Тухайн тайлант оныхоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бууруулаагүй бөгөөд зөвхөн сэлбэг худалдаж авсан. Анхан шатны баримтыг харах юм бол сэлбэг гэдэг нь бүгд нотлогдоно. Маргаан таслах зөвлөлөөр таслагдсан гэж ярьсан. Дугуйг капиталжих ёстой гэж хариуцагч үзсэн. Дугуй бол сэлбэг хэрэгслийн зардал. Шууд зардалд ордог. Моторын ээлж нь өөрөө засварын зардал юм.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д “Урсгал зардлыг татвар ногдох орлогоос хасагдана” гэсэн мөртлөө мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар хязгаарлаж өгсөн байдаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, 4.1.14-т заасныг анхан шатны баримт гэж нотолсон байгаа. Үүнийг үндэслэж, бүртгэлээ нэг бүрчлэн хөтөлсөн. Улсын байцаагчийн үндсэн хөрөнгө худалдаж авах нэмэгдсэн өртгийн албан татвар хасагдахгүй гэсэн энэ заалтыг буруу хэрэглэсэн байна. Үндэслэлгүй байсан учраас нэхэмжлэл гаргасан.

Үндсэн хөрөнгийн хязгаарлалттай заалтад 5 шалгуурыг хангасан бол хөрөнгийг капиталжуулах шалгуур байдаг. Уг шалгуурт хөрөнгийн ашиглалтын хугацааг сайжруулж байгаа бол, өнгө үзэмжийг сэргээж байвал, насжилтын хугацааг нэмж байвал тухайн хөрөнгийг капиталжуулна гэсэн байдаг. Капиталжуулна гэдэг нь хөрөнгө худалдан авч байгаа хэсэг биш, моторын ээлж хийж, моторын ашиглалтын хугацааг сайжруулж байгаа учраас 5 хувийн хязгаарлалтын зардлыг урсгал зардалд хийж, үлдсэнийг капиталжуулж байгаа. Яг капиталжуулсан хэсэг дээр нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох ёстой. Дугуйг капиталжуулах ёстой  гэсэн бөгөөд сэлбэг хэрэгсэл дотор орчихдог. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг баримталсан бөгөөд хөрөнгө худалдаж аваагүй. Сэлбэг хэрэгсэл худалдаж авсан талаар анхан шатны шалгалтад дээр хэлж байсан. Моторын ээлж хийсэн. Цаг хугацаатай байдаг. Моторт ээлж хийж, засвар гэсэн утгаар  капиталжуулсан. Сэлбэг хэрэгслийн зардалд хязгаарлалт байхгүй. Мотор гэсэн эд ангийг худалдаж аваагүй, үндсэн хөрөнгө гэсэн тодорхойлолт ч байхгүй.

Үндсэн хөрөнгийн капиталжуулалт нь өөрөө үндсэн хөрөнгө дээр бүртгэгдэг учраас Сангийн яамны тайлан дээр хөрөнгө нэмэгдсэн байдлаар харагдах нь тодорхой. Энэ нь нягтлан бодох бүртгэлийн хоёр талт бичилтийн системийг дутуу тайлбарлаж байна. Хөрөнгө капиталжуулсан уу, худалдаж авсан уу гэдэг ялгааг татварын улсын байцаагч гаргаж чадахгүй байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, 4.1.14-т тодорхой зааж өгсөн. Анхан шатны баримтад сэлбэг худалдаж авсан талаар маш тодорхой заасан байгаа. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг ягштал баримталсан” гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мотор худалдаж аваагүй бөгөөд сэлбэг хэрэгсэл худалдаж авсан. Мотор ганцаараа ажил гүйцэтгэхгүй. Ажил гүйцэтгэх үйл ажиллагаа явуулдаг зүйл нь автомашин юм. Моторт сэлбэг авсан. Үндсэн хөрөнгө гэж үзэх боломжгүй.

Нотлох  баримт  шинжлэн  судалсан  болон асуулт, хариултын явцад 2016 он,

2017 оны үед авсан сэлбэг гэдэг нь тогтоогдсон. Нотлох баримт шинжлэн судлах явцад худалдаж авсан бараа материалын жагсаалтыг судалсан. Хариуцагч талаас мотор худалдаж авсан гэж ярьж байгаа боловч мотор авсан гэх ямар нэгэн баримт байхгүй. Моторт зориулагдсан сэлбэг хэрэгслийг худалдаж авсан. Анхан шатны баримтаар нотлогдож байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн 5 хувийг төлсөн. Тухайн худалдаж авсан сэлбэгийн 5 хувийг бүрдүүлж зардалдаа тооцож, үлдэх хэсгийг тухайн машины өртөгт тооцож, капиталжуулж ирсэн. Энэ нь ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл биш. Гомдлын шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Шийтгэлийн хуудсанд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д заасныг баримталж шийтгэл ногдуулсан байдаг. 2016-2017 оны үйл баримтад шалгалт хийсэн байдаг. Гэтэл 2017 он, 2018 оны үед Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д заасан заалт байгаагүй. 2019 оны 3 сарын 22-ны өдрийн хуулиар батлагдаж нэмэлт, өөрчлөлт орсон байдаг. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль буюу Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийг баримталж ирсэн. Улсын байцаагчаас шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй байна” гэжээ.

Хариуцагч  Б.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “СБД-ийн улсын байцаагч Д.А..., Б.Б.. бид Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын олгосон 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 25180800590 дугаар төлөвлөгөөг хяналт шалгалт хийх томилолтын дагуу 27.... дугаар регистрийн дугаартай “М” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татвар, ногдуулалт төлөлтийн байдалд байгууллагын санхүү, татварын тайлан тэнцэл, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, банкин дахь харилцах дансны хуулга, нягтлан бодох бүртгэлийн журналууд, хөндлөнгийн мэдээлэл, татвар төлөгчийн ярилцлага зэрэгт үндэслэн татварын хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн.

Хяналт шалгалтаар 263,252,868.2 төгрөгийн зөрчил илэрч, Татварын тухай хуулийн 18 дугаар зүйлд 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх...”, 18.1.3-д “Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн тогтоосон журам... нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан гаргах...”, Нягтлан бодох бүртгэлийн  тухай  хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.2-д заасныг болон бусад хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн нь тогтоогдсон тул 2018 оны 029...дугаар шийтгэлийн хуудсаар 19....  төгрөгийн нөхөн татвар, 6,910,216.1 төгрөгийн торгууль, 4,471,310.7 төгрөгийн алданги, нийт 30.... төгрөгийн төлбөр ногдуулсан.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2015 онд батлагдсан хууль 2016 оны 1 дүгээр сараас мөрдөгдөж эхэлсэн. Уг хуульд тодорхой байгаа. 2016 оны 9,172,727.3 төгрөг, 2017 онд 74,646,523.7 төгрөг, нийт 83..... төгрөг яг энэ үеийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан дээр худалдан авалтын хасалтын падаан гэдэг дээр байгаа. Тухайн үеийн мөнгөөр гарч үндсэн хөрөнгө худалдаж авсан. Хөрөнгөө капиталжуулж нэмэгдсэн гэж ярьж байна. Энэ бол үгүй. Тайлангийн худалдан авалтын падаан хэсэгт байгаа.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2015 оны хуульд байгаа. 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр татварын багц хуульд өөрчлөлт ороход хувь тэнцүүлэн хасах заалт болж өөрчлөгдсөн. 2015 оны хуулиар хасахгүй гэсэн заалт байгаа” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гомдол гаргагч “М” ХХК нь СБД-ийн улсын байцаагч Д.А., Б.Бнар нь 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн. 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж, шийтгэлийн хуудсаар хариуцлага хүлээлгэсэн.

Гомдол гаргагч шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, Нийслэлийн татварын газарт гомдол гаргасан. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжилсэн хэсэг буюу 2016 он, 2017 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д заасан заалтыг зөрчсөн гэсэн зөрчлийн хэсэг нь Маргаан таслах зөвлөлөөр шийдвэрлэгдсэн байгаа.

2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д “Үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй” гэж зааж өгсөн. Энэ хуулийн заалтын дагуу гомдол гаргагчийн санхүү татварын тайлан буюу анхан шатны баримтыг шалгаж, шийтгэлийн хуудсаар хариуцлага хүлээлгэсэн.

Татварын хяналт шалгалтын явцад анхан шатны баримтаар нотлогдсон. Гомдол  гаргагчийн  анхан  шатны  баримтад Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар хариуцлага хүлээлгэсэн. Хуулийг баримталсан тул хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Гомдол гаргагч “М” ХХК нь тус шүүхэд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан “СБД-н улсын байцаагч Д.А, Б.  нарын 2018 оны 029...дугаар шийтгэлийн хуудас, 25 029...дугаар тэмдэглэлээр 8......төгрөгийн нөхөн татвар, 2,514,577.50 төгрөгийн торгууль, 1,..... төгрөгийн алданги нийт 12.......төгрөгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг гаргасан бөгөөд хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад гомдлын шаардлагаа  “СБД-н улсын байцаагч Д.А, Б.  нарын 2018 оны 029...дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан 8......төгрөгийн нөхөн татвар, 2,.... төгрөгийн торгууль, 1...... төгрөгийн алданги нийт 12.......төгрөгийг хүчингүй болгуулах” гэж өөрчилж, гомдлын үндэслэлээ  “... улсын байцаагч нар  хуулийг буруу тайлбарлаж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д заасныг үндэслэн торгууль ногдуулсан нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, ... Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд “сэлбэг хэрэгсэл нь үл хөдлөх хөрөнгийн 5 хувь нь урсгал зардалд орж болно. түүнээс хэтэрснийг капиталжуулна” гэж заасан.  ... автомашины дугуй бол сэлбэг хэрэгслийн зардал,  моторын ээлж нь өөрөө засварын зардал... Автомашины мотор худалдаж аваагүй, сэлбэг хэрэгсэл худалдаж авсан. .... Энэ нь үндсэн хөрөнгө биш... ” гэж,  хариуцагч нь  “...” М” ХХК нь орлого олж байгаа, шатахуун зөөж байгаа машиндаа мотор худалдаж авсан. Автомашины мотор, сэлбэгийг  ... үндсэн хөрөнгө гэж бүртгэсэн. ... Машины мотор нь  12 сараас дээш хугацаагаар ашиглагддаг учраас үндсэн хөрөнгө гэж ангилдаг . Шийтгэлийн хуудас үндэслэлтэй ” гэж тодорхойлон маргажээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

СБД-ийн улсын байцаагч Д.А..., Б.Б.. нар нь “М” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын иж бүрэн хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр 06-ны өдрийн  029...дугаар шийтгэлийн хуудсаар[1] “М” ХХК-г “ төсөвт төлөх татвараа бууруулсан “ гэх 263..... төгрөгийн зөрчилд 19,..... төгрөгийн нөхөн татвар, 6..... төгрөгийн торгууль, 4,471,310.7 төгрөгийн алданги, нийт 30,..... төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн, гомдол гаргагч хуулийн этгээд нь дээрх татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрийн зарим хэсгийг эс зөвшөөрч,  Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөл хянаад 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 7.. дугаар тогтоолоор[2] нийт оногдуулсан  30,932,289.80 төгрөгийн төлбөрөөс  “авто машины урсгал засварын зардлыг норматив хэмжээнээс илүү тооцоолж, татвар ногдох орлогоос хассан” гэх 145..... төгрөгийн зөрчилд оногдуулсан 10,290....төгрөгийн нөхөн татвар, 3,087....төгрөгийн торгууль, 2,058,021.70 төгрөгийн алданги, нийт 15,.... төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 98..... төгрөгийн зөрчилд оногдуулсан 8......төгрөгийн нөхөн татвар, 3,559,564.70 төгрөгийн торгууль, 2,237,543.10 төгрөгийн алданги, нийт 14..... төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна. .            Гомдол гаргагч хуулийн этгээд нь маргаан бүхий шийтгэлийн хуудсаар оногдуулсан “ үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцсон” гэх 83.....төгрөгийн зөрчилд  8......төгрөгийн нөхөн татвар,  2,514,577.50 төгрөгийн торгууль, 1,6.....төгрөгийн алданги, нийт 12,.... төгрөгийн төлбөр оногдуулсныг хүчингүй болгуулахаар маргажээ.

Нэг: “М” ХХК нь “... улсын байцаагч хуулийг буруу тайлбарлаж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д заасныг үндэслэн төлбөр ногдуулсан нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. ...  автомашины дугуй бол сэлбэг хэрэгслийн зардал,  моторын ээлж нь өөрөө засварын зардал... Автомашины мотор худалдаж аваагүй, сэлбэг хэрэгсэл худалдаж авсан. .... Энэ нь үндсэн хөрөнгө биш... ” гэж тодорхойлон маргаж байна.

   Нэхэмжлэгч “М” ХХК нь гадаад худалдаа, худалдааны зуучлал, автомашины засвар, үйлчилгээ, хот хооронд ачаа тээвэрлэлт буюу шатахууны тээвэрлэлтийн үйлчилгээг эрхэлдэг, 2016 онд 9,172,727, 27 төгрөгийн, 2017 онд 74,646,523,72 төгрөгийн  автомашины моторын сэлбэг хэрэгсэл худалдан авч, уг худалдан авалтдаа нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төлсөн болох нь  хэрэгт авагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан тооцоо, төлбөрийн баримт зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.

Сангийн сайдын 2017 оны 36.. дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан, тодруулгыг бэлтгэх заавар”-ын хоёрдугаар бүлгийн 9.1-д “Нэгээс дээш тайлант хугацаанд үйлдвэрлэл, борлуулалт, үйлчилгээ, бусдад түрээслүүлэх эсхүл захиргааны зориулалтаар ашиглаж байгаа биет хөрөнгө үндсэн хөрөнгөнд  хамаарна”, Үндсэн хөрөнгийг шинж чанар, үйл ажиллагаанд ашиглагдах байдлаар нь ангилна. Үүнд:  в. “Машин, тоног төхөөрөмж: Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай бүх төрлийн машин механизмаас гадна дамжуулах төхөөрөмж, нэмэгдэл төхөөрөмжүүд”, г. “Тээврийн хэрэгсэл: Бүх төрлийн тээврийн хэрэгслүүдгэж зааснаас үзэхэд автомашины мотор, сэлбэг хэрэгсэл нь үндсэн хөрөнгөд хамаарахаар байна.  Иймд гомдол гаргагчийн “ Автомашины мотор,  сэлбэг хэрэгсэл нь ... үндсэн хөрөнгө биш...” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 оны / хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т  “бараа” гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн хөрөнгийг “ойлгохоор, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн”,  “худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан бараанд төлсөн” нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцох”-оор,  14 дүгээр зүйлийн 14.1.5-д “үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй”, 14.6-д “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй”, 14.6.1-д “Суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг” гэж тус тус заажээ.

Дээрх хууль тогтоомжийн заалтын агуулгаас үзэхэд нэгэнт үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг тухайн этгээдийн  төсөвт төлөх албан татвараас хасахгүйгээр  заасан байх тул энэхүү зөрчилд татварын улсын байцаагч нар нь маргаан бүхий шийтгэлийн хуудсаар  нөхөн  татвар, торгууль, алданги оногдуулсан нь Нэмэгдсэн өртгийн албан   татварын  тухай  /2015 оны /  хуулийн  14 дүгээр  зүйлийн 14.1.5-д заасантай  

нийцсэн байна.

Дээрхээс дүгнэн үзэхэд  маргаан бүхий шийтгэлийн хуудсаар оногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. 

            Хоёр. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд “сэлбэг хэрэгсэл нь үл хөдлөх хөрөнгийн 5 хувь нь урсгал зардалд орж болно. ... автомашины дугуй бол сэлбэг хэрэгслийн зардал,  моторын ээлж нь өөрөө засварын зардал... Автомашины мотор худалдаж аваагүй, сэлбэг хэрэгсэл худалдаж авсан. .... Энэ нь үндсэн хөрөнгө биш... “ гэх үндэслэлийн тухайд.

            Гомдол гаргагч хуулийн этгээд нь  “ ... худалдан авсан автомашины мотор, сэлбэг, хэрэгсэлд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасч тооцох ёстой” гэж, эрх бүхий албан тушаалтан нь “ үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж буюу үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасч тооцохгүй” гэсэн агуулгаар маргаж байна.  

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай  /2015 оны/ хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, буцаан олгох, тайлагнахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино” гэж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь аж ахуйн нэгжийн орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тус тус заажээ. Дээрхээс үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулах, төсөвт төлөхтэй холбогдсон харилцаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулиар  зохицуулагдахаар байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын  тухай /2015 оны/ хуулийн 14 дүгээр зүйлээр нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх харилцааг нарийвчлан журамласан байх тул уг маргааныг шийдвэрлэхэд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.1, 12.2  дахь хэсгийг хэрэглэхгүй тул  гомдол гаргагчийн “  ... Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд “сэлбэг хэрэгсэл нь үл хөдлөх хөрөнгийн 5 хувь нь урсгал зардалд орж болно. ... автомашины дугуй бол сэлбэг хэрэгслийн зардал,  моторын ээлж нь өөрөө засварын зардал. ...Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтыг зөрчсөн” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.  

Иймд татварын улсын байцаагч нар нь холбогдох хуулийн  заалтыг зөрчөөгүй, дээрх маргаан бүхий шийтгэлийн хуудасны улмаас гомдол гаргагчийн эрх,  хууль   ёсны   ашиг   сонирхол   хөндөгдөөгүй   байх  тул  гомдол  гаргагчийн гомдлын  шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14  дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 он/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 14.6, 14.6.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гомдол гаргагч “М” ХХК-ийн  СБД-н улсын байцаагч Д.А, Б.  нарт холбогдуулан гаргасан  “СБД-н улсын байцаагч Д.А, Б.  нарын 2018 оны 029...дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан 8......төгрөгийн нөхөн татвар, 2,514,577.50 төгрөгийн торгууль, 1,676,385.00 төгрөгийн алданги нийт 12.......төгрөгийг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан  гомдол гаргагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван  хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.БАТСҮРЭН

 

 

 

[1] Хавтаст хэргийн 109 дүгээр хуудсанд

[2] Хавтаст хэргийн 118-122 дугаар хуудсанд