Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 51

 

                                  “Мөнхболор” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                 захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Мөнхтуяа, Г.Сарангэрэл, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр, хариуцагч Б.Батчимэг, Ч.Мөнхтуяа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 785 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2016/0768 дугаар магадлалтай, “Мөнхболор” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Батчимэг, Ч.Мөнхтуяа нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 785 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 32 дугаар зүйлийн 32.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 4 дүгээр зүйлийн 4.1.8, 13 дугаар зүйлийн 13.6, 13.6.7-д заасныг баримтлан “Мөнхболор” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар  сарын 30-ны өдрийн 350016098 дугаар актаар тогтоосон төлбөрийн 2042260.0 төгрөгийн нөхөн татвар, 612678.0 төгрөгийн торгууль, 1021130.0 төгрөгийн алданги, нийт 3676068 төгрөгийн төлбөр гэж багасгасан байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар  сарын 07-ны өдрийн 221/МА2016/0768 дугаар магадлалаар дээрх шүүхийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 59 дүгээр зүйлийн 59.2, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2, 17.2-т заасныг баримтлан “Мөнхболор” ХХК-ийн “Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 350016098 дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2, 3 дахь заалтын дугаарыг “3”, “4” гэж тус тус өөрчлөн, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.3-т заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 350016098 дугаар актаар тогтоосон 62,488,518.0 төгрөгийн торгууль, 1,350,158.2 төгрөгийн алданги, 369,432.0 төгрөгийн хүү, нийт 64,208,108.2 төгрөгийн төлбөр төлөх хариуцлагаас өршөөсүгэй” гэсэн 2 дахь заалт нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч “Мөнхболор” ХХК-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүхийн тайлбараар бол Компанийн тухай хуулийн ногдол ашиг хуваарилахтай холбоотой заалт (46-48 дугаар зүйл) нь ногдол ашиг хуваарилахад гагцхүү тухайн оны ашгаас зөвхөн дараа жилд нь хуваарилж болох мэтээр, өөрөөр хэлбэл, 1996 онд байгуулагдсанаас хойш үйл ажиллагаа явуулсан нийт 20 жилийн үйл ажиллагаа явуулахдаа ногдол ашиг хуваарилж байгаагүй компани хуримтлагдсан цэвэр ашиг буюу компанийн балансад байгаа хуримтлагдсан ашгаас ногдол ашиг хуваарилах боломжгүй мэтээр хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэжээ. Түүнчлэн “ногдол ашиг хуваарилах шийдвэрийг хуульд заасан хугацаанд гаргаагүй” гэж олон хувьцаа эзэмшигчтэй компанийн удирдлагын зүгээс хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчүүлэхгүй байх үүднээс оруулсан хамгаалалтын зохицуулалтыг нэг өмчлөгчтэй компанийн хувьд шууд хамаатуулан хэрэглэснээрээ Компанийн хуулийн 59.2-т заасан “нэг хувьцаа эзэмшигчийн хувьцаа эзэмшигчийн хурлын бүрэн эрхийг өөрөө хэрэгжүүлэх” өмчлөгчийн бүрэн эрхийг үгүйсгэсэн байна. Өөрөөр хэлбэл, нэг хувьцаа эзэмшигчтэй компанид хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийн өөрөө хэрэгжүүлэх эрх олгож байгаа нь бусдын эд хөрөнгийн эрх ашгийг зөрчихгүй тул өмчлөгчид туйлын бүрэн эрхийг олгож, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг хүлээн зөвшөөрсөн хэлбэр юм. Нөгөө талаар, ногдол ашиг хуваарилсан шийдвэр гаргасан өдөр болон ногдол ашгаа хүлээн авсан өдөр нь заавал нэг өдөр байх албагүй бөгөөд ногдол ашиг хуваарилсан талаараа санхүүгийн тайланд хуримтлагдсан ашгийг бууруулан тайлагнасан байгааг ногдол ашиг хуваарилаагүй гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн түүнчлэн эрх бүхий этгээд буюу хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг хуваарилсан шийдвэрээ өөрөө гаргасан бөгөөд хүчингүй болгоогүй, шүүх дээр ч дэмжиж тайлбар өгсөөр байхад давж заалдах шатны шүүх “ногдол ашиг хуваарилсан нь нотлогдохгүй байна” гэж хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг, хууль бус хэмээн үгүйсгэж болохгүй юм. Нэгэнт хуулиар өмчлөгчийн өмчийн эрх, захиран зарцуулах туйлын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн, мөн Компанийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан компанийн эд хөрөнгийн захиран зарцуулалтад тавьсан хязгаарлалт байгаагүй нөхцөлд захиргааны байгууллага болон шүүх түүний эрхээ хэрэгжүүлсэн эсэхэд эргэлзэх, үгүйсгэх нь түүний өмчлөх эрхэнд үндэслэлгүйгээр, бүдүүлгээр халдаж байгаа хэлбэр юм. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана”, 14.2-т “татварын алба, татварын улсын байцаагч хуульд заасны дагуу татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх, татварын ногдлыг тодорхойлох, татвар төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбоотойгоос бусад асуудлаар татвар төлөгчийн үйл ажиллагаанд оролцохыг хориглоно” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн төдийгүй, татварын байцаагч, давж заалдах шатны шүүх татвар төлөгчид итгэхгүй, түүний өмчийн бүрэн эрхийнхээ хүрээнд хуваарилсан ногдол ашгийг үндэслэлгүйгээр “ногдол ашиг биш” мэтээр тайлбарлаж байгаа нь татвар төлөгчийн дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгаагийн нэг хэлбэр гэж үзэхээс өөр аргагүй байна. Өөрөөр хэлбэл, татварын байгууллага, шүүхийн зүгээс хуулийн этгээдийн ногдол ашиг хуваарилсан шийдвэрийг хүчингүй гэж үзээд байгаа юм уу, эсвэл хүчингүй болгоод байгаа юу гэдэг нь тодорхойгүй үлдэж байгаа бөгөөд шүүхэд ийм нэхэмжлэл гаргаагүй байхад шүүх ийнхүү шийдэх эрх хэмжээ байхгүй юм. 2006 оны Нэмэгдсэн өртгийн хуулийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “...бараа, ажил, үйлчилгээнд татвар ногдуулахад дор дурдсан нөхцөлийг хангасан байна” гээд 7.5.2-т “борлуулалтыг аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд хийсэн байх” гэсэн үндсэн шаардлага тавьсан байдаг. Онолын хувьд, аливаа ногдол ашгийг нэмэгдсэн өртгийг албан татвараас чөлөөлөх хуулийн зохицуулалтаар “ногдол ашиг хуваарилах үйл ажиллагаа”-г аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд хийгдэх борлуулалт гэж тооцогддоггүй, харин аж ахуйн үйл ажиллагаа бүрэн дуусгавар болж, татвар төлөгдсөний дараа ашгаа хуваарилж байгаа байгууллагын дотоод санхүүгийн үйл ажиллагаа гэж үздэгээс үүдэлтэй. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн зөв шийдвэрийг буруу болгож, гагцхүү банк болон санхүүгийн байгууллагын хуваарилах ногдол ашиг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгддөг, харин бусад хуулийн этгээдийн ногдол ашиг чөлөөлөгдөхгүй хэмээн хуулийг илт буруу тайлбарлаж хэрэглэн онолын хувьд татварын хуульд огт шинэ өөр ойлголт концепц гаргаж иржээ. Хэрэв хуулийн энэ буруу тайлбарыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх баталгаажуулбал цаашид гагцхүү банк болон санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн ногдол ашиг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх, бусад бүх салбарын хуулийн этгээдийн хуваарилах ногдол ашигт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох буруу жишиг тогтоох эрсдэл, үр дагавартай байна. Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 -д “татварын улсын байцаагч энэ хуулийн... үндэслэлээр акт... дүгнэлт бичих бөгөөд тэдгээр нь тэмдэглэх болон тогтоох хэсгээс бүрдэнэ”, 34.2-т “татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтэд татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан байдаг. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “нэхэмжлэгч “Мөнх болор” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг захирал Д.Уранчимэгт үнэ төлбөргүй шилжүүлж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогод тооцоогүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд... заасныг зөрчсөн..." гэж дүгнэсэн Татварын ерөнхий хуулийн дараахь зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байдал харагдаж байна. Гэтэл үнэн хэрэг дээрээ давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан үндэслэл татварын байцаагчийн хүчин төгөлдөр актын тогтоох хэсэгт байхгүй, харин татварын байцаагч шүүхэд сүүлд гаргаж өгсөн тайлбартаа илэрхий утгын алдаатай татварын актаа засч залруулан тайлбарлаж өгсөн тайлбарыг захиргааны актын хамт үнэлж магадлалаа гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гагцхүү татварын байцаагчийн акттай холбогдуулан гаргасан байхад актыг залруулсан хариуцагчийн тайлбарыг захиргааны актын хэмжээнд үнэлж шийдвэрээ үндэслэсэн нь хууль бус магадлал гаргах шалтгаан болжээ. Учир нь, татварын акт татварын байцаагч болон хяналт шалгалтын хэлтсийн даргаар баталгаажиж хүчин төгөлдөр болдог бол шүүхэд гаргасан тайлбар татварын байцаагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар бөгөөд захиргааны актад тооцогддоггүй. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Төрийн албаны үндсэн зарчим болох хууль дээдлэх зарчим нь төрийн албанд тасралтгүй, хэлбэрэлтгүй мөрдөгдөх учиртай тул 2014 оны 12 дугаар сарын 22-ныг хүртэл ажиллаж байсан албан тушаалтан мөн оны 10 дугаар сарын 27-ны өдөр сунгасан баримтад гарын үсэг зурсан байхыг шаардаж, томилолтын хугацаа дуусгавар болсон байсныг олж тогтоосоор байхад давж заалдах шатны шүүх хожим буюу 12 дугаар сарын 22-нд томилогдсон албан тушаалтан 10 дугаар сарын 27-нд сунгалт хийсэн нь хууль ёсны бөгөөд “нөхөн бичүүлж” болох мэтээр тайлбарлаж байгаа нь төрийн байгууллагын үйл ажиллагааны зарчимд иргэний эрх зүйн төлөөллийн харилцаа буюу эрх бүхий этгээдийн хожим дэмжсэн буюу зөвшөөрснөөр баталгааждаг хэлцлийн зарчмыг төсөөтэй хэрэглэж, огт өөр хоёр харилцааны зарчмыг буруу тайлбарлаж хэрэглэснээс үүдэлтэй болов уу. Зүй нь хууль дээдлэх зарчмын дагуу сунгалт хийгдэх үед тухайн албан тушаалыг хашиж байсан албан тушаалтан сунгаагүй бол татварын байцаагчдын хяналт шалгалт томилолтгүй буюу эрх дуусгавар болсонд тооцогдож энэ тохиолдолд явуулсан татварын хяналт шалгалт хууль бус байх, нөгөө талаар, хожим томилогдсон албан тушаалтны үйлдэл гагцхүү томилогдсоноос хойшхи хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд томилогдохоос өмнөх хугацааны эрх зүйн баримт бичигт нөхөж гарын үсэг зурах нь эрхгүй этгээдийн хууль бус үйлдэл (ретроактив үйлчлэлгүй байх буюу буцаж үйлчлэх боломжгүйд хамаарах юм. Давж заалдах шатны шүүхийн энэхүү нөхөн бичүүлж болдог зарчмыг төрийн алба баримтлах юм бол цаашид шинээр батлагдсан хуулиар өмнөх харилцааг зохицуулж болох боломж бүрдэж, төрийн захиргааны байгууллага эс үйлдэл бүрээ сүүлд томилогдсон албан тушаалтнаар баталгаажуулаад явдаг буруу жишиг тогтох нь ээ. Иргэн Д.Уранчимэг ногдол ашигт авсан хөрөнгөө худалдан борлуулсан нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу ногдох Татварын ерөнхий хуулиар орон нутгийн албан татварт хамаардаг байгууллагын орлогын албан татвартай ямар ч холбоогүй тэдгээр орлого хуримтлагдах төсөв нь тус тусдаа байдаг. Гэтэл татварын акт тавихдаа Татварын хяналтын улсын байцаагч нар “Мөнхболор” ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийг хянан шалгах ажлын хүрээнд хувь хүн буюу иргэн Д.Уранчимэгийн татвар ногдуулалт, төлөлтийн асуудлыг хамаатуулан татан авчирч аж ахуйн нэгжийн татварын асуудалруу оруулан хоёр өөр төрлийн татварыг хольж хутган хариуцлага хүлээлгэж, “хуулийн хариуцлагыг халдаан хэрэглэдэггүй” хууль зүйн суурь зарчмыг зөрчиж, байгууллагад тавих татварын актаар хувь хүний татварын зөрчлийг давхар шийдвэрлэсэн, түүнийгээ тайлбараараа залруулсныг давж заалдах шатны шүүх хууль зөрчөөгүй, харин ч хуульд нийцсэн хэмээж байгааг хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээс өөр аргагүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 785 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад Компанийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн Хяналт шалгалтын хэлтсийн даргын 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 35140900530 дугаар томилолтын дагуу татварын улсын байцаагч Б.Батчимэг, Ч.Мөнхтуяа нар 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл “Мөнхболор” ХХК-ийн 2009-2013 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, мөн оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 350016098 дугаар актаар 1,302,502,600 төгрөгийн зөрчилд 126,199,060 төгрөгийн нөхөн татвар, 62,488,518 төгрөгийн торгууль, 1,350,158 төгрөгийн алданги, 369,432 төгрөгийн хүү, нийт 190,407,168 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

“Мөнхболор” ХХК-иас дээрх татварын улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч “томилолтын хугацаа дууссан байхад хяналт шалгалтыг явуулсан” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч татварын улсын байцаагч нарт Хяналтын шалгалтын хэлтсийн даргаас “2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 10 хоногийн хугацаатай хяналт шалгалт явуулах” томилолт олгосон байх бөгөөд хариуцагч нар томилолтод заасан хугацаанд шалгалтын ажиллагааг дуусгаагүй, улмаар тус хэлтсийн дарга О.Батцэрэн томилолтын хугацааг 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нөхөн сунгасан байна.

Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д зааснаар татварын хяналт шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийхийг хориглох бөгөөд тухайн тохиолдолд, эрх бүхий этгээдээс “томилолт” олгосон байх тул дээрх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүйгээс гадна “томилолтын хугацааг нөхөн сунгуулсан” нь татварын улсын байцаагчийн актыг бүхэлд нь үгүйсгэж хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болохгүй юм.

“Мөнхболор” ХХК-ийн өмчлөлийн 200 м.кв талбай бүхий Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу-39 тоотод байрлах хими цэвэрлэгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдөр, 230 м.кв талбай бүхий Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Их тойруу, 7 дугаар хороолол 20/1 тоотод байрлах үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдөр тус тус хувьцаа эзэмшигч /захирал/ Д.Уранчимэгт үнэ төлбөргүй шилжүүлсэн байх бөгөөд үүнийгээ нэхэмжлэгч “компанийн хуримтлагдсан ашгаас ногдол ашиг болгон хуваарилсан” гэж, хариуцагч “ногдол ашиг болгон хуваарилсан нь нотлогдоогүй” хэмээн  маргажээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 13 дугаар зүйлийн 13.6-д “дараах үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө:” гээд 13.6.7-д “банкны болон санхүүгийн түрээсийн хүү, ногдол ашиг, зээлийн баталгааны хураамж, даатгалын гэрээний хураамж төлөх үйлчилгээ” гэж заасны дагуу аливаа “ногдол ашиг” нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр байна.  

Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7-д зааснаар ногдол ашгийг бэлэн мөнгө болон эд хөрөнгө эсхүл компанийн болон бусад этгээдийн үнэт цаасны хэлбэрээр төлж болох боловч мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.5, 46.8-д заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигч ногдол ашиг хуваарилах шийдвэрийг санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор гаргаж, компанийн татвар төлсний дараах цэвэр ашгаас хуваарилах учиртай.

Гэтэл “Мөнхболор” ХХК-ийн хувьцаа эзэмшигч 2012 онд ногдол ашиг хуваарилах тухай шийдвэр гаргаагүйгээс гадна 2011, 2012 онд ногдол ашгийн өглөгийн талаар тайланд дуусгаагүй, 2011 онд 1,749,600 төгрөгийн цэвэр ашигтай ажилласан талаар тайлан гаргасан зэргээс дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг ногдол ашиг болгон бусдад шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдохгүй байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006/ 13 дугаар зүйлийн 13.11-д “Бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн буюу хувийнхаа хэрэгцээнд ашигласан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй” гэж заасны дагуу татвар ногдуулсныг буруутгах үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр, нэг эсхүл олон хувьцаа эзэмшигчтэй компани байхаас үл хамааран ногдол ашиг хуваарилахад Компанийн тухай хуулийн холбогдох заалт нийтлэг үйлчлэх тул нэхэмжлэгчийн “1996 оноос хойш хуримтлагдсан ашгаас ногдол ашиг хуваарилсан, нэг гишүүнтэй компанийн хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг үгүйсгэсэн” гэсэн хяналтын гомдлыг хүлээн авах боломжгүй.

Нэхэмжлэгч “2010 онд импортоор худалдан авсан суудлын автомашинд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил”-ийг үгүйсгэж мэтгэлцээгүй, энэ талаар хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүхээс тухайн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2016/0768 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                              ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН