Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2024/0208

 

Б.Д-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан:

Хариуцагч Т.Ц, А.М

Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Үндэслэлгүй буюу илүү олгосон тэтгэврийг төлүүлэх тухай” 09/81 дүгээр актыг хүчингүй болгуулах, тэтгэврээс хууль бусаар суутгасан болохыг тогтоолгох, суутган авсан тэтгэврийг нөхөн олгохыг даалгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 8 дугаар

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, өмгөөлөгч Г.Н

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Тэмүжин

Хэргийн индекс: 118/2023/0026/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 8 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 23 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 2, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Т.Ц, А.М нарын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09/81 дүгээр актыг хүчингүй болгож, уг актын улмаас Б.Д-ийн тэтгэврийг хууль бусаар олгоогүй болохыг тогтоож, 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших тэтгэврийг нөхөн олгуулахыг хариуцагч Завхан аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Т.Ц, А.М нарт даалгаж шийдвэрлэжээ.

2. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            Шүүхийн шийдвэрийн 11 дүгээр талын 11.23-т “Маргаан бүхий захиргааны акт болон нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09/81 дүгээр актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг шүүхээс нэгэнт хангаж шийдвэрлэж байгаа тул дээрх нөхөн төлбөрийг актыг гаргаснаас хойш буюу 2023 оны 04 дүгээр сараас эхлэн Б.Д-д өндөр насны тэтгэврийг олгоогүй нь хууль бус болохыг тогтоож, 2023 оны 04 дүгээр сараас хойших өндөр насны тэтгэврийг түүнд нөхөн олгуулахыг хариуцагч нарт даалгах замаар нэхэмжлэгчийн “Тэтгэврээс хууль бусар суутгасан болохыг тогтоолгох, суутган авсан тэтгэврийг нөхөн олгохыг даалгах” гэсэн үндэслэлгүй дүгнэсэн байна.

            Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7-д заасан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, 2/-т “нийт 20-оос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол” гэсэн хуулийн шаардлагыг тэтгэвэр авагч Б.Д нь хангахгүй байгаа болох нь хяналт шалгалтаар тогтоогдсон тул Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын ахлах байцаагч нар 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 32/01 дугаартай акт үйлдэн 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэврийг зогсоосон. Харин Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09/81 дугаартай нөхөн төлбөр ногдуулсан акт бөгөөд Улсын байцаагч хуульд заасан эрх хэмжээний хүрээнд захиргааны акт гаргасан нь үндэслэлтэй гэж үзэж байна.

            Гэтэл Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 8 дугаар шийдвэрт “... Завхан аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Т.Ц, А.М нарын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09/81 дүгээр актыг хүчингүй болгож, уг актын улмаас Б.Д-ийн тэтгэврийг хууль бусаар олгоогүй болохыг тогтоож, 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших тэтгэврийг нөхөн олгуулахыг ...” даалгасан байна.

            Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 8 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09/81 дүгээр актаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7.2-т заасныг зөрчиж, худал мэдүүлэн шүүхийн шийдвэр гаргуулан өндөр насны тэтгэвэр тогтоолгосон гэж үзэж, нийгмийн даатгалын сангаас үндэслэлгүй илүү авсан 12 600 000 төгрөгийг Б.Д-аар буцаан төлүүлж санг хохиролгүй болгохыг үүрэг болгосон байна.

2.2. Анхан шатны шүүх “...Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 190 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Б.Д-г 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн “Идэр шинэ цэцэрлэг” нэгдэлд малчнаар буюу нийт 4 жил 6 сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон, уг шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон тул нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч нь дээрх хугацаанд малчнаар ажилласан нь тогтоогдсон гэж үзнэ” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

2.3. Тодруулбал, нийгмийн даатгалын байгууллагаас хяналт шалгалт хийх явцдаа Б.Д-ийн ажилласан жилийг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үгүйсгэж, түүнийг 1985-1987 онуудад тус сумын ерөнхий боловсролын сургуульд суралцаж байсан, малчнаар ажилласан байдлаа шүүхээр тогтоолгохдоо хөдөлмөрийн дэвтрээ гаргаж өгөлгүйгээр зарим хугацааны мэдээллээ нуусан гэж үзэн, маргаан бүхий актаар үндэслэлгүйгээр илүү авсан 12 600 000 төгрөгийг буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасанд нийцээгүй байна.

2.4. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн ажилласан байдал нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байгаа энэ тохиолдолд хариуцагч нарын “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7-д “Хөдөлмөрийн эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. 2/ нийт 20-оос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол...” гэсэн хуулийн шаардлагыг тэтгэвэр авагч Б.Д нь хангахгүй байгаа болох нь хяналт шалгалтаар тогтоогдсон тул ... 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэврийг зогсоосон, ... нөхөн төлбөр ногдуулсан, ... улсын байцаагч хуульд заасан эрх хэмжээний хүрээнд захиргааны акт гаргасан” гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

2.5. Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2-т зааснаар “Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг нөхөн төлүүлэх”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно” гэж заасан бөгөөд хариуцагч нараас нэхэмжлэгчийн тэтгэвэр олголтыг зогсоох дээрх хуульд заасан үндэслэл бүрдээгүй, эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдоогүй байхад зогсоосон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангагүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 8 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагч нарт буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН