Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1076

 

2022         07          07                                2022/ШЦТ/1076

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2206 00000 2128 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Тегри мэд ХХК-д угтагч [D1] ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүрэг 41 дүгээр хороо зээл 4 дүгээр гудамжны 1в тоотод оршин суух хаягтай, урьд

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 489 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж 1 жил 6 сар 15 хоногийн хугацаагаар хорих ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 806 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 15 хоногийн хорих ялыг нэмж, 2 жил 6 сар 15 хоногийн хугацаагаар хорих ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1846 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн, *******

Холбогдсон хэргийн талаар:

******* нь 2022 оны 05 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МТ шатахуун түгээх станцын урд талын нийтийн байрны орчим хохирогч Д.Баасандоржтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зүүн шанаан тус газарт заазуураар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-10 дахь тал/,

Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцсон прокурорын тогтоол /хавтаст хэргийн 13 дахь тал/,

Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт болох заазуур 1 ширхэг /хавтаст хэргийн 65 дахь тал/,

Хохирогч Д.Баасандоржийн “Би 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр найз Өлзий-Орших, Болор-Эрдэнэ нартай 18 цагийн орчим уулзаад Сансарын туннел дээр караоке орж бага зэрэг пиво ууж сууж байгаад 23 цагийн орчим гарч Болор-Эрдэнийг гэрт нь дөхүүлж өгөхөөр бид 3 такси барьж явсан ... нийтийн байрны гадаа ирж Болор-Эрдэнийг буулгах гэтэл түүний найз Аагий байрныхаа гадаа хутга бариад гараад ирчихсэн байсан. Би таксинаас буугаад чи наад хутгаараа хүн амьтан гэмтээчхэв гээд түүний хутгыг өшиглөөд унагаасан. Аагий, Болор-Эрдэнэ нар нийтийн байр руу орчихсон ба Өлзий-Орших бид 2 Болор-Эрдэнэд санаа зовоод таксин дотор байж байхад Аагий том заазуур бариад гараад ирсэн. Хүрээд ирэхээр нь би таксинаас бууж чи яачхаад байгаа байгаа юм, Болор-Эрдэнэ бид 3 хар багын найзууд гэдгийг мэднэ биз дээ гээд маргалдаад зогсож байтал Аагий заазуураараа миний зүүн шанаа, чамархай орчмоор зүсэж цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

            Батлан хамгаалахын эмгэг судлалын, шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны  06 дугаар сарын 10-ны өдрийн 11 дугаартай “Д.Баасандоржийн биед зүүн шанааны сорви шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 7093 дугаартай “*******гийн биед хуухнагт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

Яллагдагч *******гийн “... 01 цагийн үед хамтран амьдрагч эмэгтэй Б.Болор-Эрдэнэ над руу утсаар залгаад гэр рүүгээ очиж байна гэж ярьсан. Би гэрийн гадаа тосох гээд Б.Болор-Эрдэний утас руу 2 удаа залгасан, 20 орчим минутын дараа гэрийн гадаа ирчихлээ гэж хэлсэн. Би авах гээд гэрээс гартал манай найз охин Б.Болор-Эрдэнэ 30 орчим насны 2 эрэгтэй хүнтэй цуг байсан ба тэр 2 эрэгтэй нь над руу цагийг нь бүртгээд яасан олон залгадаг юм ална шүү бацаан минь гэж хэлэхээр нь би гэр рүү гүйж ороод гэрт байсан бор өнгийн иштэй заазуур аваад айлгахаар гарсан. Намайг гараад очиход хар өнгийн цамцтай, 172 см өндөртэй эрэгтэй нь миний бэлэг эрхтэн рүү баруун өвдгөөрөө нэг удаа өшиглөх үед нь баруун гартаа барьж байсан заазуураараа далайх үедээ тухайн эрэгтэйн зүүн талын шанаа хэсэгт нэг удаа зүсэж гэмтээсэн. Би өөрийн гаргасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Бусдын биед гэмтэл учруулсан асуудалдаа гэмшиж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

Шүүгдэгч *******гийн хувийн байдалтай холбоотой

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 47 дахь тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 44 дэх тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 46 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 50-63 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, өмгөөлөх талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

            Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МТ шатахуун түгээх станцын урд талын нийтийн байрны орчим хохирогч Д.Баасандоржтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний зүүн шанаан тус газарт заазуураар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Баасандорж, яллагдагч, шүүгдэгч ******* нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

            Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч Д.Баасандорж нар нь *******гийн найз охин Б.Болор-Эрдэнэтэй найз нөхдийн харилцаатай ба хамтдаа караоке орж дуулцгаасан, такигаар Б.Болор-Эрдэнийг гэрийнх нь гадаа хүргэж өгсөн, ******* тэднийг ирэх хооронд хэд хэдэн удаа утсаар ярьсан, хардсан, энэ байдлаас болж Д.Баасандорж, ******* нар харилцан маргалдсан, ******* нь гэрээсээ заазуур авч гарч ирсэн, Д.Баасандорж *******г өшиглөсөн, зөрүүлээд ******* барьж байсан хутгаараа Д.Баасандоржийн нүүрэн тус газарт зүсэж гэмтээж эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр атлаа хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учрахад зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч *******ын хохирогч руу чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

Хохирогч Д.Баасандорж нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй, тус мэдүүлэг нь давхар шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн *******гийн мэдүүлгээр тогтоогдсон, хохирогч Д.Баасандоржийн мэдүүлэгт авагдсан *******гийн үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон эрүүл мэндийн хохиролтой шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул *******г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд харилцан үл ойлголцсон харилцаа хандлага нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ. 

Хохирогч Д.Баасандорж нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирлын талаар баримт гаргаж өгөөгүй боловч мэдүүлэгтээ эмчилгээний зардал нэхэмжилнэ, хэргийн материал танилцуулсан тэмдэглэл шүүх хуралдаанд оролцохгүй гэж тэмдэглэсэн байна.

Иймд энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар *******гаас нэхэмжлэх эрхтэйг болохыг дурдах нь зүйтэй.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

  Шүүгдэгч *******гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд удаа дараа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой гэх хувийн байдал, зэвсэг буюу хутга ашиглан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл хохирол учирсан гэх шинж чанар зэргийг харгалзан *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******гийн цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын даалгалаа.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ер /90/ хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Баасандорж баримтаар нэхэмжилсэн хохиролгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Хохирогч Д.Баасандорж нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар *******гаас нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.ХАТАНЦЭЦЭГ

 

 

 


 [D1]