Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00873

 

                                    

                                                                      О.Б-ын нэхэмжлэлтэй 

                                                         иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2020/02173 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2095 дугаар магадлалтай,          

О.Б-ын нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д холбогдох          

Ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалинтай тэнцэх олговрыг ажилгүй байсан хугацаанд тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинзоригийн хяналтын журмаар гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинзориг, Б.Энхбаатар, Д.Хулан, хариуцагчийн өмгөөлөгч Д.Бүрнээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.         

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Монгол Улсын Хөгжлийн банканд дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлын албан тушаалд 2018.07.30-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргаж байгаагүй. 2020.04.24-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхад ажлаас халсан талаар мэдэгдэж, ажлаас халсан тогтоолыг надад албан ёсоор танилцуулаагүй. 2020.05.08-ны өдөр тогтоолыг гардуулж өгсөн. Монгол Улсын Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн 2020.04.24-ний өдрийн 19 тоот тогтоолын үндэслэх хэсэгт Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн 8.1.5, Засгийн газрын 2020 оны 122, 129 дүгээр тогтоол, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн 2020 оны 8-1/2714 тоот чиглэл, төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 16 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ажлаас халсан. Монгол Улсын Хөгжлийн банк нь орон тоо хасагдсан, Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газар өөрчлөгдөн зохион байгуулагдсан тул О.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар зохицуулсан байдаг. Монгол Улсын Хөгжлийн банкны бүтцээс нэхэмжлэгч миний эрхэлж байсан ажлын байр бодитойгоор байхгүй болсон буюу Хөгжлийн банканд уг ажлын байр шаардлагагүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй бөгөөд эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газар нь зөвхөн нэршил өөрчлөгдөж, эрсдэлийн газар нэртэй болсон байна. Иймд орон тоо хасагдсан нь бодитой бус, үндэслэлгүй.

Нөгөө талаар Хөгжлийн банк нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан үүргээ гүйцэтгээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 заасан хугацааны өмнө мэдэгдэлгүйгээр ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болно. Тушаал шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас чөлөөлж байгаа тушаал нь агуулгын болон хэлбэрийн хувьд хуульд тавигдсан шаардлагыг хангаж байх ёстой. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна. Ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговрыг нэхэмжилж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 129 дүгээр тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийг шинэчлэн батлахдаа уг дүрмийн 9.6 дахь заалт буюу банкны бодлогын газар болох актив, пассив хөрөнгийн удирдлага болон зээл, хяналт шалгалт, эрсдэлийн асуудал хариуцсан газрын захирал нь дэд захирлын статустай байж болох бөгөөд уг асуудлыг төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэнэ гэсэн заалтыг хассан. Засгийн газар (Монгол Улсын Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч)-ын 2020.04.08-ны өдрийн 122 дугаартай тогтоолоор тус банк дахь төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх этгээдийг Сангийн яам гэж тогтоосон. Энэ тогтоолыг үндэслэн Сангийн Сайдын 2020.04.24-ний өдрийн 8-1/2714 дугаартай албан бичгээр тус банкны төлөөлөн удирдах зөвлөлийн даргад чиглэл хүргүүлсэн. Чиглэлийн үндсэн агуулга нь банкны үйл ажиллагааг сайжруулах, зохистой удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, үйл ажиллагааны үр дүнг сайжруулж, банкны өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор орон тооны дээд хязгаарыг 110 хүнээр тогтоож, банкны зохион байгуулалтын бүтцийг хавсралтын дагуу баталж, газрын захирлуудыг сонгон шалгаруулж, томилогдох хүртэлх хугацаанд газрын захирлын үүрэг гүйцэтгэгчдэд нэр дэвшүүлж, төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар шуурхай шийдвэрлэнэ үү гэсэн байдаг.

Хувьцаа эзэмшигчээс өгсөн дээрх чиглэлийн дагуу тус банкны төлөөлөн удирдах зөвлөлийн Монгол Улсын Хөгжлийн банкны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай 2020.04.24-ний өдрийн 16 дугаартай тогтоол гарч, орон тоог 149-өөс 110 болгосон. Дээрх тогтоол, чиглэлийг үндэслэн, төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 19 дүгээр тогтоол гарч О.Б-ыг ажлаас чөлөөлөхдөө дэд захирал гэдэг албан тушаал байхгүй болсон. Засгийн газрын 2020 оны 129 дүгээр тогтоолоор дэд захирал гэдэг албан тушаалыг хасаж, газрын захирал гэдэг албан тушаал бий болсон. Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газар гэдэг нэгж байхгүй болж, эрсдэлийн газар болж өөрчлөн байгуулагдсан. Үүнтэй холбогдуулан эрсдэлийн газар нь комплайнсын асуудал буюу мөнгө угаах, терроризмтой тэмцэх, хууль тогтоомжийн нийцэл, авилга, залилан, ашиг сонирхлын зөрчлийн асуудал, шилэн дансанд мэдээлэл байршуулах, нууц мэдээллийн асуудал, мөн дотоод хяналтын чиг үүргийг давхар хариуцахаар болсон. Дотоод хяналтын хэлтэс гэж байсныг татан буулгасан. Өмнө нь байсан газар нь зөвхөн эрсдэлтэй холбоотой чиг үүрэг хариуцдаг байсан бол шинэ байгуулагдсан газар нь дотоод хяналт, комплайнс зэрэг чиг үүргийг хариуцах болсон. Мөн өмнөх газар нь 2 хэлтэстэй байсан бол шинэ газар нь хэлтэсгүй болсон. Дэд захирлын орон тоо хасагдаж, эрсдэлийн газар шинээр байгуулагдсантай холбогдуулан газрын захирлын чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт мөн өөрчлөгдсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.        

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2020/02173 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 заасныг баримтлан, нэхэмжлэгч О.Б-ыг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэн урьд эрхэлж байсан ажил буюу Монгол Улсын Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-иас ажилгүй байсан хугацааны урьд авч байсан цалинтай тэнцэх олговорт 43,825,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Б-т олгуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 заасны дагуу нэхэмжлэгч О.Б-ын ажилгүй байсан хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 377,075 гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2095 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2020/02173 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...урьд эрхэлж байсан ажил буюу Монгол Улсын Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газрын захирлын... гэснийг ...Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн Эрсдэлийн газрын захирлын... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинзориг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...орон тоо хасагдах гэдэгт тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг ойлгох бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал гэсэн нэртэй ажлын байр байхгүй болоогүй, харин Эрсдэлийн газрын захирал нэртэй болсон, Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал болон Эрсдэлийн газрын захирал нэртэй ажлын байрны тодорхойлолтуудад заасан чиг үүрэг нь ижил байх тул хариуцагчийн гаргасан О.Б-ын эрхэлж байсан ажлын байрны орон тоо хасагдсан гэх тайлбар үндэслэлгүй байна” хэмээн О.Б-ын эрхэлж байсан ажлын байр хасагдаагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг зөв гэж дүгнээд “...Ажлын байрны чиг үүрэг нэмэгдэж, нэршил өөрчлөгдсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “...орон тоо хасагдсан эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэх нөхцөл байдалд хамаарахгүй тул нэхэмжлэгч О.Б-ыг ажлаас чөлөөлсөн нь хариуцагч байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол дээрх хуульд нийцээгүй байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2020.04.24-ний өдрийн тогтоолоор Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрыг Дотоод хяналтын хэлтэстэй нэгтгэж Эрсдэлийн газрыг шинээр бий болгосон. Ийнхүү шинэчлэн байгуулахдаа Эрсдэлийн газар нь эрсдэлтэй холбоотой чиг үүргээс гадна банканд учирч болзошгүй комплайнсийн эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Шилэн дансны тухай хууль, мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хөндлөнгийн байгууллага, дотоод аудит, дотоод хяналтын үйл ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн аюулгүй байдалтай зэрэг 5 чиг үүргийг хэрэгжүүлэхээр байгуулагдсан. Энэ нь өмнөх Эрсдэлийн, удирдлагын газраас хэрэгжүүлж байсан чиг үүргээс илүү нэмэгдсэн гэсэн үг юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ч мөн “...бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөс харахад МУХБ-ны зохион байгуулалтын бүтцэд эрсдэлийн асуудал хариуцсан газрын чиг үүрэг хэвээр байгаа бөгөөд уг газрын дотоод зохион байгуулалт, зарим чиг үүрэгт өөрчлөлт орсон байна” хэмээн эрсдэлийн газрын чиг үүрэгт өөрчлөлт орсон тухай дүгнэсэн. Иймд О.Б-ын ажлын байр буюу “Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газрын захирал”-ын албан тушаал хасагдсан болох нь тодорхой байна.

Өмнөх Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газар нь 2020 онд хасагдсан орон тоо болох тэргүүн дэд захирлын удирдлагын дор, Дотоод хяналтын хэлтэс нь гүйцэтгэх захирлын удирдлагын дор тус тус ажиллаж байсан. Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2020.04.24-ний өдрийн тогтоолоор шинээр байгуулагдсан Эрсдэлийн газар нь гүйцэтгэх захирлын удирдлагын дор ажиллахаар болсон. Хэрэв анхан шатны шүүхийн үзэж байгаа шиг, эрсдэлтэй холбоотой чиг үүрэгт зарим чиг үүргүүд нэмэгдсэн тул ажлын байр хасагдаагүй гэсэн үндэслэлээр үзвэл, Дотоод хяналтын хэлтсийн чиг үүрэгт эрсдэлтэй холбоотой чиг үүрэг нэмэгдэж тус хэлтсийн захирлын ажлын байр хасагдаагүй, харин Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлын ажлын байр хасагдсан гэж мөн үзэж болно. Иймд шүүхээс 2020 оны бүтцийн өөрчлөлтөөр хасагдсан ажлын байруудаас Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлын ажлын байр хэвээр үлдэж байгаа талаар дутуу дүгнэлт өгсөн гэж үзэж байна. Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2019.07.24-ний өдрийн А-184 дугаар тушаалын хавсралт 2-т Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газар нь 2 хэлтэс, нийт 16 орон тоотой, “Дотоод хяналтын хэлтэс” нь 7 орон тоотой байсан. Гэтэл Монгол Улсын Хөгжлийн банкны 2020.04.07-ны өдрийн А-99 дүгээр тушаалын хавсралт 2-т дээрх хоёр бүтцийг нэгтгэж, шинээр Эрсдэлийн газрыг нийт 12 орон тоотойгоор байгуулсан. Өөрөөр хэлбэл өөр өөр чиг үүрэг бүхий хоёр тусдаа нэгжийг нэгтгэж шинэ бүтэц бүхий газрыг байгуулсан бөгөөд өмнөх бүтцэд байсан 23 орон тооноос 11 орон тоог хассан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх дээр дурдсан бүтэц орон тоо баталсан тушаал, түүний хавсралтыг нотлох баримтаар үнэлсэн боловч зөвхөн нэршил өөрчлөгдөж, ажлын байрны чиг үүрэг нэмэгдсэн мэтээр дүгнэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д хамаарахгүй гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй юм.

ТУЗ-ийн 2020.04.24-ний өдрийн 16 дугаартай тогтоолоор нийт 4 дэд захирлын орон тоо бүрэн хасагдсан бөгөөд үүний нэг нь нэхэмжлэгч О.Б-ын дэд захирал бөгөөд Эрсдэлийн удирдлагын газрын захирлын албан тушаал юм. Иймд Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2020.04.24-ний өдрийн 19 дүгээр тогтоол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, уг заалтыг тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн 33 дугаартай тогтоолын 15.1.1-д “...“орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино гэсэн заалттай нийцсэн. Хөгжлийн банкны Хөдөлмөрийн дотоод журмын 13.2-т “...Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-д заасан нөхцөл бий болсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцална.” гэж заасны дагуу ТУЗ-ийн шийдвэр гарсан. Нэхэмжлэгч О.Б-ыг ажлаас чөлөөлсөн ТУЗ-ийн 2020 оны 16 дугаар тогтоол гарсан өдрөөс хойш О.Б нь ажилдаа ирээгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль, дотоод журамд заасны дагуу ажил хүлээлцээгүй, тойрох хуудас зуруулаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасан хугацаанд ногдох цалин, мөн хуулийн 43 дугаар зүйлд заасан “ажил хүлээлцэх”-тэй холбоотой тооцоог хийх боломжгүй байсан.

Давж заалдах шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа нэг сарын өмнө мэдэгдээгүй буюу хуульд заасан журмыг баримтлаагүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд дээр дурдсан өөрсдийн өмнөх дүгнэлтийг үгүйсгэсэн. Учир нь анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан 40.1.1-д хамаарахгүй гэж дүгнэсэн атлаа, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 буюу “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх.” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хоорондоо зөрчилтэй дүгнэлт болжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 59.3-т “ажилтны буруугаас ажил хүлээлцэх хугацаа хэтэрвэл ажилтанд уг хугацааны олговрыг олгохгүй” гэж заасан. О.Б нь өнөөдрийг хүртэл ажлаа хүлээлцээгүй, ажлын байрыг орхиж явсан тул олговрыг олгох боломжгүй болсон. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагыг “ажилд эгүүлэн томилуулах” гэж тодорхойлсон буюу Монгол Улсын Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлын албан тушаалд томилуулах шаардлага гаргасан. Анхан шатны шүүхээс дээрх шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүхээс дээрх шийдвэрт өөрчлөлт оруулж, шинээр байгуулагдсан Эрсдэлийн газрын захирлын албан тушаалд тогтоож буюу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс давж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нь хариуцагчаар Монгол Улсын Хөгжлийн банкийг тодорхойлсон тул хариуцагчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Мөнхсүхээс олгосон итгэмжлэлийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон өмгөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. Гэтэл нэхэмжлэгч О.Б-ын ажиллаж байсан дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлын албан тушаал нь гүйцэтгэх захирлаас бус тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс томилогдож, чөлөөлөгдөх албан тушаал юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу хариуцагч гэж нэхэмжлэгчийн өөрөө тодорхойлсон буюу нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлэх бөгөөд бидний зүгээс анхан болон давж заалдах шатны зүгээс нэхэмжлэгч нь хариуцагчийг зөв тодорхойлоогүй гэж тайлбар гаргасан боловч 2 шатны шүүх уг нөхцөл байдалд огт дүгнэлт өгөөгүй. Үүнээс үзвэл анхан болон давж заалдах шатны шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд, тайлбарыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв талаас үнэлээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, буруу тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй байх тул мөн хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

О.Б Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу Монгол Улсын Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газрын захирлын...” гэснийг “...Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн Эрсдэлийн газрын захирлын...” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцааг үндэслэл бүхий тодорхойлж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3, 116 дугаар зүйлийн 116.3. дахь заалтад нийцсэн байна.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газар нь хуучин бүтцээр 2 хэлтэстэй, тэргүүн дэд захирлын шууд удирдлагад харъяалагдаж байсан бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018.07.30-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор О.Б-ыг Монгол Улсын Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлын албан тушаалд 2018.07.30-ны өдрөөс эхлэн томилжээ.

О.Б-ыг Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020.04.24-ний өдрийн 19 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42.1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн 8.15 дахь заалт, Засгийн газрын 2020 оны 122 дугаар тогтоол, 129 дүгээр тогтоол, Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн 2020 оны 8-1/2714 тоот чиглэл, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 16 дугаар тогтоолыг тус тус үндэслэж, Хөгжлийн банкны орон тоо цөөрч, дотоод зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орсны улмаас дэд захирлын орон тоо хасагдаж, Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газар өөрчлөгдөн зохион байгуулагдсантай холбогдуулан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл нь 2020.04.24-ний өдөр банкны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж, уг бүтцээр Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрыг Дотоод хяналтын хэлтэстэй нэгтгэн, “Эрсдэлийн газар” нэртэй болгон өөрчилсөн байна.

Талуудын хооронд байгуулсан 2018.08.09-ний өдрийн ХГ/18/07 тоот хөдөлмөрийн гэрээ, түүнд өөрчлөлт оруулах тухай 2020.01.02-ны өдрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, 2019.07.24-ний өдрийн А-184 тоот тушаалаар батласан Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, тэргүүн дэд захирал, газар, хэлтсийн чиг үүрэг, Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019.07.05-ны өдрийн 35 тоот Монгол Улсын Хөгжлийн банкны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай тогтоол зэргээс дүгнэвэл орон тоо хасагдсан гэх О.Б-ын эрхэлж байсан албан тушаал болох “дэд захирал” гэх орон тоо нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг бус, харин “ажлын байрны буюу албан тушаалын нэр” болох нь тогтоогдож байна.

Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын чиг үүргийг Эрсдэлийн газрын чиг үүрэгтэй харьцуулан үзвэл нэршил өөрчилөгдснөөс гадна, өмнөх чиг үүргүүд дээр “ ... дотоод хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, дотоод хяналтын тогтолцоог сайжруулах, боловсронгуй болгох чиглэлээр журам, заавар боловсруулан батлуулах, хөдлөнгийн байгууллага, дотоод аудитын албанаас банкны үйл ажиллагаанд аудитын болон бусад хяналт, шалгалтын хүрээнд хийгдэх ажилд дэмжлэг үзүүлэх, Шилэн дансны тухай хууль, Мэдээллийн ит тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах” зэрэг дотоод хяналтын хэлтсийн чиг үүргүүд нэмэгдсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан “... орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэсэн ойлголтод ажлын чиг үүрэг нэмэгдэж, нэршил өөрчлөгдсөн нөхцөл байдал хамаарахгүй.

Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

Монгол Улсын Хөгжлийн банк О.Б-т орон тоо цөөрч, дотоод зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орсны улмаас дэд захирлын орон тоо хасагдаж, Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газар өөрчлөгдөн зохион байгуулагдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа урьдчилан мэдэгдээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг зөрчсөн гэж үзнэ.

Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Гүйцэтгэх удирдлага нь Хөгжлийн банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна”, Монгол Улсын Засгийн газрын 2020.04.15-ны өдрийн 129 дүгээр тогтоолын хавсралтын 9.1-д “Банкны удирдлагыг гүйцэтгэх захирал хэрэгжүүлэх...” гэж заасан эрхэд хамаарч байна.

Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор О.Б-ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэснийг хөдөлмөрийн эрх зүйн маргааны хариуцагч гэж үзэхгүй. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ ажилтны эрхэлж байсан ажил, албан тушаалыг буруу бичсэнийг давж заалдах шатны шүүхээс залруулсан нь зөв байна.

Нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа нотлох үүргийг зохигч хүлээх ба шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийнэ.

“...О.Б нь өнөөдрийг хүртэл ажлаа хүлээлцээгүй, ажлын байрыг орхиж явсан тул олговрыг олгох боломжгүй болсон...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2095 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинзоригын гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-т зааснаар хариуцагч Монгол Улсын Хөгжлийн банк ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.СОНИНБАЯР

                              ШҮҮГЧИД                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                               Б.УНДРАХ 

                                                                             Д.ЦОЛМОН

                                                                             Х.ЭРДЭНЭСУВД