Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 02407

 

 

 

 

2018 оны 07 сарын 31 өдөр              Дугаар 102/ШШ2018/02407                                 Улаанбаатар хот

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа    даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

     Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, дугаар хороо, тоотод оршин суух Ж овогт Э.З-ийн нэхэмжлэлтэй

      Хариуцагч Сонгинохайрхан дүүрэг,  дүгээр хороо, Москва хороолол, дүгээр байрны тоотод оршин суух Д овогт Я.Д-д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

       Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.З, хариуцагч Я.Д, нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.З нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Я.Д-тэй 2010 оны 6 дугаар сард танилцаад, 2012 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүү Д.Э төрсөн.

Бид 2014 оны 3 дугаар сараас хойш 4 жил тусдаа амьдарч байгаа бөгөөд хүү өнөөдрийг хүртэл миний асармжинд байна.

Иймээс цаашид хамтран амьдрах боломжгүй тул хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү, гэжээ.

Хариуцагч Я.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Э миний хүү мөн тул тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Э.З, хариуцагч Я.Д-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.         

         Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно. 

         Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

          Нэхэмжлэгч, хариуцагч нар 2010 оны 6 дугаар сараас дотно харьцаатай болж, 2012 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүү Д.Э төрж, хамтран амьдраагүй, гэрлэлтээ батлуулаагүй болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, 1107001795 дугаартай хүүхдийн “Төрсний гэрчилгээ”-ний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт ”хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй ч хүү Д.Э төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг зохигчдод  үүсчээ.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38.3 дахь хэсэгт “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно“ мөн хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасны дагуу эцэг Я.Д-гээс сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү Д.Эийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар      шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тэтгэлэг тогтоох нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн амьжиргааны баталгаажих доод түвшин 185300 төгрөгийг 50 хувиар тооцож, нэг жилийн хугацаанд 1 хүүхдэд төлвөл зохих тэтгэлэг 1.111.800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 31233 төгрөгийг хариуцагчаас, улсын орлогоос 38967 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

           Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэлээ..

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115

   дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

      1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2012 оны 3 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Д овогт Д.Э-ийг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоож, эцэг Д овогт Я.Д сар бүр гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

       2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Я.Дгээс гаргуулах тэтгэлгийн хэмжээ цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс,түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Э.З-д даалгасугай.

 4.Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар түүнийг зориулалтаар зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 31233 төгрөг, улсын орлогоос 38967 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

        7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.  

        8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АРИУНАА