Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 119

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч Б.Батбаяр

Хохирогч Ж.Пүрэвсүрэн

Шүүгдэгч Ч.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдсэнийг баталж ирүүлсэн Боржигон овогт Чулуунбаатарын Ганбаатарт холбогдох эрүүгийн 201610010218 тоот хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Булган аймагт төрсөн, 51 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмар эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Дорноговь аймаг Замын-Үүд сум 3-р баг Амарын 1-12 тоотод оршин суух, 1982 онд Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 1983 онд эдлээгүй үлдсэн 2 сар 16 хоногийн хорих ялыг тэнсэж суллагдсан, 1984 онд Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн б, 171 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хорих ялаар, 1988 онд Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар, 2015 онд Эрүүгийн хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д зааснаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, Боржигон овогт Чулуунбаатарын Ганбаатар /РД: ГЮ65080774/

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллагдагчаар татах тогтоолд авагдснаар/

Шүүгдэгч Чулуунбаатарын Ганбаатар нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгаснаас  Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын гудамд иргэн Ж.Пүрэвсүрэнг явж байхад нь Ч.Ганбаатарын нохойд нь уруулж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ч.Ганбаатар хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгт: 2016 оны 10 дугаар сарын 17-ны орой 21 цагийн үед цэвэр усныхаа цайны газарт ирээд тооцоо хийгээд сууж байтал эмэгтэй хүн муухай орилсон. Тэгээд би гэрээсээ гартал манай урд айлын авгай руу хоёр нохой дайраад зууралдсан байдалтай байсан. Би шороо самардаж нохой руу цацаж тэр хөгшнийг салгасан. Тэгээд машин ойрхон байсан болохоор хөгшнийг суулгаад эмнэлэг дээр хүргэж өгсөн. Тэгээд эмнэлгийн сувилагч нь боох боолт хэрэгсэл байхгүй гэхээр нь эмийн сангаас боох материалыг нь авч өгсөн. Тэгтэл хүүхдүүд нь эмнэлэг дээр ирэхээр нь би цэвэр усны газар руугаа явсан. Тэндээ очоод байж байтал хөгшний хүүхдүүд эргүүлийн цагдаа нартай ирж надаас асууж лавлаад явсан. Нэгэнт л энэ хөгшин манай нохойг гээд байгаа болохоор эмчилгээний мөнгө болох 500.000 төгрөгийг нь бэлнээр өгсөн. Манай нохой нэг нь мөн байсан нөгөө нохойг нь мэдэхгүй байна. Нохой маань Пүрэвсүрэнг урж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан. Нохойгоо уяагүй байсан нь миний буруу. Бид хоорондоо сайн дураараа эвлэрсэн гэв.

-Хохирогч Ж.Пүрэвсүрэн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн мэдүүлэгт: 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн орчимд манай найз Өлгийт манай гэрт ирсэн. Бид хоёр юм ярьж сууж байгаад оройны 21 цаг өнгөрч байхад би Өлгийтийг гэр рүү нь дөхүүлж өгчихөөд гэрлүүгээ орохоор баруун гэрийн үүдэнд явж байтал урд талын айлын шар саарал зүсмийн нохой давхиж ирээд миний зүүн гарын булчин, зүүн талын сүүжний дээд хэсэг, ар нуруу, далан дээр урсан. Тухайн үед би маш их айж хашгирсан. Энэ үед нохойны эзэн Ганбаатар өөрөө гарч ирээд нохойгоо надаас салгаад, намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Маргааш өглөө нь Ганбаатар манай гэрт орж ирэхээр нь “танай нохой намайг урсан, би өөрөө олон эрэгтэй хүүхэдтэй, бөөн хэрүүл болно, чи надад эмчилгээний хэдэн төгрөг өгчих тэгээд салъя” гэсэн. Ганбаатар “тиймээ манай нохой таныг урсан” гэж хүлээн зөвшөөрөөд надад 50.000 төгрөг өгөөд, эм авч ууж бай гэсэн. Дараа нь буцаж орж ирээд “та хажуу талын том тэрэгтэй айлын нохой эхлээд дайрсан, дараа нь манай нохойг ирсэн гээд хэлчих, би танд энэ айлаас мөнгө аваад өгье, миний нохойг бөгснөөс нь хазсан, энэ айлын нохойг бусад газарт нь хазсан гээд хэлчих” гэсэн. Энэ үед миний найз Өлгийт хүртэл сонсож байсан. Өлгийт “тийм зүйл гэж юу байхав дээ. Хазсан нохойгоо л хэлнэ ш дээ, зүгээр байгаа айлын нохойг юу гэж тэгэж хэлэх юм бэ” гэтэл Ганбаатар уурлаж “танд хамаагүй авгай минь. Битгий сенсаци дэгдээгээд бай, би хар гэрт байсан хүн, чам шиг авгай яшиг л байна шүү, чаддаг юм бол цагдаадаа хандаад юм олоорой та нар” гэж заналхийлсэн. Би “би тэгэж хэлж чадахгүй, хажуу айлын нохой ураагүй байхад би урсан гэж хэлж чадахгүй” гэтэл Ганбаатар “хохь чинь муу авгай минь. Эмчилгээний мөнгө авч өгөх гээд байхад. Чамайг нохойноос салгасан минь миний буруу байж, тэр чигээр чинь идүүлчихсэн бол таарах байж” гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. ...Ганбаатар ирж нохойгоо салгахдаа хүүхдүүдэдээ “та нар яах гэж нохой авчирсэн юм бэ Пиздануудаа уяхгүй яасан юм бэ” гэж маш муухайгаар загнаж байсан. ...Зүүн талын бугалга шуу, хөхрөлттэй, нохойд хазуулсан шүдний ором, зулгарсан шарх гэсэн би биедээ хөнгөн гэмтэл авсан. Одоо  миний бие гайгүй байгаа. Ганбаатар надаас уучлалт гуйсан. Эмчилгээний зардал болох 500.000 төгрөг өгсөн. Бид хоёр хоорондоо харилцан ярилцаж учраа олж сайн дураараа эвлэрсэн. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.” /хх-ийн 11-15/   

-Хохирогч шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгт: Ганбаатарын нохойнд уруулсан нь үнэн. Энэ хүнээс 320.000 төгрөгийг авсан одоо үлдсэх 180.000 төгрөгийг нэхэмжилнэ гэв.

-Гэрч Д.Өлгийтийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгт: ...Ганбаатарын гэх айлын  нохой хүн рүү байнга дайрдаг, сул явж байдаг. ...Найз хөгшин маань нохойд уруулсан гээд ярихаар нь би маргааш өглөө нь гэрт нь очоод сууж байхад Ганбаатар гэх нохойны эзэн орж ирээд Пүрэвсүрэнд “та 2 нохой урсан гэж хэлээрэй, манай нохой айлын нохойтой хамт байсан, та хажуу айлын нохой урсан гээд хэлчих би танд хажуу талын айлын хүнээс эмчилгээний мөнгө аваад өгье” гэж хэлээд Пүрэвсүрэнд эм тариа аваарай гээд 50.000 төгрөг өгсөн. Би Пүрэвсүрэнгийн өмнөөс нь Ганбаатарт хандаж “Танай нохой энэ хүнийг урсан нь үнэн юм чинь танай нохойг л хэлнэ шүү дээ, юу гэж худлаа ярьж болдог юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл Ганбаатар “би олон хүн тэжээдэг, надад хэцүү байна, би танд мөнгө олж өгөх гэж байхад та хажуу айлын нохой гээд хэлчих” гээд байсан. Тэгснээ “ингэж хэрүүл ам хийхийг мэдсэн бол нохойд идүүлчихдэг байж “ гэж хэлж байсан. Ганбаатарынх 2 том нохойтой, энэ нохой нь саарал өнгөтэй, нөгөө нохой нь болохоор алга өнгөтэй гэмээр хуучнаар орос нохойнууд байдаг даа содон том чихтэй, тиймэрхүү нохойтой айл. Тэгээд байнга цэвэр усныхаа газарт нохойгоо авчирдаг гэжээ. /хх-ийн 16/

-Гэрч Г.Туяацэцэгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгт: Ганбаатарынх 2 том нохойтой, нэг цагаан саарал өнгийн овчарк дайрдаг, шар алаг өнгийн гэмээр бас нохой байдаг. Урдаг нохой юм шиг байна лээ. ...Эхний зураг дээр байгаа нохойтой ижил нохой байсан. Том чихтэй овчрак байсан. Би хүртэл ус авахаараа нохойноос нь айдаг. Байнга худагныхаа хажууд хэвтээд байж байдаг. Ганбаатарын нохой хүн урчихаад байхад манай нохойг хүн урсан гээд хэлээд байгаад нь би гайхаж байна. Манайх огт нохойгүй. Манай гадаа нохой ирэхээр нь хоол өгдөг. Тэрийг л хэлээд байгаа юм шиг байна. Манайх энд огт хамааралгүй айл гэжээ. /хх-ийн 17/

-Шинжээчийн 415 дугаартай дүгнэлт: 1.Ж.Пүрэвсүрэнгийн биед зүүн гарын бугалга шуугаар болон нурууны зүүн хэсгээр цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь амьтны шүдээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Учирсан гэмтлүүд дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг болно. 4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарнилулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 19/

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1/

-Хялбаршуулсан журмаар байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 2/

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/

-Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/

-Шүүгдэгчийн иргэний үнэмлэх, оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 31-34/

-Хохирогчийн биед учирсан гэмтлийн гэрэл зураг /хх-ийн 36/

-Хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 40-41/

-Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 43/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудсан дахь хэрэг бүртгэгчийн тэмдэглэл, 6 кадр бүхий нохойны гэрэл зураг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан аргаар бэхжүүлж аваагүй тул нотлох баримтын хүрээнд шүүх үнэлэх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Ганбаатар нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгаснаас Замын-Үүд сумын 3 багийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын гудамд иргэн Ж.Пүрэвсүрэн нь явж байхдаа Ч.Ганбаатарын нохойд уруулж бие махбодид нь зүүн гарын бугалга шуугаар болон нурууны зүүн хэсгээр цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан  нь хохирогчийн “...урд талын айлын шар саарал зүсмийн нохой давхиж ирээд миний зүүн гарын булчин, зүүн талын сүүжний дээд хэсэг, ар нуруу, далан дээр урсан. Тухайн үед би маш их айж хашгирсан. Энэ үед нохойны эзэн Ганбаатар өөрөө гарч ирээд нохойгоо надаас салгаад, намайг эмнэлэгт хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг, гэрч Д.Өлгийтийн “...Ганбаатар гэх нохойны эзэн орж ирээд Пүрэвсүрэнд “та 2 нохой урсан гэж хэлээрэй, манай нохой айлын нохойтой хамт байсан, та хажуу айлын нохой урсан гээд хэлчих би танд хажуу талын айлын хүнээс эмчилгээний мөнгө аваад өгье” гэж хэлээд Пүрэвсүрэнд эм тариа аваарай гээд 50.000 төгрөг өгсөн. Би Пүрэвсүрэнгийн өмнөөс нь Ганбаатарт хандаж “Танай нохой энэ хүнийг урсан нь үнэн юм чинь танай нохойг л хэлнэ шүү дээ, юу гэж худлаа ярьж болдог юм бэ” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, гэрч Г.Туяацэцэгийн “...Манайх огт нохойгүй. Манай гадаа нохой ирэхээр нь хоол өгдөг. Тэрийг л хэлээд байгаа юм шиг байна. Манайх энд огт хамааралгүй айл” гэх мэдүүлэг, шинжээчийн 415 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Ганбаатарт Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байх тул шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Ганбаатарт ял шийтгэл оногдуулахдаа хохирогч нь санал гомдолгүй, эвлэрсэн гэх тайлбарыг шүүхэд өгсөн байдал мөн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, нийгмийн хор аюул, учирсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирл гэж 320.000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн байдал, шүүгдэгч нь анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзсэн болно.

Хохирогч Ж.Пүрэвсүрэн нь эмчилгээний зардалд нийт 500.000 төгрөгийг шүүгдэгч Ч.Ганбаатараас нэхэмжилж шүүгдэгч нь 320.000 төгрөгийг төлсөн болох нь хэргийн оролцогчдийн тайлбараар тогтоогдож байна. Хохирогч нь үлдсэн 180.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан гэж нэхэмжилж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд 180.000 төгрөгийг эмчилгээний зардал гарсан талаархи нотлох баримтаа хэрэгт ирүүлээгүй байгаа нь шүүгдэгчээс 180.000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Харин хохирогч Ж.Пүрэвсүрэн нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно. 

Шүүгдэгч нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 12 сарын 25-ний өдрийн 02 тоот Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д заасан гэмт хэрэгт холбогдож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэгдэж байсан боловч энэ төрлийн гэмт хэргийг дахин гаргасан байгааг анхаарах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Боржигон овогт Чулуунбаатарын Ганбаатарыг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Чулуунбаатарын Ганбаатарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дах хэсэгт зааснаар  шүүгдэгч Ч.Ганбаатар нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

4. Шүүгдэгч Ч.Ганбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт хураагдаж ирээгүй тус тус дурдсугай.

5. Хохирогч Ж.Пүрэвсүрэн нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.  

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ч.Ганбаатарт урьд авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  Э.БОЛОРМАА