Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1095

 

 

2022         07        19                                  2022/ШЦТ/1095

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,   

хохирогч Д.Алтансүх,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2203 00185 0282 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо Шар хад 64 дүгээр гудамжны 912в тоотод оршин суух хаягтай, урьд

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэрхийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 583 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэрхийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1278 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, нэмж нэгтгэн 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн, *******

Холбогдсон хэргийн талаар:

  ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэ толгойн 9 дүгээр гудамжны 16 тоот хашаан дахь засварын газраас Н.Мөнгөншагайн эзэмшлийн Hyundai Verna маркийн 75-59 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч, жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Газарчин сургуулийн зүүн талын уулзварын урд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсэгт заасан “Жолооч ... эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэл дээр дурдсанаас бусад гэмтэл тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө”, 12.1 дэх хэсэгт “Жолооч хөдөлгөөний тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийн харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох араг хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын нэгдүгээр эгнээнд түр зогсож байсан “Hyundai Verna” маркийн  52-11 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ард зогсож байсан явган зорчигч Д.Алтансүхийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогчийн Д.Алтансүхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2022 оны 04 дүгээр сарын 13-ны орой ажлаа тараад явж байсан. Тухайн үед машины багаж цэвэрлэж байтал намайг машин мөргөсөн. Намайг осолд орсноос хойш 3 хоногийн дараа манай эхнэр төрсөн. Би осолд орсны улмаас ажлаа хийж чадаагүй. Манай амьдрал хэцүү байдалд ороод байна. Би хэрэг гарснаас хойш Ууганбаяртай уулзаагүй. Өнөөдөр эмчилгээний зардалд Ууганбаяраас 205.250 төгрөг авсан. Цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан үеийн нөхөн олговорт 2.200.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Хавтаст хэргээс

Яллагдагч *******ын “2022 оны 03 дугаар сарын сүүлээр Мөнгөншагай гэх залуу намайг Баянзүрх дүүргийн Улиастайн Шинэ замд байрлах Төрмөнх ахын засварын газарт туслах ажилчнаар ажиллаж байхад хюнда верна маркийн 75-59 УНЯ улсын дугаартай автомашины мотор болохгүй тос масло нь гоожсон байдалтай ирээд Төрмөнх ахаас машиныхаа моторыг авахаар болоод тухайн үедээ 150.000 төгрөгөөр моторыг аваад, ажлын хөлс 80.000 төгрөгөөр би моторыг нь тавьж өгсөн. Мотор тавьснаас 7 хоногийн дараа Мөнгөншагай нь над руу утсаар залгаад миний автомашин асахгүй байна хүрээд ир гэхээр нь хүнсний 4 ойролцоо очоод хюнда верна маркийн 75-59 УНЯ улсын дугаартай автомашиныг үзэхэд мотор нь цохичихсон байсан ... дахиж мотор аваад Мөнгөншагайн машинд тавиад кропыг 120.000 төгрөгөөр дахин Төрмөнх ахаас аваад сольсон. Би тэр өдрөө Мөнгөншагайгаас авсан хюндай верна маркийн 75-59 УНЯ улсын дугаартай автомашиныг янзлаад завгүй байхад Мөнгөншагай нь наймаа хийсэн хюндай верна маркийн 74-16 УНН улсын дугаартай автомашины 4 дугуйг солиулах гээд байхаар сольж чадалгүй Төрмөнхийн гаршид машинаа үлдээгээд явсан. 2022  оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 20 цаг 13 минутын орчимд Төрмөнхийн засварын газраас Мөнгөншагайгийн эзэмшлийн хюндай верна маркийн 75-59 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодоод ганцаараа Газарчин дээд сургуулийн тойрог дээр байдаг ТҮЦ-ээс ундаа авчаад Төрмөнх ажлын ажил руу 1 дүгээр эгнээнд баруунаас зүүн чиглэлд 40 км/цаг хурдтай явж байгаад автомашиныхаа багажийг онгойлгоод зогсож байсан эрэгтэй хүнийг цастай өдөр байсан тул гулгаж очоод мөргөж гэмтээсэн. Би өөрөө эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн. 103-ын эмч үзээд гэмтсэн хүнийг үлдээгээд явсан. Цагдаа нар хэмжилт хийж дууссаны дараа Мөнгөншагайн машиныг журамласан. Гэмтлийн эмнэлэгт орж гэмтсэн хүнийг үзүүлэхэд тухайн өдөр юу гэмтсэн сайн мэдээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82 дахь тал/,

Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дахь тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-11 дэх тал/,

Хохирогч Д.Алтансүхийн “2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 20 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Эрдэнэ толгой нэгдүгээр автобусны будалд дээр гэртээ нүүрс худалдаж авахаар зогсож байсан. Найз Нэргүйн Бат-Эрдэнэтэй хамт түүний машинтай ирсэн байсан. Н.Бат-Эрдэнийн машин 52-11 УНЕ улсын дугаартай саарал өнгийн Хюндай Верна маркийн машинтай зогсож байсан. Тэгээд найз Бат-Эрдэнэ нь нүүрс худалдан авах мөнгө мартсан байна мөнгө аваад ирье гэж хэлээд машины хойд багажийг цэвэрлэж байгаарай гэж хэлээд явах хооронд түүний машины арын багажийг цэвэрлээд зогсож байтал автобусны буудал дээр цагаан өнгийн Хюндай Верна маркийн 75-59 УНЯ улсын дугаартай машин ирээд шууд намайг мөргөөд зогссон юм. Тэгээд би мөргүүлээд шууд газар унсан байсан. Тухайн машин нь хурдтай орж ирсэн шиг санагдаж байна. Эмчилгээний зардалд 400.000 төгрөг гаргасан. Миний хувьд эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй. Мөргөсөн жолоочоос сарын цалин гэж 2.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг  /хавтас хэргийн 16, 20 дахь тал/,

Хохирогч Н.Мөнгөншагайн “Би өөрийн эзэмшлийн Хюндай Верна маркийн 75-59 УНЯ  улсын дугаартай цагаан өнгийн автомашинаа мотор нь болохгүй байхаар нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шархад задаргааны газарт 2022 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр янзлуулах гээд өгсөн байсан. Засварт өгснөөс хойш 2 удаа засвар дээр очоод машин засварлаж дууссан уу, яаж байна аа гэж асуусан чинь арай болоогүй байна гэхээр буцаад явсан. Би удаа дараа ******* луу залгасан боловч утсаа авахгүй байсан. Тэгээд нэг хэсэгтээ утсаа авахгүй байж байгаад хэсэг хугацааны дараа дахиад залгаад байсан чинь Ууганбаяр гэж засварчин нь миний зөвшөөрөлгүйгээр авч гараад гудамжинд осолд оруулж машинд хохирол учруулсан байсан. Би машинаа засварлуулах гэж өгсөн биш осол гаргаад журмын хашаанд оруулсан байна. Би машины мотор Төмрөө гэж хүнээс 150.000 төгрөгөөр худалдаж аваад, харин засварын хөлсөндөө Ууганбаяр гэж хүнд 80.000 төгрөг өгсөн байсан. Гэтэл засварчин Ууганбаяр гэж залуу надаас зөвшөөрөл авахгүйгээр унаж гараад осол гаргасан байсан энэ ослын талаар 2022 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр Төрөө гэж хүнээс осол хийсэн талаар утсаар мэдсэн. Ослын тэх засварын газрын засварчин Ууганбаяр миний машиныг унаж яваад осол гаргасан талаар мэдсэн. Машинд учирсан хохирол, журмын хашааны мөнгийг *******аас гаргуулна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

Гэрч Д.Төрмөнхийн “******* нь хюндай верна 75-59 УНЯ улсын дугаартай автомашиныг өөр хүний нэр дээр байдаг. Осол болохоос 3-4 хоногийн өмнө солиод хюндай верна 75-59 УНЯ улсын дугаартай машины мотор нь дуугарчихсан, ******* уг автомашины моторыг манайхаас аваад өөрөө солиод явж байтал маргааш нь цас ороод 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр осол гаргасан. ******* нь осол болсноос хойш манай байгууллагад ажиллаагүй. ******* нь осол болдог өдөр дугуй засварын газар орох гээд Хюндай верна маркийн 75-59 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн 5717 дугаартай “Д.Алтансүхийн биед зүүн шилбэний тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1.-д зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт  /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

Авто Тээврийн Үндэсний Төв ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 32S3FS дугаартай “Уг тээврийн хэрэгслийн урд буфер баруун урд булан хагарсан, баруун их гэрэл бутарч хагарсан, урд копут баруун булан хонхойсон, баруун карлан урчиж хонхойсон, урд буфер зүүн булан хонхойж будаг халцарсан, рүлийн гидр ажиллахгүй, урд панел дотогшоо гүйсэн, хойд тоормос ажиллахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -27мм, иж бүрдэл байхгүй /галын хор, эмийн сан, ослын гурвалжин байгаа/ нь Авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. Урд буфер баруун урд булан хагарсан, баруун их гэрэл бутарч хагарсан, урд копут баруун булан хонхойсон, баруун карлан урчиж хонхойсон, урд буфер зүүн булан хонхойж будаг халцарсан, рүлийн гидр ажиллахгүй, урд панел дотогшоо гүйсэн, хойд тоормос ажиллахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -27мм, иж бүрдэл байхгүй. Тухайн осолд нөлөөлсөн эсэхийг хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй юм. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулалтын бүхий тоормосны системтэй ба техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд хойд тэнхлэгний дугуйн тоормосууд стандартын шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгсэлийн хурд, замын нөхцөл байдал, цаг агаарын байдал зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 53-56 дахь тал/,

           Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны
өдрийн 638 дугаартай
“Хюндай верна 75-59 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “жолооч дараах үүргийг хүлээнэ а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөний үргэлжүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үедээ тээврийн хэрэгсэл дээр дурдсанаас бусад гэмт тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө”, 4 дүгээр хавсралтын 1. Тоормосны систем 1.1 ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх, 5. Гадна гэрэлтүүлэх хэрэгсэл 5.3 гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон” гэх заалтыг, мөн дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Д.Алтансүх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс болж осол гарсан байна” гэсэн магадлагаа /хавтаст хэргийн 70-71 дэх тал/,

Жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 96 дахь тал/,

Хөрөнгийн үнэлгээний Сүлд үнэлгээ ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 153 дугаартай үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 65 дахь тал/,

Шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой баримтууд:

Гэрч Т.Мягмарсүрэнгийн “******* Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийг 6 дугаар анги хүртэл суралцаад сургуулиасаа гарсан. 2015-2016 онд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд хулгайн хэрэгт холбогдоод 2 жилээр хорих аваад 7 сар зүүн хараад ял эдэлж байгаад гарсан. *******ын ааш зангийн хувьд гайгүй байсан. Сүүлийн үед ааш зан нь эвдрээд надтай маргалдаад байдаг болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,

Гэрч Н.Болортуяагийн “******* нь Улаанбаатар хотод төрсөн. Баянзүрх дүүргийн Шар хадны 9 дүгээр хороонд өссөн. Ээж Мягмарсүрэн нь Ууганбаяр, дүү хоёрыг өсгөсөн. *******ын ааш зангийн хувьд төлөв, даруухан зантай хүн. Тамхи татдаг. Архи хэрэглэдэггүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дахь тал/,

*******уганбаатарын Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 91 дэх тал/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 89 дэх тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 94 дэх тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 95 дахь тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 98 дахь тал/, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 101-103, 106-110 дахь тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирол төлсөн тухай 1 хуудас баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

     Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

  Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, оролцвол зохих оролцогч нарыг оролцуулан талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогчдын мэдүүлэг, тайлбар, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, тэднээс гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны 19 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэ толгой 9 дүгээр гудамжны 16 тоот хашаан дах авто засварын газраас Н.Мөнгөншагайн эзэмшлийн Hyundai Verna маркийн 75-59 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

В  ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодожож явахдаа 20 цаг 13 минутын орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Газарчин сургуулийн зүүн талын уулзварын урд замд  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а дахь заалтад “Жолооч эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэл дээр дурдсанаас бусад гэмтэл тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө”, 12.1 дэх хэсэгт “Жолооч хөдөлгөөний тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийн харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох араг хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын нэгдүгээр эгнээнд түр зогсож машины багаж нээсэн байдалтай байсан явган зорчигч Д.Алтансүхийг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Д.Алтансүх, Н.Мөнгөншагай, яллагдагч, шүүгдэгч ******* нарын мэдүүлэг, эрүүл мэндийн хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт, Замын хөдөлгөөний дүрмийн зөрчил тогтоосон мөрдөгчийн магадлагаа зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоолох эрхгүй атлаа өөрийн ажилладаг засварын газарт байсан үйлчлүүлэгчийн буюу бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, улмаар  хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг авто тээврийн хэрэгсэл жолоодохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн санаатай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргүүдийн шинжийг хангажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж хуульчилсан бөгөөд *******ын үйлдэл нь гэм буруугийн холимог хэлбэртэй, уг үйлдэл болон учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

  Тээврийн прокурорын газраас *******ыг Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан”, “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцов.

            Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролд баримтаар нэхэмжилсэн 205.250 төгрөгийг хохирогч Д.Алтансүхэд, эд хөрөнгийн хохиролд нэхэмжилсэн 453.000 төгрөгийг хохирогч Н.Мөнгөншагайд тус тус төлсөн байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Д.Алтансүх нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар *******аас нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

2. Эрү үгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, ******* нь 25 настай, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, дээрх ялуудыг тус тусад эдлүүлэх санал гаргасныг дурдвал зохино.

*******ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс *******ын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хандлага, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэм буруугийн холимог хэлбэрээр, хүндрүүлэх шинжтэйгээр, нийлмэл гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болон эд хөрөнгөд шууд хохирол учирсан, эрүүл мэндийн хохирлын хор уршиг арилаагүй гэх шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тусламж үйлчилгээ шуурхай үзүүлсэн, учруулсан хохирол төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж

             *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж, уг ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоож, эрх бүхий байгууллагын хяналтад оршин суух газраас явахыг хориглож, зорчих эрх хязгаарлах бүсийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолохоор тогтов.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

2. *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нийт эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад оршин суух газраасаа явахыг хориглох, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хязгаарлах нөхцөлөөр эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

7. Хохирогч Д.Алтансүх нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар *******аас нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тус тус дурдсугай.

            9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ХАТАНЦЭЦЭГ