Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/903

 

 

 

 

 

 

 

 

   2022        06          16                                      2022/ШЦТ/903

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч М.Отгонжаргал

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *******-д яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 01852 1526 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн., 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай *******.

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 04 дүгээр сарын 07-ны 14 цагийн орчимд баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТҮЦ-нд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Оюунгэрэлийг газар унагааж боох, цохих зэрэг үйлдэл хийж эрүүл мэндэд нь зүүн нүдний алимд цус харвалт, хүзүү зүүн эгэм, цээжинд цус хуралт, баруун шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                 

          /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч Б.Оюунгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “.... 04 дүгээр сарын 07-ны өдөр 14 цагийн орчим би ТҮЦ-нд байж байхад манай нөхөр халамцуу орж ирээд би чамайг алахаар ирлээ гэхээр нь би хүн ороод ирэх болов уу гэж бодоод ТҮЦ-ний хаалгыг түгжсэн юм.... би уурлаад “гэртээ очихүй, хоёр тийш болоё” гэж хэлэхэд манай нөхөр босож ирээд миний хоолойг 2 гараараа боогоод, намайг газар унагаагаад, миний дээр суугаад хоолой боосон чигээрээ байгаад байсан. Тухайн үед миний амьсгал боогдоод би нөхрөөсөө 2 хүүхдээ бодооч гэж аргаа ядан гуйж баййж болиулсан бөгөөд миний хоолойг боох үйл явц бараг 2 минут гаран үргэлжилсэн, би тухайн үед өөрийгөө бараг үхэж байна л гэж бодсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан 5525 дугаартай дүгнэлт

1. Б.Оюунгэрэлийн биед зүүн нүдний алимд цус харвалт, хүзүү, зүүн эгэм, цээжинд цус хуралт, баруун шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.     2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ

3.  Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна."

4. Цаашид еранхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 19-20/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “ ...эрэгтэй нь босож ирээд 2 гараас нь барьж аваад түлхээд “би чамайг ална мэдэв үү” гэж хоолойг нь боож би өнөөдөр чамайг алах зорилготой ирсэн гэж газар унагаж дараад эмэгтэй нь уйлаад “ханиа яаж байгаа юм 2 хүүхдээ бодоод” гэхэд эрэгтэй нь “өнөөдөр чамайг алах зорилготой ирсэн, чи үх тэгээд үх, би чамайг алах зорилгоор ирсэн, үх үх би өөрийн гараар ална ”. Эмэгтэй нь “ миний ханиа намайг ганцхан чамд хайртай гэдгийг чи яагаад мэдэхгүй байгаа юм бэ?” эрэгтэй нь “чи яагаад хөгийн зан гаргаад байгаа юм бэ?”, эмэгтэй нь “ уучлаарай би мөнгө хэрэгтэй гээд байна гэдэг ш дээ.” гэхэд эрэгтэй нь “ би чамаас 100 төгрөг авах, дандаа мөнгө ярина, би чамайг өнөөдөр ална, чи надад үнэнч байгаарай”, эмэгтэй нь “үнэнч байна, миний ханиа чи намайг нөгөө ертөнц рүү явуулах гэж байгаа юм уу” гэхэд эрэгтэй нь “ намайг чадахгүй гэж бодов уу, “чамайг ална, яг одоо ална” гэж босгож ирээд хоолойноос нь боогоод эмэгтэй нь орилоод уйлаад, эрэгтэй нь цаашаа яваад цонхны хөшиг буулгаж байхад эмэгтэй нь босоод хаалга онгойлгох гэхэд хаалга онгойлгохгүй, эрэгтэй нь эмэгтэйгээ араас нь барьж аваад татаад “ чамайг ална” гэхэд эмэгтэй нь чамдаа би хайртай намайг битгий” гээд 5 минут дуусаж байгаа бичлэг байв” гэх тэмдэглэл /хх- ийн 23-24/,

- Яллагдагч *******-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “ ...2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр би гэртээ согтуу унтаж байхад манай эхнэр цагдаад дуудлага өгсөн байсан. Тэгээд би тэр өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүлжүүлэхэд хоноод 04 дүгээр сарын 07-ны өдөр эрүүлжүүлэхээс гараад өдөр 14 цагийн орчимд эхнэртэй уулзахаар ажил руу очсон. Намайг очиход манай эхнэр ганцаараа байсан бөгөөд би явах замдаа 100 граммын шилтэй архи уусан. Уг нь би эхнэртэйгээ учир зүйгээ олъё гэж бодож очсон боловч манай эхнэр над руу уурлаад “салъя, тусдаа амьдарна” гэхээр нь миний уур хүрээд эхнэрийн хоолойг боож газар унагаагаад дээр нь гараад хоолойг нь бооход манай эхнэр “больё, уучлаарай, хоёулаа явъя” гээд бид хоёр хамт гэртээ очсон Тэгээд гэртээ байж байтал цагдаа ирсэн. Эхнэртэйгээ маргалдаж түүний эрүүл мэндэд гэмтэл учруулсан гэм буруугаа маш сайн ойлгож байгаа. Дахин ийм асуудал огт гаргахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 04 дүгээр сарын 07-ны 14 цагийн орчимд баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТҮЦ-нд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Оюунгэрэлийг газар унагааж боох, цохих зэрэг үйлдэл хийж эрүүл мэндэд нь зүүн нүдний алимд цус харвалт, хүзүү зүүн эгэм, цээжинд цус хуралт, баруун шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч *******-т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо төлсөн, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD-ийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  *******-т  240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******-т оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD-ийг хавсаргаж,  битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.МӨНХТУЯА