Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2016/0525

 

 

 

 

 

 

2016 оны 8 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2016/0525

Улаанбаатар хот

 

“Хос богд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Г.Билгүүн, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Ч.Билэгбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мандах, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхбат нарыг оролцуулан Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Хос богд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Г.Билгүүн илтгэснээр хянан

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ийн “е”, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “Очир гео” ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Засаг даргад холбогдох “Аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Лүм сумын нутаг дэвсгэрийн “Шанд” гэдэг нэртэй 6226.43 гектар талбайд ашигт малтмал хайхыг хүсч гаргасан өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн 32 дугаар саналыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хүрэлбаатар давж заалдах гомдолдоо: “Хос богд ХХК-аас Төв аймгийн Лүн сумын нутагт 6226,46 га газар нутагт ашигт малтмалын хайгуул хийхээр АТГазарт гаргасан саналыг аймгийн Засаг дарга дэмжихгүй гэсэн хариу өгснийг "үндэслэлгүй байна" гэх нэхэмжлэлтэй захиргааны хэргийг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж мөн өдрийн 12 тоот шүүхийн шийдвэрээрээ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 06-ны өдрийн 12 тоот шийдвэрийг эс зөвшөөрч "аймгийн Засаг даргын Ашигт малтмалын газарт өгсөн санал нь захиргааны шийдвэр биш" гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.Үүнд:

1. Шүүхээс холбогдох нотлох баримтуудыг хянаад 2 үндэслэлийг голлон үзэж шийдвэрээ гаргажээ.Үүнд:

Шийдвэрийн үндэслэх хэсэгт: Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсгийг "аймгийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2,19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж..." гэснээс үзэхэд Засаг даргын 2015 оны 32 дугаар санал нь тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг төрийн захиргааны байгууллагад үүрэг болгож, захирах шинжийг агуулсан, гадагшаа чиглэсэн, нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулж, захиргааны байгууллагын албан тушаалтан бичгээр гаргасан, эрх зүйн үр дагавар бий болгосон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан захиргааны акт мөн гэж шүүх үзэж байна. Мөн "Аймаг, нийслэлийн Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 19.3-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ... төрийн захиргааны байгууллагад хариу өгөх..." гэсэн заалтуудаас үзэхэд Засаг дарга нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэргүйгээр Ашигт мглтмалын газраас ирүүлсэн мэдэгдэлд бие даан санал өгөх эрхгүй байна. Лүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2015 оны 10  дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаар хуралдаанаар зөвшөөрөхгүй гэж 100 хувийн саналаар саналаа ирүүлсэн, аймгийн иргэдийн Төлөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор "ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих боломжгүй" гэж Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар шийдвэрлэж энэхүү шийдвэрийг үндэслэн албан ёсны саналыг хуулийн хугацаанд өгөхийг тэмдэглэлээр аймгийн Засаг дарга Д.Баярбатад үүрэг болгожээ. Аймгийн ИТХ-ын дарга нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12-т зааснаар "ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар сум, дүүргийн Хурлын "санал"-ыг авч хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах", 23.1-д "Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд хурал хэлэлцсэн асуудлаараа хууль тогтоомжид нийцүүлэн тогтоол гаргана” гэсэн хуульд заасан журмыг зөрчиж хуралдалгүйгээр Тэргүүлэгчдтэй утсаар ярьж тэмдэглэл хөтөлж 34 дүгээр тэмдэглэл гаргасан. Аймгийн Засаг дарга хуульд заасан журам зөрчсөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "тэмдэглэл"-ийг үндэслэн өөрөө ямар нэг судалгаа дүгнэлт хийлгүйгээр 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаар саналыг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн нь өөрөө хууль зөрчсөн байна” гэжээ.

2. Шүүхээс аймгийн Засаг дарга Лүн сумын нутаг дэвсгэрт "Шанд" нэртэй 6226,43 га талбайд ашигт малтмал хайхыг хүссэн өргөдөлд хариу "дэмжихгүй" гэдгээ Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалт, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7 дахь Усны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтуудыг зөрчсөн гэж өгсөн нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3.2.1-д заасан заалтыг ашигт малтмал эрх хайх, ашиглахыг хориглож, хязгаарлаж нөөцөд болон аймаг, сумын ИТХ-аас тусгай хэрэгцээнд аваагүй гэсэн. Мөн тус хуулийн 52.2, 52.7 заалт нь бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах, талаар зохицуулсан заалт болохоос биш санал өгсөн талбайд ашигт малтмал, эрэх, хайх, хайгуулийн тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон, хязгаарласан, зохицуулалт биш байна. Түүнчлэн тухайн газрыг тусгай хэрэгцээнд авсан эрх бүхий байгууллагын хууль ёсны шийдвэр байхгүй байна гэж шүүх үзлээ гэжээ. Мөн шүүхээс тус талбайд 12 өрхийн өвөлжөө, хаваржаа орж байгаа боловч нэхэмжлэгчийн "хайгуул хийх үйл ажиллагаа нь эрх бүхий байгуулагын тусгай хяналтын дор явагддаг бөгөөд өрөмдлөг хийгдлээ гэхэд нутгийн иргэдийн өвөлжөө, хаваржааны газарт хийхгүй" гэж шүүхэд тайлбарласныг үндэслэсэн мөн 12 өрхийн өвөлжөө, хаваржааны бууц эзэмших эрхийг гэрчилгээтэй байхад кадастрын зураггүй гэж шинжээчийн дүгнэлтийг ойлгомжгүй гэж дүгнэсэн байна.

Дээрх үндэслэлүүдийг шүүх шийдвэрийнхээ гол үндэслэл болгосныг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Аймгийн Засаг даргын "Хос богд" ХХК-ийн Лүн сумын нутагт 6226,43 га талбайд ашигт малтмалын хайгуул хийхээр Ашигт малтмалын газраас 6/7173 тоот албан бичгээр ирүүлсэн мэдэгдэлд хуудсанд "Дэмжих боломжгүй" гэсэн санал өгсөн нь "Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбайн байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ..." гэж заасны дагуу сум болон аймгийн ИТХ-ын саналыг авч, эдгээр саналыг харгалзан Ашигт малтмалын газарт уламжилсан болно. Ашигт малтмалын газраас ирүүлсэн мэдэгдэлд аймгийн Засаг дарга "санал"-аа өгсөн болохоос нэхэмжлэгч аж ахуйн нэгжид боломжгүй гэсэн хариу өгөөгүй, эцсийн шийдвэрийг Ашигт малтмалын газар гаргадаг тул аймгийн Засаг даргын саналыг "захиргааны шийдвэр" биш гэж үзэж зөвшөөрөхгүй байна. Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хурлын тогтоол аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 34 дүгээр тогтоолыг хуульд заасны дагуу урьдчилсан ирүүлсэн саналыг "захиргааны акт" биш гэж үзэж байна. Шүүхээс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 34 дүгээр тэмдэглэлийг Тэргүүлэгчдээс утсаар санал авч гаргасан нь хууль зөрчсөн гэж үзсэн боловч бид хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа учир нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж тогтоол шийдвэр гаргах бол хуралдаанаараа хэлэлцэж шийдвэр гаргах ёстой. Зөвхөн санал авч тэмдэглэл гаргахад хуралдах шаардлагагүй, хурлын дотоод журмаараа шийдвэрлэж болдог. Энэ дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид дотоод журмаараа саналаа өгсөн.

Мөн шүүхээс "аймгийн Засаг дарга ямар судалгаа дүгнэлт гаргахгүйгээр аймгийн ИТХ-ын тэмдэглэлийг үндэслэсэн" гэсэн нь ташаа дүгнэлт болсон байна. Аймгийн Засаг дарга тухайн талбай дээр 20-оод айлын өвөлжөө, хаваржааны бууцны газар орсон нь Лүн сумын малчдын өвөлжөөний гол нутаг гэдгийг урдьчилан мэдэж байсан бөгөөд энэ талаар аймгийн Газрын албанаас гаргасан зургийг үзэж танилцсан, мэдэж байгаа болно. Энэ нь "дэмжихгүй" гэсэн санал өгөх гол үндэслэл болсон.

2. Аймгийн Засаг даргаас Хос богд ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд "дэмжих боломжгүй" гэсэн санал өгөхдөө Усны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, Газрын тухай хуулийн 6.2.1, 52.2, 52.7 дахь заалтууд үндэслэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 6.2.1-д заасан Бэлчээр, бэлчээр дэх хужир мараа бүхий газрыг нийтээр ашиглана" гэж заасан нь нэг аж ахуйн нэгжид ашиглуулахыг хориглосон заалт юм. Тус хуулийн 52.2, 52.7 дахь заалт нь бэлчээрийг хамгаалах, гэрээгээр эзэмшүүлэх заалт бөгөөд хайгуул хийхэд авто машин, өрөм тавих нь бэлчээрийг талхлагдалд оруулдаг тул дэмжих боломжгүй. Хос богд ХХК-ний хайгуул хийхээр санал ирүүлсэн талбай нь Лүн сумын багийн иргэдийн 23 өрхийн мал өвөлжиж хаварждаг уламжлалт мал аж ахуйн гол нутаг юм. Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр тус хайгуулын талбайд 12 айлын өвөлжөө хаваржаа орсон бусад нь захад байгаа, зургаар өвөлжөө хаваржааны газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байгааг шүүх нотолсон хэрнээ кадастрын зураг хийгдээгүй тул ойлгомжгүй байна гэсэн нь тус нутгийн иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгааг олж хараагүй, харахыг ч хүсээгүй байгааг илтгэж байна. Учир нь Монгол мал аж ахуйн өвөлжөө хаваржааны газар гэж мал бэлчээдэг бэлчээр хотлуулдаг бууц бүхий цогцолбор газрыг ойлгож ирсэн ийм ч уламжлалтай улс билээ. Газрын тухай хуулийн 52.2 заалт "...Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдлаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга болзол гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно." гэсний дагуу сумын Засаг даргаас олон жил үе удам дамжин ирсэн иргэдэд тухайн талбай дахь бэлчээрийг ашиглуулж байгаа.

Газрын тухай хуулийн 52.2 дахь заалтын дагуу өвөлжөө, хаваржааны доорхи газрыг малчдад эзэмшүүлсэн нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан бөгөөд өвөлжөө, хаваржааны доорхи газрын кадастрыг Монгол Улсын хэмжээнд хийгээгүй байгаа болно. Иймд Шүүхээс "дээрх хуулийн заалтуудыг үндэслэн аймгийн Засаг дарга саналд татгалзсан хариу өгсөн нь үндэслэлгүй" гэж тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн аймгийн Засаг даргаас Усны тухай хуулийн 4.2 дахь заалтыг хуулийн үндэслэл болгосон. Учир нь тус талбайг байр зүйн зургаас үзэхэд Туул голын гольдирлоос 1 км-т доод цэг нь ирсэн тул Туул голын ай савд орж байна гэж үзэн дээрх хуулийн заалтыг оруулсан болно.

3. Шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 12 тоот шийдвэрийн "ТОГТООХ" хэсэгт "... заасныг баримтлан "Очер гео" ХХК-ийн нэхэмжлэлтэй..." гэж аж ахуйн нэрийг буруу бичсэн нь шүүхийн тогтоол хүчин төгөлдөр бус гэж үзэх ойлгоход хүргэж байна.

Иймд шүүхэд дараах хүсэлтийг гаргаж байна. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 12 тоот шийдвэрийг хүчингүй болгон "Хос богд" ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 32 тоот саналыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон, харин хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Засаг даргын санал нь захиргааны акт биш. Тэрчлэн Хос Богд ХХК-ийн хайгуулын үйл ажиллагаа явуулах нутаг дэвсгэрт усны сан бүхий газар, бэлчээрийн газар, айлын өвөлжөө, хаваржааны газар орсон тул тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй” гэж маргажээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 22.1.12-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар сум, дүүргийн Хурлын саналыг авч Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга ... дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 30.1.13-д “харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх”, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ”, 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл аймгийн иргэдийн Хурлын дарга нь сумын иргэдийн Хурлын “харьяа нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож болох эсэх” талаарх саналыг авч, иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн тодорхой шийдвэр гаргаж, аймгийн Засаг дарга нь Ашигт малтмалын газарт санал хүргүүлэхдээ уг шийдвэрийг үндэслэхээр зохицуулсан байна.

Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг даргын санал нь хүсэлт гаргасан этгээдэд тусгай зөвшөөрөл олгох эсэх талаарх Ашигт малтмалын газрын шийдвэрт нөлөөлөх буюу үр дагавар үүсгэхээр байх тул тэрхүү санал өөрөө үндэслэл бүхий байх тодруулбал, Засаг даргын саналын үндэслэл болох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн санал нь хуульд заасан журмын дагуу гараагүй тохиолдолд тэрхүү саналыг үндэслэсэн Засаг даргын саналыг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй юм.

Иймээс тусгай зөвшөөрөл олгох эсэх талаарх аймгийн Засаг даргын саналын үндэслэл болж, үр дагавар үүсгэсэн шинжийг агуулж байх тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн санал нь хуульд заасан журмын дагуу гарч хүргэгдсэн эсэхэд зайлшгүй дүгнэлт өгөхөөр байна.

Нэхэмжлэгч “Хос богд” ХХК нь Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт 6226.43 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргасан бөгөөд тус хэлтсээс дээрх хуульд заасны дагуу Төв аймгийн Засаг даргаас санал авахаар албан бичиг хүргүүлсний хариуд хариуцагчаас 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүргүүлсэн 32 тоот санал үндэслэлгүй болжээ.

Учир нь, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурал 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр огт хуралдаагүй, санал өгөх асуудлыг хуульд заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэлгүйгээр 34 тоот “хурлын тэмдэглэл” гаргаж, ...хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих боломжгүй... гэсэн саналыг аймгийн Засаг даргад хүргүүлснийг үндэслэл бүхий санал гэж үзэхгүй, энэ нь дээр дурдсан хуулийн зохицуулалтуудад нийцээгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж, Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 9 дүгээр тогтоолын 10 дахь хэсэгт “Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан татгалзсан хариу өгч болно гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно” гэж тус тус заажээ.

Төв аймгийн Засаг дарга нь тус аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан санал өгөх эрхтэй хэдий ч тэрхүү татгалзал нь хуульд нийцсэн бодит үндэслэлийг агуулсан байх учиртай.

Засаг дарга нь татгалзсан саналынхаа хууль зүйн үндэслэлийг Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7, Усны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 гэж тодорхойлсон боловч эдгээр хуулийн заалтууд нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан хэм хэмжээ агуулаагүй төдийгүй Засаг даргын санал нь дээр дурдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хууль бус шийдвэрийг үндэслэсэн, тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь тусгай хэрэгцээ, нөөцөд авсан болон хуулиар хориглосон талбайтай давхцалтэй эсэх талаар баримт нотолгоо зааж дурдаагүй байх тул Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан саналыг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Энэхүү шүүхийн шийдвэр, магадлал нь хариуцагчаас хуульд заасан журамд нийцүүлэн татгалзсан санал өгөх эрхийг нь хөндөхгүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгчийн нэрийг “Очир гео” ХХК гэж алдаатай бичсэн” гэх гомдол үндэслэлтэй байх тул энэ талаар шийдвэрт өөрчлөлт оруулан, гомдлын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 12 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...”Очир гео” ХХК...” гэснийг “...”Хос Богд” ХХК...” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гомдлын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

          ШҮҮГЧ                                                                                     Б.ТУНГАЛАГСАЙХАН

          ШҮҮГЧ                                                                                     Э.ЗОРИГТБААТАР

         ШҮҮГЧ                                                                                      Г.БИЛГҮҮН