Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2017/02447

 

Г.П-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/03133 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.П-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.С-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 847 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.П-, хариуцагч Ч.С-, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ням, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад  Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.П-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь 2016 оны 11 сарын 08-ны өдөр Ч.С-д 600 000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги тооцохоор гэрээгээ байгуулсан. Уг хугацаанд эхний сард 110 000 төгрөг, 2 дахь сард 40 000 төгрөг төлсөн. Мөнгө зээлнээс хойш 9 сар өнгөрч, мөнгөө авахаар олон удаа уулзсан ч авч чадаагүй. Иймд зээл, хүүд 565 000 төгрөг, алданги 282 000 төгрөг, нийт 847 000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Унааны зардалд 10 000 төгрөг авсан. Нийт 1 080 000 төгрөг болсоноос 233 000 төгрөгийг хасч 847 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.С-гийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.П-гээс 2016 оны 11 сарын 08-ны өдөр 600 000 төгрөг авсан. Хүү, алдангийн талаар тохиролцсон зүйл байхгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Пүрэвсүрэн хуурамч зээлийн гэрээг канондсан цаасан дээр бичиж, хуурамч нотлох баримт гаргасан  гэж үзэж байна. Миний бие 210 000 төгрөгийг дараах байдлаар төлсөн. Үүнд дансаар 110 000 төгрөг, 40 000 төгрөг, бэлнээр 50 000 төгрөг, 10 000 төгрөгийг тус тус төлсөн. Г.П- нь 2017 оны 01 сарын 19-ны өдөр хариуцагчийг зодож түрийвчинд байсан 200$-ийг булааж авсан. Энэ нь монгол төгрөгөөр 500 000 төгрөг болж байгаа тул өглөггүй болсон. Иймд  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч Ч.С-гаас 730 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.П-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 116 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,878 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 22 082 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ч.С- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх зээлийн гэрээг дүгнэхдээ "эх хувь” гэсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчийн 600 000 төгрөг авсан гарын үсэг бүхий цаасыг бичгийн цаасан дээр канондаж, дээр нь нөхөж зээлийн гэрээ бичиж шүүхэд өгсөн нь энгийн нүдээр харахад тогтоогдож байхад шүүх зөв үнэлж чадсангүй.  Г.П-д одоо 367 000 төгрөг төлөх үүрэгтэй. Иймд нэг талыг барьсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ. 

 

Нэхэмжлэгч Г.П- нь хариуцагч Ч.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 847 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч хүү, алдангийн талаар тохиролцоогүй, 367 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж маргажээ.

 

Хариуцагч Ч.С- нь нэхэмжлэгч Г.П-гээс 2016 оны 11 дүгээр сарын 08-наас 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл 2 сарын хугацаатай, 600 000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор гэрээг бичгээр байгуулж, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн байна. /хх-ийн 3/

 

Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүү, алданги төлөхөөр тохиролцоогүй, нэхэмжлэгч гэрээг хуурамчаар үйлдсэн гэж маргаж байгаа хэдий ч хэргийн 3 дугаар талд авагдсан дээрх зээлийн гэрээг хуурамч эсэхийг тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар шинжээч томилуулах, гарын үсгээ шинжлүүлэхээр хүсэлт гаргаагүй, энгийн нүдээр харахад зээлийн гэрээ хуурамч гэж үзэх боломжгүй байна. Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсгээ зурсан тул гэрээг бичгээр байгуулагдсан гэж үзнэ. Уг бичигт нотлох баримтыг хуурамч гэж үзэж байгаа бол ийнхүү үзэж байгаа тал түүнийг нотлох үүрэгтэй юм.

 

Мөн хариуцагчийн  “..,Г.П- 200 долларыг хүч хэрэглэн авч, зээлийн төлбөрт суутгасан” гэх тайлбар бусад баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгчийн хууль зөрчсөн гэх  уг үйлдэл нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул  хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Ч.С- нь зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусгасан гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй тул нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хариуцагчаас 730 500 төгрөгийг /зээл, хүү нийт 720 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 233 000 төгрөгийг хасч, үлдэх 487 000 төгрөг дээр алданги 243 500 төгрөг/ гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. 

 

Иймд нотлох баримтыг хуулийн хүрээнд дүгнээгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэх хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Анхан шатны шүүх зээлийн хүү гаргуулахдаа Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц “хүчин төгөлдөр” болохоор алдаатай заасныг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/03133 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.С-гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 555 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                      С.ЭНХТӨР

                                                                       Ш.ОЮУНХАНД