| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2018/02150/И |
| Дугаар | 184/ШШ2018/01788 |
| Огноо | 2018-07-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2018/01788
| 2018 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 184/ШШ2018/01788 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: У.Б
Хариуцагч: Д.О
Зээлийн гэрээний үүрэгт 2 000 000 /хоёр сая / төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч У.Б, нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.О нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 2 500 000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай, хүүтэй нь эргүүлж өгнө гэж амаар тохиролцоод авсан. Түүнээс хойш 1 000 000 төгрөгийг цувуулж өгсөн. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ 500 000 төгрөгөөр багасгаж 1 500 000 төгрөг хариуцагчаар гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.Б нь хариуцагч Д.От холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 500 000 төгрөгөөг багасгаж 1 500 000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Шүүх хариуцагчид 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүрэг болон нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан ба хариуцагч танилцсан тухай баримтад гарын үсгээ зуржээ.
Хариуцагч Д.О нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч У.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр Хаан банкны 5045358810 тоот дансанд 2 500 000 төгрөг шилжүүлсэн, тухайн данснаас нэхэмжлэгчийн Хаан банк дахь 5007457634 тоот дансанд Д.О гэсэн нэрээр 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 36 500 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 60 000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 500 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 3-ны өдөр 250 000 төгрөгийг тус тус буцаан шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч Д.О нь .......... дугаарын эзэмшигч мөн болохоо нэхэмжлэлийг гардуулсан тухай баримтад илэрхийлсэн байна.
Дурдсан баримтуудаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдүүлэгч 2 500 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн өгсөн, зээлдэгч тохирсон хугацаанд буцаан төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй буюу 1 500 000 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.
Иймд хариуцагч Д.Оээс 1 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Баяррагчаад олгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан нь хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, эрх ашигт нь сөргөөр нөлөөлөхгүй тул хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Оээс 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг нэхэмжлэгч У.Бд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг, шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ