Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 518

 

 

 

 

 

                                                     

Н.Мад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                    

прокурор Д.Ширэндэв,

яллагдагч Н.М, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Булганхишиг, 

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 283 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Ширэндэвийн бичсэн эсэргүүцлээр Н.Мад холбогдох эрүүгийн 201701000089 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

, 1982 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 14 дүгээр байрны 57 тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Дөрвөн улирлын цэцэрлэг хороолол С-2 байрны Б орцны 307 тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: /;

 

Н.М нь Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг (... ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд байна...), 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэг (ашигтай ажиллах), 19 дүгээр зүйлийн 19.5.8 дахь хэсэг (төлөөлөн удирдах зөвлөлийн саналыг үндэслэн Хувь нийлүүлэгчдийн хурлаас зөвшөөрсний дагуу Хөгжлийн банкны хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлж, чөлөөтэй мөнгөн хөрөнгийг зах зээлд хөрвөх чадвартай, өндөр зэрэглэлийн санхүүгийн хэрэгсэлд үр өгөөжтэй байршуулах...), Засгийн газрын 2011 оны 151 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкны дүрэм”-ийн 5.1.3 (байршиж байгаа чөлөөтэй мөнгөн хөрөнгийг бусад санхүүгийн байгууллагаар дамжуулан зах зээлд хөрвөх өндөр чадвартай санхүүгийн хэрэгсэлд зохистой, үр өгөөжтэй байршуулах), 10.8 (...гүйцэтгэх удирдлага нь Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлыг хамтын удирдлагын зарчмаар шийдвэрлэнэ...), Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А46 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гүйцэтгэх захирлын ажлын байрны тодорхойлолт”-ын 1.2.1-ийн 16 (Төлөөлөн удирдах зөвлөлийн саналыг үндэслэн Хувь нийлүүлэгчдийн хурлаас зөвшөөрсний дагуу банкны хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, чөлөөтэй мөнгөн хөрөнгийг зах зээлд хөрвөх чадвартай, өндөр зэрэглэлийн санхүүгийн хэрэгсэлд үр өгөөжтэй байршуулах...), Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 32 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын ажлын байрны тодорхойлолт”-ын 3.1-ийн 15 (Төлөөлөн удирдах зөвлөлийн саналыг үндэслэн Хувь нийлүүлэгчдийн хурлаас зөвшөөрсний дагуу банкны хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, чөлөөтэй мөнгөн хөрөнгийг зах зээлд хөрвөх чадвартай, өндөр зэрэглэлийн санхүүгийн хэрэгсэлд үр өгөөжтэй байршуулах), ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, Н.М нарын хооронд байгуулсан 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 13/50 дугаартай “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний 3.2.1 (гүйцэтгэх захирал нь батлагдсан бизнес төлөвлөгөөний биелэлтийг хангах, ашиг орлогыг нэмэгдүүлэхийн тулд, банкыг бизнесийн зохистой, зөв, оновчтой удирдлагаар хангаж... ажиллах үндсэн үүрэгтэй), 5.2.1 (Банкинд аливаа хохирол учруулахгүйгээр ажил үүргээ гүйцэтгэнэ...), Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 40 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Актив, пассивын удирдлагын бодлого”-ын 4.2.2-ын 7 (Эх үүсвэрийн чөлөөт үлдэгдлийг ... төлбөрийн чадвар өндөртэй системийн хэмжээний дотоодын арилжааны банкуудад төвлөрлийн эрсдэлийг бууруулах, өрсөлдөөнт зарчим баримтлах замаар 1 жилээс бага хугацаагаар үр ашигтай байршуулах...) гэснийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хөгжлийн банк дахь чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банкинд хугацаатай байршуулах үйл ажиллагааг бие даан шийдвэрлэж 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр буцаан татах шаардлагагүй арилжааны банкуудад байршуулсан 102 ширхэг мөнгөн хадгаламжийг хугацааны өмнө буцаан татсанаас хүүгийн орлогыг алдагдуулж, Хөгжлийн банкинд 3.653.839.974.78 (гурван тэрбум зургаан зуун тавин гурван сая найман зуун гучин есөн мянга есөн зуун далан дөрвөн төгрөг далан найман мөнгө) төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

мөн Н.М нь Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Мон-Лаа” ХХК-ийн ерөнхий захирал Х.Энхсайханд давуу байдал олгон Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаартай тогтоолд “Мон-Лаа” ХХК-ийн хэрэгжүүлж буй төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэрийн төслийн санхүүжилтэд зориулж 3.000.000 ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийн зээлийг бусад 9 нөхцөл хангагдсаны үндсэн дээр гэрээ байгуулан олгохыг гүйцэтгэх захирал Н.Мад зөвшөөрсөн байхад уг нөхцөлүүдийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл буюу “Элстэйн төмрийн хүдрийн уурхайд нойтон баяжуулах үйлдвэр байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг эцсийн байдлаар авах” гэсэн нөхцөл хангагдаагүй байхад Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасан “Хөгжлийн банкнаас олгох зээл нь дараахь шаардлагыг хангасан байна”, 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь хэсэгт заасан “Зөвхөн мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний дүгнэлтэд үндэслэсэн байх” гэсэн заалт, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан “Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрт тавигдах шаардлага”, 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь хэсэгт заасан “Төсөл, хөтөлбөрийн зураг төсөл, төсөв, техник эдийн засгийн үнэлгээ хийгдсэн байх” гэсэн заалт, Монгол Улсын Хөгжлийн банкны “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 7.2.4-т заасан “Төслийн Техник Эдийн Засгийн Үндэслэл, зураг төсөл нь бодитой эсэх, хэрэгжүүлэгч байгууллагын чадамж зэргийг нягталж, дүгнэлт өгнө” гэсэн заалт, Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирал Н.М нарын хооронд байгуулсан 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 13/50 дугаартай “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний 32.3-д заасан “Банкны ТУЗ-өөс өгсөн үүрэг даалгавар, тогтоол шийдвэрийн биелэлтийг хангах, тэдгээрийг дагаж мөрдүүлэх талаар нийт ажилтнуудад заавар, чиглэл, үүрэг, даалгавар өгч ажиллана” гэсэн, мөн 3.2.10-д заасан “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль, дүрэм, хөдөлмөрийн харилцааг зохицуулсан дотоод журамд заасан бусад үүргийг биелүүлнэ” гэсэн заалтуудыт тус тус зөрчиж 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 3-ТХ-ХО 2014-118 тоот “Зээлийн гэрээ”, мөн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 3-ТО-ХО 2014-118-1 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ” зэргийг “Мон-Лаа” ХХК-тай байгуулж, тус компанид 3.000.000 ам.доллартай тэнцэх хэмжээний буюу 5.642.970.000 төгрөгийн зээлийг олгох шийдвэр гаргаж, “Мон-Лаа” ХХК-ийн төлбөрийн даалгаврыг үндэслэн зээлийн гэрээний дагуу олгогдсон 5.642.970.000 төгрөгийг юаньд хөрвүүлэн тооцож Монгол Улсын Хөгжлийн банкнаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотын “Shu Guang Jia Gong” Co.,Ltd /Qiao Go/ компанийн эзэмшлийн тус улсын Тариалан банкны Эрээн хот дахь салбарын /Agricultural bank of China Inner Mongolia branch/ 6228485056140417665 тоот дансруу

-  2014 оны 8 дугаар сарын 14-ны өдөр 12.666.183.87 юань

-  2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 3.594.315.15 юань

-  2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1.752.000 юанийг тус тус шилжүүлж, Монгол Улсын Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Н.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед яллагдагч, түүний өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай” гэж үзэж хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв. Үүнд:

Хөгжлийн банк дахь чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банкинд хугацаагүй байршуулсныг буцаан татах шаардлагагүй байхад 102 мөнгөн хадгаламжийг хугацааны өмнө буцаан татсан асуудлын талаар дараах нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай. Тухайлбал, хадгаламж буцаан татсан гэх асуудлаар банкны Актив-Пассивын удирдлагын хорооны долоон хүний бүрэлдэхүүнтэй хурлын хамтын шийдвэр гарсан байна.

Гэтэл арилжааны банкинд байршуулсан хадгаламжийг буцаан дуудах шийдвэр гарсан нөхцөл байдал, хамтын шийдвэрийн үндэслэл болсон Актив-Пассивын удирдлагын хорооны хурлын танилцуулгуудыг Хөгжлийн банкнаас гаргуулаагүй, энэ талаарх ажиллагаа огт хийгдээгүй байна.

Дээрх баримтуудыг Хөгжлийн банкнаас гаргуулснаар тухайн хадгаламжийг хугацааны өмнө буцаан дуудсан үйл ажиллагаа нь хууль, гэрээ, хэлцлээр хүлээсэн төлбөрийн үүргээ биелүүлэх зорилготой байсан эсэх, банкийг эрсдэлээс хамгаалах зорилготой байсан эсэх зэрэг асуудлууд тодорхойлогдоно.

Мөн Мон-Лаа ХХК-нд олгосон зээлийг Засгийн газрын тогтоолууд, Улсын Их хурлын Эдийн засгийн байнгын хорооны албан ёсны шийдвэрт үндэслэж олгосон эсэх, Мон-Лаа ХХК-иас уурхай ашиглах ТЭЗҮ, нойтон баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг эцэслэн авах санаачлагыг банкны гүйцэтгэх удирдлагаас санаачилсан эсэх талаарх холбогдох баримтуудыг гаргуулан авч шалгах нь зүйтэй.

Үүний тулд Улсын Их хурлын байнгын хороодын ажлын хэсэг томилсон тогтоол, ажлын хэсэгт гаргаж өгсөн Мон-Лаа ХХК-ийн зээлийн мэдээлэл, ажлын хэсгээс  хороонд хийсэн танилцуулга материалыг гаргуулж авах, Хөгжлийн банкнаас Зээлийн хорооны хурлын дэлгэрэнгүй протокол, танилцуулга, ТУЗ-ийн хуралд Зээлийн хорооноос гаргаж өгсөн танилцуулгыг гаргуулан авч шалгах нь зүйтэй.

Ийм учраас яллагдагч Н.Мад холбогдох хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.” гэжээ.    

 

Прокурор Д.Ширэндэв бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Мад холбогдох эрүүгийн 201701000089 дугаартай хэрэгт яллагдагчийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатараас гаргасан хүсэлтийн дагуу 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамж гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь:

1. Хөгжлийн банк дахь чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банкинд хугацаагүй байршуулсныг буцаан татах шаардлагагүй байхад тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.М нь 102 ширхэг мөнгөн хадгаламжийг хугацааны өмнө буцаан татсан асуудалд Актив-Пассивын удирдлагын хорооноос буцаан татах шийдвэр гарсан хадгаламж багтаагүй бөгөөд энэ талаар шинжээчийн дүгнэлтэнд тодорхой тусгагдсан болно.

Өөрөөр хэлбэл, Н.Мыг буруутгаж буй 102 ширхэг хадгаламжид Хөгжлийн банкны Актив-Пассивын удирдлагын хорооноос буцаан татах шийдвэр гаргасан хадгаламж багтаагүй ба тухайн хугацааны өмнө буцаан татагдсан 102 ширхэг хадгаламж нь зөвхөн Н.М дангаараа шийдвэр гаргаж буцаан дуудсан хадгаламж юм.

Мөн Хөгжлийн банкны Актив-Пассивын удирдлагын хорооноос тухайн үед гаргаж байсан бүх шийдвэр, танилцуулга болон холбогдох бусад бичгийн баримтуудыг тус банкнаас гаргуулан авч хэрэгт хавсаргасан бөгөөд энэ талаарх шүүгчийн захирамжийн заалт үндэслэлгүй байна.

Түүнчлэн Хөгжлийн банкнын чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулах гэрээ, хэлцэл, түүнийг цуцалж хугацааны өмнө буцаан дуудсан шийдвэр, холбогдох баримтууд болон буцаан татагдсан хадгаламжийн зарцуулалтын талаарх бүх баримтууд хэрэгт авагдсан болно. Тухайлбал:

Гэрч Г.Одонтуулын "...Мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг арилжааны банкинд байршуулах үйл ажиллагааг Актив-Пассивын удирдлагын хороогоор хэлэлцүүлдэггүй дандаа танилцуулга ирүүлж гарын үсэг зуруулдаг байсан ... мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг арилжааны банкинд байршуулах үйл ажиллагааг Актив-Пассивын удирдлагын газар хариуцдаг байсан бөгөөд энэ асуудлаар хуралдаад хэлэлцэж байсан удаа бараг байхгүй ... мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг арилжааны банкинд байршуулах үйл ажиллагаа нь гүйцэтгэх захирал Мөнхбатын шийдвэрээр зохицуулагдан явагддаг байсан. АПУГ-ын захирал дангаараа шийдвэр гаргаж мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг арилжааны банкинд байршуулах үйл ажиллагааг явуулдаггүй..." гэсэн мэдүүлэг /1-р хавтас, 194-р хуудас/

Шинжээч Ж.Жанилгаан, Ц.Одонтуул, Б.Цэрэндэжид, Х.Билгүүн,
Ж.Цэдэндамба нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 226 дугаартай шинжээчийн дүгнэлт /19-р хавтас, 106-115-р хуудас/

Арилжааны банкуудад байршуулсан мөнгөн хадгаламжийг буцаан дуудсан тухай албан бичиг болон цахим шуудангаар хүргүүлсэн хүсэлтүүдийн хуулбар. /2-р хавтасны 129-өөс 5-р хавтасны 71-р хуудас/

Монгол Улсын Хөгжлийн банкны Актив, пассивын хорооны "Мөнгөн хадгаламжийн арилжааны банкуудад байршуулах” тухай шийдвэрүүд /5-р хавтас, 157- 164-рхуудас/

Монгол улсын Хөгжлийн банкны 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2/467 дугаартай албан бичиг, холбогдох баримтууд /14-р хавтас, 85-91-р хуудас/ зэргийг дурьдаж болох юм.

2. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 256 дугаартай "Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай" тогтоолоор төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэр барьж байгуулах ''Мон Лаа" ХХК-ийн төслийг хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Барилга хот, байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгаж, төслийг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхийг уг тогтоолд тусгасан бөгөөд тухайн шийдвэр хэрэгт авагдсан болно. Харин Улсын Их Хурлын Эдийн засгийн  хорооноос "Мон-Лаа" ХХК-тай холбоотой ямар нэг шийдвэр гаргаж байгаагүй.

Харин   тус   компанийн   хэрэгжүүлж  буй   төмрийн   хүдрийг  нойтон   аргаар боловсруулах үйлдвэр барьж байгуулах төслийн ТЭЗҮ-ийг холбогдох байгууллагаар албан ёсоор баталгаажуулж авах /Уул уурхайн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэрээр/ талаар Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооноос гаргасан шийдвэр, Хууль эрх зүйн газраас гаргасан дүгнэлт зэрэг нь Төлөөлөн удирдах зөвлөлд   танилцуулагдаж, улмаар ТУЗ-ийн шийдвэрт энэ асуудлыг Хөгжлийн банкнаас "Мон-Лаа" ХХК-тай байгуулах зээлийн гэрээний бусад нөхцөлд оруулж өгсөн байдаг.

Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкнаас "Мон-Лаа" ХХК-нд олгосон зээлийн хувийн хэрэг, холбогдох бүх материал хэрэгт авагдсан. Тухайлбал:

Хамтарсан ажлын хэсгийн мөрдөгч, цагдаагийн хошууч Ү.Анхбаярын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр "Мон Лаа" ХХК-ийн зээлийн хувийн хэргийн бичиг баримт, материалд үзлэг хийсэн тэмдэглэл, /20-р хавтас, 32-33-р хуудас/

Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаартай тогтоол /20-р хавтас, 38-40-р хуудас/

Хөгжлийн банкны Зээлийн хорооны 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хурлын шийдвэр /20-р хавтас, 44-р хуудас/

Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдөр болон 23-ны өдрийн дүгнэлт, санал, зөвлөмж /20-р хавтас, 54-55-р хуудас/

Хөгжлийн банкны Зээлийн хорооны хурлын 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №2015/87 дугаартай шийдвэр, Эрсдэлийн удирдлагын газрын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №1/15/107 тоот санал, дүгнэлт /20-р хавтас, 137-р хуудас/

Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 1/16/090 дугаартай эрсдэлийн дүгнэлт /20-р хавтас, 142-146-р хуудас/

Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал нарын хамтарсан 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/52 тушаал, уг тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн удирдамж, танилцуулга /20-р хавтас, 156-166-р хуудас/ зэрэг болно.

Шүүх дээрх баримтуудыг хянан үзэлгүйгээр шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан саналд шууд дүгнэлт хийжээ.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 283 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон эсэргүүцэл бичсэн.” гэв.

 

Хохирогчийн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Булганхишиг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт хохирогчоор оролцож, хохирол нэхэмжилж байгаа хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйл болон мөн хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар үндэслэлээр прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна гэж үзэж байна. Өмнө 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 142 дугаар шүүгчийн захирамж, уг шүүгчийн захирамжийг хянасан давж заалдах шатны шүүхийн магадлал зэрэгт дурдагдсан ажиллагааг хийгээгүй. Ганцхан Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт гарснаас бусад ажиллагаа хийгдээгүй гэж хохирогчийн зүгээс үзэж байна. Засгийн газраас “Хөгжлийн банк”-нд шалгалт оруулсан гээд Хөгжлийн банкны хэрэг гээд яриад байдаг. Гэтэл Засгийн газраас Хөгжлийн банкинд групп шалгалт орууллаа гэсэн мэдээлэл нийтлэгдсэн. Хөгжлийн банкны хэрэг гээд яригдаад байдаг. Хөгжлийн банкны хэргээс мөнгөн хадгаламжийг гэрээнээс нь өмнө буцаан татсантай холбоотой хэрэгт хохирлын хэмжээг сүүлийн шинжээчийн дүгнэлтээр 3.400.000.000 төгрөгөөр тогтоосон. Мон-Лаа ХХК-тай холбоотой асуудал бол жижиг асуудал, үүнээс их хэмжээний чанаргүй зээлдэгч, топ 10 чанаргүй зээлдэгч нарын хэрэг сураггүй алга болсон. Манай байгууллага авлигатай тэмцэх газар болон прокурорын байгууллагаас маш их хүлээлттэй байсан. Гэтэл Хөгжлийн банкны олон хавтас хэргээс зөвхөн мөнгөн хадгаламжийг хугацаанаас нь өмнө татсантай холбоотой хэрэг л үлдээд байна. Тухайн үед Н.Мыг гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед 2011 оны 2 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан хүчинтөгөлдөр үйлчилж байсан Хөгжлийн банкны тухай хуулийн Хөгжлийн банкны удирдлага зохион байгуулалт, 16.1 дүгээр зүйлд “Хөгжлийн банкны эрх барих дээд байгууллага нь хувь нийлүүлэгчдийн хурал, түүний чөлөөт цагт Төлөөлөн удирдах зөвлөл байна”, 16.2 дугаар зүйлд “Хөгжлийн банкны хувь нийлүүлэгч нь Монгол Улсын Засгийн газар байх бөгөөд хувь нийлүүлэгчдийн хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасан. Энэ хуулийн дараа Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор баталсан дүрмийн 10 дугаар зүйлд Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага байна. 10.1 дүгээр зүйлд, Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлнэ. Багт гүйцэтгэх захирал, дэд захиралууд, тэдгээрийг Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага гэнэ гэж заасан байхад өнөөдөр шүүгдэгчээр Н.М ганцаараа байна. Гэтэл Мөнхбат багаар гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлсэн. Бусад удирдах зөвлөлийн гишүүд яагаад байхгүй байна вэ. Мон-Лаа ХХК-ний хувьд зээл олгогдох үед хуурай аргаар баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ байдаг. Нойтон аргаар баяжуулах үйлдвэр нь тухайн үед байгуулагдаагүй байсан. Мон-Лаа ХХК-нд олгосон зээлийн төслийн хөрөнгөөр  нойтон аргаар баяжуулах үйлдвэр бий болсон. Уг үйлдвэрийн ТЭЗҮ-ийг үйлдвэр барихаас өмнө буюу зээл олгогдсоны дараах ТЭЗҮ байгаа учраас Мон-Лаа ХХК-ийн зүгээс ч, Хөгжлийн банкны зүгээс ч ач холбогдол өгөхгүй байгаа. Энэ асуудлаар Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоогоор төлбөрөө төлөөд явж байгаа. Ийм учраас прокурорын эсэргүүцлийг дэмжихгүй байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагаа хийгдэх шаардлагатай тул хэргийг буцааж өгнө үү...” гэв.

 

Яллагдагч Н.Мын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...102 мөнгөн хадгаламжийг хугацааны өмнө буцаан татсан асуудлыг Актив-Пассивын удирдлагын хорооны шийдвэрээр мөнгөн хөрөнгийг татаагүй. Энэ талаар шинжээчийн дүгнэлтэд тодорхой тусгагдсан гэж прокурорын эсэргүүцэлд бичигдсэн. Гэтэл шинжээч нараас Актив-Пассивын удирдлагын хорооны шийдвэрийг бүрэн ирүүлээгүй байна. Энэ нь шинжилгээний тухай хууль зөрчсөн байгаа учраас шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй гэдэг. Тэгэхээр шинжээчийн дүгнэлт хууль ёсны биш байна гэж үзэж байна. Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд яллагдагчийн гэм бурууг цагаатгах, түүнд хүлээлгэх хариуцлагыг хөнгөрүүлэхтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт хавсаргадаггүй. Энэ байдлыг шалгаад өгнө үү гэхээр шалгадаггүй. Шинжээчээр дүгнэлт гаргуулах гэхээр баримтыг бүрэн хүргүүлдэггүй. Үүнээс харахад хэргийн үнэн бодит байдлын талаар дүгнэлт гаргахаас зайлсхийж зөвхөн яллах талын баримтыг хэрэгт хавсаргаж, шинжээч нарт хүргүүлсэн. Хэргийн бодит байдал ийм байхад хэрэгт нотлох баримтууд авагдсан гээд байгаа прокурорыг ойлгохгүй байна. “Шинжээч нараас Актив-Пассивын удирдлагын хорооны шийдвэрийг бүрэн ирүүлээгүй” гэж худлаа яриад байна уу гэдэг асуулт гарахад хүрч байна. Хадгаламж буцаан татсан шийдвэрүүдийг хэрэгт хавсаргаад нотлох баримтаар тооцох ёстой. Тэдгээрийг шинжээч нарт бүрэн хүлээлгэн өгч, хууль ёсны дүгнэлт гаргуулах ёстой. Яагаад уг хадгаламжийг хугацааны өмнө буцаан татсан зорилгыг тодорхойлох ёстой. Уг шийдвэрүүдийг тодорхойлсноор үнэхээр эрсдэлээс хамгаалсан шийдвэр байсан, зээлийн санхүүжилтэд зориулсан байсан эсэх нь тодорхой болох ёстой. Үүнээс цаашаа шүүгчийн асууснаар уг мөнгөн хөрөнгө хаашаа шилжсэн эсэхийг тогтоох ёстой. Уг хадгаламж буцаан татсан шийдвэр ашигтай байсан эсэх нь зарцуулалтаасаа харагдах ёстой. Үүнийг шалгаад өгөөч гээд 2 жилийн хугацаанд шаардлага тавиад явж байна. Эдгээр асуудлыг шалгаж өгөөгүй атлаа хохирлын мөнгөний хүүгийн алдангийг тооцож, нэмж хохирол гаргаж нэхэмжлээд байна. 102 хадгаламж буцаан татсан шийдвэр тодорхой болоогүй байдаг. Яллах дүгнэлтэд прокурор 3.6 тэрбум төгрөг гэж хохирлын хэмжээг тооцсон. Гэтэл шинжээч тодорхойлох боломжгүй гэсэн атлаа дараагийн шинжээчийн дүгнэлтээр 3.4 тэрбум төгрөгийн хүүгийн алданги хохирол гэсэн байдаг. Яллах дүгнэлт болон шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирлын хэмжээ зөрүүтэй болсон. Шинжээчийн дүгнэлтээр хаанаас тооцож гаргасныг мэдэхгүй байна.

Мон-Лаа ХХК-ний талаарх баримтуудыг хэрэгт хавсаргасан гэдэг. Гэтэл миний үйлчлүүлэгч Н.М нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан 2015 оны 0404 дугаартай тогтоол, Мон-Лаа ХХК-нд зээл олгосон ажлын хэсгийн дүгнэлт, шийдвэр, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоолд дахин зээл олгох талаар шаардсан 2015 оны 9 дүгээр сарын 22-ны 11/981 дугаартай албан бичгийг үндэслэж зээл олгосон. Уг бичгийг хэрэгт хавсаргаагүй. Прокурор хэлэхдээ тухайн хэрэгт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны шийдвэр байхгүй гэж хэлдэг. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны Батсуурийн гарын үсэгтэй шийдвэрийг хэрэгт хавсаргаж өгнө үү гээд хуулбарыг өгсөн. Эдгээр хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг хэрэгт хавсаргаж өгөх хүсэлтийг удаа дараа гаргасан. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Яллагдагч Н.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гол шалтгаан нь зээл санхүүжүүлэх, Хөгжлийн банкны татан төвлөрүүлсэн хөрөнгийн эргэн төлөлт болон хүүгийн төлөлт, Улсын татвар төлөх, цалин хөлс тавих, эрсдэлүүдээс хамгаалах, гол нь ханшийн эрсдэл, арилжааны банкны санхүүгийн эрсдэл зэрэг өдөр тутмын үйл ажиллагаа явуулах зорилгоор арилжааны банкуудад байршуулсан мөнгөн хадгаламжийг буцааж татах шаардлага үүсдэг. Миний анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Монгол банкнаас томилогдсон шинжээч “зөвхөн зээл олгох зорилгоор хадгаламжийг буцаан дуудаж болох байсан” гэсэн дүгнэлт гаргасан. Дараагийн шинжээчийн дүгнэлтэд “зээл олгох, татвар төлөх” гэсэн. Гэтэл ханшийн эрсдэлүүд бусад арилжааны банкны эрсдэл, татвар төлөх, цалин тавих гэсэн олон шалтгаануудыг орхигдуулсан. Шүүх шинжилгээний хүрээлэнгийн эхний дүгнэлтэд хохирлыг тогтоох боломжгүй гэсэн. Дараагийн дүгнэлтэд өмнөх дүгнэлттэй адилхан асуултууд асуугаад өөр өөр хариулт өгсөн дүгнэлт гарсан. Яагаад шинжээч нар нэг асуултдаа хоёр өөр хариулаад байна вэ. Прокурор, шүүхэд буруу мэдээлэл өгч байна. 102 хадгаламж буцаан татсан үйлдлүүд нь нэмэлтээр гаргасан шинжээчийн дүгнэлтийн хавсралтад аль банкнаас, хэзээ, ямар шалтгаанаар татсан талаар баримт авагдсан. Гэтэл прокурорын эсэргүүцэлд хадгаламж буцаан дуудсан үйлдэлд хамтын шийдвэрээр гаргасан үйлдэл багтаагүй. Зөвхөн Н.М бие дааж хийсэн үйлдлүүд гэж бичсэн. Гэтэл тухайн үед, цаг хугацаанд үйлчилж байсан хууль, дүрэмд зааснаар Актив-Пассивын удирдлагын хорооны бодлого, арилжааны банкуудад хадгаламж байршуулах журам зэрэгт гүйцэтгэх захирал бие дааж шийдвэр гаргах боломжгүй. Холбогдох хэлтэс, газар, хорооны удирдлагууд шийдвэрээ гаргаж байсан. ...17 дугаар хавтас хэргийн 191 дүгээр талд шинжээчийн дүгнэлтэд дурдсан шийдвэрт Капитал банкнаас буцааж татсан мөнгөний шийдвэрийн нэгтгэл байдаг. Уг шийдвэрийг 102 хадгаламжийг буцаан татсан асуудалд оруулсан байсан. Шүүхийн шийдвэрээр хавтас хэрэгт авагдсан баримтын 2015 оны 9 дүгээр сарын 7-ны 15/02033А Актив-Пассив удирдлагын хорооны шийдвэрт Капитал банкинд байршуулсан мөнгөн хадгаламжийн эрсдэлийн хэмжээ нь тогтоосон хэмжээнээс хэтэрсэн хугацааны өмнө буцааж, хязгаар хэтрээгүй банкинд байршуулах шийдвэр гарсан. Миний хүсэлт гаргаж, шалгаж өгөөч гэсэн асуудалд эрсдэлийн удирдлагын газраас Капитал банкинд байршуулсан мөнгөн хадгаламж хэдэн төгрөгөөр хэтэрсэн гэж үзсэн бэ, буцаан татаж аваад аль банкинд байршуулсан бэ, ямар хүүтэй байршуулсан, Капитал банкинд байршуулсан хүүнээс их байсан уу, бага байсан уу гэх мэт асуудлууд шийдвэрт байхгүй байна. Надад зөвхөн шийдвэр нь үлдсэн. Тухайлбал, 19 дүгээр хавтас хэргийн 127 дугаар талд Актив-Пассив удирдлагын хорооны 2014 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрээр 102 хадгаламжийн 10 хадгаламжийг буцаан дуудах үйлдлийг Актив-Пассив удирдлагын хорооны шийдвэр гарсан байдаг. Энэ шийдвэр нь надад үлдээгүй байна. Эдгээр шийдвэрийн танилцуулгад бүх зүйл тодорхой бичигдсэн байх тул танилцуулгуудыг шалгаж өгөөч. ...102 мөнгөн хадгаламжийг хугацааны өмнө татсанд орсон нэг жишээ нь “Алтайн зам ХХК-нд 2.1 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг Хас банкинд 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байршуулсан мөнгөн хадгаламжаас 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хэсэгчилсэн дүнгээр хүүгийн алдагдалгүйгээр хугацааны өмнө 126.097.000 төгрөгийг буцаан дуудъя гэсэн. Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн байршуулсан иений мөнгөн хадгаламжаас 30.000.000 иенийг хүүгийн алдагдалгүй хэсэгчилсэн хугацаагаар гаргуулах” гэх мэт. Хуулийн дагуу Актив-Пассив хорооны шийдвэртэй байхад намайг буруутгаж 102 хадгаламж оруулсан байна. Гэтэл Алтайн зам ХХК-нд заавал Хас банкны хадгаламжаас татах байсан талаар дэлгэрэнгүй танилцуулга нь байгаа. Надад харамсалтай нь дэлгэрэнгүй танилцуулга нь байхгүй байна. Эдгээр баримтыг хуулийн дагуу авч бүрдүүлээд шалгаж, шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв гаргуулж өгнө үү...” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Н.Мад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 283 дугаартай, яллагдагч Н.Мад холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь:

Н.Мын “...Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа ... албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хөгжлийн банк дахь чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банкинд хугацаатай байршуулах үйл ажиллагааг бие даан шийдвэрлэж 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр буцаан татах шаардлагагүй арилжааны банкуудад байршуулсан 102 ширхэг мөнгөн хадгаламжийг хугацааны өмнө буцаан татсанаас хүүгийн орлогыг алдагдуулж, Хөгжлийн банкинд 3.653.839.974.78 (гурван тэрбум зургаан зуун тавин гурван сая найман зуун гучин есөн мянга есөн зуун далан дөрвөн төгрөг далан найман мөнгө) төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

...мөн “Мон-Лаа” ХХК-д 3.000.000 ам.доллартай тэнцэх хэмжээний буюу 5.642.970.000 төгрөгийн зээлийг олгох шийдвэр гаргаж, Монгол Улсын Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан” гэх хэрэгт Хөгжлийн банк дахь чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банкинд хугацаатай байршуулсан хадгаламжийг хугацааны өмнө буцаан дуудах талаар хэлэлцэж гаргасан хамтын шийдвэрийн үндэслэл болсон Хөгжлийн банкны Актив-Пассивын удирдлагын хорооны хурлын танилцуулгууд байгаа эсэхийг шалгах нь зүйтэй.

 

Дээрх баримтуудыг Хөгжлийн банкнаас гаргуулснаар тухайн хадгаламжийг хугацааны өмнө буцаан дуудсан үйл ажиллагаа нь хууль, гэрээ, хэлцлээр хүлээсэн төлбөрийн үүргээ биелүүлэх зорилготой байсан эсэх, банкийг эрсдэлээс хамгаалах зорилготой байсан эсэх, эргэн татагдсан мөнгө юунд зарцуулагдаж, хаана байршиж байсныг тодруулах ач холбогдолтой гэж үзнэ.   

 

Банкинд байршуулсан мөнгийг буцаан татсан нь валютын ханшийн өсөлт, бууралтын эрсдэлээс хамгаалсан эсэх, буцаан татсан хадгаламжийн мөнгөн хөрөнгөөс Хөгжлийн банкны зээлийн төлөлт, төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилт, татвар төлөх, цалин олгоход зарцуулсан эсэх, валют худалдан авч дахин өөр хадгаламжийн гэрээ байгуулж, өөр банкинд байршуулсан эсэхийг шалгаж тодруулах шаардлагатай.

 

Өөрөөр хэлбэл, 102 хадгаламжийг хугацааны өмнө буцаан татах үндэслэл үүссэн эсэх нөхцөл байдалд нэг бүрчлэн дүгнэлт хийж, улмаар яллах дүгнэлтэд үйлдэл тус бүрээр тусгах нь хэргийн үйл баримтад шүүх дүгнэлт хийх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой болно.

                              

Яллах дүгнэлтэнд арилжааны банкуудад байршуулаад эргэн татсан 102 ширхэг мөнгөн хадгаламжийг дүгнэсэн боловч энэ 102 мөнгөн хадгаламж нь ямар банкинд хэзээ байршуулаад хугацаанаас өмнө хэзээ татсан, үүнээс үүдсэн хохирол тус бүрийн жагсаалт байхгүй учраас ойлгомжгүй байна.

 

Иймд хадгаламж буцаан татсан 102 удаагийн үйлдэл тус бүрийг яллах дүгнэлтэд оруулж, ингэхдээ хадгаламжийн хэмжээ, буцаан татсаны улмаас хэдий хэмжээний хохирол учирсан, хадгаламжийг буцаан татах шалтгаан нөхцөл байгаагүй эсэх зэргийг тодорхой дүгнэн, яллах дүгнэлт үйлдвэл зохино.

 

Өөрөөр хэлбэл, хадгаламжийг буцаан татах үндэслэл байгаагүйг банкинд тухайн үед байршиж байсан бэлэн мөнгө, валютын хэмжээтэй хамааралтай байдлаар нотолсон байвал зохино.

 

Мөн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 477 дугаар магадлалд дурдагдсан ажиллагаанууд бүрэн бус хийгдсэн байх бөгөөд Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарын үйлдлийг “төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх” гэмт хэргийг гэмт хэрэгт тооцохгүй болсон үндэслэлээр тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байгаа талаар тодорхой дүгнэсэн байхад энэ талаар  ажиллагаа хийгдээгүй байна.

 

 Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийгдсэн байх тул хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 283 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Ширэндэвийн бичсэн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Т.ӨСӨХБАЯР

 

                           ШҮҮГЧ                                                         Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                           ШҮҮГЧ                                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ