Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2022/0285/З |
Дугаар | 221/МА2024/0169 |
Огноо | 2024-03-12 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2024/0169
“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч
Нэхэмжлэлийн шаардлага: нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/525 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны А/533 дугаар захирамж, 2021 оны А/660 дугаар захирамжийн иргэн О.В, З.Х нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/247 дугаар захирамжийн нийслэлийн Боловсролын газарт холбогдох хэсгийг, 2023 оны А/267 дугаар захирамжийн “О г” ХХК-д холбогдох хэсгийг, 2023 оны А/295 дугаар захирамжийн “С г и” ХХК-д холбогдох хэсгийг, 2023 оны А/707 дугаар захирамжийн нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдох хэсгийг, 2023 оны А/810 дугаар захирамжийн Б.О-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 900 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ц, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, өмгөөлөгч Б.Э
Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л
Гуравдагч этгээд З.Х О.В нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А
Гуравдагч этгээд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О
Гуравдагч этгээд нийслэлийн Боловсролын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б
Гуравдагч этгээд “С г и” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С
Гуравдагч этгээд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Гуравдагч этгээд Б.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин
Хэргийн индекс: 128/2022/0285/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 900 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-иас нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан “нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/525 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны А/533 дугаар захирамж, 2021 оны А/660 дугаар захирамжийн иргэн О.В, З.Х нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/247 дугаар захирамжийн нийслэлийн Боловсролын газарт холбогдох хэсгийг, 2023 оны А/267 дугаар захирамжийн “О г” ХХК-д холбогдох хэсгийг, 2023 оны А/295 дугаар захирамжийн “С г и” ХХК-д холбогдох хэсгийг, 2023 оны А/707 дугаар захирамжийн нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдох хэсгийг, 2023 оны А/810 дугаар захирамжийн Б.О-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
Нэхэмжлэгч “И” ХХК нь орон сууц, үйлчилгээний цогцолбор барилгын төслийг хэрэгжүүлэхээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 20 га газрыг нийслэлийн Засаг даргын 2010 оны 584 дүгээр шийдвэрээр эзэмшин, 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нийслэлийн газрын албатай газар эзэмшүүлэх гэрээг байгуулан, 0231003 дугаартай Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг авч, хүлээсэн үүргийнхээ дагуу газрын төлбөрийг төлсөөр ирсэн юм. Гэтэл нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/760 дугаар захирамжийг гаргасан. Тус захирамжийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 296 дугаар шийдвэрээр хүчингүй болгон шийдвэрлэсэн.
Дараа нь 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 53 дугаар шүүхийн тогтоолоор “Зохигчдын эвлэрэл”-ийг баталж шийдвэрлэсэн. Талууд эвлэрлийн гэрээг байгуулан дуудлага худалдааны анхны үнэ болох 316 800 000 төгрөгийг төлснөөр нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/207 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгогдож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, гэрчилгээ авсан.
Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 6345 дугаар шүүхийн шүүгчийн захирамжаар А.Х, Д.А нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр “И” ХХК-ийг татан оролцуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 297 дугаар тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг.
Манай компани нь 2012 оноос 2018 оны 06 дугаар сарыг дуустал захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас 7 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд шүүхийн шийдвэр, тогтоол гарах хүртэлх хугацаанд компанийн газар эзэмших эрхэд тавьсан хоригийг чөлөөлүүлэх хүсэлтийг төрийн эрх бүхий байгууллагад хүргүүлсэн боловч ямар нэгэн хариуг ирүүлээгүй юм. 2008 оноос эхлэн газрын төлбөрт 44 999 973 төгрөг, дуудлага худалдааны үнэд 316 800 000 төгрөг, нийт 461 799 973 төгрөгийг төлсөн бөгөөд маргаан бүхий газар дээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслийн нэмэлт зардлыг тусгаагүй болно.
Манай компани газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон, бусад этгээдүүдтэй давхцуулан олгосны улмаас шүүхээс эзэмших эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргасантай тухайн газраа бодит байдлаар эзэмших бололцоо олдоогүй учраас газрын төлбөрийг төлөх боломжгүй талаар Газрын албанд мэдэгдэж байсан.
Дээрх нөхцөл байдлуудаас үүдэн газрын төлбөрийн үлдэгдэлтэй байсныг үл харгалзан нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/525 дугаар захирамжаар манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй, газар эзэмших эрхийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад маргаан бүхий газрыг гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлсэн.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй” гэсэн заалтыг зөрчиж гуравдагч этгээдүүдэд шинээр газар олгосон нь хууль бус гэж үзэж байна. Энэхүү заалтаар зохицуулж буй харилцаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх” гэсэн зохицуулалттай уялдуулж ойлгох нь зөв гэж үзэж байна.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/525 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5-д заасныг тус тус баримтлан “И” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан журмын дагуу эрх зүйн зохицуулалт нь бусад байдлаар биелэгдэх эрх зүйн үйлчлэлтэй буюу дуусаагүй захиргааны акт гэж үзэж байна.
Дээрх захиргааны актыг шүүхээр хянан хэлэлцэгдэж байх хугацаанд гуравдагч этгээдүүдэд Хан-Уул дүүргийн болон нийслэлийн Засаг дарга шинээр газар олгосон нь хууль бус шийдвэр болсон, нөгөөтээгүүр шүүх захиргааны актын эрх зүйн үйлчлэл бүрэн дүүрэн дууссан байна уу гэдгийг хэлбэр талаас нь харсан, харин агуулга талаас нь анхны актын эрх зүйн үйлчлэл нь захиргааны байгууллагаас хүчингүй болгосон ч гэсэн дараа дараагийн актаар үргэлжилж байна уу гэдгийг анхаарсангүй шийдвэрээ гаргажээ.
Иймд Нийлэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ы өдрийн 900 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “И” ХХК-иас нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/525 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны А/533 дугаар захирамж, 2021 оны А/660 дугаар захирамжийн иргэн О.В, З.Х нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/247 дугаар захирамжийн нийслэлийн Боловсролын газарт холбогдох хэсгийг, 2023 оны А/267 дугаар захирамжийн “О г” ХХК-д холбогдох хэсгийг, 2023 оны А/295 дугаар захирамжийн “С г и” ХХК-д холбогдох хэсгийг, 2023 оны А/707 дугаар захирамжийн нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдох хэсгийг, 2023 оны А/810 дугаар захирамжийн Б.О-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.2. Анх нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” 340 дүгээр захирамжаар “И” ХХК-д Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд орон сууц, үйлчилгээний зориулалттай 200 000 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар шилжүүлэн эзэмшүүлсэн бөгөөд нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/207 дугаар захирамжаар газрын хэмжээг 150 000 м.кв болгон өөрчилж, 10 жил 9 сарын хугацаатайгаар эзэмшүүлсэн, харин маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/525 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5-д заасныг тус тус үндэслэж “И” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.
2.3. Нэхэмжлэгч “И” ХХК-иас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон дээрх захирамжийг эс зөвшөөрч буй үндэслэлээ “... 2012 оноос 2018 оны 6 сарыг дуустал захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас 7 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд шүүхийн шийдвэр, тогтоол гаргах хүртэлх хугацаанд компанийн газар эзэмших эрхэд тавьсан хоригийг чөлөөлүүлэх хүсэлтийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэг хариу ирүүлээгүй, ... нийслэлийн Газрын албаны 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01-09/2557 тоот “Зөрчил арилгуулах тухай” албан бичигт 2016-2019 онуудын газрын төлбөрийг төлж барагдуулах тухай мэдэгдлийг ирүүлсэн. Манай компани тухайн мэдэгдлийн дагуу нийслэлийн Газрын албаны холбогдох байцаагчтай уулзаж газрын төлбөр тооцоо нийлсэн актыг үйлдэх, дээрх онуудад тухайн газрыг бодитоор эзэмших боломжгүй нөхцөл байдал манай компаниас шалтгаалахгүйгээр үүссэн, мөн илүү төлсөн төлбөрийг дараагийн жилд шилжүүлэх шаардлагатай талаар мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон, давхардуулан олгосноос үүдэн шүүхээс эзэмших эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гарсантай холбоотойгоор газар эзэмшигч буюу манай компани нь дээрх газрыг бодитоор эзэмших боломжгүй байсан учраас газрын төлбөрийг төлөх боломжгүй талаар мэдэгдсэн боловч газрын албаны байцаагч нь нийслэлийн Газрын албаны 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01-09/2557 тоот мэдэгдэлд дурдсан онуудын газрын төлбөрийг төлөхийг шаардсан тул зөвшилцөлд хүрч чадаагүй” гэж тайлбарлан маргажээ.
2.4. Анхан шатны шүүх “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 6345 дугаар захирамжаар А.Х, Д.А нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох ... хэрэг Монгол Улсын дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 237 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн байх боловч энэ нь газрын төлбөр төлөхөөс чөлөөлөх, төлбөрийн хэмжээг багасгах үндэслэл болохгүй, ... шүүхийн дээрх маргаан нь нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 150 000 м.кв газрын хэмжээгээр бүхэлдээ давхцалтай бус 59 803 м.кв талбайгаар давхцалтай байсан, “И” ХХК-иас иргэн А.Х, Д.А нарын ашиглалтад олгосон газрын давхцал бүхий хэсгийг илт хууль бус захиргааны актад тооцуулахаар бие даасан шаардлага гаргаж маргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нь шүүхийн маргаантай хугацаанд газрын төлбөрийг давхцалгүй хэмжээгээр төлөх, эсхүл бүтэн төлөөд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж давхцал бүхий газрын эзэмшигч биш болсон тохиолдолд илүү төлсөн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шаардах боломжтой байсан байна” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.
2.5. Учир нь Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа ... аж ахуйн нэгж ... газрын төлбөр төлөгч байна”, 4 дүгээр зүйлд “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу ... аж ахуйн нэгж, байгууллагын ... ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна”, 7 дугаар зүйлийн 2-т “газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно” гэж тус тус зааснаас үзэхэд газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмшигч, ашиглагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг тул шүүхийн маргаантай байсан нь тухайн газрыг эзэмших, ашиглах эрх бүхий этгээдийн газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
2.6. Нөгөөтээгүүр, А.Х, Д.А нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг нь нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий 150 000 м.кв газартай бүхэлд нь хамааралтай бус зөвхөн 59 803 м.кв талбайгаар давхцалтай талаар маргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож буй энэ тохиолдолд шүүхийн маргаантай дээрх цаг хугацаанд нэхэмжлэгч компанийг эзэмшлийн газартаа үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан гэж дүгнэх үндэслэлгүй юм.
2.7. Түүнчлэн хариуцагчаас газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй зөрчлийг арилгуулахаар хугацаа тогтоосон, уг хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдэх талаар нэхэмжлэгч компанид 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01-09/2557 дугаар, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02-09/5778 дугаар албан бичгүүдээр тус тус мэдэгдсэн, маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/525 дугаар захирамж гарах үеийн байдлаар 145 816 661 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан болох нь нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Газар ашиглаж, эзэмших гэрээ дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар нэгэнт тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч “И” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
2.8. Харин нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны А/533 дугаар захирамж, 2021 оны А/660 дугаар захирамжийн иргэн О.В, З.Х нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/247 дугаар захирамжийн нийслэлийн Боловсролын газарт холбогдох хэсгийг, 2023 оны А/267 дугаар захирамжийн “О г” ХХК-д холбогдох хэсгийг, 2023 оны А/295 дугаар захирамжийн “С г и” ХХК-д холбогдох хэсгийг, 2023 оны А/707 дугаар захирамжийн нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдох хэсгийг, 2023 оны А/810 дугаар захирамжийн Б.О-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагын хувьд, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/525 дугаар захирамж хуульд нийцсэн гэж шүүх дүгнэсэн тул уг нэхэмжлэлийн шаардлагууд хангагдсанаар нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзлээ.
2.9. Хэдийгээр гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”, 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус заасан дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар олгоогүй болох нь тогтоогдож байх боловч энэ нь нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохооргүй байна.
2.10. Учир нь маргаан бүхий захиргааны акт ямар нэг байдлаар хууль зөрчсөн нь тогтоогдсон ч, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй бол шүүх уг захиргааны актыг хууль бус гэж тогтоох, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл бүрдэхгүй, учир нь захиргааны хэргийн шүүх гагцхүү нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд үүссэн бодитой маргааныг шийдвэрлэх явцад хууль бус захиргааны актыг хүчингүй болгохгүйгээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй тохиолдолд маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “И” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/525 дугаар захирамж хуульд нийцсэн байгаа энэ тохиолдолд уг газрыг бусдад эзэмшүүлж, ашиглуулахаар шийдвэрлэсэн захиргааны актуудыг хүчингүй болгох нь нэхэмжлэгчийн аливаа эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх үр дагаврыг үүсгэхээргүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 900 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН