Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1101

 

 

2022         07         20                                 2022/ШЦТ/1101

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Б.Саруул-Ирээдүй,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******өд холбогдох эрүүгийн 2206 00000 1961 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1970 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймаг Их хэт суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо 13 дугаар хороолол амины орон сууцны 39 тоотод хаягийн бүртгэлтэй боловч Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Маршил кинг таур хотхоны 118 дугаар байрны 115 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******

 Холбогдсон хэргийн талаар:

******* нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тайм Таур хотхоны 217 дугаар байрны 101 тоотод оршин суугч М.Наранмандахын гэрт зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдаж, дураараа авирласан гэх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тайм Таур хотхоны 217 дугаар байрны 101 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас М.Наранмандахыг зодож эрүүл мэндэд нь дух, зүүн хацар, зүүн нүдний зовхи, баруун, зүүн алга, хуруу зүүн шуунд зулгаралт, баруун алганд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны 4 дүгээр хуруу, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс

Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 13-2 дахь тал/,

Хохирогч М.Наранмандахын “2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 11 цаг өнгөрч байхад хүүхдийнхээ эцэгтэй хүүхдийн сургууль соёлын талаар ярилцаж байгаад явахаар гарах гэж байхад одоо хамт амьдарч байгаа эмэгтэй нь зөрж орж ирээд яасан талаар тайлбарлаж хэлтэл байж байгаад уурлаж над руу юм шидэж үсдэж унагасан. Уг эмэгтэй орж ирээд шууд над руу дайрсан бөгөөд би гарыг нь барьтал миний зүүн гарыг хоёр удаа хазсан. Би хүүхдийнхээ нөхөртэй хүүхдийн сургууль шилжүүлэх талаар гэрт ярилцаж байсан бөгөөд хүүхдээ ямар нөхцөл байдалд байгааг үзье гэхээр нь гэртээ дуудсан байсан тэрнээс биш уг хүнтэй явалдсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дахь тал/,

Гэрч Т.Насанхүүгийн “Би өөрийн эхнэр Отгонтөгстэй хамтран амьдраад 32 жил болж байгаа бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр найз охин Наранмандах бид 2 өөрсдийн гэртээ байж байтал гэрийн хаалга тогших үед би очиж хаалга онгойлгоход манай эхнэр Отгонтөгс байсан ба гэрт орж ирээд Наранмандахтай юу болж байгаа талаар ярилцаж, маргалдаж хоорондоо ноцолдож эхэлсэн. Энэ үед би эхнэрийгээ аваад гартал араас Наранмандах гарч ирээд тэр 2 хоорондоо дахин ноцолдсон. Би 100 хувь мөнгөө төлж уг байрыг авахдаа найз охин Наранмандахын нэрийг оруулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 6726 дугаартай “М.Наранмандахын биед дух, зүүн хацар, зүүн нүдний зовхи, баруун, зүүн алга, хуруу, зүүн шуунд зулгаралт, баруун алганд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны 4 дүгээр хуруу, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

Яллагдагч *******ийн “Би 2021 оны 06 дугаар сард Монгол улсад ирсэн бөгөөд нөхрийгөө өөр хүнтэй болж түүнд байр авч өгснийг гадарлаж байгаад хаана байдгийг нь мэдэж нөхрийнхөө гэр буюу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Тайм таур хотхоны 217 дугаар байрны 101 тоотод очсон. Гэтэл манай нөхөр өөр эмэгтэйтэй хамт байсан би тухайн үед бухимдаж биеэ барьж чадалгүй түүний биед халдсан. Би зөвшөөрөлгүй дайрч ороод хүний эрхэд халдсан үйлдэл гаргаагүй. Хаалга тогших үед манай нөхөр хаалга тайлж өгсөн. Өмнө нь манай нөхөр надад хэлэхдээ өөрөө түүнд авч өгсөн гэж ярьж байсан ба би түүнийг мэдээд нөхрийнхөө гэрт орсон. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

Т.Насанхүү, М.Наранмандах нарын өмчлөлийн улсын бүртгэлийн … дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хавтаст хэргийн 44 дэх тал/,

Шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 18 дахь тал/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 20 дахь тал/,

Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 22 дахь тал/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 26 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг оролцуулан талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр  явуулсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичмэл нотлох баримтуудаар Т.Насанхүү, ******* нар эхнэр, нөхөр гэх гэр бүлийн харилцаатай, 32 жил хамт амьдарч дундаасаа 2 хүүхэдтэй бөгөөд Т.Насанхүү нь М.Нармандахтай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, дундаасаа хүүхэдтэй болж, хамтран өмчлөлийн байр авсан,  ******* энэ байдлыг мэдэж тус байранд очиж хаалгыг тогшсон, түүний нөхөр Т.Насанхүү хаалгыг нээж өгсөн, дотогш ороод хувийн таарамжгүй харилцааны улмаас М.Нармандахтай маргалдсан, харилцан зууралдаж ноцолдсон, энэ үйлдлийн улмаас М.Нармандахын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэх үйл баримт, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.

Дээрх үйл баримтаас дүгнэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэргийн “оршин суугчийн зөвшөөрөлгүй”, “хууль бус нэвтрэлт” гэж шинж тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл *******ийн зүгээс тус байрны хаалгыг хүчтэй нүдсэн, балбасан, эвдсэн, хаалга нээх үед түлхсэн, дайрсан, хүчээр орсон үйлдэл хийгээгүй, нөгөө талаас хаалгаар оруулахгүй гэж эсэргүүцэл үзүүлээгүй, мөн тухайн байрны оршин суугч өөрөө хаалга нээгээгүй, тайлаагүй бол орохыг зөвшөөрөөгүй гэж үзэх нь учир дутагдалтай бөгөөд Т.Насанхүүгийн хувьд тус байрны хамтран өмчлөгч болохын хувьд оршин суугч байж болох юм.

******* хохирогч М.Наранмандахын гэрт орсон үйлдлэл нь бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх гэмт хэргийн шинжийг хангахгүй гэж шүүх дүгнэж, түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тайм Таур хотхоны 217 дугаар байрны 101 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч М.Наранмандахын биед хүч хэрэглэн халдсаны улмаас эрүүл мэндэд нь дух, зүүн хацар, зүүн нүдний зовхи, баруун, зүүн алга, хуруу зүүн шуунд зулгаралт, баруун алганд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны 4 дүгээр хуруу, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч М.Наранмандах, гэрч Т.Насанхүү, яллагдагч, шүүгдэгч ******* нарын мэдүүлэг, эрүүл мэндийн хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.

            Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр атлаа хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учрахад зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч *******ийн хохирогч руу чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Хохирогч Т.Наранмандах нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй, тус мэдүүлэг нь давхар гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон, *******ийн үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон эрүүл мэндийн хохиролтой шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул *******ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэр бүлийн харилцааны хүрээнд нөхөр нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн байдал нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл болжээ. 

Хохирогч Т.Наранмандах нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирлын талаар баримт гаргаж өгөөгүй, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******өд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй, хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

 Шүүгдэгч *******ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4 дэх заалтад заасан “Хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой гэх хувийн байдал, гэр бүлийн тогтворгүй байдал, харилцааны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хөнгөн хохирол учирсан, хор уршиг тогтоогдоогүй шинж байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын санал зэргийг харгалзан *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******ийн цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас *******-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******өд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******өд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ер /90/ хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Т.Наранмандах нь эрүүл мэндийн хохирол нэхэмжлээгүй, цаашид нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн зэргийг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.ХАТАНЦЭЦЭГ