| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2017/0191/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/172 |
| Огноо | 2017-12-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Батзаяа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2017/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: М.Батзаяа
Шүүгдэгч: Д.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Анхтуяа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Д-ын Ад холбогдох 1712002310074 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Дугаар /С% Цэцэрлэг
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи баг, Цагаан булгийн хүрэм гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2001 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж, 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Ж овогт Д-ын А /РД: .../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.А нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний шөнө 00 цагийн үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи баг Хүрэм гэх газарт хохирогч Р.Атэй “хэрүүл маргаан хийлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын шатанд 1712002310074 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч Р.Агийн мэдүүлсэн: ...2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Хүрмийн өвөлжөө гэх газар манай нөхөр Ш Аынд орсон. Би араас нь ороход А манай нөхрийг нүд рүү цохьчихсон байсан. Гэтэл А намайг үүднээс чи гар, чамд хамаагүй гээд гэрээсээ чирч хөөж гаргаад зүүн шанаа руу хөлөөрөө өшиглөсөн бөгөөд баруун талын шанаа руу, зүүн мөр рүү, баруун булчин руу, зүүн өвдөгний дээд талд бас өшиглөсөн. Тэгээд би гэртээ харьсан. А манай нөхөртэй муудалцаад намайг оронгуут гэрээсээ хөөж гаргаад, цохиж зодсон. Миний хүзүү рүү бас гараа атгаад цохисон, баруун талын шанаа руу, зүүн мөр рүү, баруун булчин руу, зүүн өвдөгний дээд тал руу өшиглөсөн, зүүн шанаа руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. А болон түүний эхнэр Б, манай нөхөр Ш, бид нар л байсан бөгөөд өөр хүн байгаагүй. Би гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 04 хуу/
Гэрч Н.Шгийн мэдүүлсэн: ...2017 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Хүрэм гэх газар би Аынд согтуу ороод харгуй руугаа зайл, намайг авгайд доромжлуулж чадахгүй гэсэн чинь А унтаж байснаа босч ирээд, чи намайг хөөхөөр яадаг юм гэж орилоод бид хоёр хэрэлдээд, зодоон хийгээгүй бөгөөд А намайг нэг удаа түлхсэн бөгөөд өөр зүйл болоогүй. Манай эхнэр А миний араас Аынд ороход А манай эхнэртэй хэрэлдээд, зодоон хийгээд гарсан бөгөөд гадаа юу болсныг мэдэхгүй. Манай эхнэрийн нүүр рүү өшиглөсөн л гэсэн. Нүүр, шанаа нь хөхөрчихсөн байсан, гадаа юу болсныг хараагүй. А бид хоёр хэрүүл хийж байхад манай эхнэр орж ирсэн бөгөөд гараад юу болсныг мэдэхгүй. Би согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. А намайг цохиж, зодоогүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Миний биед гэмтэл учраагүй. Тухайн асуудал болоход А, түүний эхнэр Б, манай эхнэр А болон бид нар байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/
Гэрч Б.Бийн мэдүүлсэн: ...2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 00 цагийн үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи баг Хүрэм гэх газар гэртээ нөхөртэйгээ унтаж байтал Ш орж ирээд Ааа чи дэлхий рүүгээ зайл гээд агсан тавьсан, гэтэл А чи яахаараа тэгдэг юм гээд уурлаад, босоод барьцалдаад авсан. Гэтэл А гаднаас орж ирээд Атай хэрэлдээд байснаа А Аг түлхэж унагаагаад хаалгаар гаргаад толгой, эрүү хэсэгт нь 2 удаа өшиглөсөн. Өөр зүйл болоогүй. А эрүүл байсан. Хоорондоо хэрэлдэж байгаад л ийм асуудал болсон. А нөхрөө өмөөрөөд ороод ирсэн. Тэгээд А уурандаа хөөж гаргаад, өшиглөсөн. А, Ш нар хоорондоо барьцалдаад авсан байсан, цохиж зодсон гэдгийг хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 хуу/
Шинжээч эмч С.Х-ийн мэдүүлсэн: ...2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Р.Агийн биед үзлэг хийхэд дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд учирсан байна. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох 4-5 удаагийн үйлчлэлээр үүсэх бөгөөд тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/
Яллагдагч Д.Аын мэдүүлсэн: ...2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 00 цаг өнгөрч байсан байх, намайг өөрийн гэр болох Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Хүрэм гэх газар унтаж байхад гэрийн хаалга нүдээд байсан. Би тэгэхээр нь гэрэл асааж, хаалга онгойлготол манай хотны нагац дүү Ш орж ирсэн. Тэгээд би шалдан байсан болохоор орондоо ороод хэвтсэн. Тэгээд байж байтал намайг Ш Ааа чи бос, дэлхийгээс зайл, аавын нутаг болох Чулуут сумын руугаа зайл гэсэн. Тэгэхээр би босч ирээд заамдаж аваад, чи муу намайг эндээс хөөдөг хэн бэ гээд хэлж байтал түүний эхнэр Р.А орж ирсэн. Тэгээд нөхөртэй нь барьцалдаад байж байтал намайг гуйлгачин, гурай гээд л хэлэхээр нь би битгий энд тэнд олон юм ярь, гар гээд гэрээсээ хөөтөл хувинтай угаадас над руу цацсан, би тэгэхээр нь А чи муу битгий ингэж хүн дээрэлх гээд л гэрээсээ түлхэж гаргаад, гэрийн үүдэнд толгойн хэсэгт баруун тал руу нь 2 удаа өшиглөж, нэг удаа цохисон асуудал гаргасан. Би Атэй үл ялиг зүйлээс болж маргалдсан. Надад бог, бод нийлсэн 50 мал байгаа. Би хохирогчийг гомдолгүй болгосон...гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 03-ны 477 тоот шинжээчийн дүгнэлт:
Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Р.Агийн биед, тархи доргилт, баруун хацарт, зүүн шанаанд, баруун гарын бугалганд, зүүн хөл, гуя, өвдөгний гадна талд зөөлөн эдийн няцралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. 4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 12 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 31-32 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2017 оны 10 дугаар сарын 31-ний шөнө 00 цагийн үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи баг Хүрэм гэх газарт хохирогч Р.Аг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай гэж үзэв.
Шүүгдэгч Д.А нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний шөнө 00 цагийн үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи баг Хүрэм гэх газарт хохирогч Р.Атэй “хэрүүл маргаан хийлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч Р.Агийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “А намайг үүднээс чи гар, чамд хамаагүй гээд гэрээсээ чирч, хөөж гаргаад, миний зүүн шанаа руу, баруун талын шанаа руу, зүүн мөр рүү, баруун булчин руу, зүүн өвдөгний дээд талд хөлөөрөө өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 04/, гэрч Н.Шгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “манай эхнэр А миний араас Аынд ороход А манай эхнэртэй хэрэлдээд, зодоон хийгээд гарсан, гадаа юу болсныг мэдэхгүй. Манай эхнэрийн нүүр рүү өшиглөсөн л гэсэн, нүүр, шанаа нь хөхөрчихсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06/, гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “А гаднаас орж ирээд Атай хэрэлдээд байснаа А Аг түлхэж унагаагаад, хаалгаар гаргаад толгой, эрүү хэсэгт нь 2 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08/, шинжээч эмч С.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Р.Агийн биед үзлэг хийхэд дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд учирсан байна. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох 4-5 удаагийн үйлчлэлээр үүсэх бөгөөд тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, хохирогч Р.Агийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 03-ны 477 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12/, Д.Аын мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ж овогт Д-ын Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Д-ын Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ад хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ