Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/900

 

 

 

 

 

 

 

 

   2022        06          15                                      2022/ШЦТ/900

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч Б.Өлзийжаргал,

хохирогч Ч.Нарандэлгэр,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *******-д яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 1894 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нарантуул төвд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр  хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж  байгаагүй, РД:УГ79062715 регистрийн дугаартай, *******

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нарантуул худалдааны төвд манай лангууны хажууд хог хаясан байна гэх шалтгаанаар хохирогч Ч.Нарандэлгэрийн нүүрэн тус газар цохих үйлдлээр түүний биед тархи доргилт, баруун нүдний доод зовхи, баруун өгзөгт цус хуралт, баруун хацар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсэж эрүүл мэндэд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн звшөөрч байна.” гэв.

     Хохирогч Ч.Нарандэлгэрийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би эмчилгээний төлбөрөө гаргуулах хүсэлтэй байна. Энэ хүнд зодуулснаас болж 2 өдрийн орлого алдагдсан. Хоёр өдөрт хэдэн төгрөгийн орлого олох байснаа баримтаар нотолсон. Хэрэг гарснаас хойш шүүгдэгч болон түүний эхнэр намайг хажуугаар нь зөрөхөд элдэв үгээр харааж, шүлсээ хаядаг болсон. Үнэхээр хэцүү байдалтай байна. Яг өөдөөс харсан лангуу атлаа үргэлж янз бүрээр харааж зүхэж байгаа тул дарамттай байна.Шүүгдэгч тухайн өдөр байж боломгүй маш муухай зан гаргаж намайг маш их доромжилсон. Тэгснээ төмөр аваад намайг ална гэж хэлсэн. Энэ хэрэгт гэрчээр Мөнхгэрэл мэдүүлэг өгсөн байна. Намайг зодож байхад нь манай дүү хажууд байсан. Би шүүгдэгчээр зодуулснаас болж цус нөжиндөө хутгалдсан. Би энэ хүмүүст намайг таны лангуу руу хог хаясан гэдгийг нотол гэж хэлсэн, харин ч шүүгдэгчийн эхнэр нь бусдын лангуу руу хог хаядаг” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Ч.Нарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 09 цагийн үед Нарантуул худалдааны төв дээр лангуугаа нээж бараагаа дэлгээд байж байтал өмд зардаг А миний лангуун дотор орж ирээд ”чи яагаад миний лангууны ойролцоо хог хаядаг юм бэ гэж хэлээд намайг заамдаж хойш дараад нүүр хэсэгт 4 удаа гараа савж түлхэж цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 6487 дугаар

1. Ч.Нарангэрэлийн биед тархи доргилт, баруун нүдний доод зовхи, баруун өгзөгт цус хуралт, баруун хацар хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй“ гэх дүгнэлт /хх-ийн 18-19/,

- Гэрч М.Мөнхгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... нөхөр уурлаж нүүр хэсэгт нь баруун гараа савж 3 удаа цохиход нь би болон ойролцоо байсан лангууны хүмүүс очиж салгахад нөхөр машин руу явж, би лангуун дээрээ үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нарантуул худалдааны төвд манай лангууны хажууд хог хаясан байна гэх шалтгаанаар хохирогч Ч.Нарандэлгэрийн нүүрэн тус газар цохих үйлдлээр түүний биед тархи доргилт, баруун нүдний доод зовхи, баруун өгзөгт цус хуралт, баруун хацар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нарантуул худалдааны төвд манай лангууны хажууд хог хаясан байна гэх шалтгаанаар хохирогч Ч.Нарандэлгэрийн нүүрэн тус газар цохих үйлдлээр түүний биед тархи доргилт, баруун нүдний доод зовхи, баруун өгзөгт цус хуралт, баруун хацар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

- Хохирогч Ч.Нарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 08 цагийн 50 минутын үед орчимд Нарантуул худалдааны төвийн лангуун дотор бараа бүтээгдэхүүнийг дэлгэж байхад эсрэг талд лангуу ажиллуулж адилхан өмд зардаг залуу А миний лангуун дотор орж ирээд “чи яагаад миний лангууны ойроцоо хог хаядаг юм гэж хэлэхээр нь яагаад би чиний лануун дээр очиж хог хаях ёстой юм “чи цэвэрлэдэг хүмүүст нь хэл”,  “би лангууны чинь ойролцоо хог хаяаагүй” гэж хэлэхэд “хаясан” гээд лангуу налаад зогсож байхад намайг заамдаж хойш дараад нүүр хэсэгт 4 удаа гараа савж түлхэж цохисон”  гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,

-Гэрч М.Мөнхгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Нарантуул худалдааны төв дотор 63, 64 дугаартай лангууг түрээслэн нөхөр *******-ын хамт ажиллуулж, оймс, өмд худалдан борлуулах бизнес эрхэлдэг, 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 09 цагийн орчим Нарантуул олон улсын худалдааны төв дотор лангуу ажиллуулдаг нэг нөхөр А-тай хамт ирэхэд цаасан хайрцаг дотор архины шил болон гялгар уутны хог хаясан байхад, “Энд хэн хог хаядаг байна” гэж хэлээд хойд лангууны Нарандэлгэр дээр очоод хэлэхэд Нарандэлгэр “хаясан ч яадаг” юм гэж элдэв бусаар хэлж нөхрийг заамдаж авахад нь нөхөр уурлаж нүүр хэсэгт нь баруун гараа савж 3 удаа цохиход нь би болон ойролцоо байсан лангууны хүмүүс очиж салгахад нөхөр машин руу явж би лангуун дээрээ үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 6487 дугаар

1. Ч.Нарангэрэлийн биед тархи доргилт, баруун нүдний доод зовхи, баруун өгзөгт цус хуралт, баруун хацар хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй“ гэх дүгнэлт /хх-ийн 18-19/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.  

            Хохирогч Ч.Нарандэлгэр нь эмчилгээний зардалд нийт 293.000 төгрөг нэхэмжилсэн байх тул шүүгдэгч *******-аас 293.000 төгрөг гаргуулан хохирогч Ч.Нарандэлгэрт олгохоор шийдвэрлэлээ. 2 өдөр олох байсан орлого 3.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч татвар төлдөг байсан болон бусад байдлаар орлого тодорхойгүй байх тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  

            Шүүх шүүгдэгч *******-т  ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “..тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1 дэх хэсгийн 1.4-т заасан “.... хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”- ийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******-т оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч *******-аас баримтаар тогтоогдсон 293.000 төгрөгийг гаргуулан хохирогч Чулуунбаатарын Нарандэлгэрт олгосугай.

5. Хохирогч Ч.Нарандэлгэр нь олох байсан орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА