Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2021/0264

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.Б

Хариуцагч: ШШГЕГ

Нэхэмжлэлийн шаардлага: “ШШГЕГ-ын  Захиргаа, удирдлагын газрын дарга С.Б-ын захиргааны акт гаргахаас татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Х.Б т 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгох тухай захиргааны акт гаргахыг ШШГЕГ т даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А  , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х.Б  би ШШГЕГ-ын  даргын 2001 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/7.. дугаар тушаалаар Б аймаг дахь Шх газарт хянагчаар томилогдон ажиллаж байгаад 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/1... дугаар тушаалын дагуу ажлаас чөлөөлөгдсөн.

Шх газарт 2001 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хянагчаар тасралтгүй 10 жил ажилласан. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.4-т “Хорих байгууллагад ажилласан хугацааг тооцоход цагдан хорих байр, чанга, онцгой дэглэмтэй хорих анги, гяндан болон сүрьеэг эмчлэх ангид 1 жил ажилласан хугацааг 1 жил 3 сар, насанд хүрэгсдийн болон насанд хүрээгүйчүүдийн хорих ангид 1 жил ажилласан хугацааг 1 жил 2 сар ажилласанд тооцно” гэж заасны дагуу би 20 сар буюу 1 жил 8 сар ажилласан болж нийт цэргийн алба хаасан хугацаа 11 жил 8 сар болж байна.

Миний бие ажлаас чөлөөлөгдөх болсон шалтгаанаа эрүүл мэндийн байдлаас болж албан үүргээ биелүүлэх боломжгүй болсон талаарх нотлох баримтуудаа ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдөлдөө хавсарган өгч, тэр талаар өргөдөлдөө тодорхой бичсэн байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас гаргасан Х.Б ыг ажлаас чөлөөлсөн тушаалд “...өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн” хэмээн дурдсан байдаг.

Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нэхэмжлэгчийн цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоохгүй гэсэн хариу өгсөн тул Б аймгийн Захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Тус шүүхээс 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 0016 дугаартай шийдвэр гарсны дагуу цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоолгон тэтгэврээ авч байна.

Цэргийн алба хаасны тэтгэврээ хувь тэнцүүлэн тогтоолгосон учир хуулийн хүрээнд нэг удаагийн болон 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг тогтоолгохоор ШШГЕГ-ын  даргад хандан хүсэлт гаргахад “...нэг удаагийн тэтгэмжийг олгох боломжгүй” гэх хариуг ШШГЕГ-ын  Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02/5470 дугаар албан бичгээр хариу өгснийг 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шуудангаар хүлээн авч, Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан.

Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэгчийн гаргасан гомдол болон холбогдох баримт бичигтэй танилцаад 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Нэг удаагийн тэтгэмж олгуулах тухай” 01/66 тоот шийдвэрийг гаргасан. Уг Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг ШШГЕГ-ын  Захиргаа, удирдлагын газрын дарга, дэд хурандаа С.Б-д   мөн хүргүүлсэн.

ШШГЕГ-ын  Захиргаа, удирдлагын газрын дарга, дэд хурандаа С.Б нь Төрийн албаны зөвлөлд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “...иргэн Х.Б т 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгох боломжгүй байна” гэж үзэн хариу өгсөн нь Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/66 дугаар “Нэг удаагийн тэтгэмж олгуулах тухай” шийдвэрийг зөрчсөн байна” гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А   шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч нь 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т “Өөрийн санаачилгаар төрийн албанаас гарах хүсэлт гаргасан” гэж заасны дагуу өргөдлөө өгсөн тул нэхэмжлэгч Х.Б т нэг удаагийн тэтгэмжийг олгох боломжгүй талаар хариу тайлбараа хэлдэг.

Дээрх хуулийн зохицуулалтад төрийн жинхэнэ албан хаагчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийн үндэслэлүүд ямар байх талаар заагаагүй, ажлаас халагдах үндэслэл нь ямар байх талаар тодорхой заагаагүй байх тул Х.Б ыг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлсөн гэж үзэж байгаа. Тушаалтайгаар холбоотойгоор 47 нас хүрээд хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох тухай асуудлыг Б аймгийн Захиргааны хэргийн шүүхээр хянан хэлэлцэж, нэхэмжлэгчид цэргийн алба хаагчийн хувь тэнцүүлсэн нэг удаагийн тэтгэмж олгохыг Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасан.

Нэхэмжлэгч яагаад комиссын шийдвэргүйгээр ажлаас чөлөөлөгдсөн бэ гэхээр Х.Б  2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх 10 хоногийн хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Үүний дараагаар Улсын 3 дугаар эмнэлэгт үзүүлж, хагалгаа хийлгэх шаардлагатай нь тогтоогдсон. Ингээд дахин Улаанбаатар хот руу явж, 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр “...ажил үүргээ биелүүлэх боломжгүй болсон” тухай өргөдлөө гаргасан. Уг өргөдлийг тухайн үеийн Б аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын зөвлөлийн хурлаар 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр авч хэлэлцээд, цаашаа ШШГЕГ-ын  Захиргаа удирдлагын газарт уламжлан уг асуудлыг шийдвэрлүүлэхээр албан тоот бичин хүргүүлсэн. Ийнхүү өргөдлийг шийдвэрлэсэн.

Ажлаас чөлөөлсөн уг тушаалд нэхэмжлэгчийг “...өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн” гэж гаргасан боловч үүний ард эрүүл мэндийн шалтгаан байсан. Тухайн хугацаанд нэхэмжлэгч нь эмч нарын зөвлөгөөний шийдвэрийг ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдөлдөө хавсаргаж өгөх боломжгүй байсан. Уг өргөдлийг хүлээн авсан ШШГЕГ-ын  Захиргаа удирдлагын газрын хүний нөөцийн мэргэжилтэн уг өргөдөлтэй холбоотойгоор шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах, нэхэмжлэгчид эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх хуулийн зохицуулалтыг тайлбарлах үүргээ биелүүлээгүй учраас тушаал нь тийм агуулгатай гарсан.

Б аймгийн Захиргааны хэргийн шүүхэд энэ хэрэг хянагдаж байхад  шимтгэл тооцох хөдөлмөрийн хөлс, шимтгэлийн хувь хэмжээг тогтоосон эмчийг гэрчээр асуусан байдаг. Гэрч мэдүүлэгтээ “Х.Б ыг тухайн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан хугацаанд эмч нарын комиссын зөвлөгөөнөөр оруулж шийдвэр гаргуулах боломжгүй байсан” талаар дурдсан. Удаан хугацааны турш эмчилгээ хийлгэж, 2-3 удаа хагалгаанд орсон буюу нэхэмжлэгчийн өвчин үргэлжилж байсан тул эмчийн бичгийг сүүлд нь гаргаж өгсөн. Энэ талаарх баримт Б аймгийн Захиргааны  хэргийн шүүхээр хянагдсан хэргийн 74 дүгээр талд авагдсан байгаа.

Тушаалыг гаргахдаа 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуулийг баримталсан. Уг хууль 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шинэ Төрийн албаны тухай хууль батлагдсанаар хүчингүй болсон.

Хариуцагчийн Х.Б т 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн тул цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг олгохыг хариуцагч байгууллагад даалгуулахаар шаардлага гаргаж байгаа.

ШШГЕГ-ын  Захиргаа, удирдлагын газрын дарга, дэд хурандаа С.Б нь Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/66 дугаартай “Нэг удаагийн тэтгэмж олгуулах тухай” шийдвэрийг зөрчсөн байна.       Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Нэг удаагийн тэтгэмж олгуулах тухай” 01/66 дугаар шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгч нь эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас гарсан тул нэг удаагийн тэтгэмж олгох тухай шийдвэр гаргахыг ШШГЕГ т даалгаж өгнө үү. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М  шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.Б ын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр ШШГЕГ-ын  харьяа Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, дэд хурандаа Б.Н*******т хандан өргөдөл гаргасан байдаг. Тус өргөдөлдөө “...Миний бие ахлах ахлагч Х.Б  1972 онд төрсөн. Ам бүл 6, эхнэр болон 4 хүүхдийн хамт амьдардаг. 2003 онд тус албаны цагдан хорих байранд хянагчаар ажилд ороод одоог хүртэл үр бүтээлтэй ажиллаж байна. Сүүлийн үед биеийн эрүүл мэнд муудах, ажлын ачаалал даах чадваргүй боллоо. Иймээс миний аргагүй байдлыг харж үзэн ажлаас чөлөөлж өгөхийг хүсэж энэхүү хүсэлтийг минь дээд газарт уламжилж өгнө үү” гэсэн ба уг хүсэлтийг гаргахдаа өргөдөлдөө хавсаргасан ямар нэгэн эрүүл мэндийн холбогдолтой, эмнэлгийн  баримт бичгийг өгөөгүй.

Мөн 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын зөвлөлийн хуралдаанд Х.Б  нь эмнэлгийн эмч нарын зөвлөлийн шийдвэр, холбогдох баримтыг тус албанд гарган өгөөгүй нь Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 535 дугаар албан бичгээр нотлогдож байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоол “Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ын 6-д “биеийн эрүүл мэнд” гэдгийг эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний шийдвэр гарсныг үндэслэн тогтооно гэж заасан байна.

Гэтэл нэхэмжлэгч Х.Б  нь ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргахдаа ШШГЕГ т эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний шийдвэрийг ирүүлээгүйн улмаас тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон” гэж заагдсан үндэслэлээр чөлөөлөгдөх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэж заасны дагуу ШШГЕГ-ын  даргын 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/1... дүгээр тушаалаар албан тушаалаас чөлөөлсөн.

Нэхэмжлэгч Х.Б  нь 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ШШГЕГ-ын  даргад хандан “...аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийнхэн халагдсан тушаалд эрүүл мэндийн байдлын улмаас гэх үг байхгүй байгаа тул тэтгэвэр тогтоох боломжгүй гэх юм. Лавлагаа дээр эрүүл мэндийн байдлаас халагдсан гэж бичүүлж ир гэнэ. Миний энэхүү байдлыг харгалзан үзэж халагдсан тухай лавлагаа дээр эрүүл мэндийн байдлаас халагдсан гэж бичүүлэх өгөх”-ийг хүсэж, Б аймгийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шийдвэрийн хуулбарыг халагдах тушаал гарснаас хойш анх удаа  буюу 6 жилийн дараа 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ШШГЕГ-ын  даргад хандан гаргасан, энэ нь Х.Б ын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн гаргасан өргөдлөөр нотлогдож байна.

Дээрх Б аймгийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “эрүүл мэндийн шалтгаанаар алба хаахад тэнцэхгүй тухай” шийдвэр нь Х.Б ын албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш 4 сар 26 хоногийн дараа гарсан байх тул тухайн баримт бичгийг үндэслэн Х.Б т 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгох боломжгүй байгаа талаар Төрийн албаны зөвлөлд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 02/2... дүгээр албан бичгээр өгсөн хариу нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/66 дугаар албан бичигт “...18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгох боломжтой гэж үзэж байна. Мөн Х.Б т холбогдох баримтыг нягталж, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох тухай журамд заасны дагуу Х.Б ын хүсэлтийг дахин хянаж үзэж, Төрийн албаны зөвлөлд хариу ирүүлнэ үү” гэсний дагуу манай байгууллагаас зохих хариуг хүргүүлсэн.

Төрийн албаны зөвлөл нь хариуцагч ШШГЕГ т хандан цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгохыг даалгах эрх бүхий субъект биш. Хоёрдугаарт, манай байгууллагаас Төрийн албаны зөвлөлд хандан 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хариу албан бичгийг хүргүүлсэн.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны “Нэг удаагийн тэтгэмж олгох тухай” 38 дугаар тогтоолын 6 дах хэсэгт  “биеийн эрүүл мэнд” гэх ойлголтыг тайлбарласан. “Биеийн эрүүл мэнд” гэдэг нь эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний шийдвэр гарсныг үндэслэн тогтоохоор заасан байна. Тиймээс нэхэмжлэгч Х.Б  нь ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдлөө гаргасан хугацаандаа эмнэлгийн баримт бичгээ хавсаргаж өгөөгүй тул манай байгууллага тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийг баримталж Х.Б ыг “...ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн” гэсэн үндэслэлээр тушаалаа гаргасан.

Тухайн эмнэлгийн эмч нарын магадлах комиссын шийдвэр нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдлөө өгснөөс 4 сар 26 хоногийн дараа гарсан байдаг. Түүнчлэн энэхүү эмнэлгийн баримт бичгээ 6 жилийн дараа буюу 2019 онд ШШГЕГ т гаргасан хүсэлтдээ л гэнэт хавсаргасан байдаг.

Иймд Х.Б ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь дээр миний хэлсэн тайлбар, үндэслэлүүдээр нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ :

Нэхэмжлэгч Х.Б  нь анх тус шүүхэд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Нэг удаагийн тэтгэмж олгуулах тухай”  01/66 тоот шийдвэрийг биелүүлэхийг ШШГЕГ т даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан, шүүхээс хэргийг  хянан шийдвэрлэх шатанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагаа “ШШГЕГ-ын  Захиргаа, удирдлагын газрын дарга С.Б-ын захиргааны акт гаргахаас татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Х.Б т 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгох тухай захиргааны акт гаргахыг ШШГЕГ т даалгуулах” гэж тодорхойлсон, нэхэмжлэгч нь “...Х.Б  би ажлаас чөлөөлөгдөх болсон шалтгаанаа эрүүл мэндийн байдлаас болж, албан үүргээ биелүүлэх боломжгүй болсон талаар нотлох баримтуудаа өргөдөлдөө хавсаргаж, тодорхой бичсэн байхад ...ажлаас чөлөөлсөн тушаалд “өөрийн хүсэлтээр” гэж гаргасан байсан. ...Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу цэргийн алба хаасны тэтгэврээ хувь тэнцүүлэн тогтоолгосон тул хуулийн хүрээнд нэг удаагийн болон 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг авах эрхтэй...” гэж, хариуцагч нь “...Х.Б  нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргахдаа ...эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний шийдвэр, холбогдох баримтыг ...  ирүүлээгүй тул ... Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөх” гэж заасны дагуу ... албан тушаалаас нь чөлөөлсөн.  ... Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр нь ...Х.Б ыг албан тушаалаасаа чөлөөлөгдсөнөөс хойш 4 сар 26 хоногийн дараа гарсан шийдвэр байх тул Х.Б т 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгох хууль зүйн боломжгүй...” гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Х.Б  нь ШШГЕГ-ын  даргын 2003 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн б/ 775 дугаар тушаалаар[1] мөн оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хянагчаар томилогдон ахлах ахлагч цолтойгоор ажиллаж байгаад 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/1... дүгээр тушаалаар[2] Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-д заасан “төрийн жинхэнэ албан хаагч өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэх үндэслэлээр тус албан тушаалаас чөлөөлөгджээ.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1-д “Цэргийн алба хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно”, 19 дүгээр зүйлийн 2-т “Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 38 дугаар тогтоолоор баталсан “Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ын 6-д “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ биеийн эрүүл мэндээр” гэдгийг эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний шийдвэр гарсныг үндэслэн тогтооно” гэж  тус тус  заажээ.

Дээр хуулийн заалтаас үзэхэд цэргийн алба хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр чөлөөлөгдөх /халагдах / зэрэг тохиолдлуудад  нэг удаагийн тэтгэмж авах эрхтэй байх ба тэгэхдээ    биеийн эрүүл мэндээр чөлөөлөгдөх тохиолдолд эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний шийдвэр гарсныг үндэслэн нэг удаагийн тэтгэмжийг олгохоор журамлан зохицуулжээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Х.Б  нь 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын харьяа Б аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд ажлаас чөлөөлж өгөх хүсэлтийг гаргасан, уг хүсэлтийг мөн өдрөө Шийдвэр гүйцэтгэх албаны даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, эрүүл мэндийн байдлын улмаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан ээлжийн хянагч, ахлах ахлагч Х.Б ын хүсэлтийг ШШГЕГ-ын  Захиргааны удирдлагын газарт уламжлахаар шийдвэрлэсэн, тус албаны 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 535 дугаар албан бичгээр хүсэлт болон холбогдох нотлох баримтыг  ШШГЕГ-ын  Захиргааны удирдлагын газарт хүргүүлсэн,  Х.Б ын хүсэлтийг үндэслэн түүнийг 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ШШГЕГ-ын  даргын 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б/1... дүгээр  тушаалаар ажил, албан тушаалаас  нь чөлөөлсөн, ийнхүү ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шийдвэрээр “нурууны баганы дегенератив өөрчлөлт” оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоож, энэ хугацаанаас эхлэн нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авч байсан, улмаар нэхэмжлэгч Х.Б  нь  2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож, тэтгэвэр авч байгаа үйл баримт тогтоогдож байх ба  нэхэмжлэгч нь өөрийг нь ажлаас чөлөөлсөн захиргааны акттай маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 6 жил 4 сарын дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Х.Б т цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоохгүй байгаа Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоохыг тус хэлтэст даалгах”  шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж маргасан, улмаар Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 110ШШ2020/0... дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүнд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоохгүй байгаа Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Х.Б т цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоохыг тус хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгч нь дээрх шүүхийн шийдвэрийн дагуу өөрийгөө “биеийн эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн” гэж үзэж, хуульд заасны дагуу нэг удаагийн тэтгэмж авах хүсэлтээ ШШГЕГ т гаргасан, хүсэлтийг хянаад ШШГЕГ-ын  2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02/5970 дугаар албан бичгээр “...эрүүл мэндийн байдлаар алба хаахад тэнцэхгүй тухай эмнэлгийн шийдвэрийг ... бүрдүүлж өгөөгүйн улмаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байх тул 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгох боломжгүй” гэх хариуг хүргүүлсэн, улмаар нэхэмжлэгч нь  2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/66 дугаар албан бичгээр  ШШГЕГ-ын  Захиргааны удирдлагын газрын даргад хандан  “...иргэн Х.Б т цэргийн алба хаагчийн 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийн олгох боломжтой. ... Хүсэлтийг дахин хянан үзэж, Төрийн албаны зөвлөлд хариу мэдэгдэхийг...” хүссэн, ШШГЕГ-ын  2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дүгээр албан бичгээр “...Х.Б  нь 2013 онд чөлөөлөгдөх хүсэлт гаргахдаа эмнэлгийн   эмч нарын зөвлөгөөний шийдвэрийг бүрдүүлэн ирүүлсэн бол ...тэтгэмжийг авах боломжтой байсан . Б аймаг дахь Захиргааны хэргийн шүүх ... Х.Б т нэг удаагийн тэтгэмж олгох талаар шийдвэрлээгүй байна...” гэсэн хариуг тус тус хүргүүлж байжээ. 

   Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Х.Б  нь Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны хянагч, ахлах ахлагчийн ажил, албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтдээ биеийн эрүүл мэндийн шалтгаантайг нотолсон эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний шийдвэр болон холбогдох нотлох баримтыг хавсаргаж хүргүүлээгүй байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх нотлох баримтыг гаргаж өгөөгүй болохыг  хүлээн зөвшөөрч байгаа болон уг ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш  буюу 4 сар 26 хоногийн дараа буюу 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр эрх бүхий байгууллагын шийдвэрээр түүний  хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон болох нь Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр нэгэнт тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг “биеийн эрүүл мэндээр” чөлөөлөгдсөн гэж үзэж, түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгох хууль зүйн үндэслэлгүй байна.                        Учир нь Цэргийн алба  хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1, 19 дүгээр зүйлийн 2-т зааснаар цэргийн алба хаагч  зөвхөн 4 тохиолдолд  нэг удаагийн тэтгэмж авах эрх үүсэх бөгөөд эдгээрээс өөр тохиолдолд буюу төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгохоор заагаагүй, энэхүү тэтгэмж нь зөвхөн тухайн ажил, албан тушаалаас чөлөөлөгдөх үед олгогддог нэг удаагийн тэтгэмж юм.

Хэдийгээр Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрт нэхэмжлэгч Х.Б ыг биеийн эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн гэж дүгнэсэн байх боловч ингэж дүгнэхдээ нэхэмжлэгчийг ажил, албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гарснаас хойш гарсан /үйлдэгдсэн/  Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2014 оны 5808 дугаартай хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шийдвэрийнхээ  гол үндэслэлээ болгосон, энэхүү шүүхийн шийдвэрээр Б.Барыст нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлээгүй байх тул нэг удаагийн тэтгэмж авахтай холбоотой үйл баримтыг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д зааснаар  “эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг хэлэх” бөгөөд энэхүү маргааны тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн гарсан өргөдлийг хянаад ШШГЕГ-ын  2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02/5970 дугаар албан бичгээр хариуг хүргүүлсэн байх ба  хариуцагчаас “эс үйлдэхүй гаргасан” болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчид захиргааны акт гаргахыг даалгах хууль зүйн боломжгүй.

Тодруулбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс  үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн нь тогтоогдсон бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн байгууллагад даалгах”-аар заасан тул энэ маргааны тохиолдолд нэгэнт хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн ШШГЕГ-ын  Захиргаа, удирдлагын газрын дарга С.Б-ын захиргааны акт гаргахаас татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Х.Б т 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгох тухай захиргааны акт гаргахыг ШШГЕГ т даалгах хууль зүйн боломжгүй юм. 

 Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд хариуцагч захиргааны байгууллага нь холбогдох хуулийн заалтыг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1, 19 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Б ын ШШГЕГ т холбогдуулан гаргасан “ШШГЕГ-ын  Захиргаа, удирдлагын газрын дарга С.Б-ын захиргааны акт гаргахаас татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Х.Б т 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгох тухай захиргааны акт гаргахыг ШШГЕГ-т даалгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

   2. Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 47  дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогд хэвээр үлдээсүгэй.

   3.  Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.2 дахь зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.БАТСҮРЭН

 

 

 

 

 

 

[1] Хэргийн  57 дугаар хуудсанд

[2] Хэргийн  65 дугаар хуудсанд