Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1104

 

2022         07          20                                 2022/ШЦТ/1104

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч К.Чимгээ,

хохирогч А.Бат-Ирээдүй,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2206 000000 1956 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Траст трейд ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо Жаргалант 65 дугаар гудамжны 1032 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******

Холбогдсон хэргийн талаар:

******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Финикс караокен орчим хохирогч А.Бат-Ирээдүйтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний хамран тус газарт хазаж, гарын шуу хэсэгт шилээр зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Хохирогч А.Бат-Ирээдүйн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн өдөр гадна байхад Батхолбоо ах намайг хэл амаар доромжилсноос болж маргалдсан. Бид 2 ноцолдож байх зуур миний гар утас хагарсан. Дараа нь намайг холдоод явж байхад хойноос нэг юмаар миний гар луу цохисон. Тэр үед 2 цагдаа ирэхэд бид 2 нэг нэгэндээ гомдол, саналгүй гээд салсан. Гэртээ очтол ээж намайг хараад цагдаагийн газарт гомдол гаргасан. Би ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөр, цаашид гарах эмчилгээний зардал, гар утасны төлбөрт зэргийг оруулаад нийт 8.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

Эд мөрийн баримтаар тооцсон дүрс бичлэг бүхий CD, түүнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 7-10 дахь тал/,

Хохирогч А.Бат-Ирээдүйн “Холбоо ах надад ахархах маягтай харьцаад байхаар нь би та яах гээд байгаа бэ боль гэсэн чинь намайг Холбоо ах цохиод авсан. Тэгээд бид 2 зууралдаад хамт унасан, унаад босох гэсэн чинь нүүр лүү нэг юм орж ирээд пад гээд явчихсан, өшиглөсөн байх гэж бодож байна. Босож ирээд харсан чинь миний хамрын голын мөгөөрс хугараад тасарсан байсан. Би нүүрээ дараад цусаа дараад байж байсан чинь Баярхүү намайг зуураад байсан ... намайг 2-3 удаа цохих шиг болсон, миний гарыг шилээр хатгах шиг болсон. Манай ажлынхан салгаад тэгээд бүгд хоёр тийшээ яваад өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

Гэрч Н.Баярхүүгийн “Холбоо ах тэр 2 жаахан маргалдсан. Тэр 2 гарах гэхээр нь би Холбоо ахыг буцаагаад татсан. Тэгээд би өөрөө жаахан согтчихсон байсан болохоор яг тухайн үеийн хэсгийг санахгүй байгаа. Тэр хоёрыг зодолдуулахгүй гээд л татаад байсан. Нэг сэрсэн чинь тэр 2 гадаа зодолдож байсан. Тэгэхэд Бат-Ирээдүйн хамраас цус гарч байсан. Салгасны дараа Бат-Ирээдүй агсраад над руу дайраад байсан болохоор би Холбоо ахыг цааш нь аваачаад суулгасан. Тэгээд байж байхад цагдаа ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

Гэрч Н.Батцэцэгийн “Тамхины өрөөнөөс эхлээд Батхолбоо гараад явсан чинь араас нь Бат-Ирээдүй гарсан. Тэгээд тэр 2 гадаа орилолдоод зодолдоод байсан. Би очоод дундуур ороод салгасан чинь Батхолбоо 2 гараараа Бат-Ирээдүйг үсэдчихсэн байсан. Бат-Ирээдүй болохоор Батхолбоогийн хоолойноос боочихсон тавихгүй байсан. Доор нь Батхолбоогийн царай сонин болчихсон байсан. Ямар ч байсан би дундуур нь орж байгаад тэр хоёрыг салгасан. Тэгсэн чинь Батхолбоог ямар ч гэсэн боочихсон байж байсан. Батхолбоо ухаан алдчихсан байсан байх. Батхолбоо босохгүй байсан. Наран бид хоёр дуудаж байж Холбоог босгосон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 6789 дугаартай "А.Бат-Ирээдүйн биед хамар, зүүн бугалга, шуунд шарх, хамар, хүзүү, цээж. зүүн тохой, бугалга, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц ир ирмэг бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн БЗД2-22-1248 дугаартай “Редми нөүт 10з загварын гар утасны дэлгэцийг 779.940 төгрөгөөр үнэлсэн” тайлан /хавтаст хэргийн 34-35 дахь тап/,

Яллагдагч *******гийн “Би тэр караокенаас гадагш гарсан чинь Бат-Ирээдүй хойноос гарч ирээд ардаас цохиод бид 2 гадаа дахиад зодолдсон. Бат-Ирээдүй миний дээр гараад хоолой дараад цохисон. Би ухаан алдаад нэг сэрсэн чинь Батцэцэг, Нараа 2 намайг босгочихсон 2 талаас түгшээд байж байхад цагдаа ирсэн ... Бат-Ирээдүй намайг цохиод татаж унагаад дээр гараад хоолой дээр тохойлдож байгаад нэг гараараа толгой руу цохиод байсан. Би цохиулаад байсан болохоор яаж доороос гарах вэ гэж бодоод үснээс нь татах шиг болсон. Тэгээд ойртоод ирэхээр нь хамраас нь хазсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76 дахь тал/,

Хохирогч А.Бат-Ирээдүйгээс гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд /хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 44 дэр тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 40 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дахь тал/, цагдаагийн АСП сангийн лавлагаа /хавтаст хэргийн 45-55 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 41 дэх тал/, нийгмийн даатгал төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 43 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, тайлбар, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, өмгөөлөх талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

            Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Phoenix караокен гадна хохирогч А.Бат-Ирээдүйтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, харилцан зодолдож түүний хамран тус газарт хазаж, гарын шуу хэсэгт шилээр зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч А.Бат-Ирээдүй, гэрч Н.Баярхүү, Н.Батцэцэг, яллагдагч, шүүгдэгч ******* нарын мэдүүлэг, эрүүл мэндийн хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр атлаа хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учрахад зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч *******гийн хохирогч руу чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Хохирогч А.Бат-Ирээдүй нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй, тус мэдүүлэг нь давхар гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон, хохирогчийн мэдүүлэгт авагдсан *******гийн үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохиролтой шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэв.

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул *******г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Хохирогч А.Бат-Ирээдүй гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролтой холбоотой 234.700 төгрөгийн баримт гаргаж өгсөн бөгөөд дээрх хохирлыг шүүхийн шатанд шүүгдэгч ******* төлсөн тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харилцан зодолдох, зууралдах, хамт унах үйлдлийн улмаас хохирогч А.Бат-Ирээдүйн гар утас унаж эвдэрсэн зардлыг *******д шууд хариуцуулах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацаанд олох байсан орлогын талаар хангалттай баримтгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэв.

             Хохирогч А.Бат-Ирээдүйгээс хамартаа хагалгаа хийлгэх шаардлагатай талаар илэрхийлсэн тул эрүүл мэндийн хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу *******гоос нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй. 

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгч ******* нь торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн гэж заасан бөгөөд уг гэмт хэрэг нь сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

          Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирол төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

          Шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч дүгнэлт хийсэн байдал, эрхэлсэн тодорхой ажил, орлоготой гэх хувийн байдал, олон нийтийн газарт үл ялих зүйлээр шалтаглан согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хөнгөн хохирол учирсан, хор уршиг арилаагүй шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******гийн цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ер /90/ хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хохирогч А.Бат-Ирээдүй нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар *******гоос нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

  8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ХАТАНЦЭЦЭГ