Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2018/ШЦТ/21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Хохирогч Т.Б

Шүүгдэгч С.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Оөд холбогдох эрүүгийн 1725003940262 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч:Монгол улсын иргэн

Шүүгдэгч С.Оийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймгийн БаянӨндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн 16-10 тоот хашааны гадна хохирогч Т.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: С.О нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн Баруун дэнжийн 16-10 тоот хашааны гадна Мыг сураглаж очсон Т.Бтай үл ойлголцон маргалдан зодож биед нь тархи доргилт, зүүн шанаа, доод эрүүний зөөлөн эдэд 2 тооны цус хуралт, хэлний зүүн хажууд язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргийн нотлох баримтаар: -Хохирогч Т.Батжргалын .... “2017 оны 11 сарын 01-ний өдөр би Мын гэрт очиход өөрөө байхгүй байсан. Би Мыг асуухад хадам дүү нар нь болох Тоогий, Ням нар намайг гичий жингир минь зайл тэр хүндээ хэл гээд над руу дайраад давшлаад байхаар нь би цагдаад өргөдөл өгнө шүү гэхэд Ням Тоогий нар бид нарт цагдаа хамаагүй гээд Ням миний хоолойг боож унагаагаад зүүн шанаа руу гараараа нилээд хүчтэй цохисон. Тухайн үед миний толгой манараад сонин болсон. Тоогий намайг газар унагааж байгаад чирээд байсан. Ням миний хоолойг бооход эрүүнд шарх үүссэн. Шанаа руу цохиход нь цус хуралт үүссэн тархи доргисон одоо хүртэл өвдөөд байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/ -Шүүгдэгчийн өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10-р хуудас/ -Эд мөрийн баримт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 11-р хуудас/ -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 934 дугаартай: Т.Бын биед тархи доргилт, зүүн шанаа доод эрүүнд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт, хэлний зүүн хажууд язарсан шарх зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь үзүүр ирмэгтэй зүйлийн 2 удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1- д заасны дагуу хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын дагуу 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй, Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 16-р хуудас/ -Гэрч Б.Буянтогтохын ....”О ах бид хоёр худаг орж ус авчихаад буцаж гэртээ харих гэж яваад хашааныхаа гадна ирж буугаад би гартаа 2 савтай ус бариад, О ах хүүхдээ тэврээд бууж ирсэн. Бууж ирэхэд хашааны үүдэнд Б гэх эгч зогсож байсан бөгөөд О ах бид хоёрт хандаж “Мөнхөө /Отгонбаяр ах/ хаана байна би мөнгөө авмаар байна” гэхээр нь би тэр эгчид хандаж “Отгонбаяр ах байхгүй байна, маргаашаас ирэх байх та ирэхээр нь уулзаад учраа ол” гэж хэлсэн. Тэгтэл тэр эгч “та нар хувааж идсэн. Та нар хүнээс мөнгө авчихаад өгчих” гээд уурлаж орилж эхэлсэн. Тэр үед би хашааны хаалга онгойлгож орох үед нөгөө Б гэх эгч миний араас ирээд нэг гараараа хүзүүг маань боож цамцны энгэрээс заамдаж авсан. Тэгэхээр нь барьж байсан усаа газарт тавьж тэр эгчийн гарыг тавиулах гэж ноцолдож байгаад бид хоёр газарт өнхөрөөд унасан. Тэгээд бид хоёр унаад тэр эгч зуураад байхаар нь гарыг нь тавиулаад босоод газар тавьсан байсан усаа аваад цаашаагаа явахад Б гэх эгч О ах дээр очиж хэрүүл хийж орилж хашигран О ахын энгэрээс зуурч авч цамц подволкийг нь урсан. О ах хүүхдээ тэвэрсэн байсан учир тэр эгчид хандаж та хүүхэд айлгаад байна одоо боль, та яв гэж хэлсэн чинь тэр эгч бүр аймаар орилж хашгираад О ахыг заамдаж аваад дайраад байхаар нь О ах гараараа тэр эгчийн нүүрэн тус газар нэг удаа цохисон. Гэтэл тэр эгч цагдаад хэлнэ гээд явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/ -Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 28-37-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна. Шүүгдэгч С.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн үед хүүхдээ тэвэрсэн байсан. Гэтэл Б миний цамцнаас зуурч ураад, хэл амаар доромжлоод охиныг минь юм мөргүүлэхээр нь уур хүрээд цохисон. Манай хүргэнд өгсөн мөнгөний асуудлаа бидэнд ирж хэрүүл болгож ийм байдалд хүргэсэнд гомдолтой байгаа. Би сүү авч очиж уучлалт гуйхад оруулаагүй. 200,000 төгрөг өгье гэхэд авахгүй гэсэн. Цохисон нь миний буруу. Энэ хүнд учруулсан гэмтлийн тухайд маргах зүйлгүй гэжээ. Хохирогч Т.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би эдний хүргэнээс хэдэн төгрөг авах ёстой юм. Очиход Тоогий энэ 2 байхаар нь М байна уу гэхэд хэл үгээр доромжилсон. Баяжихыг чинь харна гэсэн. Би эмнэлгээр явж их мөнгө гарсан. Гомдолтой. Мөнгө өгөөгүй, утсаар л ярьсан. 300,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ. Шүүгдэгч С.О 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн Баруун дэнжийн 16-10 тоот хашааны гадна хохирогч Т.Бтай үл ойлголцож маргалдан цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч С.Оийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл тодорхой хэмжээгээр нөлөөлсөн болох нь шүүгдэгчийн тухайн үед өмсөж явсан цамц, подволкт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрчийн мэдүүлгээр нотлогдсон. Иймд эдгээр нөхцөл байдал болон шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээсэн тул яллагчийн саналыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “300,000 төгрөг нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох баримтуудыг гаргаагүй, хэрэгт эмчилгээ хийлгэсэн талаар баримтууд авагдаагүй тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болно. Харин хохирогч иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах журмаар хохирол нэхэмжлэх эрхтэйг заалаа. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Т овогт Сын Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Оөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах замаар хохирлоо гаргуулах эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ