Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1311

 

 

 

 

 

 2022         09          07                                       2022/ШЦТ/1311

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

Улсын яллагч М.Отгонжаргал,

Шүүгдэгч Г.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “­Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Учралд холбогдох 2206 00286 2083 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт 1994 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, “Мэлмий оптик” төвд хараа зүйч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 55Б-113 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Гийн У /РД:/.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Г.У нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах 556 байрны 113 тоотод 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хадам дүү Т.Ариунжаргалтай хүүхэд загнаж, зодсон гэх асуудлаас үүдэн маргалдан, үснээс нь зулгааж, хана мөргүүлж, гар, хөл рүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Уын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Ариунжаргалын өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүүхдүүд харсан... орой 20 цагийн орчимд У нь ээжийн гэрт орж ирээд жижиг өрөөнд ороод хүүхдийнхээ тоглоомыг шидэхээр нь би “яасан бэ” гэхэд У нь “надаас өөр хэн ч миний хүүхэд рүү орилох ёсгүй, чи миний хүүхэд рүү орилдог хэн бэ” гээд үснээс зулгаагаад хана мөргүүлээд нүүр лүү өвдгөөрөө өвдөглөөд гар хөл рүү олон удаа цохисон ба чамайг ингээд гүйцээчихье гэх мэт зүйл яриад зодоод байхаар нь би зугтаж гараад орцонд байхдаа цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг /хх.13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Номинзаяагийн өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр би гэртээ байж байтал тус өдрийн шөнийн 23 цагийн орчим над руу У залгаад “Төрболдын дүүтэй хэрүүл маргаан хийгээд одоо цагдаагийн газар хүүхэдтэйгээ хамт байна, намайг ирээд авчих” гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад хэлтэс дээр ирсэн. Тэгээд намайг ирээд Утай уулзахад У найзын баруун нүдний дор хэсэгт маажсан, цохиулсан байдалтай хавдсан улайсан байсан...” гэх мэдүүлэг /хх.15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Төрболдын өгсөн: “... би Сэлэнгэ аймагт ажил дээрээ байж байтал оройны 21 цагийн орчим манай эхнэр У над руу фейсбүүк чатаар залгаад “танай дүү Ариунжаргалтай сая зодолдлоо” гээд хэлэхээр нь би “яагаад тийм зүйл болов” гэж асуутал “манай охины уруулыг танай дүү чинь цохчихсон” гээд над руу охины уруул хэсгээс цус гарчихсан байдалтай зураг явуулсан. Манай эхнэр ярихдаа Ариунжаргал манай хүүхэдтэй муухай харьцсан гэж хэлсэн тэгээд тэр хоёр хоорондоо муудалцаж зодолдсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.17/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Н.Энхцолмонгийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 273 дугаартай:

“1. Т.Ариунжаргалын биед духны зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхины цус хуралт, зүүн доод зовхи, эрүү, баруун сарвууны цус хуралт, баруун гарын ядам, зүүн гарын чигчий хурууны хэвтэшний цус хуралт, хоёр бугалга, баруун тохой, өвдөг, шилбэний цус хуралт, баруун тохой, шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн рлон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар цохих үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна” гэх дүгнэлт /хх.25-26/,

Дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх.27-28/,

Шүүгдэгч Г.Уын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.34-51/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.53-54/,

Яллагдагчид эрх үүрэг, тайлбарласан баталгаа /хх.57/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.Уын яллагдагчаар өгсөн: “... Би шүүх эмнэлгийн дүгнэлт заагдсан гэмтлийг Ариунжаргалын биед учруулсан болохоор хүлээн зөвшөөрч байна. Өөрийн үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх.58-59/,

Шүүгдэгч Г.Уын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.63/,

Хохирогч Т.Ариунжаргалын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.64/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.66/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Г.У нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах 556 байрны 113 тоотод 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хадам дүү Т.Ариунжаргалтай хүүхэд загнаж, зодсон гэх асуудлаас үүдэн маргалдан, үснээс нь зулгааж, хана мөргүүлж, гар, хөл рүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Ариунжаргалын өгсөн: “... У нь надаас өөр хэн ч миний хүүхэд рүү орилох ёсгүй, чи миний хүүхэд рүү орилдог хэн бэ гээд үснээс зулгаагаад хана мөргүүлээд нүүр лүү өвдгөөрөө өвдөглөөд гар хөл рүү олон удаа цохисон ба чамайг ингээд гүйцээчихье гэх мэт зүйл яриад зодоод ...” гэх мэдүүлэг /хх.13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Номинзаяагийн өгсөн: “... У залгаад “Төрболдын дүүтэй хэрүүл маргаан хийгээд одоо цагдаагийн газар хүүхэдтэйгээ хамт байна, намайг ирээд авчих” гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад хэлтэс дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх.15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Төрболдын өгсөн: “... Манай эхнэр ярихдаа Ариунжаргал манай хүүхэдтэй муухай харьцсан гэж хэлсэн тэгээд тэр хоёр хоорондоо муудалцаж зодолдсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.17/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Н.Энхцолмонгийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 273 дугаартай:

“1. Т.Ариунжаргалын биед духны зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхины цус хуралт, зүүн доод зовхи, эрүү, баруун сарвууны цус хуралт, баруун гарын ядам, зүүн гарын чигчий хурууны хэвтэшний цус хуралт, хоёр бугалга, баруун тохой, өвдөг, шилбэний цус хуралт, баруун тохой, шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар цохих үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна” гэх дүгнэлт /хх.25-26/,

Дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх.27-28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.Уын яллагдагчаар өгсөн: “...Би шүүх эмнэлгийн дүгнэлт заагдсан гэмтлийг Ариунжаргалын биед учруулсан болохоор хүлээн зөвшөөрч байна. Өөрийн үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх.58-59/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Уын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Г.Уын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Уыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Уын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

          Иймд шүүгдэгч Г.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Т.Ариунжаргал нь хохирол нэхэмжлээгүй бөгөөд нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн учир шүүгдэгч Г.Уыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Г.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Г.Уын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Уд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Г.Уд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутам хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.У нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Б овогт Гийн Уыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Уд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Уд сануулсугай.

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.У нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.Ариунжаргал нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ              С.ӨСӨХБАЯР