Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1283

 

 

 

 

 

 2022         08          30                                       2022/ШЦТ/1283

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “­Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э.Тд холбогдох 2206 00000 2444 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мармара трейд” ХХК-д чулуу зүсвэрчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав хотхоны 104 дүгээр байрны 3 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Совогт Эын Т /РД: /.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Э.Т нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элизабет хотхоны 214 дүгээр байрны 1 давхарт байрлах Си Юу үйлчилгээний төвд 2022 оны 07 дугаар сарын 09-ний шөнө 02 цагийн үед тус төвийн ажилтан хохирогч Т.Энхжавхлангийн зүй ёсны үйлчилгээний төвөөр зүй, зохистой үйлчлүүлэх, эд зүйл буюу ариун цэврийн өрөөний толь хагалсан тул хохирол барагдуул гэсэн шаардлагыг эсэргүүцэн маргалдаж улмаар дух руу нь мөргөж, дагз, нүүр хэсэг рүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Тий өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.5-6/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Энхжавхлангийн өгсөн: “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элизабиет хотхоны 214 дүгээр байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг Си Юу үйлчилгээний төвд 2022 оны 07 дугаар сарын 09-ний шөнө 02 цагийн орчим нэг эрэгтэй орж ирээд Сөүжү худалдан авсан ба үйлчилгээний төвд ууж болохгүй гэж сануулахад зөрж уучхаад ариун цэврийн өрөөнд орж толийг нь хагалчхаад ямар нэгэн зүйл болоогүй юм шиг гараад явах гэхээр нь манай ажилтан Сарангэрэл “хохирлоо төлж барагдуулчхаад яв” гэхэд урдаас элдэв бусаар хэлж байсан... үйлчилгээний төвөөс гарахад үл таних ах миний дух хэсэг рүү 3 удаа мөргөж, толгойн дагз хэсэг рүү 2 удаа, нүүр хэсэг рүү 1 удаа цохиж авахад нь манайхаар үйлчлүүлэх гэж байсан үл таних хүн салгасан...” гэх мэдүүлэг /хх.13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхээгийн өгсөн: “... би Си Юу дэлгүүрийн 100 дугаар салбарын менежерээр 2 жил орчим ажиллаж байна. 2022 оны 07 дугаар сарын 09-ний шөнө 03 цагийн үед манай дэлгүүрийн цагийн ажилтан болох Барсболд над руу “дэлгүүрт согтуу хүн толь хагалчихлаа” гээд ярихаар нь “хамгаалалтын албанд дуудлага өгөөрэй” гэсэн ба дахиад залгаад “Энхжавхлантай ноцолдоод байна цагдаа дуудчих уу” гэхээр нь би “хамгаалалт ирээгүй бол хурдан цагдаа дуудаарай” гэж зөвлөсөн. Тэгээд үүрээр Энхжавхлан над руу залгаад түрүүний агсраад байсан хүнд зодуулсан талаараа хэлээд чатаар зургаа явуулсан ба дух, хацар, уруулын дээд хэсэг улайж хавдсан байдалтай болчихсон байсан... Т гээд залуу ирээд байгууллагын толь, бариул хоёрыг сольж өгөөд уучлалт гуйгаад явсан. Одоо манай байгууллагын зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх.18/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Н.Туяагийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 9757 дугаартай:

“1. Т.Энхжавхлангийн биед тархи доргилт, дух, хацар, уруулд цус хуралт, чих, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх.28-29/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.33-35/,

Яллагдагчид эрх үүрэг, тайлбарласан баталгаа, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх.38-39/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Э.Тий яллагдагчаар өгсөн: “... Тухайн өдөр би найзуудтайгаа саданд пиво уугаад нэлээн согтоод гэртээ орохоор явж байхдаа замаараа Си юу ороод нэг сөжү авч ууснаа санаж байгаа бөгөөд үүнээс хойш юу ч санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд цагдаа нар гараас гавлаад явахад ухаан орсон. Тэгээд миний хамар, шалбараад хавдсан, хүзүү улайсан байсан бөгөөд тэр өдрөө эрүүлжүүлэхэд хоноод өглөө нь согтуугаар Си юу дэлгүүрийн эд зүйл эвдэж, ажилтныг биед халдаж зодсон болохоо мэдсэн. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, эмчилгээний хохирлыг төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх.40-41/,

Шүүгдэгч Э.Тий хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.44-/,

Хохиролд 250.000 төгрөг төлж барагдуулсан тухай хохирогч Д.Эын ХААН банкны депозит дэлгэрэнгүй хуулга /хх.60/,

Шүүгдэгч Э.Тий хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.61/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.62/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Э.Т нь 2022 оны 07 дугаар сарын 09-ний шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элизабет хотхоны 214 дүгээр байрны 1 давхарт байрлах Си Юу үйлчилгээний төвөөр зүй, зохистой үйлчлүүлэх, эд зүйл буюу ариун цэврийн өрөөний толь хагалсан учир хохирол барагдуул гэсэн тус төвийн ажилтан хохирогч Т.Энхжавхлангийн зүй ёсны шаардлагыг эсэргүүцэн маргалдаж улмаар дух руу нь мөргөж, дагз, нүүр хэсэг рүү нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.5-6/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Энхжавхлангийн өгсөн: “... үл таних ах миний дух хэсэг рүү 3 удаа мөргөж, толгойн дагз хэсэг рүү 2 удаа, нүүр хэсэг рүү 1 удаа цохиж авахад нь ...” гэх мэдүүлэг /хх.13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхээгийн өгсөн: “... Энхжавхлан нар луу залгаад түрүүний агсраад байсан хүнд зодуулсан талаараа хэлээд чатаар зургаа явуулсан ба дух, хацар, уруулын дээд хэсэг улайж хавдсан байдалтай болчихсон байсан... Т гээд залуу ирээд байгууллагын толь, бариул хоёрыг сольж өгөөд уучлалт гуйгаад явсан...” гэх мэдүүлэг /хх.18/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Н.Туяагийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 9757 дугаартай:

“1. Т.Энхжавхлангийн биед тархи доргилт, дух, хацар, уруулд цус хуралт, чих, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх.28-29/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Э.Тий яллагдагчаар өгсөн: “... тэр өдрөө эрүүлжүүлэхэд хоноод өглөө нь согтуугаар Си юу дэлгүүрийн эд зүйл эвдэж, ажилтныг биед халдаж зодсон болохоо мэдсэн. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, эмчилгээний хохирлыг төлж барагдуулах болно....” гэх мэдүүлэг /хх.40-41/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Тий гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Э.Тий үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Тийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Тий гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

          Иймд шүүгдэгч Э.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Т.Энхжавхлан нь хохиролд 250.000 төгрөг авсан, өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн учир шүүгдэгч Э.Тийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Э.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Э.Тий үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Тд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Э.Тд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутам хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээхийг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Совогт Эын Тийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Тд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Тд сануулсугай.

          5. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 250.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Энхжавхлан нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Си-Ди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ              С.ӨСӨХБАЯР