| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2018/01532/И |
| Дугаар | 184/ШШ2018/01493 |
| Огноо | 2018-06-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 184/ШШ2018/01493
| 2018 оны 06 сарын 08 өдөр | Дугаар 184/ШШ2018/01493 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, шүүгч Ч.Нямсүрэн, Б.Хишигбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: А.М
Хариуцагч: Э.Б
Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 5 153 426 /таван сая нэг зуун тавин гурван мянга дөрвөн зуун хорин зургаа/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, иргэдийн төлөөлөгч П.Н, нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр зарын дагуу Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу явах 39-69 УБА улсын дугаартай, Тоёота Аллион маркын автомашинд 2 хүүгийнхээ хамт сууж яваад автын осолд орж бага хүү Б.Бгийн хөлний дунд чөмөг хугарч хүндэвтэр гэмтэл, дунд хүү Б.Б бид хоёр мөргөлдөж хөнгөн гэмтэл авч удаан хугацаагаар эмчлүүлж, хүүхдээ асарч 6 сар ажил хийх боломжоо алдсанаар санхүү, мөнгөний гачигдалд орж, эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэх боломжгүй байна. Б.Б маань хөлийн гипсээ авч 2017 оны 11 дүгээр сарын 10-нд 1 дүгээр ангид одоо цагаан толгойн үсгээ цээжилж, тоогоо бодож чадахгүй, хичээл хийх дургүй биеийн байдал ядруу байна.
Осолд орсноос хойш тархи толгойг нь MRA оношилгоо, эмчилгээ хийлгэ гэсэн, мөн Б.Быг 2017 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод хүүхдийн мэдрэлд үзүүлэх өвчтөн илгээх хуудас өгсөн боловч бас явж чадаагүй. Би өөр аймгийн мэдрэлийн эмчид үзүүлж, эмчилгээ хийлгэж байгаа боловч сайжраагүй байна. Хариуцагч Э.Б-т эрүүгийн хэрэг үүсгэж, эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэж бидний иргэний журмаар хохирлоо нэхэх эрхтэйг магадлалд зааж өгсөн.
Иймд Э.Б бидэнд учруулсан хохирол БНХАУ-д эмчилгээнд явахад гарсан зардал 1 994 446 төгрөг, Б.Б бид хоёрын эм тарианы үнэ 369 380 төгрөг, бариа хийлгэсэн 140 000 төгрөг, Б.Бгийн гадаад паспортны бичилтын үнэ 15 000 төгрөг, сүү тарагний үнэ 169 500 төгрөг, замын зардал 22 500, нотариатын үйлчилгээний хөлс 50 500 төгрөг, тодорхойлолт болон материал хувилсан, нэхэмжлэл бичүүлсний зардал 17 000 төгрөг, зардалд 7 000 төгрөг, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхэд гарах зардал 2 175 000 төгрөг, сургалтын зардал 200 000 төгрөг, нийт 5 153 426 төгрөг гаргуулж өгнө үү.
Мөн нэхэмжлэл гаргаснаас хойш шүүх хуралд удаа дараа орон нутгаас ирж оролцсон, замын зардал болон бусад зардал 477 400 төгрөг зарцуулсан тул тэр хэмжээгээр шаардлагаа нэмэгдүүлж, нийт 5 630 826 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Б нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу явахаар болж А.М гэж өөрийгөө танилцуулсан эмэгтэйг 2 хүүхдийн хамт өөрийн эзэмшлийн 39-69 УБА улсын дугаартай автомашинаар авч явсан. Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас 75 000 км зайтай газар үхэр мөргөн авто тээврийн осол гаргаж уг ослын улмаас А.Мөнхжрагланы хүү 6 настай Б.Бд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан. Энэ ослын хэргээс надад эрүүгийн хэрэг үүсгэж зохих шийтгэлийг ногдуулсан. Би А.Мд хор уршгийг арилгуулахаар сайн дураар 520 000 төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу 843 919 төгрөг, нийт 1 363 919 төгрөг, төлж барагдуулсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч А.М, хариуцагч Э.Бт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 5 153 426 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 477 400 төгрөгөөр ихэсгэж, нийт 5 630 826 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч Э.Б нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу өөрийн эзэмшлийн 39-69 УБА улсын дугаартай, Тоёота Аллион маркын автомашиныг жолоодож явахдаа осол гаргаж, зорчигч А.М, түүний хүү Б.Б /РД: КЮ09250911/ нарт хөнгөн, хүү Б.Б /РД: ЗЮ11301513/-д хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 66 дугаар магадлалаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, шүүхэд төлөөлөх, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч А.М нь Б.Б, Б.Б нарын төрсөн эх нь юм.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.
Хариуцагч нь гэм буруугийн талаар маргахгүй харин нэхэмжлэгчийн эмчлүүлсэн зардлын хэмжээг болон эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэх тухайд хүлээн зөвшөөрөхгүй, эмчилгээний зардалд 1 363 919 төгрөг төлж хохирлыг барагдуулсан гэж тайлбарлаж байна.
Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан гэм буруутай этгээд нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 505 дугаар зүйлд зааснаар хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардал хөдөлмөрийн чадвар алдсанаас олох байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй, мөн нэхэмжлэгч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй байх тул нэхэмжлэгчийн хохирлоо тооцон нэхэмжилсэн, нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг үнэлэн учирсан хохирлын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийн шаардлагаас Б.Бг БНХАУ-д эмчилгээ хийлгэхэд гарсан зардал 5 240, 7 юань буюу 1 991 446 төгрөг, нэмэлт тэжээл болох сүү тарагны үнэ 169 500 төгрөг, “Өмнөговь- эм хангамж” ХХК-иас 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр авсан эм, тарианы үнэ 240 800 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр авсан эм, тарианы үнэ 128 580 төгрөг, Б.Б, А.М нарын “Илбийн говь” ХХК-ийн эмнэлэгт бариа хийлгэсэн 140 000 төгрөг, А.Мын 2017 оны 10 дугаар сарын 10-нд Улаанбаатар явсан замын зардал 22 900 төгрөг, нотариатын зардал, архивын үйлчилгээнд төлсөн 74 300 төгрөг, эмчилгээ хийлгэх болон шүүх хуралд оролцохоор Өмнөговь аймгаас ирж буцсан замын зардал, хүүхдийн хоцрогдол арилгахад гарсан сургалтын зардал нийт 678 720 төгрөг, нийт 3 446 246 төгрөгийн зардал гарсан нь баримтаар нотлогдож байна.
Хариуцагч нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийн Улаанбаатар хотын банк дахь 2617001560 тоот дансанд 843 920 төгрөгийг гэм хорын хохирлын төлбөрт шилжүүлэн өгсөн нь баримтаар болон зохигчийн тайлбараар тогтоогдсон тул 3 446 246 төгрөгөөс хасч тооцон , хариуцагч Э.Б 2 602 326 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Мд олгож, нэхэмжлэлээс 3 028 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн хүү Б.Б /6 настай/ нь ослоос учирсан гэмтлийг эмчлүүлэх шаардлагатайн улмаас хичээл завсардсан, хоцрогдлыг арилгах үүднээс нэхэмжлэгч гэрээр багш хөлслөн зардал гаргасан нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хэдийгээр хариуцагч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сайн дураар 520 000 төгрөг нэхэмжлэгчид төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч баримтаар нотлоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Б 2 602 326 /хоёр сая зургаан зуун хоёр мянга гурван зуун хорин зургаа/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 028 500 /гурван сая хорин найман мянга таван зуу/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 56 587 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг .
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ
ШҮҮГЧИД Ч.НЯМСҮРЭН
Б.ХИШИГБААТАР