Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 113/ШЦТ2022

 

 

 

 

 

                                  Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга    Б.Болорчимэг

 Улсын яллагч                 А.Баясгалан,

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Д.Даваасүрэн,

Шүүгдэгч П.О******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Тайж овогт Пүрэвсүрэнгийн О*******т холбогдох эрүүгийн 2231000000094 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 39 настай, эрэгтэй. Боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын*******, 3 дугаар баг,******* нуга гэх газарт оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, мал малладаг,

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ял,

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Сум дундын 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлсэн, бие эрүүл ухаан бүрэн, Тайж овогт Пүрэвсүрэнгийн О******* /РД.*******/;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.О******* нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн  үедээ Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч*******, хэсгийн цагдаа, дэд ахлагч******* нарыг албан үүргээ гүйцэтгэх явцад цагдаагийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн, согтолтыг шалгах, эрүүлжүүлэх зорилгоор аймгийн цагдаагийн газар руу тээвэрлэх явцад тээврийн хэрэгсэл дотор дэд ахлагч*******ийн  нүүрэн тус газар нь алгадаж, баруун, зүүн чихнээс нь зулгааж, баруун хөлийн гуянаас хазаж, хууль сахиулагчийг эсэргүүцсэний улмаас  түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.О******* мэдүүлэхдээ: “...Үйлдсэн хэрэгтээ  гэмшиж харамсаж байна. Миний буруу, хойшид архи дарс уухгүй, хохирогчид эмчилгээний зардал 1.600.000 төгрөг өгсөн...” гэжээ.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Алтангэрэл мэдүүлэхдээ:...Би 2022 оны 03 дугаар сарын 22-ны орой 21 цагийн орчимд гэртээ байж байхад хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч******* 21 цаг 10 минутын үед дуудлага гарлаа гэж над руу залгасан. Уг айлд очиход Зүүнбүрэн сумын 2 дугаар баг “Хужир нуга” гэх газарт амьдардаг П.О******* буюу Ногоон Одгий гэх залуу нэг танихгүй залуутай хамт зогсож байсан. Тэгсэн чинь анх дуудлага өгсөн Алтанзаяа гэх эмэгтэй П.О******* уу заагаад энэ машинтай ирж манай хашааны хаалгыг мөргөсөн гэж хэлсэн. Тэгэхээр би О*******ыг “за амрыг эрье, яагаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа юм” гэж хэлэхэд өөдөөс “чи хэн юм, чамд ямар хамаатай юм” гэх зэргээр тавьсан шаардлагыг эсэргүүцэж, машинд суухгүй байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч, бид 2 тайвшруулаад, машинд суулгаад цагдаагийн хэсэг рүү явж байхад О******* согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож айлын хашаа мөргөснөө өөрөө хүлээн зөвшөөрч, болсон явдлын талаар ярьдаг. Ингээд П.О*******ын согтолтын зэргийг тодорхойлох, эрүүлжүүлэх, саатуулах байранд саатуулахаар 21 цаг 20 минутын орчимд хэсгийн төлөөлөгчийн 52-77 УНҮ улсын дугаартай хар өнгийн “гранд марк-2” тээврийн хэрэгсэлтэй аймгийн төв рүү хөдөлсөн. Сумаас гарахдаа би П.О*******ын хамт ард суугаад хэсгийн төлөөлөгч машинаа бариад явж байхад Зүүнбүрэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “ трейд ХХК”-ийг өнгөрөөд явж байхад П.О******* “муу бацаануудаа зогс” гэх мэт үг хэллэг гаргаад байхаар нь би 2 гарыг нь барих гэсэн чинь намайг зүүн гараараа миний зүүн шанаа хэсэг рүү алгадсан. Тэгээд би 2 гарыг нь барих гээд ноцолдож байхад миний баруун чихнээс баруун гараараа базаад зулгаасан. Тэгсэн чинь хэсгийн төлөөлөгч зогсоод хаалга онгойлгоод П.О*******ын нэг гарыг нь татахаар нь доош нь дарсан чинь миний баруун хөлийн гуя хэсгээс хазчихаад бараг 1 минут орчим тавихгүй байж байгаад тавиулсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч ард П.О*******ыг харж суугаад би машин барьж ирээд Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд саатуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч******* мэдүүлэхдээ: ...Зүүнбүрэн сумаас Сүхбаатар сумын чиглэлд төв замаар Гэгээлэг ХХК-ийн харалдаа явж байтал цагдаа******* “ахаа зогсоорой миний хөлнөөс хазаад байна” гэхээр нь би зам чөлөөлж зогсоод баруун ард талын хаалга онгойлгоход О******* Алтангэрэлийн баруун чихнээс базаад татаж байхаар нь О*******ыг татаж салгаад Алтангэрэлийг машин жолоодуулаад би өөрөө Одгий буюу П.О******* гэх залууг аваад арын суудалд суугаад Сэлэнгэ аймагт ирж эрүүлжүүлэх байранд оруулж согтуурал хэмжих багажаар үлээлгэж шалгахад 2,03% гарч байсан. Энэ үед Алтангэрэл “ахаа энэ хүн миний баруун гуянаас хазсан. Хөл хазсан газар нь аймаар өвдөөд байна. Бас миний чихийг ийм болгочихсон” гэж надад хэлсэн. Түүний баруун чихний ар хэсэгт зулгарч язарсан, өмдний дотор тал гуяны хэсэг нь зулгарч цус нь шүүрсэн байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 11 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Алтанзаяа мэдүүлэхдээ:...2022 оны 03 дугаар 22-ны өдөр үл таних залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтайгаа орж ирээд нөхөр Самбууг асуусан. Тухайн үед манай нөхөр Самбуу Улаанбаатар хот руу бичиг  баримт хөөцөлдөх асуудлаад явсан байсан ба би байхгүй талаар нь хэлээд орж ирэх үедээ манай хашааны хаалганы голын шонг тээврийн хэрэгслээрээ шүргээд ороод ирсэн учир би гайхаад “Та нар чинь юу болж байна аа” гэж хэлсэн. ...Манай нөхрийг гэртээ байгаа гэж бодсон бололтой гэрийн цонхыг гараараа цохиод хагалчихсан. ...Удалгүй манай гэрийн гадаа 2 цагдаа ирээд тухайн залуусыг авч явах гэтэл тухайн залуус эсэргүүцээд байгаа бололтой маргаад байсан. Би тухайн 2 цагдаа дээр очиж тухайн согтуу байсан залуусын тээврийн хэрэгслийн түлхүүрийг өгөөд манай гэрийн хойно байх гол руу малаа услахаар явсан. Харин тухайн залуус ирсэн цагдаатай маргаад үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Болдбаатар мэдүүлэхдээ: “...П.О******* нь даруу төлөв, хүн чанар сайтай, ажилч хичээнгүй залуу байгаа юм: Хүнд за гэж хэлвэл тэрийгээ биелүүлдэг. Байнга архи уугаад байдаггүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 17 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 129 дугаартай шинжээчийн: “...1.Ч.Алтангэрэлийн биед зүүн чихний дэлбэн, баруун гуянд шарх, толгойн дагз, хүзүүнд зулгаралт, баруун гуянд цус хуралт, баруун чихний дэлбэн баруун гуянд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Ч.Алтангэрэлийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт, /хх-ийн 21-22 дугаар тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 1 дүгээр тал/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 23-24, 29-30 дугаар тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 41-43 дугаар тал/,

Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын даргын тушаал, /хх-ийн 71 дүгээр тал/,

Шүүгдэгчийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, шийтгэгдсэн тухай зөрчлийн материалтйн хуулбар, /хх-ийн 73-86 дугаар тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 50 дугаар тал/,

Эд хөрөнгэтэй эсэх лавлагаа, /хх-ийн 51 дүгээр тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 52 дугаар тал/,

Урьд ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбрууд, /хх-ийн 55-59 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч П.О******* нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч*******, хэсгийн цагдаа, дэд ахлагч******* нарыг албан үүргээ гүйцэтгэх явцад цагдаагийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн, согтолтыг шалгах, эрүүлжүүлэх зорилгоор аймгийн цагдаагийн газар руу тээвэрлэх явцад тээврийн хэрэгсэл дотор дэд ахлагч*******ийг албан үүргээ биелүүлэх явцад нь  нүүрэн тус газар нь алгадаж, баруун, зүүн чихнээс нь зулгааж, баруун хөлийн гуянаас хазаж, хууль сахиулагчийг эсэргүүцсэний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг, гэрчүүдийн мэдүүлэг,  хохирогч*******ийн  мэдүүлэг, Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шинжилгээний  албаны шинжээчийн  129 дугаартай шинжээчийн дүгнэлт,  зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Иймд  шүүгдэгч П.О*******ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна .

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.  

Шүүгдэгч П.О******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч П.О******* нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн  үедээ Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч*******, хэсгийн цагдаа, дэд ахлагч******* нарыг албан үүргээ гүйцэтгэх явцад  цагдаагийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн, хууль сахиулагчийг эсэргүүцсэний улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нь  нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас  долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...Хууль сахиуагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч П.О*******ын үйлдсэн гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд  заасан  ял шийтгэлийг  оногдуулах  үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  23.1 дүгээр зүйлийн 1 дэхь  хэсэгт зааснаар 2 700 000 төгрөгөөр торгох ялаар  тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт  зааснаар  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн  23.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар оногдуулсан 2.700.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн бүгд 3.200.000 төгрөгийн торгох  ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв..

 Шүүгдэгч П.О*******т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн  болон хувийн байдал зэрэг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь дүгнэж, ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Шүүгдэгч П.О*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсныг түүний цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгах  нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч******* нь 2022 оны 03-р сарын 04-нд хэргийн материалтай танилцаад санал хүсэлт байхгүй гэсэн ба эмчилгээний баримт ирүүлж нэхэмжилсэн зүйлгүй  байгаа бөгөөд шүүгдэгч П.О******* нь  эмчилгээнд 1.600.000 төгрөг өгсөн гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл, бичиг баримт байхгүй. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүйг дурьдаад шүүгдэгч П.О*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон  

                                                   ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тайж овогт Пүрэвсүрэнгийн О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч П.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээий буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.О*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээий буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн бүгд 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 /гурван сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар П.О*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  П.О*******т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Шүүгдэгч П.О******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны  төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.       

 

 

 

                         ШҮҮГЧ                                Ч.МӨНГӨНЦЭЦЭГ