Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ/124

 

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Э.Одхүү даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Дгээр хөтлүүлж
    Улсын яллагч: Н.Ц 
    Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.М
  Шүүгдэгч: Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 
    Архангай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овгийн Эын *******д холбогдох 20 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөрс шатахуун түгээх станцад түгээгч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Архангай аймгийн ******* сумын 2 дугаар баг Арсланц цохионы 0000 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, З овгийн Эын ******* /РД:А000000/

            Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

    Яллагдагч Э.******* нь 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагийн үед Архангай аймгийн ******* сумын 4 дүгээр баг, 4 дүгээр сургуулийн зүүн талын замын уулзварт 0000 АРХ улсын дугаартай, Тоёота Карина маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх хэсэгт заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас Мустанг-5 маркийн, улсын дугааргүй, мотоцикл жолоодон гол замаар замын хөдөлгөөнд оролцож явсан хохирогч Н.*******ыг дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдааны үед шүүгдэгч Э.*******ын өгсөн: 
Өглөө эхнэрээ Бортолгойд хадамынд хүргэж өгчихөөд буцаад сайжруулсан замаар уруудаж явж байгаад уулзвар луу орж явсан чинь мотоцикль ирж байсан дөхөж очоод зам тавьж өгөх гээд харсан чинь ирж яваа мотоцикль удааширхаар нь надад зам тавьж өгч байгаа юм байна гэж бодоод урагшаа хөдөлсөн чинь зэрэг орж таараад тэгээд осол гарсан. Уулзвараа хэтэрч гараад эргээд харсан хохирогч ******* ах босоод суусан байсан байхаар гайгүй юм байна гэж бодоод зугтаасан. Тэгээд эргээд *******хүү эгчийн хашаанд машинаа аваачиж тавиад хоёр хоногийн дараа гаргаж ирсэн гэв.
    Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Н.*******ын өгсөн: Би 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 11 цаг өнгөрч байх үед өөрийн эзэмшлийн улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклиор Цогт-Уул хороолол орохоор яваад Бор толгой хорооллоос “Жаст-Ойл” шатахуун түгээх станц өнгөрөөд араар нь хойд зүгт эргээд шинэ тавигдсан засмал замаар яваад Бор толгой хорооллын “Мөнгөн ембүү” дэлгүүрийн харалдаа явсан шороон туслах замтай нийлдэг уулзвар дөхөөд явж байтал нэг машин шороон замаар ирж байгаа харагдсан. Би тэр машиныг намайг өнгөрөөгөөд явна гэж бодоод явж байтал хажуу талаас мөргөсөн. Би шидэгдээд явган хүний зам дээр гараад унасан. Тэгээд би уначихсан байхдаа жолоочийг нь буугаад ир гээд орилоход зугтаагаад хуучин модны үйлдвэрийн хашаан дундуур шороон замаар ороод зугтаасан. Тэгээд би эмнэлэг болон цагдаа дуудаад үзүүлсэн. Би Улаанбаатар хот руу эмнэлэгт үзүүлэхээр яваад сүүлд ирсэн. Би тэр хүнийг танихгүй. Осол болсон үед зугтаасан. Тэгээд сүүлд нь осол гаргасан жолооч нь баригдсан гээд нэг залуу надтай ирж уулзаад Улаанбаатар хот руу эмчлүүлсэн зардлыг өгсөн. Үүнээс өмнө нь осол гаргасан жолоочийг таньдаггүй байсан. Миний жолоодож явсан мотоциклийн баруун хойд хэсэг рүү машиныхаа урд хэсгээр мөргөсөн. Би тухайн үед хамгаалах малгай өмссөн, газар дээш хараад унасан байсан болохоор би орчноо сайн харж чадахгүй байсан. Уг мотоцикль миний эзэмшлийн мотоцикль байгаа юм. Мотоцикльд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй. Мотоциклио эвдрэлийн үнэлгээ гаргуулах шаардлагагүй. Мотоцикльтой холбоотой ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний зүүн хөлийн дунд чөмөгний яс толгой хэсгээрээ хугарсан гэмтэл учирсан. Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байгаа. Би баримтаар гаргаж өгнө.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар хуу/

Гэрч С.*******гийн өгсөн: Би 2017 оны 05 дугаар сарын 25-ны өглөө 09 цагийн орчимд өөрийн дүү *******ыг машинаараа манай ангийн хүүхдийн гэрт нь очих хэрэгтэй байна, шалгалтнаасаа хоцрох гээд байна гэж хэлтэл Э.******* намайг та ирээд машины түлхүүр авчих, машин ажлын гадаа байгаа, би явж өгч амжихгүй, би ажилтай байна гэж хэлсэн. Тэгээд би Э.*******ын машиныг ажлынх нь гаднаас очиж аваад Арслан цохионд байдаг ангийнхаа хүүхдийнд очиж гэрээс нь аваад сургууль дээр ирээд сургуулийн гадаа машиныг нь тавьчихсан байсан чинь удалгүй Э.*******ын ах Э.******* утсаар ярьж машин хэрэгтэй байна, түлхүүр нь танд байгаа юу гэж асуусан. Тэгэхээр нь би түлхүүрийг нь гадаа гаргаж Э.*******д өгсөн бөгөөд тэр машиныг аваад явсан. Тэгээд орой нь ажил тараад 19 цагийн үед Архангай аймгийн ******* сумын 7 дугаар баг Тамир хороолол 00000тоот гэртээ очиход манай хашаанд Э.*******ын 000АРХ улсын дугаартай суудлын жижиг тэрэг байж байсан. Уг тээврийн хэрэгсэл нь Э.*******ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Мөнгөлөг саарал өнгийн 0000 АРХ улсын дугаартай суудлын жижиг тэрэг байгаа. Би загварыг нь сайн мэдэхгүй байна. Э.******* надаас машинаа авахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Ер нь архи дарс хэрэглэдэггүй хүүхэд байгаа юм. Уг асуудлаас 5-6 хоногийн дараа санагдаж байна аав нь миний төрсөн дүү буюу С.******* “Э.******* осол гаргаад хэргээ нуугаад зугтаачихсан байна, танд дуулсан мэдсэн юм байна уу” гэж асуухаар нь би манай хашаанд машин тэргээ тавиад байсан тийм учиртай юм байна гэж ойлгосон гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар хуу/

Гэрч Н.******* өгсөн:2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр намайг аймгийн төвд ажилтай явж байхад ******* гэх манай нутгийн эмэгтэй надад танай ах ******* зам дээр аваарт орчихсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ах *******ын утас руу залгахад аймгийн эмнэлэг дээр ирчихсэн байна гэж хэлсэн. Би аймгийн эмнэлэг дээр ирэхэд манай ах насилик дээр хэвтээд босч чадахгүй байсан бөгөөд хаана ямар машинд мөргүүлсэн талаар асуухад Мөнгөн ембүү дэлгүүрээс уруудаж орж ирдэг зам дээр 000 гэсэн дугаартай машин байсан, серийн дугаарыг нь мэдэхгүй байна. Жижиг саарал өнгийн суудлын машин байсан, намайг дайрч унагаачихаад зугтаачихсан гэж ярьж байсан. Манай ах одоо 2 суга таягтай явж байгаа, Хөлөөрөө явж болохгүй байгаа. Би тухайн үед нь манай ахыг хэн ямар машинаар дайрсныг нь мэдээгүй. Дайрсан этгээдийг хурдан олох шаардлагатай гэж бодож байсан ба одоо бол мэдэж байна. Манай ахыг Э.******* гэх манай нутгийн залуу 36-47 АРХ улсын дугаартай саарал өнгийн Тоёота Карина маркийн тээврийн хэрэгслээр туслах замаас орж ирж дайрчихаад хэргийн газраас зугтаасан юм байна лээ. Манай ахыг Э.*******ын аав Б ******* ах Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуу/

Э.*******ын яллагдагчаар өгсөн: Би 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн орчимд Архангай аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг 4 дүгээр суруулийн ертөнцийн зүгээр зүүн талын засмал замын уулзварт 0000 АРХ улсын дугаартай Тоёота Карина маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх хэсэгт заасныг зөрчиж “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Н.*******ыг мөргөж түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулчихаад хэргийн газрыг санаатайгаар орхин зугтаасан гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуу/


Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 242 тоот дүгнэлтэд: 1.Н.*******ын биед зүүн дунд чөмөг ясны толгой дайрсан далд хугарал, зүүн шууны дээд хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 39 дүгээр хуу/


Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 61 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “1. Осол болох үед 0000 АРХ улсын дугаартай Тоёота Карина маркийн автомашины жолооч Э.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 12.9-д “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 2. Осол болох үед улсын дугааргүй Мустанг-5 мотоциклийн жолооч замын хөдөлгөөний дүрэм заалтыг зөрчөөгүй байна.
3. Асфальт, тэгш шулуун, хуурай уулзвар дээр, үзэгдэх орчин чөлөөтэй, Зам тээврийн осол гарахад нөлөөлсөн зүйл байхгүй. 4. 0000 АРХ улсын дугаартай Тоёота карина маркийн автомашины болон улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийн хурдыг тогтоох боломжгүй. Ослын схем зураг дээр тоормозны мөр байхгүй байна. Хурдыг тогтоох боломжгүй. 5. Осол жолооч Э.******* нь замын хөдөлгөөний дүрэм дээрхи заалтыг зөрчсөний улмаас зам тэзврийн осол гарсан байна. гэх дүгнэлт. /хх-ийн 45 дугаар хуу/ 
Иргэний үнэмлэхийн лавлагаа  /хх-ийн 61 хуу/ 
Жолоочийн мэдээлэл /хх-ийн 62 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 хуу/ 
Архангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 65, 93 хуу/
Хохирогч Н.*******ын гаргасан шүүгдэгч Э.*******аас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, эвлэрсэн, шүүх хуралдаанд оролцохгүй тухай нотариатаар гэрчлүүлсэн хүсэлт /               хх-ийн 94 хуу/
Э.*******ын хүүхэд Д.Эрхэмбилэгийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 92 хуу/
зэрэг нотлох баримтууд болно. 
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.


    Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд  Э.******* нь 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагийн үед Архангай аймгийн ******* сумын 4 дүгээр баг, 4 дүгээр сургуулийн зүүн талын замын уулзварт 0000 АРХ улсын дугаартай, Тоёота Карина маркийн автомашин жолоодож явахдаа Мустанг-5 маркийн, улсын дугааргүй мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан хохирогч Н.*******ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нөхцөл байдал тогтоогдлоо. 


Уг зам тээврийн осол нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх хэсэгт заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас гарсан, зам тээврийн ослын улмаас хохирогч Н.*******ын биед хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн  дүгнэлтүүдээр тогтоогджээ.
Тухайн үед 36-47 АРХ улсын дугаартай, Тоёота Карина маркийн автомашиныг Э.******* нь жолоодож явсан болох нь хэрэгт авагдсан гэрч С.*******гийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Э.******* нь энэ талаар маргаагүй байна. 
Монгол Улсын  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэж заасан байх тул Э.*******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж үзлээ.
Э.******* нь хохирогч Н.*******ыг автомашинаар мөргөсний дараа зугатаасан нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогддог бөгөөд энэ талаар шүүгдэгч нь маргаагүй байна.
Э.******* нь 36-47 АРХ улсын дугаартай, Тоёота Карина маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 дэх хэсэгт заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж Мустанг-5 маркийн, улсын дугааргүй мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан хохирогч Н.*******ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй,  хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нөхцөл байдал Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж үзлээ.
Аймгийн Прокурорын газраас Э.*******ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд Э.*******ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   
Эрүүгийн хэргийн хамт Н.*******ын гэх нэг ширхэг рентген зургийг ирүүлсэн бөгөөд үүнийг эд мөрийн баримт болон бусад байдлаар хураан авсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр байхгүй тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Н.*******д буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

    Монгол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,2,4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овгийн Эын *******ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Э.*******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан таван зуун мянган төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг нэмж нийт торгох ялын хэмжээг есөн зуун тавин мянган төгрөгөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Э.******* нь торгох ялыг нэг жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Э.*******ын торгох ялын биелэлтэнд Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Хэргийн хамт ирүүлсэн хохирогч Н.*******ын гэх нэг ширхэг рентген зургийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Н.*******д буцаан олгосугай.

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Э.ОДХҮҮ