| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 101/2017/0493/И |
| Дугаар | 117 |
| Огноо | 2018-08-03 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Г.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Хаан шоргоолж” ХХК-д холбогдох
Ажилласан хугацааны 6 сарын цалин 753 4049 төгрөг, амралтын мөнгөний олговор 403 736 төгрөг, хөдөлмөрийн хөлс олгоогүй алданги 506 999 төгрөг, нийт 1 520 997 төгрөг гаргуулах, ажлаас халсан тушаалыг хүчингүйд тооцож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, зам зардал 403 320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Б миний бие “Хаан шоргоолж” ХХК-д 2015 оны 12 дугаар сард нягтлан бодогчийн албан тушаалд ажиллахаар болж, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 15 тоот “Туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээ”-г байгуулан ажиллаж эхэлсэн. Уг гэрээний 1.10 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу туршилтын хугацааг гэрээнд оролцогч талууд 6 сар байхаар тохиролцсон. Уг хугацаа 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр дуусч, “Хаан шоргоолж” ХХК-ийн зүгээс Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох санал гаргаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасны дагуу сунгагдсан гэж миний бие бодож байсан тул, энэ хугацаанд ажил үүргээ хэвийн, үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан. Гэтэл 2016 оны 06 сарын сүүлээр компаний менежер С.Бат-Эрдэнэ надтай уулзаж “чамайг компанид цаашид үргэлжлүүлэн ажиллуулахгүй, ажил олгогчийн санаачилгаар чамайг ажлаас халж байна" гэж хэлсэн. Ажлаас халсан тушаалаа гардаж аваагүй учраас ямар шалтгаанаар ажлаас халж байгаа талаар ойлгоогүй. Дараагийн өдрөөс эхлэн намайг ажилдаа очиход компаний удирдлагууд ажлын байраа орхи, дахиж ажиллах шаардлагагүй, эндээс яв гэх мэтээр шаардаж ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болгосон. Энэ байдал 3, 4 хоног давтагдаж, аргагүй эрхэнд ажлаа орхиж явахад хүргэсэн. Үүнээс хойш би захирал Ш.Оюунчимэг, менежер С.Бат-Эрдэнэ нар руу удаа дараа залгаж, ажлаас халсан тушаал, Хөдөлмөрийн гэрээний 1 хувь, халагдах тушаал гарсан өдөр хүртэлх хугацааны цалин, компанид ажилласан хугацааны амралтын олговор зэргийг авах талаар ярилцсан боловч маргааш, нөгөөдөр ирж ав гэдэг, эсхүл утсаа авахгүй нөхцөл байдал үүссэн. Мөн компаний Баянзүрх дүүрэг Хужирбуланд байрлах ажлын байранд очиход эрх бүхий хүмүүс эзгүй байна гэх мэтээр надаас зугтаж хугацааг хойшлуулж явсаар өнөөг хүрсэн. “Хаан шоргоолж” ХХК-тай харилцан тохиролцох боломжгүй гэдгийг ойлгож, 2017 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу компаниас хариу тайлбар гаргаж, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдож ирэх хүртэл миний бие компанитай холбоо барьж, асуудлаа шийдвэрлүүлж чадаагүй байсан юм. Энэ бүгдээс үзэхэд “Хаан шоргоолж” ХХК-ийн эрх бүхий хүмүүс иргэн намайг хохироож, ажлаас халсан тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасны дагуу өгөлгүй, хөөн хэлэлцэх хугацааг дуусгаж, тушаалтай холбогдуулан шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарлах зорилгоор надаас зугтааж өнөөдрийг хүргэсэн гэж дүгнэх үндэслэлтэй. Ажлаас халсан тушаалыг надад өгөөгүй учраас Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүсэлт гаргасны дагуу шүүгчээс захирамж гаргаж, хариуцагч нь хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасны дагуу “Хаан шоргоолж” компаний захирлын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 16/24 тоот тушаалыг Г.Б миний бие хариуцагч тушаалыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн өдрөөр гардан авсанд тооцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасны дагуу ажлаас буруу халсан гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргаж байна. 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Хаан шоргоолж” ХХК-ийн захирлын 16/24 тоот тушаал хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь тушаалын 1 дэх хэсэгт ажлаас халах болсон үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол” гэжээ. Миний бие “Хаан шоргоолж” ХХК-д ажиллаж байх хугацаандаа ямар нэг байдлаар сахилгын зөрчлийг давтан гаргасан зүйлгүй, энэ талаар шийтгэл хүлээж байсан асуудал ч гаргаагүй юм. Мөн бидний хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргаагүй байгаа. Гэтэл эдгээр үндэслэлээр ажлаас халсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэг, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу “Хаан шоргоолж” ХХК-ийн захирлын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 16/24 тоот Ажлаас халсан тушаалыг хүчингүйд тооцож, урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 06 дугаар сарын бодогдсон цалин 753 409 төгрөг /нийгмийн даатгалд төлөгдсөн дүн/. Үүнээс нийгмийн даатгал, татварын дүнг хасаад гарт олгогдох 617 261 төгрөг, ажилласан хугацаанд ногдох амралтын мөнгөний олговор болох 403 768 84 төгрөг /бодолтыг хавсралт 2-т хавсаргав/. Дээр хоёр мөнгөн дүнгийн нийлбэр 1 013 998 төгрөгийг тус компани надад олгоогүй болно. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 141.1-т зааснаар хөдөлмөрийн хөлс олгоогүй хоног тутамд 0.3% алданги төлнө гэсэн заалтыг үндэслэн, авах ёстой 1 013 998 төгрөгөөс олгоогүй өдөр тутмын алданги нь 2016 оны 6 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарын хугацаанд нийт 515 хоног байна. 1 өдрийн алданги нь 3042 төгрөг болно. Үүнээс 0.3%-ийн алдангаар тооцон бодож үзэхэд 1 566 627 төгрөгний алданги бодогдож байна. Тухайн нэхэмжилж буй мөнгөн дүнгийн алданги 50%-аас хэтрэхгүй байна гэсэн хуулийн заалтыг үндэслэн, нийт олгогдоогүй цалин болон амралтын мөнгөний 50% болох 506 999 төгрөг /1 013 998 төгрөгөөс бодсон/ алдангийг давхар нэхэмжилж байна. Ингээд “Хаан шоргоолж” ХХК-аас миний ажилласан хугацаанд ногдох амралтын олговор 403 736 84 төгрөг, алданги 506 999 төгрөг, нийт 1 520 997 төгрөгийг гаргуулах, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас хүн ирээгүй тул шүүх хуралдаан хойшлох шалтгаан болсон ба 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралд Улаанбаатар хотоос Ханбогд сум руу 4 удаа ирэх, буцах зардал нийт 403 320 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлийн үндсэн шаардлагын хувьд 2016 оны 06 сарын 24-ний өдрийн Г.Б “Хаан шоргоолж” ХХК-д 14 өдөр ажилласан. 14 хоног ажилласан цалин болох 617,217 төгрөгийг, ажлаас халж байгаа бол ажилтантай ээлжийн амралтын тооцоог заавал хийх ёстой байдаг. Үүний дагуу 7 сар ажилласан ажилд ногдох ажлын 403,736 төгрөг, хөдөлмөрийн хуульд зааснаар цалин хөлсийг хугацаанд нь өгөөгүй алданги 506,999 төгрөг нийтдээ 1,520,997 төгрөгийг “Хаан шоргоолж” ХХК-аас гаргуулж өгнө үү гэсэн үндсэн нэхэмжлэлтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нь “Хаан шоргоолж” ХХК нь Г.Бийг халахдаа ямар нэгэн халах болсон үндэслэлээ дурдаагүй. Ажлаас халсан тушаал дээрх үндэслэл нь ажлаа хаяж явсан гэсэн үл ойлгогдох бүхий ажлаас халсан тушаал гаргаж ажлаас халсан. Уг хугацаанд Г.Бийг компани дээрээ ажил хөлөлмөрөө хэвийн гүйцэтгээд албан тушаал, хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмын дагуу байгууллагатай тооцоо нийлүүлэх ёстой байдаг. Гэтэл тооцоо нийлүүлэх гэсэн боловч “Хаан шоргоолж” ХХК Г.Бийг тийм үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөөгүй. Мөн ажилласан 14 хоногийн цалинг нь өгөөгүй. Хатуугаар хэлбэл Г.Бийг хөөж явуулсан шинжтэй байна. Түүнээс хойш Г.Б нь “Хаан шоргоолж” ХХК-тай ямар нэгэн байдлаар холбогдож байгаагүй. Хуучин ажиллаж байсан Баянзүрх дүүргийн Хужирбулан хаягт байрлаж байсан ажлын байран дээрээ очиход “Хаан шоргоолж” ХХК-ийн удирдлагууд байдаг ч уулздаггүй. “Хаан шоргоолж” ХХК-ийн хувьцаа эзэмшдэг удирдлагууд нь 2 компанийн хувьцаа эзэмшдэг. 2 компани үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгээд “Хаан шоргоолж” ХХК одоо энд байхгүй цаашид ирэх шаардлагагүй гэсэн байдаг. Ажлаас халсан тушаалаа ч авч чаддаггүй мөн ажилласан хөдөлмөрийнхөө хөлсийг ч авч чаддаггүй. Тэгээд эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. Тийм учраас “Хаан шоргоолж” ХХК-ийн 2016 оны 06 сарын 24-ний өдрийн 16/24 тоот ажлаас чөлөөлөх тухай албан бичиг нь ажлаас үндэслэлгүй халсан байх тул ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Шүүх хуралдаанд оролцож байгаа замын зардлыг Г.Б нь хүсэлт гэж өгсөн. Бидний хайхрамжгүй байдлаас болж зөрүүтэй байдал үүссэн учир нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн байдал гэж үзэхэд хүндрэлтэй болоод байна. Тийм учраас замын зардлын нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон ажлаас үндэслэлгүй халагдсанаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ганбаатар овогтой Б нь “Хаан шоргоолж” ХХК-д нягтлан бодогчоор 2015 оны 12 дугаар сараас эхлэн ажиллаж эхэлсэн бөгөөд 2016 оны 6 дугаар сар хүртэл ажиллахдаа ажлын бүтээмж муутай, агуулахын сэлбэг хэрэгслийн тооллого тооцоолол хийхгүй, ажлын цагаар жолооч болон бусад ажилтнуудтай нийлж тамхи татан сэлгүүцэж байсан тул цаашид ажиллуулах боломжгүй гэж шийдэн Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалтын дагуу ажлаас чөлөөлөх мэдэгдэл хүлээлгэн өгсөн. Гэтэл Г.Б нь мэдэгдэл хүлээн авснаас хойш ажлын 5 хоног ч ажиллаагүй бөгөөд үүрэгт ажлаа хүлээлгэн өгөөгүй, хаяж явсан. Байгууллагын дотоод журамд “Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 болон түүнээс дээш хоногоор ажилдаа ирээгүй нөхцөлд тухайн ажилтныг ажил хаяж явсанд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд дуусгавар болгоно” гэж заасны дагуу ажлаас чөлөөлсөн. Г.Б нь нэхэмжлэлийн шаардлага тодруулах, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх зэргээр тус шүүхэд хүсэлт гаргахдаа байгууллагын зүгээс Г.Бтэй холбогдохыг хүсээгүй, утсаа аваагүй мэтээр худал гүтгэсэн байна. Ажлаас чөлөөлсөн даруйд тухайн үед Хүний нөөцийн ажлыг хариуцаж байсан Г.Өлзийхутаг удаа дараа утсаар залгасан боловч ихэнхдээ утсаа авахгүй, зарим нэг тохиолдолд утсаа авсан ч худал хэлэн ажлаа хүлээлгэж өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Г.Б нь манай байгууллагад ажилд орохдоо Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт амьдарч байсан ба ажиллах хугацаандаа гэрийн хаягаа олон удаа сольж байсан /Улаанбаатар хот Хан-уул дүүрэг, Баянгол дүүрэг гэх мэт/ нь гэрийн хаягаар тушаал хүргүүлэх боломжгүй болсон. Хавтаст хэргийн материалд Нийгмийн даатгалын лавлагаа хавсаргагдсан байгаа тус лавлагаанд Г.Б нь “Хаан шоргоолж” ХХК-аас ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө буюу 2016 оны 06 дугаар сард “Хай Спийд” ХХК-д ажилд орж цалин авсан болох нь нотлогдож байна. Нотолгооноос харахад Г.Б нь ажиллах хүсэл сонирхолгүй, санаатайгаар ажил цалгардуулсан, өөр ажлын байр олсон байсан тул “Хаан шоргоолж” ХХК-ийн ажлыг санаатайгаар хаяж яван байгууллагыг хэвийн үйл ажиллагаа тасалдуулахыг оролдсон гэж үзэж байна. Иймд Г.Бийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, Нийгмийн даатгалын мэдээллийн сангийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №0210740 дугаартай лавлагаа, нэхэмжлэгчийн дансны хуулга, “Хаан шоргоолж” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, Үндэсний татварын албаны тодорхойлолт, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант, Баян багуудын засаг даргын тодорхойлолт, “Хаан шоргоолж” ХХК-ийн шинэчлэгдсэн дүрэм, Г.Бийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, “Хаан шоргоолж” ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №16/24 дугаартай захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээний хуулбар, ажлын байрны тодорхойлолт зэрэг хэрэгт байгаа бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч “Хаан шоргоолж” ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны 6 сарын цалин 753 4049 төгрөг, амралтын мөнгөний олговор 403 736 төгрөг, хөдөлмөрийн хөлс олгоогүй алданги 506 999 төгрөг, нийт 1 520 997 төгрөг гаргуулах, ажлаас халсан тушаалыг хүчингүйд тооцож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, замын зардал 403 320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч “Хаан шоргоолж” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ажилтан Г.Б нь ажлаа хаяж яван хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлтэй, мөн түүнчлэн нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсан гомдол болон хөдөлмөрийн харилцаанаас үүссэн гомдлоо гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлийг тайлбарлаж байна.
Дараахь үйл баримт тогтоогдож байна.
1. Нэхэмжлэгч Г.Б нь 2015 оны 12 сарын 14-ний өдөр Хаан шоргоолж ХХК-д тооцооны нягтлан бодогч албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан болох нь Туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээ/105-108-р хуудас/ болон талуудын тайлбараар нотлогдож байх бөгөөд зохигчийн хооронд ажил олгогч, ажилтан нарын харилцаа буюу хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна.
2. Нэхэмжлэгч Г.Бийг “Хаан шоргоолж” ХХК-ний 2016 оны 6 сарын 24-ний өдрийн 16/24 дугаартай захирлын тушаалаар ажлаас чөлөөлсөн байх бөгөөд зохигч ажлаас чөлөөлсөн цаг хугацааны хувьд маргаагүй харин тушаалын үндэслэл болон гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны хувьд маргаж мэтгэлцлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат шүүх хуралдааны хэлэлцэх шатанд 403 320 төгрөгийн зам зардал нэхэмжилсэн нэхэмжлэлээс татгалзаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцэж байх бөгөөд түүнд нэхэмжлэгчээс уг эрх нь олгогдсон байх тул хүсэлтийг ханган, татгалзлыг батлах нь зүйтэй.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэлэв.
Нэхэмжлэгч Г.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д зааснаас бусад буюу шүүхээр хянан шийдвэрлэх маргаанаас бусад маргаан буюу ажиллаж байх хугацааны дутуу авсан цалин, ээлжийн амралтын мөнгө, хөдөлмөрийн хөлс олгоогүй алданги нэхэмжилсэн шаардлагаа хөдөлмөрийн маргаан таслах комисст хандан шийдвэрлүүлэх байсан.
Хэрэв хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандах эрхтэй бөгөөд ингэж хандсан талаарх үйл баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч мөн энэ талаар дурдаагүй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэснийг зөрчсөн байна.
Нэхэмжлэгч Г.Б нь “Хаан шоргоолж” ХХК-ний 2016 оны 6 сарын 24-ний өдрийн 16/24 дугаартай захирлын тушаалаар тус компаний нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийг хэдийгээр гардан аваагүй ч ажлаас халагдсан тухайгаа мэдэж байсан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл дэх “2016 оны 6 сард цаашид хамтран ажиллах боломжгүй болсон хэмээн намайг ажлаас гэнэт халсан, ажлаас халагдах үед 6 сарын цалин, ажилласан хугацаанд ногдох амралтын мөнгөний олговор олгоогүй...” гэсэн, шүүхийн хэлэлцүүлэгт түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, уг ажлаас гарч өөр ажил эрхэлж байсан талаарх нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаа зэргээр нотлогдож байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасантай түүний 2018 оны 6 сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага үл нийцнэ.
Харин дээрх хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т “энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж заасан хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байх тул дээрх хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоох үндэслэл байхгүй гэж үзлээ.
Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хариуцагч Хаан шоргоолж ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг хаяг тодорхой бус байснаас шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан” гэж тайлбарлаж байгаа нь хүндэтгэн үзэх явдал болохгүй юм.
Иймд нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээний талуудын зөрчигдсөн эрхээ сэргээх болон ажлаас буруу халсан тушаалын үндэслэлийг хянан хэлэлцүүлэхээр шаардах эрхээ алдсан байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхих нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу Г.Бийн гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тул 109 486 төгрөг төлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар түүнд буцаан олгож, харин зам зардал гаргуулах нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамж 12 750 төгрөгийг мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-т заасныг баримтлан хариуцагч “Хаан шоргоолж” ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны 6 сарын цалин 753 4049 төгрөг, амралтын мөнгөний олговор 403 736 төгрөг, хөдөлмөрийн хөлс олгоогүй алданги 506 999 төгрөг, нийт 1 520 997 төгрөг гаргуулах, ажлаас халсан тушаалыг хүчингүйд тооцож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Г.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбатын, замын зардал 403 320 төгрөг нэхэмжилсэн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар илүү төлсөн тэмдэгтийн хураамж болох 109 486 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Г.Бт олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д тус тус зааснаар 12 750 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА