| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2022/0121/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/121 |
| Огноо | 2022-08-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.С |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч М.Мөнхсүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн /цахимаар/
Шүүгдэгч М.П нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.П холбогдох эрүүгийн 2222000000120 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн ........... суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дундговь аймгийн ........ сумын .... дүгээр баг Эргийн хар гэх газар нутаглах, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ........ овогт ............ .................... РД:/....................../
Шүүгдэгч М.П /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Дэрэн сумын 1 дүгээр баг, сумын соёлын төвийн гадна талд 2022 оны 05 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Э.Б нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч М.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2022 оны 05 сарын 31-нд Соёлын төвд юм үзэж байгаад гадаа нь Б.Э зодолдсон. Би хамрыг нь нэг мөргөсөн. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв.
- Хохирогч Э.Б “ 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр манай суманд хилийн цэргийн тоглолт болсон юм. Би тухайн өдөр ангийн хүүхэд болох Г.Г тааралдаад орой бүжгэнд орохоор болоод, шөнийн 00 цагийн үед сумын соёлын төв явсан. Соёлын төвийн гадаа Г.Г бид хоёр машинд сууж байхад П ах машины хажуугаар явахаар нь “Д ахаа сайн уу” гэж мэндэлсэн. Тэгэхэд П хариу хэлээгүй цаашаа явсан. Түүнээс хойш 10-20 минутын дараа Г хүүхэд уйллаа гээд гэртээ харихаар болсон. Тэгэхэд нь би машинаас бууж үлдээд соёлын төв рүү алхаж байтал П ахин тааралдсан. Тэгэхэд П намайг “чи намайг дуудаж мэндэлдэг болчихсон юм уу, муу бацаан минь, чамайг ална шүү, чи муу битгий хэл танай ах нар чинь надтай ингэж харьцдаггүй юм шүү” гээд над руу дайраад намайг заамдаад цохих гээд байсан. Тэгэхээр нь би П өөрөөсөө холдуулаад, өөрийгөө хамгаалж, П нүүр хэсэгт нэг удаа цохьсон. Тэгэхэд манай найз Г гүйж ирээд бид хоёрын дундуур орсон. Тэгэхэд П Г 2-3 удаа цохиж авсан. Г “би зүгээр та хоёрыг салгаж байна, та яагаад намайг цохиод байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл П нь газраас чулуу аваад Г руу дөхөж, алхаж байгаад гэнэт над руу эргээд миний баруун талын хамар болон нүдний доод хэсэгт нэг удаа цохьсон. Тэгээд “би та нарыг ална шүү, хутга шаана шүү” гээд Г бид хоёрыг туулгахад нь бид хоёр зугатаасан. Цаанаас хүмүүс ирээд П боль гэж хашгирч байсан. Тэр ямар хүн байсныг бид хоёр хараагүй. Бид хоёр соёлын төвийн урд талаас зугатаад соёлын төвийн баруун талаар тойроод хойд талд нь очиход бидний өөдөөс машинтай гарч ирээд “ална шүү, хутга шаана шүү” гэж хэлээд явган туулгасан. Тэгээд бид хоёр зугатаад би нагац ах Г гэрт очиж хоносон. Г гэртээ харьсан. Миний баруун талын нүд хөхөрч хавдсан, цохиулсаны дараа хамраас их хэмжээний цус гарсан. Хамар одоо битүүрээд амьсгалж болохгүй байна. Янгинаж өвдөж байгаа. Мөн хамар хавдартай байна. Зөөлөн хөдөлгөхөөр шажигнаж дуугараад байна. Баруун талаасаа цохиулсан учраас зүүн тийшээ муруй харагдаад байна” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-рт/
Гэрч Г.Г “Тухайн өдөр би ангийнхаа залуу Б утсаар холбогдож сумын төвийн спорт зааланд тоглосон. Тэндээс гараад сумын соёлын төвд бүжиг болж байхаар нь очсон. Бид хоёр соёлын төвийн гадаа миний машинд сууж байхад П ах хажуугаар өнгөрөхөд нь Б “сайн уу Д ах аа” гэж мэндэлсэн. Д ах хариу мэндлээд цааш явсан. Манай хүүхэд уйлаад байна гэж эхнэр ярихаар нь би Б соёлын төвийн гадаа буулгаж орхичихоод хөдлөх гэж байхад Д ах, Б нар хоорондоо муудалцаад, барилцаж байгаа харагдсан. Тэгэхээр нь би машинаас буугаад тэр хоёр дээр гүйж очоод салгасан. Намайг очиход П ах миний зүүн хацар руу нэг хоёр удаа цохьсон. Соёлын төвөөс хүмүүс гарч ирээд “та нар больцгоо” гэсэн. Тэгэхэд П газраас чулуу авахаар нь би П араас чулууг нь тавиулах гээд тэвэрсэн. Хойноос ирж байсан хүмүүс бид нар дээр ирэхэд би П тавиад анхаарлаа сулруулаад зогсож байтал П эхлээд чулуутай над руу ирж байгаад гэнэт эргээд Б нүүр рүү нэг удаа цохьсон. П эргэж хараад миний дээд талын уруул руу цохиход би арагшаа бултахад хальт цохьсон. Б бид хоёр П цохиулчихаад шууд баруун зүг рүү зугатаагаад соёлын төвийн хойгуур эргээд иртэл П бид хоёрын өөдөөс гарч ирээд “та муу хоёрыг ална, хутга шаана шүү” гээд дахин туулгасан. Би шууд зүүн тийшээ зугатаад, машин дээрээ ирээд Б гэрийнхээ гадаа хүлээсэн. Б манай гэрт ирээд нүүрээ угаагаад байж байсан. Б хамарнаас их цус гарсан. Би Б хамаатных нь Г гэх ахынд хүргэж өгөөд гэртээ ирж амарсан. Маргааш өглөө нь буюу 05 дугаар сарын 31-ний 07 цаг өнгөрч байхад П манай гэрт согтуу орж ирээд “чи муу намайг цохьсон, би энэ хонхорт зодуулахгүй шүү” гээд салаавч гаргаад, ам руу чихсэн. Би тухайн үед 10 сартай хүүхдээ тэврээд байж байсан. Мөн “та муу хоёр миний гарыг хутгаар дүрсэн” гээд надад гараа үзүүлсэн. П баруун гарын дунд хуруу алганы хэсгээр хэсэг газар урагдсан харагдсан. Тэгээд П “би гомдолтой байна, та хоёроос хэдэн төгрөг авмаар байна” гэсэн. Тэгэхээр нь би “бид хоёр таныг хутгалсан юм байхгүй. Та гомдол ярьж байгаа бол Б нүүр бас эвгүй болсон байна лээ. Адилхан гомдол гаргах байх” гэхэд “би Б авч ирнэ” гээд манай гэрээс гарсан. П болон түүний дүү У гэх эмэгтэй нар П гарыг Б бид хоёрыг хутгалсан гэх яриаг суманд гаргаж байна. Би П огт гар хүрээгүй, Б нүүр хэсэгт нь нэг удаа цохьсон. Бид хоёрыг цохьсон чулуугаараа гараа урсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/
Гэрч Б.А “05 дугаар сарын 31-ний өглөө П манай гэрт халамцуухан орж ирээд “танай хүү чинь намайг зодчихлоо, би уулзах гэж ирлээ” гэсэн. Тэгэхээр нь би “яадаг муу хог вэ, манай хүү гэртээ хоноогүй байна, очиж муу хогийг загина” гээд П явуулсан. Би П араас хүү дээрээ очих гэж явсан. Манай хүү найзындаа байгаа байх гээд Г очиход байгаагүй. Би Г “Б хаачсан юм, та хоёр юу болсон бэ, яагаад хүн зодсон бэ” гэж асуусан. Тэгэхэд Г надад “зүгээр ээ, санаа зоволтгүй, харин Д ах Б зодсон, нүүр нь этгээд болсон, таниас айгаад Н гэрт очиж хоносон гэж хэлсэн. Д чамтай уулзсан уу гэхэд Г “сая манай гэрт ирээд гарсан. Та хоёр намайг зодсон байна, ахдаа хэдэн цаас өгчих, тэгээд өнгөрье гээд байсан. Тэгэхээр нь та харин Б зодсон шүү, та ингэж яриа юм бол Б бас гомдол гаргах байх шүү” гэж хэлээд гаргасан гэсэн. Би хүүгийнхээ байгаа газарт очиход нүүр нь битүү хавдартай, хүн зодсон биш, хүнд зодуулсан байдалтай байж байсан. Би цагдаагийн байгууллагад гомдол гаргах гээд иртэл П дүү У гэх эмэгтэй “Г, Б нар манай ахын гарыг хутгалчихлаа” гэж гомдол гаргасан байсан. Цагдаа төлөөлөгч нарын хажууд У болон П нарт “бүгдээрээ хамт аймаг явж шинжээчид нь үзүүлье, дүгнэлт нь гараад ирэх байх” гэсэн. Тэгтэл******* болон П нар “та нар хүүгээ үзүүл, бид нар үзүүлэхгүй” гэсэн. У гэх хүн юмны учрыг нь ойлгоогүй байж сумын төвөөр манай хүүг хүний гар хутгаллаа гэсэн цуу яриа дэгдээгээд яваад байгаа. П нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өглөө биднийг хот явах гэж байхад орж ирээд “З эгчээ, багийн дарга аа та нар дүүгээ уучлаарай. Миний буруу, эмчилгээнийх нь мөнгө төгрөгийг өгье” гэхээр нь “ганц хүүгээ согтуу хүнд зодуулчихаад тохирно гэж байхгүй, Чи бас гар хуруугаа манай хүүг хутгалсан гээд яриад явж байна гэсэн” гэхэд “З эгчээ тийм юм байхгүй. Гараа би согтуудаа энд тэнд юманд зүссэн байх, ямар юмных нь хутга шөвөг байхав дээ” гэсэн. Тэгэхээр нь би “танай дүү төрийн албан хаагч хүн байж худлаа зүйл яриад, манай хүүг хутга бариад чамайг хутгалсан гэж яриад яваад байгаа” гэсэн. Тэгэхэд П “тэр муу ямар хамаатай юм бэ, та тэр муусайны үгэнд ороод хэрэггүй, би таньтай л тохирно” гэж гуйгаад байсан. Тэгэхээр нь би нүүр өгөөгүй, хуулийн дагуу шийднэ гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/
Гэрч А.Т “Би соёлын төвийн үүдэнд байхад хүмүүс хоорондоо маргалдаад байгаа бололтой чанга чанга дуугараад, зууралдаад байгаа бололтой байсан. Тэгэхэд соёлын төвийн үүднээс М тэр хүмүүс рүү очсон. Би араас нь алхаад очсон. Бид хоёрыг наана нь очиход хоёр залуу цаашаа гүйгээд явсан. П М аваад зүүн тийшээ алхаж байгаа харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/
Гэрч М.М “ Би тухайн өдөр бүжгэнд орж байсан. Соёлын төвийн үүдэнд зогсож байхад соёлын төвийн урд талд П хоёр залуутай муудалцаад, зууралдаад байж байгаа харагдсан. Тэгэхээр нь би ******* ахын хамт “та нар больцгоо” гэж хэлээд очсон. Бид хоёрыг очиход тэр хоёр залуу цаашаа гүйгээд явсан. Намайг очиход П хамраас цус гарсан байсан. Би П гэртээ дагуулж очоод нүүрийг нь угаалгасан. Гэрт нүүрээ угааж байхад нь гарнаас нь цус гарч байсан. П манай гэрт хоноод өглөө манайхаас гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/
Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 184 дугаартай “Э.Б биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн, шинэ гэмтлүүд байна. Гэмтсэн эрхтнүүдэд хиймэл эрхтэн тогтоогдсонгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун, зүүн зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэг, хамрын нуруунд үүссэн зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 40-41/
Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 187 дугаартай “М.П биед сарвуунд язарсан шарх, чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэд нь хатуу мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 51-52/
Шинжээч эмч М.Б “М.П зүүн сарвуунд язарсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Хутганаас үүссэн байх боломжгүй. Гартаа чулуу барьж байгаад хүн цохих тохиолдолд дээрх гэмтэл нь үүссэн байх боломжтой” гэх мэдүүлэг /хх-ийн 58/
Шинжээ эмч М.Д “Э.Б биед 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр үзлэг хийхэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдсон. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Чулуугаар цохих үед үүсэх боломжтой. Хүн мөргөсөн үед үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/
Хохирогчоос гаргаж өгсөн эмчилгээний баримтууд
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэргийг шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрхи баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар 2022 оны 05 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Дундговь аймгийн Дэрэн сумын 1 дүгээр баг, сумын соёлын төвийн гадна талд ЭБ нь бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч Э.Б нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл” учирсан, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь шинжээч эмчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 184 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.
Хохирогч Э.Б эрүүл мэндэд учирсан дээрхи гэмтлийг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө шүүгдэгч М.П цохих байдлаар учруулсан болох нь хохирогч, гэрч Г.Г нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч М.П хохирогч Э.Б нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч М.П хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч нь хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 428150 төгрөгийн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 36 дугаар тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоох санал гарган, шүүгдэгч М.П холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч М.П Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоолоо.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хохирогч Э.Б баримтаар нэхэмжилсэн 428.150 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт М П хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт М П 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.П нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.П нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураан авсан битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид 428.150 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.П урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХБАТ