Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1069

 

2022         07          06                                 2022/ШЦТ/1069

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Е танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч *******д холбогдох эрүүгийн 2106 03696 1564 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймаг Эрдэнэсант суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо Тахилтын задгай 98 дугаар гудамжны 12 тоотод оршин суух хаягтай, урьд

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ял,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 330 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 605 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сар 20 хоногийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 435 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, *******

Холбогдсон хэргийн талаар:

******* нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнгэр плаза төвд портерыг чинь  хөлсөлнө, шилэн лангуу дэлгүүр рүү зөөлгөнө, очсон хойноо мөнгийг өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч Ж.Энхбаатараас 3.000.000 төгрөг авч залилсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хавтаст хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

Хохирогч Ж.Энхбаатарын “2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн орчимд 1000 оюутны байрны хажуугаар өөрийн эзэмшлийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхад нэг эрэгтэй хүн гар өргөөд зогсож байхаар нь суулгасан чинь нөгөө залуу цайз 16 оръё гэхээр нь явсан. Уг залуу би дэлгүүр ажиллуулдаг, портер олох шаардлагатай, лангуу ачуулна гэхээр нь би Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Чулуун овооны тэнд очиж портер олоод, Тэнгэр плазагийн тэнд очоод зогссон чинь нөгөө залуу утсаараа ярьж байснаа ээж мөнгө шилжүүлэх юм яриад миний дансны дугаарыг аваад нөгөө ярьж байсан хүн рүүгээ хэлж байсан. Тэгснээ ээж мөнгө шилжүүлэх боломжгүй байна. танд мөнгө байна уу дэлгүүр дээр очоод өгье гэхээр нь би хэдэн төгрөг хэрэгтэй юм гэсэн чинь нөгөө залуу модон лангуу 2 сая төгрөг, шилэн лангуу 3 сая төгрөг гэж байна. Ээж шилэн лангууг нь авчих гэж байна 3 сая төгрөг байвал хэрэгтэй байна гэхээр нь би дэлгүүр дээр очоод бэлэн өгөх юм бол би чамд өгье гэж хэлээд Тэнгэр плаза руу ороод АТМ-с 3 сая төгрөг аваад байж байтал нөгөө залуу Тэнгэр плаза руу ороод лангууны мөнгөө өгчхөөд гараад ирье гэхээр нь би 3 сая төгрөгөө нөгөө залууд итгээд өгсөн. Тэгсэн нөгөө залуу гарч ирээгүй. Тэр залуу надтай байхдаа энэ миний дугаар шүү гээд өөрийнхөө утаснаас залгахад 86921611 гэсэн дугаар гарч байсан, Тэр залуу бас өөрийгөө Болдоо гэж танилцуулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

Unitel ХХК-ийн албан бичиг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 29-31 дэх тал/,

           Яллагдагч *******гийн “Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна ... Би 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн орчимд 3 дугаар сургуулийн автобусны буудлаас такси бариад 16 дугаар хорооллын урд талын автобусны урд байх 5 давхар байрны гадаа ирээд манай гэр энд байдаг, би гэр рүүгээ орчхоод гараад ирье гээд худлаагаасаа тухайн 5 давхар байрны орцонд түр хугацаагаар зогсож байгаад буцаж гарч ирээд тухайн таксины ахад Офицерийн ойролцоогоос лангуу ачиж ирэх хэрэгтэй байна гээд би тухайн такситай явсан. Тэгээд би Тэнгэр худалдааны төвийн ойролцоо очиж байгаад миний захиалсан лангууны мөнгө дутаад байна, танд 3.000.000 төгрөг байна уу, би танд дэлгүүр дээрээ очиж байгаад бэлнээр өгье гэж хэлтэл тухайн таксины жолооч надтай хамт Тэнгэр худалдааны төвийн АТМ ороод картнаасаа 3.000.000 төгрөг авч өгөөд бид 2 машиндаа суугаад Тэнгэр худалдааны төвийн ард талд байх 5 давхар байрны гадаа очоод би орчхоод дэлгүүрийнхээ түлхүүрийг аваад ирье гэж хэлээд тухайн таксины жолоочийг хүлээлгээд би цаашаа такси бариад зугтсан ... би залилсан мөнгөөрөө шоудаад дуусгасан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 142 дахь тал/,

Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, дүрс бичлэг бүхий CD 1 ширхэг /хавтаст хэргийн 144 дэх тал/,

Хувийн байдалтай холбоотой баримтууд:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 74 дэх тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 80 дахь тал/,

Шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 83-128 дахь тал/ зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх тус хэргийг шийдвэрлэхэд хангалттайд тооцон үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс хууль сануулан авсан гэрчийн мэдүүлэг нь түүний өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг зөрчихийг, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг, нотлох баримтаар үнэлээгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан дараах хууль зүйн дүгнэлтийг хийлээ.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнгэр плаза төвд портерыг чинь  хөлсөлнө, шилэн лангуу дэлгүүр рүү зөөлгөнө, очсон хойноо мөнгийг өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч Ж.Энхбаатараас 3.000.000 төгрөг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ж.Энхбаатар, яллагдагч, шүүгдэгч ******* нарын мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцсон дүрс бичлэг бүхий CD, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

            Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал нарын зүгээс үйлдэл, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол зэргийг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

Өмчлөгч, эзэмшигч нь хуулиар тогтоосон хэм хэмжээ хязгаарын дотор өөрийн эд хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй бөгөөд энэ эрхэд хуурах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, төөрөгдөлд оруулах аргаар халджээ.

Бусдын эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр өөртөө хууль бусаар олж авахын тулд худал үг, идэвхтэй үйлдлээр итгүүлэн үнэмшүүлж эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу эд хөрөнгийг шилжүүлэн авах, бодит хохирол учруулсан байх зэрэг залилах гэмт хэргийн үндсэн шинж бүрэн хангасан байна.

Бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авах үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хүсэж үйлдсэн, уг үйлдлээрээ хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул *******гийн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч *******гийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч нарт бодит хохирол учирсан бөгөөд уг үйлдэл, хохирол 2 хоорондоо шууд шалтгаант холбоотой.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зариудаар бий болгон төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тооцов.

              Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд нэг талаас ажил төрөл хийхгүйгээр амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилго, нөгөө талаас хохирогч нарын гэнэн итгэмтгий зан харилцаа, бодит байдлыг нягтлан шалгах дадал хэвшээгүй байдал зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ. 

              Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гоос 3.000.000 төгрөг гаргуулж,  хохирогч Ж.Энхбаатарт олгох нь зүйтэй.

              2.  Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

              Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч ******* нь 36 настай, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

              Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим, 

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

              Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал. гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал,  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

              Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бол өмгөөлөгч Ц.Даваажаргалаас ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурь илэрхийлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах санал гаргасныг дурдах нь зүйтэй.

              Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөөгүй, төлөх бодитой илэрхийлэл тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан хорих ялаас хөнгөрүүлэн оногдуулах нь түүний гэм бурууд тохирохгүй гэж үзлээ.  

              Шүүгдэгч *******гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

  Шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд удаа дараа өмчлөх эрхийн эсрэг тэр дундаа залилах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн боловч зан байдлаараа засарч хүмүүжээгүй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас 3 сая төгрөгийн бодит хохирол учирсан, нөхөн төлөгдөөгүй, хор уршиг учраагүй гэх шинж чанар, ийм аргаар үйлдсэн үргэлжилсэн гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж, уг ялаа эдэлж байх хугацаанд ял шийтгүүлэхээс өмнө үйлдсэн гэмт хэрэг нь нөхөн илэрсэн, үргэлжилсэн үйлдлээр үйлдэгдсэн гэмт хэргээ нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлж чадаагүй гэх нөхцөл байдал зэргийг харгалзан *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сар хорих ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 01 жил 10 сарын 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 4 сар 8 хоногийн хугацаагаар тогтоолоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг түүний хувийн байдлыг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******гийн энэ хэрэгт 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс цагдан хоригдсон 29 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалахаар тусгав. 

Энэ битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 хэсэгт зааснаар *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/435 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 10 /арав/ сар 8 /найм/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сар 8 /найм/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3. 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ 8 /найм/ хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1. 2 дахь хэсэгт зааснаар *******гийн цагдан хоригдсон 29 хоногийг эдлэх ялаас хасаж тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гоос 3.000.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Энхбаатарт олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцсон дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.  

            9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан. эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ХАТАНЦЭЦЭГ