Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2017/ШЦТ/121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Б.Агаар хөтлүүлж
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгч: Х.******* нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Хгийн *******т холбогдох 171 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
    
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Архангай аймгийн ******* сумын ******* багийн ******* ам гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй,  Б овгийн Хийн ******* /РД:А00000/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Х.******* нь 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн ******* сумын ******* багийн У гэх газарт хохирогч Д.*******ыг “манай ээжийг хэл амаар доромжилсон” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

    Хохирогч Д.*******ын мөрдөн байцаалтын үед өгсөн... Би эхнэр, хүүхдүүдийн хамт 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутагт байх бэр эгчийн хүүхэд болох *******ын хүүхдийн үсний найранд очсон юм. Би тэнд архи их уусан болохоор согтоод юу болсныг бол мэдэхгүй байгаа юм. Маргааш нь бие даагдахгүй болчихсон байсан. Тэгээд аймгийн эмнэлэгт үзүүлсэн юм. Тэгэхэд аймгийн эмнэлгээс цагдаад намайг зодуулсан гэж мэдэгдсэн юм шиг байна. Тэрнээс би цагдаад өргөдөл гаргаагүй юм. Би шинжээч эмчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Надад ямар нэгэн санал  хүсэлт байхгүй. Би тухайн үед согтуу явганаас олон унаж туссан гэж миний эхнэр хэлж байсан. Тэрнээс болж үүссэн гэмтлүүд байх гэж би бодож байна. ******* бол намайг ээжийг хэл амаар доромжлоод байхаар нь уурандаа нэг удаа миний уруул руу цохисон гэж өөрөө болон ******* эгч, манай эхнэр хэлж байсан. Тийм хүчтэй цохиогүй гэсэн. Тэгэхэд бол миний уруулын дотор талд багаа зэрэг язарсан төдий л байсан. Би хэд хоногийн өмнө Улаанбаатар хот орж үзүүлчхээд ирсэн юм. Тэгэхэд намайг ядаргаанд орсон тул амралт хэрэгтэй, тархи толгойд ямар нэгэн гэмтэл байхгүй байна гэж эмч хэлсэн. Би танд толгойн компьютерт томографын шинжилгээ хийлгэсэн бичгээ өгье. Миний биед одоо ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй. Надад анхнаасаа гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлсэн. Одоо ч байхгүй. Би тухайн үед өөрөө согтуу элдэв зүйл ярьж байгаад дүүгийнхээ уурыг хүргэж |нэг цохиулснаас надад гомдох зүйл байхгүй байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 хуу/
 
    Гэрч П.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтын үед өгсөн: ... 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед Би нөхөр *******ын хамт хүүхдүүдээ дагуулаад Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутаг Улаалзай гэх газарт байх ******* гэх залуугийн хүүхдийн үсний найранд очсон юм. Тэгээд манай нөхөр архи уугаад их согтчихсон ******* эгчтэй юм яриад яваад байсан юм. Тэгээд намайг *******ын эхнэртэй гэрт нь юм яриад сууж байхад ******* гаднаас орж ирээд ******* ахыг ******* эгчийг хэл амаар доромжлоод байхаар нь би уурандаа нэг удаа цохчихлоо гэж надад хэлсэн. Тэгээд би гэрээс гарахад манай нөхөр гэрийн хойд талд ганцаараа суучихсан амнаас нь бага зэрэг цус гарчихсан сууж байсан. Тэгээд их согтуу байсан болохоор нь *******ын гэрт оруулж унтуулсан юм. Маргааш нь манай нөхөр босохоор толгой эргээд байна гэхээр нь бид хоёр аймгийн эмнэлэг орж үзүүлэхэд харвалт өгчихсөн байж магадгүй гээд тариа хийгээд байсан. Тэгсэнээ хот явж үзүүл, томографт харуул гэж хэлсэн юм. Тэгээд бид хоёр хэд хоногоос мөнгөтэй болохоороо хот явья гэж бодож байтал цагдаа сэргийлэх болоод байхаар нь эхлээд гайхсан, тэгсэн эмнэлгээс цагдаад хүнд зодуулсан гэж мэдэгдчихсэн юм байна лээ.Би юу болсныг хараагүй. ******* надад өөрөө би нэг удаа цохисон гэж хэлсэн. Тухайн үед ******* эгч хажууд нь байсан гэсэн. Одоо ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй. Хот явж үзүүлэхэд эмч ямар нэгэн гэмтэл байхгүй, амралт хэрэгтэй гэж хэлсэн. ******* нь *******ын төрсөн эх нь байгаа юм. Тэгээд хүнд өргүүлсэн. ******* ******* эгчийг юу гэж доромжилсныг би мэдэхгүй байна. Надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 хуу/

    Гэрч Б.******* мөрдөн байцаалтын үед өгсөн: ... 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр манайх хүүхдийнхээ үсийг авч найр хийсэн юм, тэгээд *******ыг эхнэрийнх хамт ирж цай уу гэж хэлсэн байсан. Тэгээд тэр хоёр эрт манайд ирсэн, олон хүмүүс байсан бүгдээрээ суугаад ууж байцгааж байгаад явах нь яваад байж байхад ******* их согтчихсон эхнэртэйгээ маргалдах гээд байхаар нь хадам ээж ******* *******ыг авч гарсан юм. Тэгээд юу болсон юм мэдэхгүй гадаа ******* би чамд салаавч өгье май гэж байгаа нь эрт дотор сонсогдоод байсан, би гэрт *******ын эхнэртээ хамт аяга тавгаа угаагаад гэрээ цэгцлээд байж байсан юм. Тэгсэн манай нөхөр ******* гаднаас гэрт орж ирээд ******* ээжийг хэл амаар доромжлоод цохиж аваад байхаар нь би уурандаа тэсэхгүй нэг цохьчихлоо гэж хэлж байсан...Манай нөхөр Х.******* надтай бага ангид байхаа найзалсан юм. Би *******ыг хүүхэд байхаас нь мэднэ. Манай нөхөр бага байхдаа хүнд тусархуу сайн хүүхэд байсан. Анги хамт олондоо нэр хүндтэй хүн чанар сайтай залуу байгаа юм. Бид хоёр 2009 онд ******* суманд 11 дүгээр ангиа төгсөөд гэр бүл болсон. Манай нөхөр ******* нь 3 хүүхдийн эцэг үр хүүхдэдээ халамжтай сайн хань байгаа юм. Архи дарс хэргэлдэггүй ажилсаг хүн юм. Эцэг эхээс 5 уулаа бөгөөд айлын 2 дахь хүүхэд байгаа юм. Дээрээ 1 эгчтэй доороо 1 дүүтэй хүн байгаа юм. Гэр бүлдээ халамж сайтай айлын сайн аав байгаа юм. Манай нөхөр ******* өмнө нь архи дарс уучхаад хүнтэй маргалдаж зодолдож байсан асуудал байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 21-25 хуу/

    Х.*******ын мөрдөн байцаалтын үед өгсөн яллагдагчаар өгсөн: ... 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Их тамир сумын ******* багийн төв дээр манайх хүүхдийнхээ үсийг авсан юм. Тэгээд манайд хүмүүс ирээд найр болж байх хооронд би малдаа явчихаад буцаад ирсэн чинь ******* манай ээжийг хэл амаар доромжлоод гараа далайчихсан зогсож байсан юм. Тэгэхээр нь би явж очоод уурандаа *******ыг нэг удаа уруул руу нь цохичихсон юм. ******* бид хоёрт өр шир өс хонзонгийн асуудал байхгүй. Өмнө хэрэлдэж маргалдаж байгаагүй. ******* намайг цохиж зодсон зүйл байхгүй. Би *******т эмчилгээний зардал болох нийт 300.000 төгрөг өгсөн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/

    Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны 281 дугаар дүгнэлт:
1.    Д.*******ын биед, тархи доргилт, цээжний баруун урд талд зулгаралт гэмтлүүд учирчээ.
2.    Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3.    Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар, биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна.
4.    Хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй.
5.    3-р шатлалын эмнэлэгт онош тодруулсан материал ирвэл дүгнэлтээ нэмэлтээр гаргана....гэх дүгнэлт /хх-ийн 19 хуу/
        
    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 49-59 хуу/
    Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 хуу/
    Гэрлэлтийн гэрчилгээний лавлагаа /хх-ийн 47хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Х.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.


    Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Х.******* нь 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн ******* сумын ******* багийн Улаалзай гэх газарт хохирогч Д.*******ыг нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.


    Шүүгдэгч Х.******* нь хохирогчийг цохисон үйлдэл болон гэм буруугийн хувьд маргаагүй бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Д.*******, гэрч Б.*******, П.Эрдэнэцэцэг нарын мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны 281 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байна гэж үзлээ.


    Шүүгдэгч Х.******* нь хохирогч Д.*******ын нүүрэн тус газар гараараа цохисон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.


    Аймгийн прокурорын газраас Х.*******ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.


    Иймд шүүгдэгч Х.*******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 


Х.*******ыг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.


Хохирогч Д.******* нь гомдол болон нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.


    Шүүгдэгч Х.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                              

                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Хгийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Х.******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш  зургаан сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Х.******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Х.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ