Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 112/шцт/2022

 

 

 

 

 

                                    Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

 Нарийн бичгийн дарга           Б.Болорчимэг,

 Улсын яллагч                         Т.Нансалмаа,                              

 Шүүгдэгчийн  өмгөөлөгч        М.Гансүх,

 Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Боржигон овогт Эрдэнийн *******д холбогдох эрүүгийн 2231000790080 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сум, 2 дугаар баг, 9-р гудамж, 5 тоотод оршин суух хаягтай,

урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, бие эрүүл ухаан бүрэн гэх Боржигон овогт Эрдэнийн *******, /РД:МП90031693/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутагт байрлах “Харанхуй ам” нэртэй газраас зөвшөөрөлгүйгээр 12 мөтрийн урттай 3 ширхэг нойтон нарс модыг 75 ширхэг 4 талт / палк/ мод болгон бэлтгэж 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр улсын дугаар номергүй трактороор тээвэрлэж байгаль экологид 4.422.850 төгрөгийн бодит хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.******* мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 01-р сарын 24-ны өдөр түлээний мод бэлтгэж яваад тампартаа мод бэлтгэж авъя гэж бодоод нойтон нарс бэлтгэж байгаад баригдсан. Миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Мөнхцэцэг мэдүүлэхдээ:...Зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.******* мэдүүлэхдээ:...2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ******* надад трактороо хэрэглүүлээрэй гэж байсан. Би за тэгээрэй гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өглөө ирээд асаагаад аваад явсан. *******сайхан түлээний хуурай модонд явна гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөлтэй юм уу гэж асуухад байгаа, байгаа гээд байсан. Тэр үед бол түлээ бэлтгэгдэж байсан. Миний трактор хуучны трактор байгаа юм би өвөл болохоор түлээндээ, намар хадлан дээр хэрэглэдэг юм. Одоо 2.000.000 төгрөгний үнэтэй байх трактороо л авмаар байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 37 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Мөнхцэцэг мэдүүлэхдээ:...Хяналт шалгалтын явцад 22 цаг нилээн өнгөрч байхад иргэн Э.******* сумын төв дээр байдаг раман дээрээ мод зүсээд нийт 75 ширхэг палк мод бэлтгэчихсэн байсан. Тэгээд хяналт шалгалтаар яваа гэдгээ хэлээд 75 ширхэг палк модны зөвшөөрлийг нь шалгахад зөвшөөрөлгүй байсан. Тэгээд зөөлгөөд цагдаагийн хашаанд буулгасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батсүх мэдүүлэхдээ:...Би сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, ойн техникч нарын хамтаар 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэдэд урьдчилан сэргийлэх ажил хийж хяналт шалгалт зохион байгуулахаар Баянцагаан нэртэй газар үүрэг гүйцэтгэж байгаад сумын төвд байдаг рамуудад мод бууж магадгүй гээд рамуудыг 22 цаг нилээн өнгөрч байхад шалгахад иргэн Э.******* сумын төв дээр байдаг раман дээрээ мод зүсээд нийт 75 ширхэг палк мод бэлтгэчихсэн байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 40 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Э.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “..и аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би бензин хөрөө, улаан өнгийн 50 трактор ашиглаж модоо чирсэн. Тухайн трактор нь манай найз *******ын трактор байгаа юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

Шинжээч Г.Тайванбаатарын 02 дугаартай: “...Иргэн Э.*******ы бэлтгэсэн модонд хэмжилт хийж экологи эдийн засгийн үнэлгээгээр тооцож үзэхэд 4 метрийн урттай 15*15 хэмжээтэй 75 ширхэг нойтон нарсан мод нь 4.422.850 төгрөг болж байна.

Иргэн Э.*******ы бэлтгэсэн 75 ширхэг 4 талт дүнз модны Экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар гаргахад нийт 6.5 метр куб мод нь 4.422.850 төгрөг болж байна...” гэх дүгнэлт, /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн ТХҮ-822/3309 дугаартай:  

Төрөл

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Нэгжийн үнэ

Нийт үнэ, төг

Тайлбар

 

1

80 трактор улаан

ш

1

2.500.000

2.500.000

Үйлдвэрлэгдсэн он, МУ-д орж ирсэн он тодорхойгүй, хуучин

 

2

Бинзен хөрөө

ш

1

70.000

70.000

Хуучин

Нийт үнэ 2.570.000

 

Үнэлэгдэж буй үнэлгээг зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 3 дугаар сарын дундаж байдлаар 2,570,000 /хоёр сая таван зуун далан мянга/-н төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт, /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 13-16 дугаар тал/,

Шалгалт хийсэн тухай тэмдэглэл, /хх-ийн 3-4 дүгээр тал/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, /хх-ийн 7-8, 16-19 дүгээр тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 11-14 дүгээр тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, /хх-ийн 21-23 дугаар тал/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 44-45, 51-53 дугаар тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, /хх-ийн 60-61 дүгээр тал/,

Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын захирамж, /хх-ийн 75 дугаар тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт: 

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 70 дугаар тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 72 дугаар тал/,

Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, /хх-ийн 73 дугаар тал/,

Шүүгдэгч Э.*******ы дансны хуулга, /хх-ийн 81-103 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутагт байрлах “Харанхуй ам” нэртэй газраас зөвшөөрөлгүйгээр 12 мөтрийн урттай 3 ширхэг нойтон нарс модыг 75 ширхэг 4 талт /палк/ мод болгон бэлтгэж, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр улсын дугаар номергүй трактороор тээвэрлэж байгаль экологид 4.422.850 төгрөгийн хохирол, хор уршиг учруулан хууль бусаар мод бэлтгэсэн нь гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн  мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Э.*******ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.  

Шүүгдэгч Э.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутагт байрлах “Харанхуй ам” нэртэй газраас зөвшөөрөлгүйгээр 12 мөтрийн урттай 3 ширхэг нойтон нарс модыг 75 шрихэг палк болгон бэлтгэж, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр улсын дугаар номергүй трактороор тээвэрлэж байгаль экологид 4.422.850 төгрөгийн хохирол, хор уршиг учруулан хууль бусаар мод бэлтгэсэн  гэмт хэрэгт үйлдсэн, гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснын дагуу  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас  долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Э.*******ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасны  дагуу ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.*******д 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.*******д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн болон хувийн байдал зэрэг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь дүгнэж, ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн  24.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар  шүүгдэгч Э.*******д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг түүний цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”  гэж заасан байна.

Шүүгдэгч Э.******* нь энэ гэмт хэргийн улмаас байгаль экологид 4.422.850 төгрөгийн шууд хохирол учруулсан ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн  49 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар ойн санд учруулсан шууд хохирол болох 4.422.850  төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцоход 13.268.550 төгрөг болж байгаа ба 8.845.700 төгрөгийн хор уршиг учруулсан байна.

Шүүгдэгч Э.******* нь шууд учирсан 4.422.850 төгрөгийн хохирлыг Байгаль орчин, уур амьсгалын санд төлсөн болох нь баримтаар нотлогдож байна. Харин гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагавар болох гэмт хэргийн хор уршиг 8.845.700 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.

Шүүгдэгч Э.******* нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ Б.*******ын эзэмшлийн улсын дугааргүй марк тодорхойгүй улаан өнгийн трактор буюу  тээврийн хэрэгслийг ашигласан нь иргэний нэхэмжлэгч Б.*******ын мэдүлгээр тогтоогдсон бөгөөд уг тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тул хураан авч улсын орлого болгох боломжгүй эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-д заасны дагуу  Э.*******аас 8.845.700 төгрөг, Ашид билгүүн ХХК-н тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэ 2.500.000 төгрөгийг тус тус Э.*******аас гаргуулж, тээврийн хэрэгслийн үнэ 2.500.000 төгрөгийг хохирол, хор уршиг болох 8.845.700 төгрөгөөс хасаж /8.845.700-2.500.000=6.345.700/ тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ  хэргийн улмаас  Б.*******ын эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн  тракторыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигчид нь олгох, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн цахилгаан хөрөө, 75 ширхэг 4-н талт нарсан мод зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахар Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах  Б.Урангоод даалгах нь зүйтэй байна.

Хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус  дурьдаад Э.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон  

                                                   ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрдэнийн *******ыг 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.*******ы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Э.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-д заасны дагуу  Э.*******аас 8.845.700 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгож, тээврийн хэрэгслийн үнэ 2.500.000 төгрөгийг гаргуулж, Э.*******аас  гаргуулах  хохирол  хор уршиг болох   8.845.700 төгрөгөөс хасаж тооцсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар Б.*******ын эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн тракторыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигчид нь олгосугай.

7 Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн цахилгаан хөрөө, 75 ширхэг 4-н талт нарсан мод зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахар Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг   шүүгчийн туслах Б.Урангоод даалгасугай.

8.Хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

9.Шүүгдэгч Э.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүсүгэй

10.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд  шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.МӨНГӨНЦЭЦЭГ