Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2024/0245

 

 

 

    “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2023-01 дугаартай Техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах

нийслэлийн Засаг даргын Тамгын 2023 оны 07 дугаар 31-ний өдрийн 03/4744 дүгээр албан бичгээр гэрээ цуцалсныг хууль бус болохыг тогтоолгож, гэрээний дагуу нийлүүлэх тавилгыг хүлээн авахыг даалгуулах

Монгол Улсын Соёлын сайдын 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1/2083 тоот дугаартай худалдан авах ажиллагааг дахин зохион байгуулах талаарх албан бичгийг хүчингүй болгуулах

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/563 дугаарт захирамжаар байгуулагдсан Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн тендер зарласан хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 941 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагч нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/563 дугаар захирамжаар байгуулагдсан Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У, А.Э

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын техникийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э

Хариуцагч Монгол Улсын Соёлын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Т.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2023/0763/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 941 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-иас “Монгол Улсын Соёлын сайдын 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1/2083 тоот дугаартай худалдан авах ажиллагааг дахин зохион байгуулах талаарх албан бичгийг хүчингүй болгуулах тухай” шаардлагаар үүссэн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,

2 дахь заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2, 50.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “Б” ХХК-иас гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2023-01 дугаартай Техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын Тамгын 2023 оны 07 дугаар 31-ний өдрийн 03/4744 дүгээр албан бичгээр гэрээ цуцалсныг хууль бус болохыг тогтоолгож, гэрээний дагуу нийлүүлэх тавилгыг хүлээн авахыг даалгуулах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/563 дугаарт захирамжаар байгуулагдсан Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн тендер зарласан хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

Манай “Б” ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр С.Б-д шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгосноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан.

Улмаар 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь тус хэргийн маргаанд оролцох боломжгүй болж төлөөллөөсөө татгалзсанаар түүний төлөөлөл бүрэн дуусгавар болсон мөн өмгөөлөгч Л.Х нь байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнээс татгалзаж, тус гэрээ дуусгавар болж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Б” ХХК-ийг албан ёсоор шүүх хуралд оролцуулах талаар хүсэлт гаргасан байдаг.

Гэвч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүгч нь шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт “Иймд ... “Б” ХХК өөрийг нь албан ёсоор шүүх хуралд оролцуулж, энэ удаагийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно” гэж дурдаж хүсэлтийг хангалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д “нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах, нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрэн эрхээсээ татгалзан, “Б” ХХК өөрийг нь албан ёсоор шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасан байхад анхан шатны шүүх хүсэлтийг хангахгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн болон бусад оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авна” гэж заасныг зөрчин, нэхэмжлэгч талыг эзгүйд хэрэг маргааныг шийдвэрлэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжих хэрийн үйл баримтыг нотлох, хууль зүйн үндэслэлээр дүгнэлт гаргах, хэргийн оролцогчдоос асуулт асуух, талуудын мэтгэлцэх зармыг хангаагүй нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.1-д “төлөөлөгч бүрэн эрхээсээ татгалзсан” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-ын төлөөлөл бүрэн дуусгавар болсноор түүний хуульд заасан эрх, үүрэг, мөн адил дуусгавар болж улмаар нэхэмжлэгч талд хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох гэж заасан эрхийг эдлүүлэх ёстой байтал зөрчсөн нь хуульд заасан үндэслэлгүй байна.

Мөн тус хэргийн шүүх хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр товлогдож итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь тухайн хэргийн шүүх хуралдаанд итгэмжлэлээсээ татгалзаж, нэхэмжлэгчийг өөрийн биеэр оролцуулах хүсэлт хүргүүлсэн байдаг. Гэтэл 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны товыг бидэнд мэдэгдэлгүй хэргийг хянан хэлэлцсэн нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжих оролцох, хэргийн материалтай танилцах, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 941 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2.1. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн хувьд Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд Улсын төсвийн хөрөнгөөр 2022-2023 онд он дамжин санхүүжих “Хүүхэд залуучуудын театр”-ын тоног төхөөрөмж СОЯ/202202038 дугаартай 9 багцаас бүрдэх тендер сонгон шалгаруулалтад оролцож “Хүүхэд залуучуудын театр”-ын тоног төхөөрөмж (Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг) бараа худалдан авах багц-2-т шаардлагад нийцсэн тендерээр шалгарч 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Хүүхэд залуучуудын театр”-ын тоног төхөөрөмж (Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг) бараа худалдан авах багц-2-д тавилга нийлүүлэх ажил-ын 1,089,912,579 /нэг тэрбум наян есөн сая есөн зуун арван хоёр мянга таван зуун далан ес/ төгрөгийн дүнтэй, СОЯ/202202038 дугаар гэрээг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор нийлүүлж хүлээлгэн өгөх нөхцөлтэйгөөр нийслэлийн Засаг даргын Тамгын газартай байгуулжээ.

2.2. “Б” ХХК нь гэрээгээр тохиролцсон тавилга нийлүүлэх эцсийн хугацаа болох 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор тавилга нийлүүлээгүй байх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 355 дугаар албан бичгээр нэхэмжлэгч компанид гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн болох тухай мэдэгдлийг хүргүүлсэн, улмаар Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын Техникийн зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хуралдаанаар “... “Б” ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа 2023 оны 05 дугаар сарын 31-ээр дуусгавар болсон, нийлүүлэгчийг хүндэтгэн үзэж гэрээний хугацаа сунгахыг захиалагч нийлүүлэгчид уламжилж, нэг сар гаруй хугацаагаар хүлээсэн боловч гэрээ сунгах хүсэлтээ “Б” ХХК ирүүлээгүй нь захиалагчаас шалтгаалсан зүйлгүй... нийлүүлэх ёстой оффисын 15 ш тавилгыг гэрээний үүргийн дагуу захиалагч, ашиглагч байгууллагуудад нийлүүлэхгүй, гэрээний үүргээ зөрчиж байгаа тул гэрээг цуцлах, захиалагч Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон дүүргийн Засаг даргын Тамгын газарт гэрээг цуцлах болсныг албан ёсоор мэдэгдэхээр шийдвэрлэсэн бөгөөд уг Техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэн нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 03/4744 дүгээр албан бичгээр “Б” ХХК-тай байгуулсан гэрээг албан ёсоор цуцалсан болохоо “Сонгинохайрхан дүүргийн захиалагчийн алба” ОНӨААТҮГ-т мэдэгдэж, хувийг нэхэмжлэгч “Б” ХХК-д хүргүүлсэн байна.

2.3. Хэдийгээр нэхэмжлэгчээс “... “Хүүхэд залуучуудын театр”-ын барилгын ажил удааширч тухайн үед ашиглалтад ороогүй байсан, ... Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн албанаас тавилгын хадгалалттай холбоотой санхүүг шийдэх боломжгүй, барааг хүлээж авахгүй, танайд хадгалуулна гэсэн утга бүхий зүйлийг удаа дараа мэдэгдэж байсан мөртлөө гэрээг ямар ч хуульд заасан үндэслэлгүйгээр цуцалсан” гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгчийн дурдаж буй дээрх үндэслэлүүд няцаагдаж байна..

2.4. Учир нь нэхэмжлэгч “Б” ХХК нь гэрээгээр тохирсон хугацаандаа “Хүүхэд залуучуудын театр”-ын тавилгыг огт нийлүүлээгүй, эргэх холбоогүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон, түүнчлэн анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч компанид нийлүүлэх тавилга байгаа эсэх талаарх нөхцөл байдлыг тогтоохоор ажиллагаа хийсэн боловч нэхэмжлэгч компанийн зүгээс агуулахынхаа байршлыг зааж өгөөгүй, үзлэг хийх нөхцөл бололцоогоор хангаж ажиллаагүй төдийгүй энэ талаарх баримтыг шүүхэд огт гаргаж өгч мэтгэлцээгүй энэ тохиолдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн албанаас тавилгын хадгалалттай холбоотой санхүүг шийдэх боломжгүй, барааг хүлээж авахгүй, танайд хадгалуулна гэсэн утга бүхий зүйлийг удаа дараа мэдэгдэж байсан” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

2.5. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “... шүүх хуралдаанд оролцох”, 20.1.3-д “... шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах” гэж нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо эдлэх эрхийг тусгайлан зохицуулсан боловч 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хойшилсон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б биечлэн оролцож, шүүх хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 11 цаг 00 минутад товлосон болохыг мэдэж байсан энэ тохиолдолд анхан шатны шүүхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасан хэргийн оролцогчид хурлын товыг мэдэгдээгүй гэж буруутгах үндэслэлгүй төдийгүй мөн зүйлийн 71.2-т зааснаар шүүх хуралдааны товыг лавлах нь хэргийн оролцогчийн үүрэг юм.

2.6. Мөн уг хэргийн тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4-д “Дараахь төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ”, 112.6-д “Шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан цахим системд байршуулсан баримт бичгээс бусад нотлох баримт гаргуулах, эсхүл цахим систем дэх баримт бичгийн үнэн зөвийг нотлох нэмэлт нотлох баримт цуглуулах зайлшгүй шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 112.4.2-т заасан маргааныг хянан шийдвэрлэх хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж тус тус зааснаар тусгай журмаар, богино хугацаанд шийдвэрлэх маргаанд хамаарах бөгөөд нэхэмжлэгч талаас шалтгаалан 10 удаа шүүх хуралдаан хойшилсон нөхцөл байдал тогтоогдож буй энэ тохиолдолд дан ганц анхан шатны шүүхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4-д тус тус заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцуулах зарчмыг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй.

2.7. Нөгөөтээгүүр хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд төлөөлөгчөө томилон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь түүнд хуулиар олгосон эрх бөгөөд ийнхүү томилогдон оролцож байсан итгэмжлэгдсэн төлөөлөгч болох С.Б-д эрх, үүргийг тайлбарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжоор хангаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

Мөн анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байх боловч шүүхийн шийдвэрийн огноог 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэж огноолон техникийн шинжтэй алдаа гаргасан байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчин болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэл болохооргүй байгаа болохыг дурдах нь зүйтэй.

 

Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-д шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр хавтаст хэрэгт авагдсан түүний 88029100 дугаарт удаа дараа холбогдоход дуудлага хүлээн боломжгүй байсан бөгөөд шүүхээс хурлын товыг зурвасаар илгээсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т заасан хурлын товыг шүүхээс лавлах үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг тэмдэглэв.

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталбал зохих Захиргааны ерөнхий хуулийн захиргааны гэрээтэй холбоотой зохицуулалтыг баримтлахгүй орхигдуулсан, мөн үг, үсэг, утга найруулгын алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 941 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2, 50 дугаар зүйлийн 50.1.2-т тус тус заасныг баримтлан “Б” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн алба ОНӨААТҮГ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны А/563 дугаар захирамжаар байгуулагдсан тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2023-01 дугаартай Техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 03/4744 дүгээр албан бичгээр гэрээ цуцалсныг хууль бус болохыг тогтоолгож, гэрээний дагуу нийлүүлэх тавилгыг хүлээн авахыг даалгуулах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/563 дугаар захирамжаар байгуулагдсан Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн тендер зарласан хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                      ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

 

 

                                 ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

                      ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН