Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 02414

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 8 сарын 01 өдөр             Дугаар 102/ШШ2018/02414                                  Улаанбаатар хот

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

        Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол, Амарсанаагийн гудамжны байрны тоотод оршин суух С овогт Б.Г-ийн нэхэмжлэлтэй

        Хариуцагч Баянзүрх дүүргийн  дүгээр хороо,  дугаар байрны  тоотод оршин суух Х овогт Ш.Б-т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

       

         Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие иргэн Ш.Б-тай 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулан, 4.000.000 төгрөгийг барьцаа болон хүүгүйгээр 3 сарын хугацаатай, 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл зээлсэн.

   Зээлдэгч 4.000.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 1.000.000 төгрөгийг хэсэгчлэн дансаар болон бэлнээр төлөх нөхцөлтэй бөгөөд гэрээний хугацаа дуусахад төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрч байна.

    Иймээс үндсэн зээл 4.000.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцоход 2.000.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү, гэжээ.

        

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжинэ. Энэ хүнээс мөнгөө авч чадахгүй хохирч байна. Утсаа авахгүй, оршин суух хаягтаа амьдардаггүй. Хааяа таараад уулзахаар удахгүй өгнө гээд өгдөггүй учраас шүүхэд хандсан.

          Иймээс гэрээний дагуу үндсэн зээл 4.000.000 төгрөг, алданги 2.000.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөнгөө хүүгүй зээлдүүлсэн, гэжээ.

Хариуцагч Ш.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 4.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Алдангид тооцсон 2.000.000 төгрөгийг зөвшөөрөхгүй, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Г, хариуцагч Ш.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 6.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

         Хариуцагч 4.000.000 төгрөгийг төлнө, алданги 2.000.000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.  

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагч Ш.Б хурлын товтой 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр өөрийн биеэр шүүхэд ирж танилцан, “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримтан дээр гарын үсгээ зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

         Нэхэмжлэгч Б.Г, хариуцагч Ш.Б нар 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 4.000.000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, хүү төлөхгүйгээр “Зээлийн гэрээ” байгуулсан нь зохигчдын хооронд хийгдсэн “Зээлийн гэрээ”, шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэсэн хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ болох нь нотлогдож байна.

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад “ Бид удаа дараа мөнгөө нэхэх гэхээр олдохгүй, уупзахаараа өгнө гээд алга болдог. Сүүлдээ эрэн сурвалжуулж байсан. Гэтэл өнөөдийг хүртэл авсан мөнгөө өгөхгүй биднийг хохироож байна” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч 4.000.000 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан талаар маргаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар алданги төлөхгүй талаарх татгалзал, үндэслэлээ баримтаар нотлож чадаагүй тул нэхэмжлэгч 232 дугаар зүйлийн 232.3 “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэснээр алданги нэхэмжлэх эрхтэй.

       Иймээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн үндсэн зээлд 4.000.000 төгрөг, алдангид 2.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

       Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтууд гэж үзлээ.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 110.950 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Х овогт Ш.Б-иас 6.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С овогт Б.Г-т олгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 110.950 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.АРИУНАА