Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
Хэргийн индекс | 105/2022/1029/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1067 |
Огноо | 2022-07-06 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | К.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1067
2022 07 06 2022/ШЦТ/1067
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,
улсын яллагч К.Чимгээ /томилолт/,
шинжээч эмч Б.Даваасүрэн /цахим/,
хохирогч М.Сумъяагийн өмгөөлөгч М.Хандармаа,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч З.Мөнхгэрэл,
шүүгдэгч Э.Дамчаабадгар, түүний өмгөөлөгч Б.Дамба нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Е танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,*******нарт холбогдох эрүүгийн 2206 00964 1421 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймаг Эрдэнэбулган суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дуучин мэргэжилтэй, Монголиан сошиал чаннел ХХК-нд менежер ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо 60 дугаар гудамжны 961 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *******
Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймаг Батцэнгэл суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Цагаан марбл ХХК-д дотоод үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо 15 дугаар хороолол 53а байрны 74 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Э.Д
Холбогдсон хэргийн талаар:
******* нь согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Жулия төвийн караокед үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж хохирогч М.Сумъяагийн чихэн тус газарт цохиж зүүн хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн хохирол, хохирогч Г.Зулцэцэгийн хацрыг хазаж зүүн хацарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Э.Д нь согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Жулия төвийн караокед хохирогч ******* нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хамрын таславчийн мурийлт, зүүн доод шүдний сулрал, баруун бугалгад цус хуралт, баруун шуу, сарвуу, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татагджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв,
Шүүгдэгч Дамчаабадгарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Надад Марал-Эрдэнэтэй маргалдах шалтгаан байхгүй. Тухайн үед би тэнд болсон зодооныг салгасан” гэв.
Хавтаст хэргээс:
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 3-4 дэх тал/,
Хохирогч М.Сумъяагийн “... Жулиа төвд найз Зулаа, Дамчаа, Хуягаа болон Хуягийн найз нарын хамт орж виски уусан, тэгээд байж байтал хажуу талын өрөөнөөс үл таних эмэгтэй гарч ирээд манай 2 дүүгийн нэгнийх өвөр дээр суугаад үнсээд байхаар би болиоч эмэгтэй хүн амьтантай явж байхад гэж хэлсэн, тэгсэн чинь нэг мэдэхэд би газар унасан байсан, тэгээд босоод ширээн дээр байсан пивоны шил хагалсан, уг эмэгтэй намайг өшиглөөд, гараараа цохиод байсан, тэгээд тэр эмэгтэй гарч явсан, тэгсэн уг пабын хүмүүс бид нарыг гаргаагүй ба удалгүй гаднаас уг эмэгтэй орж ирээд дахиад намайг зодсон ... миний зүүн чих юм сонсохгүй байна. Жулиа караокед маргалдсан үл таних эмэгтэй гараараа миний зүүн чих рүү нэг удаа цохиод үүссэн гэмтэл байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,
Хохирогч Г.Зулцэцэгийн “... Жулиягийн нийтийн караокед дуулаад сууж байтал үл таних эмэгтэй ирээд бид нар дээр сүүлд ирсэн үл таних залуутай юм ярьж байсан. 00 өрөө ороод ирсэн чинь Сумъяа үл таних эмэгтэйтэй маргалдаж байсан, тухайн үед юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Үл таних эмэгтэй буцаж орж ирээд Сумьяатай зодолдож би дундуур нь орж салгах гэтэл үл таних эмэгтэй миний зүүн талын хацраас 1 удаа хазаж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,
Хохирогч ******* “... зүүн доод шүдний сулрал, баруун бугалганд цус хуралт баруун шуу, сарвуу, эрүүнд зулгаралт гэмтлүүд нь үл таних 1 эмэгтэй, 1 эрэгтэй хүнтэй маргалдах үед миний биед үүссэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2473 дугаартай “М.Сумьяагийн биед зүүн хэнгэргэн хальсны цооролт гэмтэл тогтоогдсон, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 32 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2478 дугаартай “Г.Зулцэцэгийн биед зүүн хацарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт гэмтэл гэмтэл тогтоогдсон, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Зүүн хацарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, баруун шууны цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 42 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2389 дугаартай “******* биед хамрын таславчийн мурийлт, зүүн доод шүдний сулрал, баруун бугалганд цус хуралт, баруун шуу, сарвуу, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Хамрын таславчийн мурийлт гэмтэл нь үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. Бусад гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 38 дахь тал/,
Караокен хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 60-65 дахь тал/,
Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №БЗ2-22-367 дугаартай “60*80 хэмжээтэй цагаан өнгийн сайжруулсан шилэн хавтан нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зах зээлийн үнэлгээний нийт 264.600 төгрөгөөр үнэлэв” гэсэн тайлан /хавтаст хэргийн 47 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Д.Туяагийн “Хохирлыг мөнгөн дүнгээс авах хүсэлгүй, манай байгууллагад хагарсан шалыг сольж өгөх шаардлагатай байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82 дахь тал/,
Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн “Дээрх гэмтлүүдийн хамрын таславчийн муруйлт, зүүн доод 2 дугаар шүдний сулрал гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хамрын таславчийн муруйлт гэмтэл нь хэзээ үүссэнийг үүссэнийг нарийн тогтоох боломжгүй харин бусад гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/,
Яллагдагч ******* “Хэнгэрэг цоорсон Сумъяа гэх эмэгтэй нь газар унасан байсан пивоны хагархай шилийг авч над руу дайрахад нь хүмүүс болиулсан байсан. Хазуулсан эмэгтэй нь намайг хэл амаар доромжилж, над руу өөрөө хацраа ойртуулахад би хазсан. Удалгүй цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлэх байранд хүргэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 97 дахь тал/,
Яллагдагч Э.Дамчаабадгарын “Марал-Эрдэнэ нь надтай хамт явж байсан Сумъяатай маргалдахаар нь би очиж маргааныг салгасан ба санаатайгаар бусдын биед гэмтэл учруулсан зүйл байхгүй. Би хохирогч Марал-Эрдэнэтэй маргалдах ямар нэг шалтгаан байхгүй. Тухайн үед Сумъяа нь хохирогч Марал-Эрдэнэтэй маргалдаж зодолдсон ба Сумъяа зүүн гараараа Марал-Эрдэнийн мөр, гар руу нь цохиход Марал-Эрдэнэ зөрүүлээд өшиглөөд үснээсээ зулгаалцаж байхаар нь би очиж Сумъяагийн биеийн хойд хэсгээс нь татаж холдуулсан. Удалгүй Сумъяа, Марал-Эрдэнэ нар хоорондоо маргалдахад нь би Марал-Эрдэний гарнаас татаж маргааныг салгасан” гэв.
Шүүгдэгч ******* хувийн байдалтай холбоотой
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 102 дахь тал/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 107 дахь тал/,
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 108 дахь тал/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 109 дэх тал/,
Шүүхэд гаргаж өгсөн “Монголион сошиал чаннел” ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт,
Шүүгдэгч Э.Дамчаабадгарын хувийн байдалтай холбоотой
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 103 дахь тал/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 104 дахь тал/,
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 106 дахь тал/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 105 дахь тал/,
Шүүхэд гаргаж өгсөн “Цагаан марбл” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогч М.Сумъяагийн өмгөөлөгч М.Хандармаа хохирол нэхэмжлэхгүй, иргэний нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохирлыг хариуцахаа илэрхийлж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч З.Мөнхгэрэл үйлдэл, гэм буруу, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирлыг хүлээн зөвшөөрч маргахгүй, шүүгдэгч Э.Дамчаабадгар, түүний өмгөөлөгч Б.Дамба холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах байр суурь тус тус илэрхийлж оролцсоныг дурдах нь зүйтэй.
Э.Дамчаабадгар нь согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Жулия төвийн караокед хохирогч ******* нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь зүүн доод шүдний сулрал, баруун бугалгад цус хуралт, баруун шуу, сарвуу, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох хангалттай баримтаар тогтоогдохгүй.
******* хохирогч болохынхоо хувьд эрүүл мэндэд учирсан гэмтлийнхээ эх сурвалжийг зааж хэлж чадаагүй, бусад баримтаар тогтоогдоогүй, хяналтын камерын бичлэгээр Э.Дамчаабадгарын зүгээс *******арал-Эрдэний нүүр хэсэгт хүч хэрэглэн халдсан идэвхтэй санаатай үйлдэл тодорхой сайн харагдахгүй, нөгөөтээгүүр ******* нь бусдын хацрыг хазах үйлдэл хийх үед үүдэн шүд гэмтсэн байх боломжтой талаарх шинжээчийн тайлбар зэргээр Э.Дамчаабадгарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж дүгнэхэд эргэлзээтэй байна.
Иймд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцсэн боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд болон яллах талын цуглуулсан нотлох баримтын талаар эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмыг шүүх удирдлага болгон хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Э.Дамчаабадгарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Дамчаабадгарыг цагаатгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Жулия төвийн караокед үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж хохирогч М.Сумъяагийн чихэн тус газарт цохиж зүүн хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн хохирол, хохирогч Г.Зулцэцэгийн хацрыг хазаж зүүн хацарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч М.Сумъяа, Г.Зулцэцэг нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай олон нийтийн газарт үйлчлүүлж байсан, *******аргад-Эрдэнэ нь М.Сумъяа нарын хамт явж байсан эрэгтэйг таньдаг байсан, улмаар түүнтэй харилцахад М.Сумъяа дургүйцэж хэрүүл маргаан эхэлсэн, харилцан зууралдсан, цохилцсон, бужигнасан, ******* нь М.Сумъяагийн хацрыг хазсан, Г.Зулцэцэгийн чихэн тус газарт цохисон, Э.Дамчаабадгар салгах зорилгоор дунд орж зууралдсан, салгаж байгаа нэрээр бүгд *******арал-Эрдэний эсрэг зохисгүй хандсан гэх үйл баримт тогтоогдлоо.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч *******аргад-Эрдэнэ нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр атлаа хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учрахад зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч ******* хохирогч руу чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.
Хохирогч М.Сумъяа, Г.Зулцэцэг нар нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй, тус мэдүүлэг нь бусад нотлох баримтаар давхар нотлогдсон, хохирогчийн мэдүүлэгт авагдсан ******* үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон эрүүл мэндийн хохиролтой шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэв.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул *******арал-Эрдэнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүний эсрэг” үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд олон нийтийн газарт согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал, үл ойлголцсон харилцаа хандлага зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ.
Хохирогч М.Сумъяа, Г.Зулцэцэг нар нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй бөгөөд гомдол саналгүй, цаашид нэхэмжлэхгүй болохоо илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.
Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх явцад караокен эд хөрөнгөд хохирол учирсан бөгөөд уг хохирол нь *******, Э.Дамчаабадгар нарын үйлдэлтэй хамааралгүй, хохирогч М.Сумъяагийн үйлдлийн улмаас учирсан болох нь тогтоогдсон ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Сумъяагийн өмгөөлөгчөөс дээрх хохирлыг хүлээн зөвшөөрч хариуцахаа илэрхийлсэн болно.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгч ******* өмгөөлөгч З.Мөнхгэрэлээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялаас чөлөөлж өгнө үү гэсэн санал гаргасныг тус тус дурдах нь зүйтэй.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан ялаас чөлөөлөх нь тохиромжгүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 450-2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан, сонгох ялын төрөлтэй, хөнгөн гэмт хэрэгт хамаарна.
Шүүгдэгч *******Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүхээс ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа харилцаа хандлага, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой гэх хувийн байдал, 2 хүний эрүүл мэндэд халдсан гэх хүндрүүлэх шинжтэйгээр, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хөнгөн хохирол учирсан, хор уршиг учраагүй гэх шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ******* цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцож хураасан дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалахаар тогтов.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, Э.Дамчаабадгар нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Э.Дамчаабадгарыг цагаатгасугай.
2. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг 2 хүний эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ер /90/ хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нараас хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн зэргийг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******, Э.Дамчаабадгар нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ